2015 он: Тэргүүн байр Э.ХҮРЭЛБААТАР. “Өдрийн сонин” ”Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу "Хануйн бага сургуулийн сурагчид”

Эрдэнэбаатарын ХҮРЭЛБААТАР


“Өдрийн сонин”

Э.Хүрэлбаатар мэргэжлийн сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны магистр. 2010 оноос “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албанд ажиллаж байна. “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ”, “Хустайн нуруунд 13 буга хууль бусаар агнажээ” нийтлэлүүдээрээ Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтаж байсан бол энэ удаа «Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна», «Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог», буюу Хануйн бага сургуулийн сурагчид» нийтлэлээрээ 2015 оны БАЛДОРЖ шагнал хүртэв.

ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙН ХУУЛЬГҮЙ АРД ЗЭЭРИЙН СҮРГЭЭ ХҮЙС ТЭМТРЭЭД ДУУСЧ БАЙНА

Үүр дөнгөж хаяарч байхад Асгатын уулын баруун мөрөөр урагш даван давхилаа. Хол ойрын бараа харагдахгүй, бүрэнхий. Тэртээд гурван машины гэрэл тод харагдаж байв. Хоорондоо сүлжилдэн давхиад байгаа бололтой харагдав. Гэтэл хамт явсан жолооч ах «За нөгөө хэдэн цагаан зээрийг чинь хядаж байна даа. Гурван талаас нь шахаж байгаад л буудаж байгаа бололтой» гэдэг юм байна. Би ч машины гэрэл гарч байгаа зүг рүү сайтар харлаа. Үнэхээр л ямар нэгэн амьтан хөөгөөд байгаа нь тодорхой болов. Жолоочтойгоо ярилцаад зээр агнаж байгаа хүмүүстэй уулзахаар хурдаа нэмэн давхилаа. Тэгсэн зээрийн ан хийж байсан машинууд гурван тийшээ гараад давхичихдаг юм байна. Бүр машиныхаа гэрлийг унтраачихаад зугтааж гарлаа.

Биднийг хууль хяналтынхан шалгалтаар явж байна гэж андуурсан бололтой. Араас нь хөөвөл өөдөөс буудаж магадгүй гэж жолооч хэлсэн болохоор араас нь явалгүй хоцорлоо. Машины мөрийг үзэхэд хүнд даацын давхар дугуйтай автомашин байв. Цагаан зээр агнаж байсан газарт очлоо. Гурван машины гэрэлд шахуулан хядуулсан зээрийн өр эмтрэм дүр зураг харагдах аж. Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, бууны суманд шүүрэн шанага, болтлоо буудуулсан цагаан зээрээр хөндий тал дүүрсэн гэлтэй. Мөн гэдэс нь цуваад хөвчихсөн, сэвс нь гоожчихсон, шархадсан биеэ дааж ядан, бөгсөө чирэн урагш тэмүүлэн үхлээс зугтах гэж сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байгаа, аниргүйхэн шаргал талдаа тэрийн хадан унаад бүлээн амьсгалаа татаж байгаа улаан алаг зээрүүд тийчилнэ. Эмгэнэлтэй хувь тавилан гэдэг энэ буюу.

Автомат буугаар хэдэн талаас нь шүршчихжээ. Цагаан зээр машины гэрэлд орохоороо тунгалаг хар нүд нь эргэлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй аж. Гэрлээс огт гарахгүй. Машины хурдны аясаар туулган явдаг гэсэн. Бууны суманд оногдоогүй зээрийн сүрэг хэдийнэ баруун урд зүгийг чиглэн цахилжээ. Зүүн аймгуудын нутгаар цагаан зээрийн ан хууль хяналтынханд дийлдэхгүй болчихсон гэх мэдээллийг аваад Сүхбаатар аймаг руу хөдөлсөн бид Дарьганга сумын хойхно талд явж байгаад үй олноороо хядуулсан зээрийн сүрэгтэй ийн таараад байгаа минь энэ. Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт аравдугаар сараас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаатай цагаан зээрийн хууль бус антай тэмцэх аян эхлүүлсэн байна. Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан хамтраад хөдөө орон нутгаар явсан гэх мэдээлэл байна. Цагаан зээр агнаад баригдсан авсан гэдгийг нутгийн иргэд ярьж байв. Гэхдээ хууль хяналтынхан хоногийнхоо хоолыг залгуулахын төлөө хоёр зээр унагачихсан хэдэн хүнд л арга хэмжээ авсан байх юм. Харин үй олноор нь хүйс тэмтэрч байгаа нэг ч хүнийг барьж чадаагүй гэнэ.

Цагаан зээрийн хядлага болсон газраас урагш хөдөлж, замгүй давхилаа. Унаж яваа машинд саатах юм үнэндээ алга. Жалга гуу, чулуу, хад огт байхгүй. Зөвхөн зах хязгааргүй шаргал, хялганын толгой салхинд сэрвэгнэх юм. Ийн явж байтал дахиад л зээр агнасан газарт яваад очдог юм байна. Дөрөө шүргэм өвсний толгойд цагаан зээрийн цус үсэрч хөлджээ. Цусны дусал бөнжийж хөлдөөд хялганын толгой бөхийсөн байв. Энэ жил туранхай орсон болов уу гэмээр шаргачингийн толгой дээгүүр машины дугуй гарчихжээ. Машинд дайруулсан зээрийн толгой, нүд нь бяцарсан харагдана. Тэрүүхэн цаахна мөн л нэг бага насны болов уу гэмээр жижигхэн биетэй зээр гэлжийн хэвтэж байлаа. Жолооч харснаа «Цагаан зээрийн эр шүдлэнг цэнхэр ооно, эмийг нь зусаг шаргачин гэдэг юм. Зусаг шаргачинг буудаж унагаад хүзүүг нь хуга дарчихсан байна» гэлээ. Түүний хэлж буйгаар буудаж шархдуулаад газарт унахаар нь ан хийж яваа залуусын хэн нэг нь бууж гүйж очоод эвэр, толгойноос нь барьж байгаад хүзүүг нь нужигнатал нь хуга дарчихдаг юм байна. Ингээд үхэж гүйцээгүй байхад нь машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, дараагийнхаа зээр рүү гүйдэг гэсэн. Зусаг шаргачингийн хүзүүг хуга дарчихаад орхиод явсан нь тарга тэвээрэг муу учир голжээ.

“МУУСАЙН ӨГӨР ЦАГААН ЗЭЭРИЙГ БҮГДИЙГ НЬ БУУДВАЛ ТААРНА”

Асгатын ууланд хэдэн машин зогсож байлаа. Нар дөнгөж мандаж байгаа энэ үед талын цагаан чоно гүйдэг цаг. Унтлагандаа явах цаг юм гэнэ. Улсын дугаараа авчихсан машинтай хүмүүс зогсож байх юм. Тэд сүүлийн үеийн дурантай вейпер, сайга зэрэг автомат буу зэвсэг агссан байлаа. Хотоос хийморио сэргээж чоно агнахаар ирцгээсэн гэнэ. Хэдэн тийшээ дуран тавиад байх юм. «Аз нь байвал талын цагаан чоно авлаад буцна даа. Түрүүнд гурван чоно авлачихсан хүмүүс явж байна лээ. Тэд хийморьтой байна лээ шүү» хэмээн ярих ажээ.

Өнөө жил Сүхбаатар аймгийн зүүн сумдын нутаг намаржин түймэрт шатаад үнсэн нурам болсон байна. Уг нь цагаан зээрийн нутаг. Дөрөө шүргэм өндөр ургасан хялгана найгасан шаргал талд цагаан зээр өвөлждөг. Анхны цас орсон халуун намраар журайтал гүйлдсээр Асгат, Эрдэнэцагааны нутагт ирж тогтдог байжээ. Зээрийн бүс нутагт гал гарснаас үүдэн энэ жил цагаан зээр Сүхбаатар аймгийн баруун урд сумдын нутаг руу хэд хоногийн дотор нүүгээд очжээ. Уг нь Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Халзан сумын нутгийг дамнаад тогтсон гэнэ. Гэтэл цагаан зээрийн анчид элдэж хөөсөөр Дарьганга, Наран сумын нутаг хилийн зурвас руу элдэж байгаа юм байна. Араас нь үргээж, хөөгөөд л пижигнэтэл буудаад байгаа аж.

Ингээд нутгийн айлуудаар орлоо. Орсон айл болгоны тогоонд зээрийн мах пор пор хийн буцалж байх юм. Гэрийн эзэгтэй тогооноос уур савсуулсан цагаан зээрийн мах хөнгөн цагаан түмпэнд гаргаад бидэнд өгөх. Энэ жил цаг агаар дулаахан, бас морь тушихаар цас эрт орчихсон болохоор цагаан зээр тарганаараа байгаа юм. Өдий цагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх бүгд цагаан зээрийн мах иддэг. Хэд хэдээр нь буудчихаад л гулууз махыг нь жиргэчихээд чанах эсвэл бууз, хуушуур хийдэг байна. Харин хажуу айл нь цагаан зээрийн махаар түрж хийсэн гурилтай шөл хийсэн сураг дуулдав. Гэрийн эздээс цагаан зээрийн ангийн талаар асуулаа. Тэгсэн өөдөөс «Муусайн өгөр цагаан зээрийг бүгдийг нь буудаж алж байвал таарна. Хамаг бэлчээр юу ч үгүй хуйхалчихсан юм шиг идчихнэ. Бас малд өвчин тараагаад лай болно. Ер нь цагаан зээр хэнд ч хэрэггүй амьтан. Хотоос хүмүүс ирчихсэн буудаж л байдаг юм» гээд цагаан зээрийг их ад үзсэн байдалтай ярьж байлаа. Ер нь нутгийн малчид бүгд цагаан зээрийг үнэн сэтгэлээсээ үзэн ядна. «Цагаан зээрийг хядаад байгаарай. Хурдан дуусаасай» гэнэ. Бүр хотоос цагаан зээрийн мах худалдаж авах сонирхолтой хүмүүст «Манай нутагт цагаан зээр ирээд хэдийг бол хэдийг аваад яв» гэж хэл өгч дууддаг байна. Хөдөөний айл болгоны жижиг гэрт зээрийн мах байх. Бүр гэрээ зээрийн гулууз махаар дүүргэчихсэн айл ч байлаа. Зээрийн махыг цагаан сар хүртэл идээд, цагаан сарын дараа өвлийнхөө идшийг иддэг байна. Долдугаар сард шинэ гарсан ногоонд зээр цадаад махлаад ирэхээр мөн л зээр буудаж эхэлдэг гэсэн.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД, ЦЭРЭГ, ХОРИХ АНГИЙНХАН ЦАГААН ЗЭЭР ХЯДСАН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ГЭВ

Дарьганга сумын нэгэн малчин бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр «Сонин дээр гарчихвал цагдаа нар ирээд хэн хэн, хаана явсан гэж байцаагаад амар заяа үзүүлэхгүй. Бүр сүүлдээ зээрийн мах худалдаалдаг сүлжээтэй холбоотой гэж хардаж сэрдээд унадаг» гээд нэрээ нууцлахыг хүсэв. Бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.

-Танай энүүгээр цагаан зээрийн ан хэр байна даа?

-Цагаан зээрийг үй олноор л буудаж байна шүү дээ. Шөнө, өдөргүй л буудаж байна. Дуртай нь ирээд машин дүүрэн цагаан зээр овоолж аваад л явчихаж байна. Би уг нь цагаан зээрийг хамгаалах юмсан гэж их бодож явдаг хүн. Өнгөрсөн жил цагдаад зээрийн ангийн талаар хэлсэн. Бөөн юм болж, сүүлдээ мэдээлэл өгснөөсөө болоод буруудаж эхэлсэн. Одоо бол ямар ч хэл чимээгүй, зээр буудаж байсан ч нүдээ аниад хараагүй юм шиг л явдаг болсон. Манай нутагт сүүлийн хэдэн жил цагаан зээрийг ёстой дуусгаж байна. Газар давалгаалж хөндий талыг бүрхэн сүргээрээ явдаг зээр одоо байхгүй болчихсон. Олноороо гэхэд мянга хүрч байгаа юм уу, үгүй юу тоотой л явж байна. Цэрэг, хорих ангийнхан, уул уурхайн компаниуд л зээрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. 50 зээр агнах зөвшөөрөл авчихаад л 200-300 зээр агнаад явчихдаг. АК-гаар шөнөжин буудаад өглөө эрт яваад өгчихдөг. Хэн ч цагаан зээр агнаж байгаа хүмүүс дээр очиж «Боль» гэж хэлэхгүй.

-Та төрийн байгууллага цагаан зээрийн мах иддэг гэж байна. Хоол хүнсэндээ цагаан зээр хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ?

-Үгүй ээ. Хуучин цагт хамаа замбараагүй цагаан зээр агнадаг байсан бол одоо арай цэгцэндээ орсон. Гэхдээ бүгд зээрийн мах хоолондоо хэрэглэдэг хэвээрээ байгаа. Ногоон бүрхүүлтэй Зил 131 маркийн автомашинтай хэдэн цэрэг ирээд л хядчихаж байна шүү дээ. Хорих ангиудын албан хаагч нар биднээс ирээд цагаан зээр хаагуур их байгааг асуугаад л явдаг. Өчигдөр хоёр машин ирсэн. Уул уурхайн компаниуд ч ялгаа байхгүй. Ажилчдынхаа хоолыг зээрийн махаар намартаа хангаж байна. Уг нь цагаан зээр агнаж болохгүй. Нэг зээр агнавал 1.3 сая төгрөгөөр торгуулна гээд байгаа. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг байгууллага нэг ч байхгүй. Шөнөөр л яваад үз, энд тэндгүй машинаар зээр агнана. Харин ойртож очиж болохгүй шүү. Бууны тэнэсэн суманд оногдож магадгүй.

-Нутгийн малчид цагаан зээрийг их ад үзэх юмаа. Шүлхий өвчин гараад байгаатай холбоотой юм уу?

-Зээр үнэндээ ямар ч гэм хоргүй амьтан юм ш дээ. Бусад амьтад шиг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, малчны хотонд ороод хонь малыг нь идээд байхгүй. Шүлхий өвчин тараалаа гээд ад үзээд байгаа юм. Үүн шиг худлаа юм байхгүй. Үнэхээр л зээр шүлхий өвчин тараагаад байгаа бол бүх зээр шүлхий тусаад бүгд үхчихдэг юм байгаа биз дээ. Мал малаасаа л шүлхий өвчин тусдаг байхгүй юу. Зээр малд өвчин халдаадаг амьтан биш.

Бид буусан айлаасаа хөдлөөд баруун энгэр дээр гартал өглөөний чоно авлахаар ирсэн хоёр «Жийп»-тэй залуус зээр элдэж байлаа. Яагаад гэнэт зээр рүү буу шагайх болсныг асуухаар хөдөллөө. Тэд сүргийн манлай Цэгц буюу хондлой нь ховилтсон Оонын араас элдэхэд «Сайга» буугаар буудах тачигнасан чимээ гарсаар байлаа.

2. ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙН ХУУЛЬГҮЙ АРДУУД ЗЭЭРИЙН СҮРГЭЭ ХҮЙС ТЭМТРЭЭД ДУУСЛАА

-ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ-

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн шаргал тал нутагт үнэндээ цагаан зээрийн цусан мөр татуулсан их хядлага болж байна лээ. Хэн ч цагаан зээрийг өмөөрч хамгаалдаггүй болохоор дуртай нь АК-гаар шүршчихэж байна. Зээр хядаж байгаа хүмүүст амьтныг хайрлах энэрэх гэсэн ойлголт огт алга. Уусан архиндаа халамцаж, улаан зээрд болсон яахаас ч буцахааргүй дүр төрхтэй хэдэн нөхөд хуульгүй юм шиг л аашилж байна, зүүн аймгуудад. Хууль хяналтынхан дур зоргоороо аашилж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг өрөөндөө шигдэн, бичиг цаастай зууралдан сууж байна. Хараа гүйцэмгүй тал нутагт мотоцикльтой, машинтай, хүнд даацын машинтай хүмүүс энд тэндгүй л зээр хядаж байлаа. Биднээс холгүйхэн өглөө эрт чоно авлахаар хотоос ирсэн, гадна төрх байдлыг харахад томоохон албан тушаал хашдаг болов уу гэмээр арав гаруй залуус цагаан зээрийг буудаж байхтай нь таарсан юм. Сүрэг цагаан зээрийг хуйлруулан элдэж, араас нь автомат буугаар шүршиж байна. Биднийг ирэх бараанаар зээрийн аллагаа ашгүй зогсоолоо. Тэднээс «Цагаан чоно таарсан уу» гэж асуулаа. Хэн нэг нь «Нэг ч харагдсангүй. Маргааш өглөө дахиад нэг үзнэ дээ. Ядаж нэгийг унагах байлгүй» гэж хариулав. «Зээрийн махны хэрэг гараа юу» гээд дахиад л яриа өдвөл тэд өөдөөс шоолсон байдалтайгаар инээлдэж «Цагаан зээрийн махаар ч яах вэ дээ. Иддэг нь л иддэг юм байгаа биз. Бууныхаа цэцийг үзэж байна» гэлээ. Тэд чоно авлаж чадаагүй уураа ямар ч гэм зэмгүй цагаан зээрт гаргаж байгаа нь энэ аж. Махыг нь идэхгүй мөртлөө зугаагаа гаргаж хайр найргүй суман бороо оруулж байлаа. Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн аллагаа үргэлжлүүлэхээр хөдөллөө. Тун удалгүй амьсгаагаа дарж амжаагүй зээрийн сүргийг бужигнуулаад автомат буугаа тачигнуулж гарлаа. Аавтайгаа хамт яваа арав гаруй насны хүү машиныхаа лүүкийг онгойлгочихсон шүршээд байх. Бууны суманд оногдсон зээр тэрий хадан хамраараа газар шаан унаад тэр хавийн цас, өвс цусанд будагдах ажээ. Тэр хүүгийн нүдэнд бууны суманд оногдон унах цустайгаа холилдсон цагаан зээрийг харах үнэхээр бахдалтай байгаа бололтой. Хүүд амьтныг хайрлах энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь харамсалтай. Түүнд «Цагаан зээр ч амьтан хүн ч гэсэн амьтан. Бурхан, байгаль хоёр наад цагаан зээрийг чинь сая сая жилээр бий болгосоор өдий зэрэгт хүргэсэн юм шүү» гэж хэлмээр санагдаж байлаа. Зугаагаа гаргасан машинтай нөхөд төд удалгүй давхиад явчихлаа. Аавынхаа мөнгөнд эрхэлсэн хүү РС тоглоомын restal ертөнц дэх дайсны талаа устгаж байгаа юм шиг амьд амьтны амиар хайр найргүй тоглов. Restal ертөнц дэх тоглоом шигээ санаж огт цус гаргахгүй, хэнд ч гэм хор болохгүй юм шиг л ойлгож байна уу гэлтэй хүйс тэмтэрчихээд, юу ч болоогүй юм шиг давхин одлоо. Тэдний зугаанд 20гаруй зээр буудуулжээ. Суманд оногдсон ч үхлийн шарх авалгүй давхин одсон хэдэн зээр байгааг мэдэх аргагүй. Баруун хойд хөлөө хуга буудуулсан зээр хөлөө санжгануулан сүргийнхээ араас одох. Харин урд хоёр хөлөө тас буудуулсан зээр мухар болсон хөлөө урьдынх шигээ гишгүүлэх гэж үзээд газар шаан унахыг харах өр зүрх өмөрнө. Цээжиндээ буудуулсан цагаан зээрийн цус тунарч, бүртийх ч үүлгүй хөх тэнгэр өөд ширтсэн чигтээ сүүлчийн амьсгал татжээ. Гуя, хондлойдоо буудуулаад цус нь цавиа дагаад урсчихсан, шархаа дааж ядан зогсох, хэлээ унжуулаад хэвтчихсэн гээд их хядлагад өртсөн зээрийн сүрэг хөндий талд дахин өндийхөөргүйгээр хоцорлоо. Бууны сум тачигнаж, хүний хашгиран гуугчих дуу хадаж байсан тал нутаг юу болов гэмээр нам гүм боллоо.

АМЬДААР НЬ ГЭДСИЙГ НЬ ХҮҮ ТАТАЖ, ТОЛГОЙГ НЬ ТАСДАВ

Баруун хойноос зээр агнахыг дурандаж байсан хүмүүс машинаа асаагаад давхиад ирлээ. Тэрбээр буудуулсан зээрийг машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, биднийг зорин ирэв. Тэгээд «Аймгийн төв оруулж, зээрийн махны ченжид 20 мянган төгрөгөөр өгч, шатахууны мөнгөтэй болох тухайгаа инээд алдан ярив. Биднийг ийн ярилцаж байтал түүнтэй хамт явсан хоёр залуу урд хөлөө тас буудуулж шилбэнийхээ ясаар газар гишгэлэн догонцож явсан зээрийн араас нь гүйж очоод хүзүүг нь нужигнатал хуга дарлаа. Дутуу үхэн татганаж байхад нь дээш өргөлөө. Тэгсэн бидэнтэй хамт зогсож байсан нөхөр гутлынхаа түрийнээс хутга суга татан гүйж очоод өвчүүний бүдэрхийнээс цавийг нь хүртэл хүү татав. Гэдэс цус, эд эрхтэн нь гоожиход өргөж зогссон хоёр хэд хэд сэгсрээд цас руу чулуудчихав. Тэгснээ дөрвөн хөл, толгойг нь яах ийхийн зуургүй тасдаад машиныхаа тэвшин дээр шидчихлээ. Гэдсээ хүү татуулж толгойгоо тасдуулсан зээрийн дутуу үхсэн бие татганахыг нүд халтираад харж чадсангүй. Цагаан зээрийг дутуу буудаад ингэж л зэрлэгээр аминд нь хүрдэг юм байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт буугүй айл ховор юм. АК буугаар бүрэн зэвсэглэсэн хүмүүс олон байна. Орсон айл болгон л орон доороосоо АК, Винтов, Калибр буу гаргаад ирнэ. Зүүн аймгуудад цэргийн анги олонтой, Дорнод аймагт эх орны чөлөөлөх дайн болж их хэмжээний буу зэвсэг ирсэн. Дайны үеийн буу зэвсэг бүгд л энэ аймгийн иргэдийн гар дээр ирсэн байх юм. Буу хэрхэн олж авсан түүхийг асуухаар «Хэдэн жилийн өмнө нэг хониор авсан, төдөн шил архи өгөөд буутай болсон» гээд л ярьж байсан юм.

Ширээтийн өврийн хөндийд мөн л «фронттир» маркийн автомашинтай хүмүүс зээр агнаж байлаа. Тэвш дүүрэн амьд байхдаа гэдсээ хүү татуулан толгой, дөрвөн шийрээ тасдуулсан зээрээр дүүрчээ. Тэвшин дээр дутуу үхэн татганах зээр ч байна лээ. Өмнөговь аймгаас ирсэн гэнэ. Бүрэнхий болохоос өмнө машиныхаа тэвшийг дүүргэж аваад нутгийн зүг хөдлөх гэнэ.Дараагийн зээрийн анчидтай тааралдлаа. Дандаа ооныг нь шилж бууджээ. Аймгийн төв зээрийн махны ченж хийдэг хүмүүс гэж өөрсдийгөө хэлж байна лээ. Тэднээс их хэмжээний мах бэлтгэж өгч чадах уу гэж асуутал «Нэг гулууз махыг 15 мянгаар бөөндөөд өгч болно. Хэд хэрэгтэй юм. Бензин тосыг нь хийвэл хотод оруулаад өгье. Ногоон гэрлээр л цагдаа нарын дундуур давхиад л хүрнэ шүү дээ» гэв.

ГУРВАН МЯНГАН ХОНЬТОЙ АЙЛ ЗЭЭРИЙН МАХ ИДЭЖ БАЙНА

Тал нутагт эрт харанхуй болох юм, нар баруунтаа хэвийжээ. Сумын төв явах гэхээр цаг оройтжээ. Нутгийн айлд хоног төөрүүлэхээр болов. Гаднаа их олон хонь бэлчсэн хоёр гэрээр айлсан буусан айлыг сонгож очлоо. Гэрийн эзэн гэж 50 гаруй насны эр байлаа. Харин эхнэр нь нэлээд нүүрэмгий болов уу гэмээр хижээл насны эмэгтэй цай хийж өгч, тавагтай идээ дөхүүлэхдээ элдвийг шалгаах юм. Хажуу талын жижиг гэрт малчных нь амьдардаг гэнэ. Ингээд бид ч хонохоор ирсэн гэдгээ гэрийн эздэд хэлээд тухаллаа. Гэрийн эзэгтэй дээлийн хормой дүүрэн мах оруулж ирээд тогоонд үйж байгаа харагдана. Хоёр мянга хол давсан малтай гэнэ. Сүүлийн хэдэн жил төл сайн авсан болохоор малын тоо толгой ч нэлээд нэмэгдсэн тухай ярьж байна. Хотоос яваа бидэнтэй «Манай энд хонь, ямааны махыг их хямд үнээр авах юм. Энэ хэдэн ченж дундаас нь мөнгө идээд хэрэг алга. Эндээс хямдхан авчихсан мөртлөө хотынхонд өндөр үнээр зарах юм. Манайх барга, үзэмчин хуц тавиад хонины яс томорсон. Зүүн аймгууд адуу цөөрч, хамаг хурдаа зарчихсан. Одоо бараг зүүн аймгийнхан эргүүлээд бусад аймгаас адуу худалдаж авдаг болсон» гээд ярьж гарлаа. Төд удалгүй биднийг түмпэн дүүрэн цагаан зээрийн махаар дайллаа. Гэрийн эзэн хутгаа гарган хэд огтлоод, бидэн рүү түмпэнтэйгээ дөхүүлээд «Сайхан тарган, зөөлхөн байна. Залуу улсууд цохиод байж дээ» гэв. Хотоороо дүүрэн хоньтой байж цагаан зээрийн мах идэх нь сонин. Бүр хотод байгаа хүүхдүүд нь хүртэл цагаан зээрийн махаар өвлийг давдаг гэж ярих юм. Манай нутагт зээр, гөрөөс, тэмээний мах идсэн айлыг муу хэлдэгсэн. Бүр ийм яриа ч байдаг. Манай нутгийн Дашпэлжээ гуайн хүү Дондог гэх тал дүүрэн малтай баян айлын ганц охинтой суух дээрээ тулсан гэдэг. Тэгээд Дашпэлжээ гуай бэр гуйхаар хэдэн хүнтэй худ болох айлдаа очиж. Нөгөөдүүл нь ч цай, идээ, ундаа болоод хачин сайхан хүлээж авсан байна. Тэгсэн Дашпэлжээ гуай хэсэг сууж байгаад «За хөдөлцгөөх үү» гээд гараад явчихсан байна. Хамт явсан хүмүүс нь гайхаж, «Бэрээ гуйхгүй яаж байгаа юм бэ» гэсэн юу ч хэлээгүй гэнэ. Бүр өөр хүний охин гуйгаад «Ааваасаа зөрөлгүй энэ хүнтэй суу. Эднийх нуруутай, хүний голтой айл байгаа юм» гээд, хүүгийнхээ хуримыг дэнж хотойтол хийсэн гэдэг. Дашпэлжээ гуай сүүлд «Хараа Дондогийнх биднийг очиход тэмээний мах идэж байсан. Хотоороо дүүрэн хоньтой юм байж өндрийн мах идээд сууж байхаар нь сэжиг төрөөд. Хүүгээ «Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй» айлын хүргэн болгохгүй. Болгоогүй нь ч оносон байх» гэж нутгийнхны амнаас ам дамжиж ирсэн яриа санаанд буулаа. Хонож байгаа айлаа зээрийн мах өглөө гээд муу хэлж байгаа юм биш. Гэхдээ хот дүүрэн хоньтой айл зээрийн мах идээд сууж байгаа нь «Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй айл» гэх хуучны үгсийг эрхгүй санагдуулсан юм аа. Бидний хоносон н.Батсүрэн, н.Намжилдорж нарынх «Цагаан зээр байхад малаа идээд яах вэ. Мөнгө болгосон нь дээр» гээд зээрийн мах иддэгээ хэлж байлаа.

Адуу янцгаасан шаргал талын шөнө одод ярайтал түгээд амар амгалангийн орон гэлтэй. Бүх зүйлс амар амгалан ч цагаан зээр аль нэг газарт хядуулж байгаа даа гэж бодогдох нь хэцүү. Хонох айлынхаа зүүн талын хамар дээр гарлаа. Машины гэрэл сүлжилдэн харагдлаа. Барагцаалбал 10 орчим машин байгааг гэрлээр нь тоолов. Өвлийн харанхуй шөнө замгүй газраар машин явж байгааг хараад цагаан зээр хядахаар ирсэн болохыг түвэггүй мэдэх ажээ.

Хөдөө талд нь зээрийн хядлага болж байхад Дорнод аймгийнхан «Юун зээр. Тэр муу зээр яадаг юм буудуулж үхээл биз. Энд Засаг даргаа огцруулах гээд жинхэнэ хор найрагдаж байхад» гэцгээгээд тоох хүүхэд ч алга, тэнд.Бүгд л сандал ширээнийхээ төлөө «алалцаад» улс төрийн хор найруулаад, хууль бус антай манатай байна лээ. Харин Сүхбаатар аймгийнхан «Бид хоёр ч удаа хөдөөгүүр яваад шалгасан. Цагаан зээрийн хядлага гэж байхаа больсон» гээд л сууж байх. Хэнтийнхэн ч мөн ялгаа байхгүй. «Өгөр цагаан зээрийг алж л байдаг юм. Төрд гарсан хэд нь улс эх орноо худалдаж байхад борчуудын тогоонд цагаан зээрийн мах буцалж яагаад болохгүй гэж» гээд огт тоохгүй байна.

Малчид нь цагаан зээрийг ад шоо үзээд огт хамгаалахгүй. Уул уурхайн компаниуд, хорих, цэргийн ангийн дарга нарын халаас зузаарч, хоригдол, цэргүүд зээрийн мах идэж байна. Нийслэлийн цайны газруудын ихэнх нь хямд үнэтэй гээд зээрийн махыг хонины сүүлтэй холиод «Хонь, үхрийн махаар хийсэн хоол» гээд худалдаалж байна. Түүнийг нь бэлтгэж, хүргэдэг сүлжээ ч байна.

3. Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаад дууслаа

-ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ-

Үргэлжлэл

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооно 500 мянган төгрөг, шаргачинг 550 мянган төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг хоёроос дөрөв дахин өсгөж торгоно гэж Ан агнуурын тухай хуульд заасан байдаг аж. Хууль батлагдаад дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч огт хэрэгжихгүй өдий хүрч байна. Монголын зүүн хязгаар нутагт хэн дуртай нь цагаан зээрийг буудаж, машины тэвш дүүргээд ачаад явж байхад тоож байгаа газар алга байна. Цагаан зээрийг сүүлийн жилүүдэд огт тоолоогүй юм байна. Арав гаруй жилийн өмнө Монголд хоёр сая орчим цагаан зээр байна гэх тоог гаргасан байна. Сүүлийн жилүүдэд их хядлагаас болоод цагаан зээрийн тоо толгой эрс багасч цөөрөөд байгаа гэдгийг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн иргэд хэлж байв. Хөдөө талыг тэр чигт нь бүрхэж газар буцалж байна уу гэлтэй харагддаг байсан бол одоо тийм байхаа больжээ. Монгол нутагт тарвага гэдэг амьтны хувь заяа ямархан эмгэнэлтэйгээр мөхлийн ирмэгт ирснийг цагаан зээрийн хувь заяа давтах шиг.

300 АДУУТАЙ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АДУУЧИНДАА ЗЭЭРИЙН МАХ БЭЛТГЭЖ БАЙЛАА

Бид Дорнод аймгийн зүүн захын сумдын цагаан зээрийн бүс нутгаар явлаа. Сүхбаатар аймгаас ялгагдах зүйл огт алга байв. Энд тэндгүй л автомашинууд сүлжилдэн давхих юм. Бүгд цагаан зээр агнаж байлаа. Ихэнх цагаан зээр агнагчид «Ланд» 200 зэрэг үнэтэй автомашин унасан байх ажээ. Цагаан, хар өнгийн «жийп-тэй хижээл насны эрчүүд ан хийж байхтай тааралдлаа. Бүгд сүүлийн үеийн автомат буу агссан байгаа харагдана. Мэнд мэдэлцээд цагаан зээр яагаад агнах болсон талаар яриа өдөв. Тэгсэн өөдөөс «Хэдэн адуучин их идэх юм аа. Өвөл гурав дөрвөн даага идчихээд байх юм. Адууны махны хачир болгоод хэдэн зээрийн мах өгөх санаатай л явж байна. Бас чоныг нь чадахгүй юм аа. Зээрийн цусаар шинэ буугаа мялааж байна даа» гэв. Тэд улсын алдарт уяачтай нэг гал болдог компанийн захирлууд гэсэн. Хоёр машинд байгаа эрчүүд их олон адуутай гэнэ. Тал дүүрсэн олон адуугаа Сүхбаатар, Дорнодын отрын бүс нутагт өвөлжүүлж байгаа юм байна. Тэд цагаан зээрийг машинаар элдэж байгаад араас нь шүршчихэж байна. Намар хэнзэлж төрсөн янзагыг хүртэл буудчихсан байлаа. Тэдэнд амьтныг хайрлаж өрөвдөж энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь гаргаж байгаа авир, үйлдлээс нь тодоос тод харагдах юм. Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт адуугаа оторлож байгаа алдарт уяачид, компанийн захирлууд олон байна лээ. Бүгд л адуучин залуустаа зээрийн мах бэлтгэж өгдөг байна. Олдохоороо өлдөнө, түмэн хоньтой айлд шөлний хонь олдохоо байдаг гэж хуучны үг байдаг. Гурван мянган хонь гэрийнхээ гадаа хотлуулчихаад тураг зээрийн мах чанаж идээд сууж байгаа айл, хонож байгаа зочдодоо түмпэн дүүрэн зээрийн мах чанаад өгч байгаа аймгийн мянгат малчин айл арга ядсандаа цагаан зээрийн махаар бор ходоодоо дүүргээгүй байлтай. 300-400 гаруй адуутай мөртлөө гадаа гандаж хөдөө хөхөрч байгаа адуучин залуусаас гурван сарваа харамлаад зээрийн мах идүүлэх гээд бөөн бөөнөөр нь амийг нь тасалж байгаа аархсан баячуудыг юу гэж ойлгох вэ. Үнэхээр л сувдаг шунахай сэтгэлтнүүдээр зүүн гурван аймаг дүүрээ юу гэж бодоход хүргэлээ. Юу гэсэн үг вэ. Гурван мянган хониноос хагалаад идэх хонь олдохгүй байна гэж үү. Ганц үхэр, таван хонь өвлийн идшиндээ төхөөрч чадахгүй юм бол тал дүүрсэн малаар ч яах юм билээ. «Сувдаг сэтгэлтнүүдээс болж үндэстэн мөхдөг» гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн аж. Шунахай сэтгэлээсээ болоод гурван мянган хонио идэж чадахгүй байгаа хүн цагаан зээрийг хядаж дуусгаад маргааш нь хоттой хонио биш өөр нэг амьтан руу буу шагайна шүү дээ. Ингээд л нутаг орныхоо баялаг болгоныг цөлмөж орь ганцаараа баяжихыг хүснэ.

ОРОО НЬ ОРСОН ООНЫН ЗАСАА ИДЭХ ГЭЭД...

Дахиад л үнэтэй машин унаж, уусан архиндаа халамцсан залуустай таралдлаа. Тэдэнд нэг найз нь оонын засаа чалханд сайн гээд хэлчихсэн юм байна. Тэгээд л хэдэн найзуудаараа нийлж ороо нь орж байгаа оонын засаа идэхээр ирцгээжээ. Зөвхөн засааг нь идэхийн төлөө хамгийн том биетэй, тарга тэвээрэг сайн авсан ооныг хөөлөө. Сүргийн манлай амьтан юм гэсэн дээ үхлээс зугтааж гарахын тулд том том харайгаад л цахилж одох. Даанч машины хурднаас илүү гарч чадахгүй. Удалгүй суманд оногдон цусандаа будагдаж тэрий хадан унав. Бууны сумны халуун тугалга далыг нь хавсарч оноод унагажээ. Хоёр залуу машинаас огло харайн бууж очоод үхэж амжаагүй байгаа зээрийг дээш нь харуулаад тэлээнийхээ хуйнаас иртэй тонгорго гаргаж ирээд засааг нь угаар нь тас огтолчих юм. Хоорондоо «Ямар том засаатай п.... вэ. Сайхан үнэртэж байна. Машинаас даруулах архи аваад ир» гээд яах ийхийн зуургүй залгичих юм. Араас нь аяга дүүрэн архи хөнтөрч орхиод инээд алдах. Бусад нь шоолж инээлдээд «Өнөө шөнө аймгийн төв орж нутгийн хүүхэнд оонын засаа залгисныхаа ид шидийг ёстой нэг үзүүлнэ» гээд л тас тас хөхөрцгөөх юм. Сүүлийн үед ороо нь орсон оонын засаа чалханд сайн гээд зөвхөн засааг нь идэх гэж цагаан зээрийн амийг тасалдаг болжээ.

Дорнод аймгийн нутагт хэдэн жилийн өмнө цагаан зээрийг үй олноор нь хядаж зугаагаа гаргаад хот руу буцаж явсан дөрвөн залуу осолдож бүгд амиа алдаж байсан гашуун түүх бий. Тэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын орчмоос автомат бууныхаа ид шидийг үзэх гээд цагаан зээрийг хядчихсан байна. Хайр найргүй шүршиж шаргал талыг цус нөжиндөө холилдсон үхсэн зээрээр дүүргэсэн гэнэ. Янзагалаад удаагүй туранхай шаргачинг хүртэл дал хавсран буудаж зугаацаж байжээ. Тэгээд л хот руу очиж зээр хядсан баяраа тэмдэглэх гэж яваад л замын хажуу руу машин нь унаад хэд хэдэн удаа хөрвөөгөөд нэг нь ч амьд гараагүй байна. Цагаан зээр үй олноор нь хядаж байгаа хүмүүс амьтны амь бүрэлгээд дараа нь үүсэх үйлийн үрийг яах вэ гэдгээ огт бодохгүй байна. Үйлийн үр заавал ирдэг. Монголчууд урт насалдаг болсон. Хийсэн үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа эдэлдэг болсныг олон жишээнээс харж болохоор байна. Бурхан хүнийг ч зээрийг ч адилхан бүтээсэн. Адилхан л бодгаль, байгалийн бүтээл.

Ийм домог яриа байдаг. Бурхан энэ дэлхий дээр ямар ч гэм зэмгүй амьдардаг амьтныг бий болгохоор олон сар жилээр бодсон гэнэ. Тэг тэгж цагаан зээрийг ямар ч гэм зэмгүй, бусдад хор хөнөөлгүй амьтан болгож бүтээсэн гэдэг. Үнэхээр л цагаан зээр бусдад огт гай болдоггүй мөрөөрөө байдаг. Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс тааралдвал талыг нь идчихээд л хатирчихдаг гэгддэг. Гэтэл бусдад ямар ч гэм хоргүй, бүх зүйлсээс айж, үргэж амьдардаг цагаан зээрийг махчин амьтнаас эхлээд оюун ухаант хүмүүс цаг үргэлж л устгаж үгүй хийж байна. Хавар дөнгөж янзгалсан шаргачин үнэг, хярс, чоно дээрэлхэнэ. Нүдэн дээр нь л янзагыг нь идчихдэг. Эх шаргачин яаж ч чадахгүй харсаар дөнгөж төрүүлсэн янзагаа амьтны хоол болгодог.

Зээрийн хядлага зүүн гурван аймагт хавтгайрч байна. Буутай болгон л мотоцикль, машинаа унаад гарч байна. Хоёр сая тоо толгойгоор тоологдож байсан цагаан зээр өдгөө хэд болж үлдсэнийг мэдэх газар алга. НҮБ, Дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд амьтны амь хөнөөхийг үзэхээ байсан. Эдгээр байгууллагууд сүүлийн үед амьтны эрхийг хамгаалах талаар томоохон ажил олон хийдэг болсон байна. Цагаан зээрээ хядаад дуусгаж байгаа зүүн гурван аймгийнхныг баруун аймаг руу нүүлгэчих чадалтай, эрх мэдэлтэй болсон. Гурван аймгийн иргэдийг баруун тийш нь нүүлгэчихээд цагаан зээрийг үлдээж чадна. Энэ янзаараа цагаан зээрээ хядаад байвал эрхийг нь хамгаалахаар дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд Монголд ирж мэдэхээр байна.

ЦАЙНЫ ГАЗАР, МАХ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЙЛУУД ЗЭЭРИЙН МАХ ХУДАЛДАН АВЧ БАЙНА ГЭВ

Дорнодын мэнэрсэн шаргал талд бид цагаан зээрийн мах хот руу оруулж худалдаалдаг сүлжээний эзэдтэй тааралдлаа. Битүү тэвштэй урт ачааны машин, бага оврын «жийп» уначихсан явж байв. Тэдэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Өөрсдийгөө хотоос явж байгаа гэж танилцуулав.

-Цагаан зээр агнах зөвшөөрөл авсан уу?

-20 зээр агнах зөвшөөрөл хоёр сая төгрөгөөр авсан. 20 зээр агнах зөвшөөрлөө үзүүлээд л хот орохдоо 200-300 зээрийн махтай орж байна. Хотод худалдан авах хүн олон байна. Хэдэн төгрөг олох гээд л цагаан зээрээ буудаад явж байна даа.

-Цагдаа энэ тэр зогсоож шалгахгүй байна уу?

-Яг өдийд цагаан зээрийн ан дууссан гээд огт шалгахгүй байгаа. Гэхдээ бид чинь ардаа хамгаалах хүнтэй хүмүүс шүү дээ. Нэг зээрийн махыг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ихэвчлэн цайны газар, борц хийж зардаг хүмүүс л худалдаж аваад байна. Хоногийн хоолныхоо махыг худалдаж авч чадахгүй байгаа айлууд л авч байна шүү дээ. Тэд төлөг зуун мянган төгрөгөөр худалдаж авч байхаар зээрийн дөрвөн гулууз мах авчихвал олон хоног идэж байна гээд их ам сайтай байгаа. Дорнод, Сүхбаатар аймаг хар замтай болсон болохоор бензин тос гарздаад байхгүй. Засмал замаар давхиж ирээд зээрээ аваад явж байна гэлээ.

Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн араас хөдөллөө. Урд талын хөндийд дүүрэн цагаан зээр байв. Нэг нь шүршээд нөгөө хоёр нь гэдсийг нь гаргаад, хөл толгойг нь тасдаад машин руугаа ачив. Бүрэнхий байсан учир машины гэрлээс цагаан зээр бултаж чадахгүй буудуулан унаж байв. Харин араас нь ачааны машинтай хэд нь цустайгаа холилдон унасан зээрийн хүзүүг нь хуга дараад машиныхаа тэвш рүү үхэж амжаагүй байхад нь шидчих ажээ. Үхэж дуусаагүй амьтныг битүү тэвшнийхээ хаалгыг онгойлгож байгаад л «нээг хоёрын гурав аа» гээд л чулуудчих юм. Үхэдхийн унах зээрийн дүр зургийг нүднээс огт салахгүй явахын зуурт Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Чимэддоржийн «Би цагаан зээр» гэх

Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн

Мичин жилийн зуднаар хар зам татуулж

Мэнэнгийн их хээрээр хялгана цөрмөж цувсан

Шар талын шаналан

Ээрэм газрын энэлэн

Би-Цагаан зээр

Бүргэдийн сүүдэр дор янзага минь бүртийж

Бүхний нүдэн дээр яс минь хэрзийж

Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж

Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад

Сүргээр нь авла энэ амьтныг гэж

Сүх шиг далайсан тушаалын

Гайтай хөөтэй үг болгон

Галт сумнаас урьтаж намайг оносоон

Харлаг шөнөөр гэрэл тавихад нь

Хар саналгүй бүлтэгнэн дөхөөд

Халуун тугалгаар дал хавсарч

Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан

Газар хөдөлтөл дэрэлздэг ооноо үгүйлэн

Ганц хоёр шарагчин хомоол үнэрлэн холхиж

Хядуулсан сүргийн минь гэгээн сүнс

Хялганат талаар зүүдийтэл гэлдрэн

Шүүрхий мах шиг улаан номыг

Шөргөн эврээрээ сэжилж байхад

Хүний гарт орж хүзүүгээ мушгиулснаас

Хөх чонын хоол болсон нь дээрээ...

Би

Цуутай дорнын цагаан зээр

Би цусаа үзсэн улаан зээр... гэх алдарт шүлэг санаанд буух ажээ. Дээрх алдарт шүлгийн мөр болгоны дүрслэл ээрэм шаргал талд үй олноор харагдах нь даанч харамсалтай.

4. Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаж дууслаа

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар хэд хоног явлаа. Цагаан зээрийн их сүрэг хядлагаас амьд гарахын тулд хилийн зурвас руу нүүдэллэж байна.Хилчид машин, мотоцикль, мориор зээрийг эргүүлэн хөөж байгаа ч дийлдэхгүй байгаа аж. Урд хөршийн хилчид сүүлийн жилүүдэд цагаан зээр хил даван ороод ирэхээр өндөр торон хашаагаа буулгаад оруулчихдаг болжээ. Бүр цагаан зээрийн бүс нутаг бий болгох гэж байгаа талаараа хоёр улсын боомтын зөвлөл хуралдах үеэр хэлсэн байна. ОХУ ч Дорнод аймгийн нутагтай залгаа хилийн орчимд цагаан зээр нутагшуулахаар хашаа барьсан гэнэ. Хоёр хөрш Монгол Улсын хилээр цагаан зээр ороод ирвэл «Одоо манай улсын амьтан болсон» гээд л тусгайлсан зээр нутагшуулах хашаандаа хийдэг болжээ. Монголд баян, ядуу бүгд цагаан зээр рүүгээ буу бариад дайрч байхад хөрш орнууд эсрэгээрээ цагаан зээрийн бүс нутагтай болгох гээд томоохон ажил хийж эхэлжээ.

Дорнод аймгийн төв дээр очлоо. Засаг дарга С.Ганбатыг огцруулах гээд жагсаал хийж байсан юм. Жагсагчид «Энэ мэс заслын эмч С.Ганбатыг огцруулахгүй бол юу ч хийхгүй байна. Ийм хүнээр аймгаа удирдуулахгүй» гээд л жагсаал хийж байгаа бололтой. Аймгийн цагдаагийн албан хаагчид жагсаал цуглааны улмаас эмх замбараагүй байдал үүсч магадгүй гээд хамгаалалтад гарчээ. Цагдаа нар «Юун цагаан зээр. Энд Засаг даргаа огцруулах гээд «алаан» болж байна. Цагаан зээр турчихсан. Одоо бууддаг хүн байхгүй» гээд сууж байна. Гэтэл аймгийн төв дээр цагаан зээрийн мах худалдан авч байгаа ченж олон байлаа. Оонын гулууз махыг 18, шаргачингийнх 15 мянган төгрөгөөр худалдан авч байв. Аймгийн зах дээр мах худалдаж авна гэсэн ченж нар бүгд зээрийн мах их хэмжээгээр худалдаж аваад хотод аваачиж борлуулдаг байна. Цагаан зээрийн махны худалдаа тус аймагт ил цагаандаа гарсан байна лээ. Ченжүүд зээрийн мах худалдахаар ирж байгаа хүмүүст «Гол нь арьснаас нь салгачихсан гулууз байх хэрэгтэй. Олон гулууз байвал өөрсдөө очоод авна» гэх юм.

ХОРИХ, ЦЭРГИЙН АНГИ, ЗАСТАВЫН СКЛАДАНД ЗЭЭРИЙН МАХ ТЭВХИЙТЭЛ ХУРААЧИХСАН БАЙГАА

Дорнод аймгийн төвд явж байгаад олон жил хилийн цэрэгт ажиллаж байсан, бүр заставын даргаар арав гаруй жил ажиллаж байсан бэлтгэл хурандаа цолтой нэгэн эрхэмтэй таарч цөөн хором ярилцлаа. Тэрбээр цэргийн анги, хилийн цэрэг, хорих ангийнхан бүгд цагаан зээрийн мах хоол хүнсэндээ хэрэглэдэг талаар ийн ярив.

-Та заставын даргаар ажиллаж байхдаа цагаан зээрийн мах цэргүүддээ өгдөг байсан уу?

-Өгөлгүй яах вэ. Хилийн цэргийнхэн өвөлд цагаан зээрийн махаар л хэдэн цэргийнхээ хоол хүнсийг бэлтгэдэг байлаа. 2011 оноос өмнө цагаан зээрийг хэдээр нь бол хэдээр нь буудаад складандаа тэвхийтэл хураачихдаг байлаа. Цагаан зээр агнахыг хориглосон хууль батлагдсанаас хойш цэгцэндээ орсон. Гэхдээ төрийн байгууллагууд цагаан зээрийг хядсан хэвээрээ л байна шүү дээ.

Төрийн байгууллагууд гэхээрээ хилийн цэрэг, цэргийн анги, хорих ангийнхныг хэлээд байна уу?

-Тийм ээ. Улсын төсвөөс цэрэг, хоригдлуудын хоол хүнс, тэр тусмаа махны төсөвт их хэмжээний мөнгө зарцуулдаг. Ангийн дансанд сар бүр тэр мөнгө нь ордог юм. Манай хил хамгаалах газрынхан застав болгон дээрээ малтай. Гэхдээ өвлийн цагт цагаан зээрийн мах л иддэг юм. Отрядын дарга заставын даргад үүрэг өгнө. Цэргүүдийнхээ хоол хүнсэнд зээрийн мах өг, адуу, үхрийнхээ махтай холиод өг. Төсөвт ирсэн мөнгөөрөө заставуудад урсгал засвар хийхгүй бол улсын төсвөөс мөнгө өгөхгүй байна” гэнэ. Бид ч даргынхаа өгсөн үүргийн дагуу цагаан зээрийн мах цэргүүддээ өвөлжин өгнө. Тогооч маань цагаан зээрийн махан дээр адууны хэрчим өөх өгөөд л болгодог байлаа. Хилийн ойролцоо хүний хөлөөс хол зайдуу болохоор цагаан зээрийг хэдээр нь ч буудсан болно. Бүр цэргийн ангийн захирагч нар хоорондоо ярилцаж байгаад хил орчмоос цагаан зээр агнаад аваад явдаг. Хорих ангийнхан ч ялгаа байхгүй. Саяхан хорих ангид ажилладаг найз маань цагаан зээрийн анд яваад ирсэн гэж ярьж байсан. Яг өдийд хорих, цэргийн анги, заставын складанд яваад очвол зээрийн мах тэвхийтэл хураачихсан байгаа. Буу сум, машин тэрэг, буудах хүн нь бэлэн. Цагдаатай таарсан ч хаяагаа хадарч нэгнийгээ барьж хориод асуудал үүсгээд байхгүй болохоор цагаан зээр хүнсэндээ бэлтгэсээр байгаа. Цэргийн дарга нар цэргийн хүнсний мөнгийг хувьдаа завших, эсвэл бусад зүйлд зарцуулах гээд цагаан зээрийг хоморголон устгаж байгаа нь харамсалтай байдаг юм гэв.

СҮХБААТАР АЙМГИЙН МАХНЫ ЧЕНЖҮҮД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ЦАГААН ЗЭЭРИЙН МАХААР ХАНГАДАГ

Цагаан зээр олноор сүрэглэн байгаа Хялганат талд мөн л буун дуу тасрахгүй байгаа гэдгийг Дорнод аймгийн иргэд хэлж байна лээ. Отрын адуу их байгаагаас цагаан зээрийг ад үзэх хүн ч олон байгаа гэсэн. Дорнод аймгаас Сүхбаатар аймаг руу хөдөллөө. Сүхбаатар аймагт цагаан зээрийн мах 25 мянган төгрөгөөр худалдан авч байна лээ. Малчид аймгийн төв орох шатахууныхаа мөнгийг цагаан зээр агнаж болгож байна. Сумаасаа аймаг орж ирэхдээ машиныхаа ард цагаан зээр ачаад ирж байна лээ. «За таван сайхан сэрийсэн ооно ачаад ирлээ. Мөнгийг нь өгчих. Буулга гэсэн газар чинь очоод буулгая» хэмээн 40 гаруй насны эр машиныхаа багажийг онгойлгож үзүүлж байв. Ченж 125 мянган төгрөг тоолж өгөөд «Буулгадаг газраа буулгаад өгчих» гэж хэлэв. Мөнгөө авсан эр ч машиныхаа багажийг хаагаад зээрийнхээ махыг буулгахаар хөдөллөө. Сүхбаатар аймгийн зах дээр мах худалдаж авна гэж машин дээрээ бичсэн хүмүүсээс «Цагаан зээрийн мах их хэмжээгээр авах гэсэн юм» гэж асуухаар бүгд л «Зээрийн мах хэдийг бол хэдээр нь худалдаалж болно. Манай зооринд хураалгаатай байгаа» гэж хариулах юм. Тэд уул уурхайн компанийн ажилтнуудад зээрийн мах нийлүүлдэг юм байна. Уул уурхайн компаниуд ажилчдынхаа хүнсийг бэлтгэхийн тулд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн махны ченжүүдээс худалдан авдаг байна. БОНХЯ-ны мэргэжилтнүүд цагаан зээр хоол хүнсэндээ хэрэглэж байсан уул уурхайн хэд хэдэн компанийг илрүүлсэн байна. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс цагаан зээрийн мах хоол хүнсэндээ хэрэглэж байсан уул уурхайн хоёр ч компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн өнгөрсөн жил машиндаа 15 зээр агнаж явсан Дорнод аймгийн иргэн Б- д 15 сая төгрөгийн торгууль тавьжээ.

ЦАГААН ЗЭЭРИЙН ЭВЭР НАЙМАН МЯНГАН ТӨГРӨГ

Цагаан зээрийн мах, эврийг 1990-1998 оны хоорон экспортолдог байсан. 2000 оны эхээр урд хөрш рүү экспортлохоо зогсоосон. Гэвч одоог хүртэл цагаан зээрийн эврийг хилээр хууль бусаар гаргасаар байгаа юм байна. Сүхбаатар аймгийн төв дээр килограмм зээрийн эвэр найман мянган төгрөгийн үнэтэй байна. Урд хөршийн эмийн үйлдвэрүүд зээрийн эврийг өндөр үнээр худалдан авдаг юм байна. Урд хөршид зээрийн эврийг худалдан авч байгаа үнээсээ гурав дахин өндөр үнээр борлуулдаг байна. Цагаан зээрийн эвэр ховор төрлийн өвчин намдаах эмийн түүхий эд болдог байна. Махны ченжүүд цагаан зээрийн эврийг худалдан авч байна лээ. Ченжүүд «Цагаан зээрий нарьс, шийр, толгой, гэдсийг нь хаяж байна. Сүүлийн үед элэгний хорт хавдартай хүнд элэг нь сайн гээд элэг нь үнэд хүрсэн. Цагаан зээрийн наймаа мал худалдан авч борлуулахаас ч илүү ашигтай. Зардал мөнгө бага гарч байна» гэж ярив. Өнгөрсөн аравдугаар сард манай улсын иргэд Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын Зүүн хатавчийн боомтоор хууль бусаар их хэмжээний зээрийн эвэр гаргаж байгаад баригдсан. Хятадын хилчдэд Монголын хилээр орж ирсэн хүнд даацын машинд шалгалт хийхэд 1.43 тонн цагаан зээрийн эвэр гарч ирсэн байна. Хураагдсан эврийн ихэнх нь дагзныхаа ястай байсан нь зээрийг агнаад эврийг нь авсан байна гэж урд хөршийн хилчид манай улсад албан тоотоор мэдэгдсэн байна. Манай улсын хил хамгаалах газарт урд хөршийн хилийнхэн хураагдсан эврийг хосоор нь тооцоход70 мянга орчим цагаан зээрийн эвэр хураагдлаа. Ихэнх нь дагзны ястай эвэр байна. Цагаан зээрийн эвэр хилээр хууль бусаар оруулж ирж байгаад анхаарал хандуулна уу» гэх албан тоот бичиг хүргүүлсэн байна. Цагаан зээрийн их хэмжээний эвэр хилээр нь нэвтрүүлэх гэж байгаад баригдсан Сүхбаатар аймгийн Б,Н, Ж нарыг урд хөршийн цагдаа шалгаж байгаа юм билээ.

Цагаан зээрийг зүүн гурван аймгийнхан ингэж л устгаж үгүй хийж байна. Монголын цагаан зээр АК барьсан сувдаг шунахай сэтгэлтнүүдийн гайгаар хядуулж дууслаа. Тэдэнд цагаан зээр өвлийн идэш, мөнгө болон харагдаж байна. Захгүй шаргал талд согтуу хөлчүү нөхдийн буун дуу тачигнаж үхлээс зугтсан цагаан зээр үхэдхийн унаж, хөх тэнгэрээ ширтээд сүүлчийн амьсгалаа хурааж байна. Амьдаараа гэдсээ хүү татуулж, толгойгоо тасдуулаад машины тэвшин дээр татганан хэвтэж байгаа цагаан зээрийн хувь заяа даанч эмгэнэлтэй.


“БИ МОНГОЛ УЛСАА ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРОН ГЭЖ БОДДОГ” БУЮУ ХАНУЙН БАГА СУРГУУЛИЙН СУРАГЧИД

Хануй бригадын зүүн урдаас зээрд морьтой хүүхэд давхиулсаар улаан хүрэн өнгөтэй дүнзэн байшингийн өмнө ирлээ. Их л яарч сандарч байгаа бололтой, мориноосоо үсэрч буугаад үүрч явсан цүнхээ газар шидчихэв. Тэгснээ мориныхоо жолоо, цулбуурыг хурдхан гэгч нь эвхээд морио сул тавьчихлаа. Битүү цан болсон зээрд морь газар үнэрлэж байснаа гөлмөө дэрвүүлээд л ирсэн зүг рүүгээ хатирчихлаа. Мориныхоо араас хэсэг харж зогссон хүү цүнхээ шүүрч аваад сургуулийн зүг гүйчихэв. Хүйтэн жаварт хацар нь гүйцэт боловсорсон алимны бөөр шиг час улаан болчихсон ч саяын үйлдэлдээ хамарных нь хөлс бурзайжээ. Үнэгэн малгай, үстэй дээл, эрээн хүрэм, эсгий гуталтай хүү гүйх замдаа малгай, хүрмээ тайлж, дээлнийхээ бүсийг чирсээр сургууль руу ороод явчихав. Мань эр хичээлээсээ хоцорчихоод яарч сандарч яваа нь энэ аж. Төд удалгүй эсгий гутлаа тайлчихсан, сурагчийн дүрэмт хувцсаа засаад анги руугаа орж харагдлаа. 4 А ангийн сурагч Б.Гантөгс амралтын өдрүүдээр хөдөө гэртээ хариад даваа гаригийн хичээлдээ суухаар ирж байгаа нь энэ. Дээрх үйл явдал Хануй бригадын төвийн дөрвөн жилийн бага сургуулийн талаар сурвалжлага бэлтгэхээр очих үед таарсан юм.

Сургуулийн хашаан дотор бүдүүн гуалин мод давхарлан хураажээ. 50 эргэм насны эр “Дружба” хөрөө ёнгинуулан чөлөө завгүй мод хөрөөдөж байв. Сургуулийн анги танхим, дотуур байрыг дулаан байлгах үүрэгтэй галч Д.Мөнхтөрийн ажлын нэг өдөр эхэлж байгаа нь энэ. Хар модны үнэр хамар цоргин цаанаа нэг таатай мэдрэмж төрүүлэх ажээ.

Дөрвөлжин модон хүрээтэй цагаан хавтан дээр “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн бага сургууль” хэмээн бичсэн улаан хүрэн байшин бол тус сумын бага сургууль. Олон жилийн үүх түүхтэй энэ сургууль Монголын ууган бага сургуулиудын нэг. Сургуулийн захирал С.Монголмаа биднийг тосч аван уулзлаа. Уртааш нь барьсан дүнзэн байшингийн баруун гар талын эхний хаалган дээр 4А анги гэж бичжээ. 4А анги руу орлоо. Хоёр шавилхан хүү биедээ таарсан жижигхэн ширээнд сууж, дэвтэр, номоо дэлгэжээ. Багшийнхаа самбар дээр бичиж өгсөн бодлогыг хуулж сууна. Ангийн багш М.Гэрэлмаа “Сурагчид бос” гэх команд өглөө. Хоёр хүү ярсхийтэл босч байна шүү. Захирал С.Монголмаа “Сурагчид сайн байна уу” гэж мэндлэхэд өөдөөс анги дүүрэн “Сайн. Та сайн байна уу” гэж байна. Багш нь “Сургууль нураачих гээд яасан чанга орилдог юм бэ” гэхэд өнөөх хоёр жуумалзаж байна. 4А анги гурван сурагчтай гэнэ. Гурвуулаа эрэгтэй аж. Тэр өдөр Г.Бат-Оргил хичээлдээ ирээгүй байна. Уг нь өчигдөр болсон багийн бүжигт ах нь явж байсан гэнэ. Тэрбээр “Өглөө эрт дүүгээ сургуульд нь хүргэж өгнө дөө” гэж багшид нь хэлж байжээ. Ангийн багш нь М.Гэрэлмаа гэх залуухан эмэгтэй. Уул гарвал нь Ховд аймгийн Дөргөн сумынх гэнэ. Өнгөрсөн жил МУБИС-ийг бага ангийн багшийн мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр Хануй бригадын н.Шинэбаатар гэх залуутай айл гэр болж, энд суурьшжээ.

4А ангийн дарга М.Мягмарсамбуу хичээлдээ онц сурдаг байна. Өнгөрсөн жил аймагт болсон математикийн олимпиадад оролцоод, хүрэл медаль хүртээд иржээ. Хануй багийн бага сургуулийн шилдэг сурагч аж. Түүнтэй хэсэг зуур хөөрөлдлөө.

-Аймгийн олимпиадад оролцоод хүрэл медаль авч, сургуулийнхаа шилдэг сурагч болсонд баяр хүргэе. Чи ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Баярлалаа, ахаа. Би математик, монгол хэл, ер нь л бүгдэд нь дуртай.

-Бодлого нь хэцүү юм уу. Түрүүлээд алтан медаль авах боломж байсан гэж багшнь ярьж байсан. Дараа нь харамсаж байв уу?

-Харин тийм. Бүгд л миний өмнө нь бодож байсан бодлого ирсэн. Уг нь би хамгийн түрүүнд бодож дуусгасан юм. Тэгэхдээ нэг тоог буруу хараад бодчихсон байна лээ. Түрүүлбэл түрүүлчихээр л байлаа. Гэхдээ энэ жил багштайгаа сайн бэлдэж байгаад дахиад орно.

-Мартын 8-наар ээжийгээ баярлуулж амжсан уу?

-Мэндчилгээ хийж, дээр нь өөрийнхөө зохиосон шүлгийг бичиж өгсөн. Бид хоёрыг ийн ярилцаж байтал хажуугаас Б.Гантөгс хүү “Ахаа, би ч гэсэн хичээлдээ сайн шдээ. Миний дэвтрийг үзэх үү” гээд цүнхээ уудаллаа. Монгол хэл, математикийн дэвтрээ үзүүлэв. М.Мягмарсамбуу, Б.Гантөгс нар үнэхээр цэвэрхэн бичдэг юм байна. Дэвтэр дээр нь нэг ч алдаа байхгүй юм. Хуудас бүр А гэсэн үнэлгээтэй. Б.Гантөгс Хануй багтаа хурдан морь унадаг хүүхдүүдийн хамгийн сайн нь гэсэн. Өнгөрсөн зуны багийнхаа наадамд их морь, шүдлэн насны морьдоо дөрөвт давхиулж, даагаа айрагдуулаад хязаалангаа 10-т давхиулжээ.

4А ангийн гурван сурагч сургуулийн дотуур байранд суудаг юм байна. Бүр нэг тасагт байдаг гэнэ. Орсон ч гарсан, хичээлээ хийсэн ч, хоол унд идсэн ч гурвуулаа явдаг аж. Сургуулийн амралтаар бие биенийгээ санасан амьтад ирцгээдэг гэнэ. Дөрвөн жил нэг ангид, нэг тасагт амьдарч байгаа тэд энэ хавар бага сургуулиа төгсөнө. Гурван найз хааяа муудалцдаг гэнэ. Гэсэн ч удалгүй сайндчихсан, хэлхэлдэж харагддаг тухай багш нь ярив. Мартын 8-ны баяраар баярлуулах ангийн охин байхгүй болохоор ангийн багшдаа мэндчилгээ дэвшүүлж, цээжилсэн шүлэг, дуугаа дуулж өгч баярлуулжээ.

Хануй бага сургуульд хот орж үзсэн сурагч хоёр байдаг гэнэ. 4А ангийнхан ангиараа хот орж үзээгүй байна. Сум, аймгийнхаа төвд л очиж үзжээ. М.Мягмарсамбуу, Б.Гантөгс хоёр “Ахаа, хотод өндөр өндөр байшин байдаг тэ. Бас сургуулиуд нь өчнөөн олон сурагчтай, хүүхдүүд нь ангидаа багтдаггүй гэсэн тэ” гэж асууж байна. Өөдөөс нь “Та хоёр яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд “Зурагтаар үзсэн юм. Хотод зун очвол гоё байдаг гэсэн. Аймаар өндөр байшингуудтай, гоё гоё машин байдаг юм гэсэн. Ээж намайг онц сурвал хот дагуулж явна гэсэн. Тэгвэл “Нарантуул” гэдэг захаас нь хурдан морины хүүхдийн эмээл, хувцас худалдаж авна аа. Бас нэг аятайхан гутал авах санаа байна. Хотоос авсан юм чанартай байдаг гэж хүмүүс ярьдаг. Хэрвээ чадвал дараа жил хотод байдаг хамаатныд суулгаж, тэнд сургуульд оруулна гэж аав ярьж байсан. Бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй байна” гэлээ.

Дараагийн орсон анги бол 3А. Дээр үеийн 200 литрийн төмөр поошигийг дундуур нь тайраад гагнаж хийсэн зуух тавьж, галлажээ. Бөөр нь улайсан зуухны илчинд анги халуун гэж жигтэйхэн. Улаа бутарсан царайтай хүүхдүүд хичээлээ хийгээд сууж байна. 3А анги гурван охин, ганц хүүтэй. Ангийн даргыг М.Оюунгэрэл гэдэг. Хойд бүсийн математикийн олимпиадын хүрэл медаль хүртээд удаагүй байгаа юм байна. Сургуулийн аварга дуучин М.Оюундалай, цэвэр бичигтэн А.Урангоо, бүх хичээлдээ жигд сайн Ц.Баярхүү нар түүний ангийнхан. Ганц эрэгтэй болох Ц.Баярхүү нь ангийнхаа охидыг шоглоод, үс гэзгийг нь татаад хэрэндээ л үймүүлдэг гэнэ. Гэсэн ч ганцаараа болохоор тэгсхийгээд намддаг гэж багш нь өхөөрдөв. Мөн хичээлийн завсарлагаанаар ангийнхаа зуухан дээр ааруул шарж охиддоо өгдөг гэнэ. Ц.Баярхүүгээс “Ахын дүү Монгол Улсаа юу гэж боддог вэ” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” гэж хэнэг ч үгүй хариулж байна. “Яагаад” гэж асуутал “Аймгийн төв орох гэж л тийм хол явж байгаа юм чинь. Дээрээс нь Улаанбаатар явна гэвэл газар нь бүр барагдахгүй. Тэгээд л тэр. Ахаа, хот их гоё гэсэн үнэн үү” гэж өөдөөс асуув.

Хотын их хөл хөдөлгөөн, дуу чимээнээс хэсэгхэн ч атугай хөндийрсөн надад Хануй багийн энэ амьдрал дэндүү амар амгалан санагдаж байгааг түүнд дуулгавал итгэсэн янзгүй мушийчихаад, дэвтэр номоо эмхлэв. Энэ ангийнхан бүгд хичээлдээ жигд сайн юм байна. Боловсролын сайдын баталж өгсөн өнөө жилийн хичээлийн шинэ жилд үзэх хичээлээ бүгдийг нь үзчихсэн гэнэ. Эхнээс нь дахин давтаж үзэж байгаа гэж ангийн багш Ч.Болортуяа онцолж байв.

Хануй баг мянга гаруй хүн амтай, 400 гаруй айл өрхтэй. Сумын төв рүү хүүхдээ сургуульд сургах гэхээр эндээс зуу гаруй километрийн зайтай. Зуун модын даваагаар даваад явах юм бол 60 гаруй километрийн зайтай. Гэвч Зуун модын даваагаар машин давахад их бэрх. Тиймээс Донгой уулыг тойрдог байна. Ингэж шороон замаар цаг хугацаа алдаж явахаар аймгийн төв рүү давхих илүү амархан. 30 километр шороон зам, үлдсэн нь засмал замаар давхиад хүрнэ. Тиймээс Хануй бригадынхан хүүхдүүдээ багийн бага сургуульд дөрөвдүгээр анги төгсгөөд, аймгийн төв рүү шууд явуулчихдаг байна. Энэхүү бага сургуулийн дүнзэн байрыг 1971 онд барьсан түүхтэй гэнэ. Түүнээс өмнө Хануй бригадын төвд гэр сургууль үйл ажиллагаа явуулж байсан гэсэн. Хануйн бага сургуулиас олны танил олон төрсөн гэнэ. Зохиолч Ж.Барамсай, Яруу найрагч Б.Баясгалан, Их хурлын гишүүн асан МАХН-ын хэлтсийн дарга Жадамбаа, Аймгийн орлогч дарга байсан одоо ГЕГ-ын барилгын албаны дарга Чулуунбат, Барилгын цэргийн хурандаа, компанийн захирал М.Төмөрбаатар, Говь ХК-ийн захирал Түмэнбаяр гээд л өдгөө олонд танигдсан цөөнгүй хүн А үсгээ Хануйн бага сургуульд заалгаж байсан гэнэ.

Дөнгөж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Хануй бригад цахилгаантай болсон гэнэ. Гэрэл цахилгаантай болохоос өмнө лаа, дэнлүүний гэрэлд ч хичээлээ заадаг байжээ. Хэдийгээр анги болгон XX зууны үеийнх шиг гар галлагаатай ч цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн юм. Нийслэл хотод улсын сургуулийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, нэг ширээнд гурван хүүхэд шахалдан суудаг бол энд бүх зүйлс эсрэгээрээ. Анги дүүргэлт, нэг хүүхдэд хэдэн метр квадрат зай талбай оногдох ёстой гэх зэрэг бүх заалтыг зөрчөөгүй. Багш цөөн хүүхэдтэй болохоор сурагч бүрт хүрч ажиллах бүрэн боломтой аж. Иймд Хануй бригадын бага сургуулийн сурагчид хичээлдээ сайн, олимпиад, уралдаанд байнга амжилттай оролцдог байна. 2А анги тэр өдөр хичээл тасалсан хүүхэд байсангүй. Ангийн багш Б.Буянхишиг арав гаруй жил багшилж байгаа гэсэн. Г.Жанлавцогзол, Т.Бэрхмаа, Х.Хосцэцэг, Б.Амаржаргал, Б.Үржинханд нар Иргэний боловсрол гэсэн хичээл үзэж байлаа. Харин 1А анги өдөр орох гэнэ.

Бага ангийн хүүхдүүдэд “Үдийн цай” хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлж байгаа. Хануй бага сургууль Үдийн цай хөтөлбөрийг дараах байдлаар хэрэгжүүлдэг байна. Аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Тансаг трейд” ХХК-иас нарийн боов, жигнэмэгээ худалдан авдаг байна. Мөн сургуулийн дотуур байранд арав гаруй хүүхэд хичээлийн жилд амьдардаг аж. Нэг хүүхдэд ногдох хүнсний мөнгийг нийлүүлж байгаад мах, гурил, цагаан будаа, хүнсний ногоо худалдаад авчихдаг аж. Тэгээд сургуулийнхаа бүх хүүхдийн хоолыг хамт хийдэг байна. Бага үдийн алдад сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа орно. Сургуулийн дотуур байранд байрлах хоолны заал руу анги ангиараа жагсан орж ирцгээлээ. Сургуулийн тогооч Т.Цэнд-Аюуш, Л.Цэрэнлхам нар гурилтай шөл хийжээ. Бүгд аяга дүүрэн хоол хийлгүүлж аваад ширээндээ суух юм. Хүүхдүүд хоорондоо уралдаад идэж гарав. Хоолныхоо шөлийг дуу шуутай гэгч нь сороод л идээд байх юм.

Сургуулийн дотуур байр мөн л модон байшин. Тасаг болгон зуухтай. Сургуулийн галч хоёр цаг тутамд галладаг байна. Нэгдүгээр ангийн хоёр сурагч дотуур байранд суудаг юм байна. Э.Буяндорж, Б.Дэлгэрхангай нар хичээлдээ явахаар хувцсаа өмсөж байв. Эхний цаг биеийн тамирын хичээл орох учраас тэд шууд тамирын хослолоо өмсөөд, ууттай кетээ бариад сургуулийн зүг гарч одлоо.

Бага сургуулийн номын сан гурван мянга гаруй номтой аж. Уранзохиолын 108 дээжис бүтээлээс эхлээд дэлхийн шилдэг уран зохиолын ном гээд энд сурагчдад хэрэгтэй бүх төрлийн ном бий гэнэ. Багийн төвд ном уншдаг иргэн олон байдаг аж. Номын санч “40 гаруй ном гадуур уншиж байгаа” гэж хэлж байсан юм. Мөн сургуулийн Хүүхэд хөгжлийн төв гэх жижигхэн дүнзэн байшин байна. Хүүхдүүд хичээлээ тараад Хүүхэд хөгжлийн төвд ирж дуртай зүйлсээ хийдэг байна. Цаасан байшин, цэцэгт наамлаас эхлээд хана дүүрэн бүтээл өлгөөтэй байв. Олон жилийн түүхтэй Хануйн бага сургуулийн хүүхдүүд буйдхан, амар амгалан амьдарч, бүгд онц сурч байна лээ.

Ч.ЖАВЗАНПАГМА: ДУУДЛАГАНД ЯВСАН МАШИН ЦАСАНД ХИЙ ЭРГЭЭД ЯВАХГҮЙ БОЛОХООР НЬ ДЭЭЛЭЭ ТАЙЛААД ДУГУЙН ДООГУУР НЬ ХИЙЖ БАЙЛАА

“Яаралтай дуудлага аваад багийн төвөөс яарч сандарсан хүмүүс мотоцикльтой гараад давхидаг. Замын ховилд гуядуулаад шороон зам дээр ойчих их хэцүү. Хөл гараа шалбалж, бэртэж гэмтдэг. Харин цасан дээр харуулдаад ойчих нь зөөлөн унадаг. Бэртэл гэмтэл ч авахгүй шүүдээ” гэж Хануй багийн бага эмч Ч.Жавзанпагма, Д.Батмөнх нар ярив. Хануй баг мянга гаруй хүн амтай. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл,төрөлт нэмэгдэж, хөдөөгийн малчид хятад мотоцикль унадаг болсноос хойш ослын дуудлага өдөр бүр гардаг болжээ. Энэ талаар эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа Ч.Жавзанпагма эмчтэй ярилцлаа.

-Багийн эмнэлэг ажиллахаа болиод гурван жил болж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Манай багийн эмнэлэг хаагдаад гурван жил болж байна. Уг нь манай баг хүн ам их болохоор эмнэлэгтэй байсан юм. Төсөв мөнгө нь дээрээс шийдэж өгдөг, эмнэлэгтээ хүн хэвтүүлж эмчилгээ сувилгаа хийдэг байлаа. Тэгсэн манай сумын эмнэлэгт төсөв мөнгө бага ирдэг болсноос үүдээд багийн эмнэлэгт төсөв мөнгө огт олгогдохгүй болчихсон. Үүнээс болоод олон жил ажилласан багийн эмнэлгийнхээ хаалгыг барилаа. Одоо эмнэлгийн барилгыг хоёр хуваагаад нэгэнд нь хүүхдийн цэцэрлэг оруулчихсан. Хүйтний улиралд түлэх түлш, хэрэглэх бусад зүйл байхгүй болохоор сумын эмнэлгээс ирсэн эм тариагаа гэрээрээ хадгалж байна. Бусад сумын эмч нар бид хоёр шиг баг дээрээ байрлахгүй. Сумынхаа эмнэлэгт байрладаг. Хануй багийн хувьд сумын төвөөс 100 гаруй километр алслагдсан. Хөдөөнөөс холын дуудлага ирлээ гэхэд хамгийн түрүүнд багийн эмчид ханддаг. Багийн эмч очиж үзээд сум руу дуудлага өгдөг юм. Ингээд сумын эмч нар зуу гаруй километрийн цаанаас наашаа гарах болдог. Цаг хугацаа их алдаж байгаа юм. Өвчтөний биеийн байдал маш хүнд, эмч нарыг ирэх гэсээр байтал эвгүйдчих гээд ер нь л хүнд хэцүү үе олон гарч байна даа.

-Танай багийнхан хэлж байна лээ. Манай багийн эмч нар унаа тэрэг, мөнгө төгрөг гэж байхгүй. Нутгийнхаа хүмүүсийг гуйгаад л холын дуудлаганд явдаг гэж байсан?

-Багийн эмч нарт унаа тэрэг гэж байхгүй. Шатахууны төсөв мөнгө огт байхгүй. Гэтэл багийн төвөөс 30 гаруй километр зайд өвөлжиж байгаа айл яаралтай түргэн тусламжийн дуудлага өгдөг. Эрүүл мэндийн салбарын иргэдэд үйлчлэх хамгийн ойр байгууллага нь багийн эмч. Мотоциклиос унаад цус алдаад байна. Хурдан ирэхгүй бол болохгүй байна. Яаралтай хурдан ир” гээд л яарч сандарсан хүмүүс утсаар ярьдаг. Бид чинь тангараг өргөсөн эмч хүмүүс шүү дээ. Сумын төвтэй утсаар холбогдчихоод гэртээ суугаад байлтай нь биш. Эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тариагаа аваад л гардаг. Багийн төвийн машин, мотоцикльтой хүмүүс дээр очоод гуйдаг. Нутгийн хүмүүс болохоор гуйх болгонд явж өгдөг. Гэхдээ дуудлаганд явж байгаа хүмүүст хэцүү байдаг. Хол газарт явахаар машин нь усаар явна гэх биш, бензин тос их ордог. Тэр болгоны цаана гуйсан хүний халааснаас мөнгө гардаг. Багийн төв дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдрал ахуйг сайн мэддэг. Тийм болохоор мотоцикльтой хүмүүсийг ихэвчлэн дуудлаганд гуйдаг. Сая гэхэд цасан шуурга нүүр нүдгүй шуураад эргэн тойрны зүйлс огт харагдахгүй шөнөөр 30 гаруй километрийн зайд өвөлжиж байгаа айлаас нэг эмэгтэй цус алдаад байна гэсэн дуудлага ирсэн. Багийн төвөөс мотоцикльтой гараад явлаа. Шуурга хүчтэй болохоор замдаа зөндөө олон удаа унасан. Цасан дээр харуулдаад ойчиж байгаа болохоор бэртэж гэмтэх нь бага. Хайрцагтай эм тариагаа хагалчихгүй гээд нэг гартаа бариатай чигтээ унаж байгаа юм. Сүүлдээ хэсэг төөрч явсаар осгох дээрээ тулж байж айлаа олсон. Айлдаа яваад ортол өөдөөс айж сандарсан хүмүүс “Яасан удаан ирдэг юм бэ. Энэ хүн амь насаа алдах юм бол чи хариуцах юм байгаа биз дээ” гээд загнаж гарлаа. Цус алдсан эмэгтэй хувхай цагаан царайтай болчихсон. Хамаг цусаа юүлчихсэн байсан. Цус алдсаны улмаас гурван давхар гудас нэвтэрчихсэн байгаа юм. Анхан шатны үзлэгээр савны гадуур жирэмслээд тэр нь хүндэрч цус алдчихсан болох нь тодорхой болсон. Бага эмч анхан шатны тусламж үзүүлэх болохоос биш мэс засал хийх, нарийн мэргэжлийн эмч нарын хийдэг ажилбар хийх эрхгүй. Хийж болохгүй гээд хуулиндаа хүртэл заагаад өгчихсөн байдаг. Гэхдээ хүний эрдэнэт амь нас чухал шүү дээ. Яах ч арга байхгүй. Цус алдаад байгааг зогсоохын тулд мэс ажилбар хийж байгаа юм. Савны гадуур жирэмсэн болж хүндэрч, цус алдсан эмэгтэйн амь насыг аварч чадсан. Хэрэв сумын эмч, аймгаас эмч ирэхийг хүлээсэн бол тэр эмэгтэй амь насаа алдах нь тодорхой байсан. Дуудлаганд машинтай явсан чинь цасанд хий эргээд явдаггүй. Өмсөж явсан дээлээ хүртэл тайлаад дугуйн доогуур нь хийж өгөөд газар ахиулж байсан. Гол үертэй байхад хүртэл ус руу зориглоод л орно шүү дээ.

-Саяхан нэг эмэгтэй гэртээ төрөөд та хоёрыг банга хүртсэн гэж сонссон?

-Яаралтай дуудлагаар очдог. Анхан шатны түргэн тусламж үзүүлээд сум руу авч явах ёстой. Гэвч шороон замаар 70 гаруй километр явснаас 30 километр шороон замаар яваад засмал замдаа нийлээд аймгийн төвийн эмнэлэгт очсон нь шулуун байдаг. Иргэд өөрсдөө сум руу биш аймагт очмоор байна гэдэг. Тэгэхээр шууд л аймагт хүргэж өгдөг. Манай багийн нэг эмэгтэй жирэмсэн болсон юм. Эмчийн хяналтад байж байгаад төрөх дөхөөд ирэхээр нь аймгийн төвд албан ёсоор хүргэж өгсөн юм. Тэгсэн аймгийн эмнэлэгт хоёр хоног хэвтээд гурав дахь хоног дээрээ гэртээ харьж хононо гээд хүрээд ирчихсэн байсан. Тэр шөнөдөө өвдөөд эхэлсэн байсан. Шөнө дуудлага ирсэн. Яваад очтол жирэмсэн эмэгтэйн ус нь гарчихсан. Юу юугүй л төрөх гэж байсан. Гэрт нь төрүүлж болохгүй гээд Эрүүл мэндийн сайдын тогтоол гарчихсан. Гэвч яах ч аргагүй гэрт нь эх барьж авсан.Олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж, энэ багийн залуусын ихэнхийг эх барьж авсан болохоор ямар нэгэн хүндрэл гараагүй. Эх, хүүхдийг эсэн мэнд аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Сүүлийн жилүүдэд бага эмчийн орон тоо их гардаг болчихсон. Бага эмчээр сурах хүүхдүүд ч байхгүй болчихсон байна. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй болоод байгаа.

-Багийн эмнэлэг хаагдсанаас болоод гэрээ эмнэлэг болгох, өвчтөн хүртэл хэвтүүлдэг болсон гэсэн үү?

-Манай багийнхан, ойролцоо багийн иргэд ухаан алдчихсан, цус алдсан гэх мэт биеийн байдал тааруу хүмүүсээ багийн эмнэлэг хаагдсанаас хойш шууд л манайд аваад ирдэг. Өвчтөнийг гэртээ оруулаад л эмчилгээ хийдэг. Өөр сонголт байхгүй юм чинь. Геологийн нэг ажилтан өнгөрсөн зун гараа төмөр алханд бяц цохичихсон ороод ирсэн. Цусыг нь тогтоох гэж оролдож байх хооронд манай гэр, ор хөнжил гээд л нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Цусыг нь тогтоож өгөөд аймгийн төв рүү аваад явсан. Тэр хооронд манай нөхөр цусыг нь цэвэрлэсэн байна лээ. Өндөр- Улаан сумын эмнэлгийн Хануй багийн салбар нэртэйгээр эмнэлэг ажиллаж байхад цус харвасан хүмүүс олон ирж эмнэлэгт хэвтэж байсан. Тэгсэн Архангай аймагт Хануйгийн эмч нар харвасан хүнд сайн гэсэн яриа гарсан байдаг. Саяхан цус харвасан хүнийг аймгийн эмнэлгээс гарахад манайд аваад ирсэн тохиолдол гарч байсан. “Та л сайн эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээгээд өг” гээд гуйгаад байгаа юм. Хэлж тайлбарлаад ч нэмэр байдаггүй. Гэртээ дөрөв хоног хэвтүүлээд буцаасан шүү дээ. Энэ мэт багийн эмчид хүндрэл бэрхшээлтэй зүйл олон тулгардаг. Хануй багт Өндөр-Улаан сумын салбар эмнэлгээ эргүүлээд нээх хэрэг¬тэй байна.

ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛААРАА 1500 БАГААС 26-Д ШАЛГАРЧЭЭ

Хануй багийнхан хонин жилийг ерөөл бэлгэ дэмбэрлээр дүүрэн угтаж байгаа гэдгээ хүн бүр л ярьж байв. Хоёр жилийн өмнө багийн хурдан морь сонирхдог, морь уядаг залуус нийлээд “Хануйн хүлэг” гал байгуулсан гэнэ. Гал байгуулагдаад жил бүрийн хаврын тэргүүн сард болдог улс, бүсийн хурдан хүлгүүд тоосоо өргөдөг “Дүнжингарав” уралдаанд хоёр азарга дээгүүр давхижээ. Багийн Засаг дарга А.Батдэлгэр тэргүүтэй уяач нар Б.Барбаатарын хээр азарга, Г.Бадамжунай нарын халзан азаргыг аваад очсон гэнэ. Уралдаан шинийн 4-нд болно гээд азаргануудынхаа уяа сойлгыг тааруулаад очсон байна. Тэгсэн хойшлоод, уяа бага зэрэг алдагджээ. Гэхдээ халзан азарга нь 8-д давхиж, хээр азарга нь 20 гаргаад ирсэн байна. Эрлийз азарга уралдаагүй бол айрагдчих боломж байсан гэнэ. Мөн мянга гаруй хүн амтай энэ баг өнөө жил 87 мянга гаруй мал тоолуулжээ. Архангай аймгийн багуудаас хийж бүтээсэн ажлаараа хоёрдугаар байрт орсон байна. Мөн улсын хэмжээнд 1500 гаруй баг байдгаас уг шалгуураар байр эзлүүлэхэд 26 дугаар байрт орж, анх удаа ийм өндөр үнэлгээ авч, амжилт гаргаад байгаа гэнэ. Энэ талаар багийн дарга А.Батдэлгэр “Манай баг хонин жилийг чамлахааргүй амжилттай угтаж байна. Өнгөрсөн жил манай баг цахилгаантай холбогдсон. Гэрэл цахилгаантай болсон болохоор баг маань илүү сайн хөгжих байх гэж харж байгаа. Бидний цаашдын зорилго нь Хануй багаа Монгол Улсын жишиг баг болгох. Энэ талаар ч хийж бүтээх ажил их байгаа” гэж ярьж байв. Хануй багийн нутгаас Азид хоёрт ордог томоохон буган чулуун хөшөө бүхий түүхийн хосгүй үнэт дурсгалт газар, Ромын эзэн хааны үеийн эдэлж хэрэглэж байсан гэгдэх сүйх тэрэг, аяга гэх мэт зүйлс олдсон байна. Хануй багийн иргэд монголчуудын ор тас мартаад байгаа нэгэн сайхан ёс уламжлалыг хэвээр нь хадгалж байна лээ. Залуус хоорондоо насан туршийн анд бололцож, хоорондоо морь солилцдог. Бүр анд бололцсон талынхаа аав, ээжийг “Талын аав, Талын ээж” гэж хүртэл дуудаж байна лээ. Хоорондоо эв найрамдалтай байх, андгай тангараг өргөж анд нөхөр бололцох уламжлал Хануй багийнханд хадгалагдан үлджээ.

Ой модоор бүрхсэн өндөр хөх уулсын дунд орших Хануй бригадын төвөөс нар жаргах гэж байхад нийслэл хотын зүг хөдөллөө. Бригадын төвийн хэдэн цагаан байшин цасан дундаас бүртэлзэн ард хоцров оо.