БАЛДОРЖ шагналын эзнээр Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН тодорлоо

“Монголын Пулитцер” хэмээдэг, сэтгүүлзүйн салбарын тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн нэр хүндтэй, босго өндөртэй БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол найм дахь удаагаа болж өндөрлөлөө. Бүтэн жилийн турш сэтгүүлчид бүтээлээ сойж, шүүгчид дөрвөн удаа хуралдан, улирал бүр шилдэг арвыг тодруулж, ийнхүү нэгдсэн дүнгээ гаргажээ.

Мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны үеэр Монголын үе үеийн Төрийн тэргүүн нэг дор цуглардгаас гадна УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг билээ. Салбартаа хамгийн өндөр урамшуулалтай эл уралдаанд оролцон хөдөлмөрөө үнэлүүлсэн сэтгүүлчдэд оногдох нэр төр, хариуцлага өндөр байдаг юм.

Энэ онд БАЛДОРЖ шагналтнаар “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн “Чонон сүргийн өчил”, “Ченж төлөвлөгөөний золиос” цуврал бүтээлээрээ тодорч, “MN-25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Б.Аюурбунь, Б.Ундармаа нар “1000 төгрөг” буюу “Түлэнхийн төвийн үйл ажиллагааны тухай” асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгээрээ дэд байрт шалгарлаа.

Тэдний хойноос жагссан шилдэг арвыг танилцуулбал:

1. “Өнөөдөр” сонины сэтгүүлч, тоймч Ц.Болормаа, Л.Ганчимэг “Ногоон хотын эрэлд” асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл.

2. “Үндэсний шуудан“ сонины Нийгэм, соёлын албаны сэтгүүлч Б.Энхмарт “Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна”, “Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл” эрэн сурвалжлах цуврал нийтлэл.

3. “Gogo” агентлагийн сэтгүүлч Г.Одгарав “Цэвэрлэх байгууламж”, “Туул гол” цуврал сурвалжилга.

4. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяа “Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх”.

5. Чөлөөт сэтгүүлч Э.Энхцолмон “Салхины дуун” хөөмийн тухай, “Уулсын дундах дуут суурин” туульсийн тухай цуврал сурвалжилга.

6. “Өнөөдөр” сонины нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрах “Чагнууртай шимэгч”, “Хүүхдээ шоронд хооллоё” нийтлэл.

7. “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч Б.Гандолгор “Үхэл дагуулсан хөх савнууд буюу гэрт тань нуугдсан хор” цуврал нийтлэл.

8. “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж “Нарантуул” гэрэл зургийн сурвалжилга.

9. МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Ариунцэцэг, Н.Одбаяр “Халуун сэдэв: Хосолсон хөдөлгүүрт авто машины зай хураагуурын байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл” асуудал дэвшүүлсэн цуврал мэдээ, сурвалжилга, нийтлэл.

10. МҮОНР-гийн сэтгүүлч Л.Мөнхтөр “Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя” цуврал нийтлэл.