2013 он: Шилдэг арав Г.ОТГОНБАЯР. “Үндэсний шуудан” сонин “Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй”, “Фракцын засаглал” нийтлэл

Гомбожавын ОТГОНБАЯР

“Үндэсний шуудан” сонин


Улс төрийн үйл явдлын учир шалтгаан, таамаглал, учирч болох үр дагаврыг задлан шинжилж улс төр, эрх зүйн чиглэлээр бичдэг. 1999 оноос “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны шуудан” сонинд, 2007 оноос “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж буй мэдлэг, мэдрэмж, ур чадвараараа монголын шилдэг сэтгүүлчийн тоонд зүй ёсоор багтсан нийтлэлч. Инженер мэргэжилтэй.

“Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй”, “Фракцын засаглал” нийтлэлээрээ нэр дэвшиж 2013 оны БАЛДОРЖ шагналт сэтгүүлчээр тодров.

БИДНЭЭС ХОЛДОН БУЙ ОЮУТОЛГОЙН ИРЭЭДҮЙ

Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуулийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дуншсан Оюутолгой төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтой учраас тэр. Энэ аварга том “хөлөг онгоц” боомтоос хөдөлснөөр Оюутолгойн баялаг эдийн засгийн агуулга, ашгаараа Монголдоо улам илүү ойртоно гэж олон хүн найдсан, итгэсэн. Тиймээс л Оюутолгойнхон компанийнхаа уриаг “Бидэнд ойрхон ирээдүй” гэсэн хэрэг.Оюутолгой төслийг өдий зэрэгт хүргэх, үйлдвэрээ ашиглалтад оруулах хүртэл зургаан тэрбум доллараа элсэнд “цацсан” хөрөнгө оруулагчдын хөлс хүч, эрсдэлийг хүндэтгэж байна. Гэхдээ тэдний зүгээс гэрээний заалтаа зальдах, монголчуудыг Африкийн боловсролгүй харуудын төвшинд адилтган дорд үзэх хандлага ихэслээ. Хөрөнгө оруулагчдын санаатай гэмээр зарим үйлдэл, усны нөөц зэрэг урьдчилан тооцоолоогүй эрсдэл нь гэрээний зарим заалт ч зөрчигдөж мэдэх нөхцөл байдал үүсгэлээ.

1.Оюутолгой төсөлд 10 мянган хүн ажиллана. Үүний 90 хувь нь монголчууд байна. Энэ бол гэрээгээр тохирсон хатуу заалт. Гэтэл гэрээг баталсны дараахан энэхүү 90 хувийн эхний хэсэг болгож 3000 хүнээр Улаанбаатарын гудамжны хог шүүрдүүлэх ажлын санал Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс гарав. Санхүүгийн зардалд нь 12 тэрбум төгрөг төсөвлөн хотын захиргаанд шилжүүлэхээр болсон байв. Энэ нь сарын 180 мянган төгрөгөөр бодсон 3000 хүний цалин юм. Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулагчдын эхний заль. Монголчуудыг дэндүү басамжилсан дорд үзэл байлаа.Монголчууд төсөлд нь ажиллана гэснээс бус, хотын гудамж шүүрдэх гэж гэрээ байгуулаагүй.Оюутолгой төсөлд ажилладаг монголчуудын тоо одоо ч эргэлзээтэй.Яг төсөлд нь хятад иргэд голдуу гаднынхан, төслийн гадуур монголчууд олноор ажилладаг.Хөрөнгө оруулагчид 10 хүн тутмын 9 нь монголчууд гэж байгаа ч энэ нь төслийг дагасан ханган нийлүүлэлт, ажил үйлчилгээ, ер нь Оюутолгойтой холбоотой бүх компанийн монгол ажилчдын нийлбэр бололтой.Иргэний нийгмийн зарим байгууллага “Оюутолгойн яг төсөлд нь 2000 гаруй, төслийн хүрээнд 6000 орчим монгол хүн ажилладаг” гэсэн тооцоо гаргасан нь бий.Ийм утга бүхий сануулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж парламентын төвшинд тавьж байсан.Тэрээр, төсөлд ажиллах, төслийн гадуур ажиллах хоёр огт өөр гэдгийг Засгийн газарт сануулсан удаатай.Оюутолгойн яг төсөлд хэдэн монгол хүн ажилладаг вэ.

2.“Оюутолгойгоос хүртэх нийт ашиг монголчууд 71 хувь, хөрөнгө оруулагчид 29 хувь” гэх сурталчилгаа сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудас, гудамжны самбараас салахаа болив. УИХ-ын 23 гишүүн гэрээнд өөрчлөлт оруулж Монголын талын эзэмшлийн 34 хувийг 51-д хүргэх шаардлага тавьсны хариуд “Рио Тинто”-гийнхон ийм PR- аар сөрөг довтлов. Үнэндээ 71 хувь бол Оюутолгойгоос хүртэх ашиг биш. Харин төслийг дагах мөнгөн урсгал. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийг дагах мөнгөн урсгалын 71 хүртэл хувийг монголчууд хүртэх боломжтой гэсэн Олон улсын валютын сангийн судалгаа байдаг. “71 хүртэл хувь” гэж байгаа болохоос яг 71 гээгүй. “Хүртэл” гэдэг нь дээд хязгаар нь 71, түүнээс доош 50 ч байж болно, бүр 30 ч байж болно гэсэн үг. PR бол эерэг сурталчилгаа болохоос иргэдийн тархи угаах заль биш билээ.Харин Оюутолгойнхон монголчуудыг ашиг, мөнгөн урсгал хоёрыг ялгахгүй гэж эндүүрэв.Оюутолгой төсөлд ажиллах монгол иргэдээр хог шүүрдүүлнэ гэж байсантайгаа адилхан талх, сүүгээр орлуулан монголчуудын ходоодоор нь дамжуулан тархи угаах гэж оролдов.Тэд монголчуудын ходоод нь тархиа захирдаг гэж андуурч байна.Гэтэл монголчууд бид төслөөс хүртэх ашиг, төслийг дагах мөнгөн урсгал хоёроо ялгах хэмжээний боловсролтой улс билээ. Ингэж үгээр тоглохоос гадна энэхүү 71 хувь гэдэгт Оюутолгой төсөлтэй ямар нэгэн байдлаар холбогддог бүх компанийн улсад төлдөг татвар, ажилчдынх нь нийгмийн даатгалд шимтгэлийг хүртэл оруулж тооцжээ. Хавийн юмыг хамж, толгой компани нь Оюутолгойтой харилцдаг байлаа гэхэд охин компанийнх нь татварыг ингэж оруулж тооцсон нь Оюутолгой дагаж бидэнд ирж буй ашиг мөн үү.

3.Анх гэрээ байгуулж гарын үсэг зурах үед Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.доллар байлаа. Үйлдвэр ашиглалтад орж, баяжмалаа гаргаж авснаар анхны хөрөнгө оруулалт зогсоно.Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь эзэмшлийг нэмэх бололцоо гарна, басхүү хоёр тал ногдол ашиг хуваах учиртай.Гэтэл 4.7 тэрбум доллараар төсөвлөсөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээнд гарын үсэг зурснаас хойш 5.7 тэрбум доллар болж нэмэгдсэн. Ингэж нэмэгдүүлснээ нөгөө талын хувьцаа эзэмшигч болох Монголын Засгийн газартай хэзээ яаж зөвшилцсөн, ямар төвшинд баталгаажуулсан нь тийм ч тодорхойгүй байдаг.5.7 тэрбум доллар дахиад л нэмэгджээ.Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 6.1 тэрбум долларт хүрээд буй. Цаашид долоон тэрбум долларт хүрнэ гэдгийг Оюутолгой ХХК-ийн захирал Камерон МакРей сэтгүүлчдэд мэдэгдсэн. Ингэж зардлаа нэмж буйн цаад учрыг хардаж харвал анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхол хөрөнгө оруулагчдад илт байна. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалт их байх тусмаа түүнийг нөхөх хугацаа уртасна, хойшоо сунана. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа хойшлох тусам монголчуудын хувь оролцоо нэмэгдэх бололцоо хумигдаж, хамгийн гол нь монголчууд бид 34 ба 51 хувийн аль нь ч байсан өөрийн хувь эзэмшилдээ ногдох ноогдол ашгаа авах хугацаа мөн л хойшоо сунана. Энэ бол хөрөнгө оруулагчдын бас л нэг башир арга гэмээр.Анхны хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж дуусах, яг хэзээнээс хоёр талд ногдол ашиг хуваах талаар эцэслэн тохирсон, баталсан ТЭЗҮ байна уу.

4.Энэ хэсэг бүр ноцтой.Оюутолгой төслийнхөн хоёр дахь санхүүжилтээ Дэлхийн банк тэргүүтэй дэлхийд томоохонд тооцогдох долоон банкнаас зээлээр авах гэж буй. Дэлхийн банк л гэхэд Оюутолгой төсөлд санхүүгийн тусламж болгож 900 сая, төслийн улс төрийн эрсдэлийн даатгалд нэг тэрбум долларын зээл олгохоо мэдэгдсэн. Эцсийн шийдийг ирэх арваннэгдүгээр сард гаргана.Үүнээс өмнө төслийн байгаль орчны үнэлгээ, нөлөөлөл, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зардлаа монголчуудаар нээлттэй хэлэлцүүлэх “гэрийн даалгавар”-ыг Дэлхийн банкнаас Оюутолгой төслийнхөнд өгчээ. Тэд өнгөрсөн наймдугаар сард дээрх санхүүжилтээ авахаар Дэлхийн банкинд хандсан ч байгаль орчны үнэлгээ, нөлөөлөл, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зардлаа олон нийтийн хэлэлцүүлгээр баталгаажуулаагүй хэмээн хойшлуулж, 60 хоногийн хугацаа өгсөн юм. Тэд мөн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллөө монголчуудаас, Дэлхийн банкнаас нууж байна гэж “Рио Тинто”-гийнхныг шүүмжилсэн.Өнгөрсөн наймдугаар сарын 20-доор өгсөн 60 хоногийн хугацаа энэ сарын 20-доор дуусна.Залгуулаад арваннэгдүгээр сард Дэлхийн банк шийдвэрээ гаргана.Дэлхийн банкны энэ шаардлага бол “Рио Тинто”-гийнхонд халгаатай, монголчууд бидэнд хамгийн их хамаатай зөвлөмж. Оюутолгойн ордын алтыг “Рио Тинто”-гийнхон авч, авдар нь Монголд хоосноороо үлдэх, үгүйг шийдэх шаардлага. “Рио Тинто”-гийнхон Оюутолгойн алт, зэсийг ачиж дуусгаад Монголоос гарна, тэр цагт монголчууд Африкийн улс шиг ухсан нүх, хэдэн сэндвийчэн амбаар, сөнөсөн байгаль орчинтой үлдэх үгүйг нь монголчуудаар өөрсдөөр нь шийдүүл гэсэн сануулгыг Дэлхийнбанк өгчээ. Бид баялгаа булхайтай гэрээгээр алдлаа гэхэд байгаль орчноо тэр чигээр нь сүйрүүлж болохгүй. Бид баялгаасаа багахан ашиг хүртдэг юмаа гэхэд хожим нь ядаж ухсан нүхгүй, хүн амьтандаа эрсдэл аюулгүй байгаль орчинтой үлдэхийн тулд нөхөн сэргээлтийн зардалд аль болох их хэмжээний хөрөнгө тусгуулах ёстой. Тэгж байж ухсан нүхгүй, нөхөн сэргээсэн байгальтайгаа хоцрох нь одоо тойрч хэрэлдээд байгаа 34 ба 51 хувиас ч илүү үнэ цэнэтэй. “Рио Тинто”- гийнхон ийм чухал ажлыг, нээлттэй хийх ёстой хэлэлцүүлгийг зөвхөн интернэт зар тавих төдийгөөр хязгаарлажээ. Гэхдээ энд “Рио Тинто”-гийнхон гэхээсээ монголчууд бид өөрсдийгөө буруутгамаар байна.Энэ бол монголчууд бидний санаа тавих сэдэв болохоос хэзээ нэгэн цагт Монголоос гарах нь тодорхой “Рио Тинто”-гийнхны санаачилга гаргах ажил биш.Тэд аль болох бага зардлаар хуурч, зальдахыг л бодно.Гэтэл энд хамгийн түрүүнд дуугарч байх учиртай нөгөө олон иргэний хөдөлгөөнүүд хаачив аа.Улс төрийн сонгуульгүй учраас ичээндээ орчихов уу.Нөгөө иргэний нийгмийн олон тэмцэгчид хаана явна аа.Төрийн ордонд орж, төрийн албанд томилогдохоороо зорилго нь ханачихдаг хэрэг үү. Оюутолгой төслийн албан ёсны сайтад орвол 10 хүрэхгүй хүн санал өгчээ. Мөн төрийн яам, мэргэжлийн агентлаг гээд арваад байгууллагад хандсан ч тэднээс ганц нь ч одоогоор ямар нэгэн санал ирүүлээгүй байна. Өмнөговийн нутгийг хэдэн жилийн дараа нүүрсний олон амтай өнөөдрийн Налайх шиг болохгүйн тулд бид яах ёстой вэ.

5.Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг хэдэн жилийн дотор нөхөх талаар зөрүүтэй тооцоонууд байдаг.Анхны ТЭЗҮ-гээр бол 4.6 жил гэж бий. Гэрээнд 30 жил ч гэж бий. Монголын талын судлаачид болохоор үйлдвэр ашиглалтад орсноос хойш 6-8 жилийн дараа нөхөх бололцоотой гэдэг. Нэг үнэн бол ямар ч аж ахуйн нэгж ашигтай ажиллаж байж, илүү гарсан ашгаасаа ногдол ашиг хуваана.Оюутолгой төсөлд онцгой нөхцөл байлаа байлаа гэхэд бүх зардлаа биш юмаа гэхэд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа л ногдол ашиг хуваарилна.Тэр цаг хэзээ вэ.Энэ талаар Оюутолгой төсөлд Монголын талыг төлөөлж байгаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан “ногдол ашиг хуваарилах хугацаа наад зах нь 2021-2022 он” гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр бид хамгийн нэгдүгээрт, 2021 он хүртэл өөрт ногдох 34 ба 51 хувийнхаа алинд ч ногдох ногдол ашиг авч чадахгүй нь. Хоёрт, ногдол ашиг авах хугацаа түүнээс ч цааш сунаж мэдэхээр байна.Учир нь, “Рио Тинто”-гийнхон Оюутолгой төслийн хоёр дахь ээлжийн санхүүжилтэд дэлхийд нэр хүндтэй долоон банкнаас зээл авах гэж буйг дээр өгүүлсэн.Судлаачид ойролцоогоор дөрвөн тэрбум долларын зээл авна гэж байгаа.Олон улсын гэрээ дүрмээр бол зээлтэй аж ахуйн нэгж энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилдаггүй юм байна. Гэтэл одоогоор манай 34 хувьд ногдох хувьцаа бүгд энгийн хувьцаа. Харин хөрөнгө оруулагчид давуу эрхийн хувьцаатай. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтыг нөхлөө ч, зээлээ төлж дуусахаас нааш энгийн хувьцаатай монголчууд бид ногдол ашиггүй, давуу эрхийн хувьцаатай хөрөнгө оруулагчид ногдол ашигтай явж магадгүй нөхцөл байдал үүсч байна. Гуравт, монголчууд бид огт ногдол ашиг авч чадалгүй уурхай хаагдах юм биш биз гэх хардлага зарим хүнд байна.Учир нь, ус бол Оюутолгой төслийн хамгийн том проблем.Хөрөнгө оруулагчдын хувьд усны хүрэлцээгүй байдал нь Монголын Засгийн газар гэрээгээ өөрчилчих вий гэдгээс илүүтэй санааг нь зовоож байгаа.Үүнээс нь, усгүйгээс болж зарим шинжээчид “Оюутолгой төсөлд аврах операци хэрэгтэй боллоо” гэж бичиж байна.“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз “Оюутолгой төсөл бол усны нөөцөөр 10 жилийн настай төсөл” гэж ярилцлага өгчээ.Түүний энэ ярилцлагаас10 жилийн дотор бололцоотой бүхнийг нь зөөгөөд усгүй учраас уурхайгаа хаана гэсэн үг үү гэсэн асуулт гарна.Арай тийм юм болохгүй л байх.Гэхдээ дэлхий даяар уул уурхай эрчимтэй хөгжихийн зэрэгцээ хүчит техник, шинэ шинэ технологи нэвтэрч буй нь Оюутолгойн ашиглалтын хугацааг богиносгох бололцоотой. Одоогоос хэдэн жилийн өмнө, уул уурхай дөнгөж “мода”-нд орж байх үед канадууд Бороогийн ордыг 10 жил ашиглана гэж байгаад 40 гаруй тонн алтыг нь тавхан жилийн дотор зөөгөөд гарчихсан түүх Оюутолгойд давтагдахгүй гэх найдвартай баталгаа байхгүй л байгаа шүү дээ.

6.Монголчууд бид 34 хувийг эзэмшдэг хэрнээ өнөөдөр босоод буй, ашиглалтад ороход бэлэн болоод байгаа үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэг ч төгрөг оруулаагүй. Амбаар босгож үзээгүй хүн байшин барьдаг хүний зовлонг ойлгодоггүй гэдэг.Үүн шиг Монголыг тэжээх том төслийнхөө үнэ цэнийг дутуу үнэлж, хүний мөнгөнд хүйтэн сэтгэлээр хандаж, юу юугүй гэрээг өөрчилнө, хувиа нэмнэ гэдэг бол өнөөдөртөө аминд тулсан чухал асуудал биш санагдах юм. Хэрвээ ашигтай ажиллаж байж ногдол ашиг хуваарилдаг нь эдийн засгийн хууль, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа двидент хуваах нь шударга зарчим, П.Цагааны хэлснэээр 2021 оноос нааш монголчууд бид ногдол ашиг авахгүй нь үнэн л юм бол 34, эсвэл 51 хувь гэдэг монголчууд бидэнд өнөөдөртөө алаагүй баавгайн арьс. Бид хэзээ авах нь сайн мэдэгдэхгүй, авлаа гэхэд хэдэн жилийн дараа хүртэх ногдол ашгийн 34 ба 51 гэсэн хоёр тоон дээр улс төр, популизм хийж байх зуур “Рио Тинто”-гийнхон бидний суган доогуур баялгийн маань өрмийг зувчуулах, төслийн эдийн засгийн хүртээмжийг биднээс тойруулах бодитой нөхцөл, эрсдэл байгааг дээрх таван жишээгээр өгүүллээ. 34 хувиа нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ үүнээс өмнө шийдэх олон чухал асуудал байна. Алаагүйн баавгайн арьс булаацалдан улстөржиж, тоо тойрч талцан зодолдохоосоо өмнө санаж, сэрэх учиртай зарим санааг жагсаавал,

1. Ногдол ашиг хуваарилж эхлэх 2021 он хүртэл Оюутолгой төслийн хаялгаас яаж ахиухан хүртэх, Олон улсын валютын сангийн судалснаар төслийг дагасан мөнгөн урсгалын 71 хувийг яаж Монголдоо бодитой шингээх талаар ухаан бодлоо уралдуулмаар байна.

2. Монголчууд бид 34 хувийг эзэмшдэг л гэдэг. Гэтэл Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшээд байгаа юм уу, 45 сая тонн зэс, 1800- гаад тонн алт бүхий баялгийнхаа 34 хувийг эзэмшээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Бүр УИХ-ын гишүүдийн төвшинд ч нэгдсэн ойлголт алга.Манай баялгийг барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод л байдаг, түүнд нь монголчууд яаж оролцдог, тэндээс хувь хүртдэг эсэх нь бас л бүрхэг. Энэ тоглоомонд 34 хувийг эзэмшдэг монголчууд оролцмоор байна.

3. Хүртэх ногдол ашиг маань 34 ба 50 хувийн аль нь ч байж болно. Үүнээс өмнө анхны хөрөнгө оруулалтаа нөхөх, ногдол ашиг хуваарилах цаг хугацааг наашлуулмаар байна. Анхны хөрөнгө оруулалтын нэмэгдэлтэй хамт түүнийг нөхөх болон ногдол ашиг хуваарилах хугацаа бас хойшоо сунана. Зардалтай хамт бидний 34 хувьд ногдох зээлийн хэмжээ ч нэмэгдэж байгаа. Үүнээс гадна хэрвээ 34 хувиа нэмлээ гэхэд “Монголын талын хувь нэмэгдлээ ч, эрх мэдэл нь нэмэгдэхгүй” гэсэн гэрээний заалтыг ч давхар харах ёстой.Тэгж байж бид тоглоомыг хөндлөнгөөс харж суудаг байр сууринаас тоглогчийн байр суурьт шилжинэ.

4. Хэрвээ зээлтэй компани энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилдаггүй гэвэл бид яах ёстой, цаашид хэдэн жил 34 хувиа голж, түүнийг 50 хувьд хүргэнэ гэж талцаж явах вэ. Ер нь энгийн ухамсрын төвшинд харвал төслийг хэрэгжүүлж байгаа Оюутолгой ХХК бол “Рио Тинто”-гийн охин компани бололтой юм.Амьдрал дээр охин компаниуд толгой компанийхаа шахааны газар болдог төдийгүй, ашгаа толгой компанидаа шилжүүлж, алдагдлыг өөртөө үүрдгийг олон хүн мэднэ.Зах зээлийн ийм заль Оюутолгой ХХК болон түүний толгой компани Рио Тинто хоёрын дунд явахгүй гэдэгт баталгаа өгч, хяналт тавих бүтэц Монголын талд байх ёстой л санагдана.

5. Монголчууд бид 34 хувийг эзэмшдэг, дээр нь баялгийн эзэн. Тэгэхээр төслийг тойрч бус, төслийн гал тогоон доторхи тоглоомонд бодитой оролцмоор байна.Хэрвээ бид хувь эзэмшигч нь үнэн л юм бол Оюутолгой төслийн удирдлагын бүрэлдэхүүнд орлогч, гүйцэтгэх захирлын төвшинд монгол захирал яагаад ажиллаж болдоггүй юм.Мөнгө гаргаагүй гэдгээр шалтаглан хэдэн жил “хүүхэлдэй” явах юм. Жишээ нь, санхүү хариуцсан нэг орлогч захирлыг нь Монголын тал авч, 34 хувийнхаа хяналтыг давхар тавьж яагаад болдоггүй юм.

6. Яг төсөлд нь монголчуудаа гэрээнд заасны дагуу 90 хувиар ажиллаж байгаа эсэхэд Засгийн газар, түүнийг төлөөлсөн төрийн өмчит компани хяналт тавих учиртай. Ханган нийлүүлэлт, тээвэрлэлтэд Монголын компаниуд бодитой оролцож “олон улсын гэх” нэрээр тендерийн ихэнхийг Оюутолгой ХХК-ийн Бээжин дэх оффист зарладагийг хязгаарламаар л санагдах юм.Ханган нийлүүлэлтэд Монголын компаниуд оролцдог л гэдэг. Үнэн хэрэгтээ “Моннис”, “Петровис” зэрэг 20 гаруй монгол компани, зарим нөлөө бүхий улстөрчдийн лобби л гэрээний дагуу Монголоо төлөөлдөг давуу эрхтэй бололтой. Харин бусад нь Монголын гэх тодотголтой голдуу гадныхны хамтарсан компаниуд байх.

7. Оюутолгой бол үнэхээр том төсөл.Монголын эдийн засагт одоо эргэлдэж байгаа мөнгөний тодорхой хувь нь Оюутолгой төслийнх гэдэг нь маргашгүй.Гэхдээ төсөлтэй нь, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалттай нь харьцуулбал манай эдийн засагт эргэлдэж байгаа Оюутолгойн мөнгө бол зүгээр л задгай мөнгө. Иймд төслийн хаялгийг ахиухан хүртэхийн тулд Оюутолгойн ханган нийлүүлэлтийн тендерийг нээлттэй зарлаж, ялагчийг ч олон нийтэд нээлттэй зарладаг болмоор байна. Энэ бол дэлхий дахинд нэвтэрч байгаа хариуцлагатай уурхайн хэлбэр бөгөөд хаа хаанаа хар сэр үүсгэхгүй шударга зарчим.Гэрээний биелэлтийг монголчууд нийтээрээ хянах бололцоотой болно.

8. Ер нь бид гэрээндээ өөрчлөлт оруулна гэхээсээ өмнө гэрээгээ хянах, гэрээнийхээ шаардлагыг хангуулах тал дээр Засгийн газар, УИХ хүч нэммээр байгаа юм.Биднийг ТУЗ-д төлөөлж суугаа гурван монголд маань үнэхээр хүч ч, санал өгөх гар ч дутдаг бололтой. Гэрээнд өөрчлөлт оруулж ашгаа нэмж болдоггүй, ашиг хүртэх хугацаагаа наашлуулж болдоггүй юм бол роялти, экспортын татвараа нэмэх замаар төслийн хаялгаас ахиухан хүртье л дээ.

9. Оюутолгой том төсөл ч, ХХК нь хуулийн өмнө Монголын 50 мянган аж ахуйн нэгжийн л нэг. Гэтэл тэд манай Ерөнхийлөгч, Засгийн газартай шууд харилцах бие төлөөлөгч бүхий давуу эрхтэй. Ерөнхийлөгч, Засгийн газартай ингэж бие төлөөлөгчөөр дамжиж харилцдаг хэрнээ төслөөрөө наана Ханбогдын Засаг даргын харцанд баригдаж, цаанаас Хятадын Баяннуур сумын намын даргын аманд унаж явдаг нь бас л шог хуваарилалт.

10. “Рио Тинто”-гийнхон Оюутолгой ордыг олсон нээсэн, хөрөнгө гаргасан гэдгээрээ бүх юманд давуу эрх эдэлж биднийг үл тоодог. Тэгвэл монголчууд бид төслийн амин чухал “хөдөлгүүр” болох усаараа давуу эрх эдэлье л дээ.Оюутолгой төслийг усаар хангах Гүний хоолой гэдэг газар нь энэ төслийн лицензит талбайн гадна байрладаг юм билээ.Тэгээд ч аль ч улс оронд ус бол төрийн монополь өмч байдаг.Тэгэхээр төслийн хаялгаас ахиухан хүртэхийн тулд Монголын Засгийн газар усан дээрээ хүссэнээрээ танц эргэе л дээ.


ФРАКЦЫН ЗАСАГЛАЛ

С.Баярцогт УИХ-ын дэд даргын ажлаа өгөв. Оронд нь томилох хүнийг АН бүлгээрээ ярилцлаа. Гишүүн Р.Амаржаргалын нэр гарав. Эмэгтэйчүүд Р.Бурмаагаа зүтгүүллээ. Аль аль нь ганц шалгуураар тэнцсэнгүй. Учир юу гэвэл, УИХ-ын дэд даргын суудал бол албан тушаалын хувьчлалаар “Алтангадас”-т ирсэн, С.Баярцогт энэ фракцынх. Тийм учраас Их хурлын дэд даргад АН-ын гишүүн-УИХ-ын гишүүдээс нэр дэвшиж болно, харин зөвхөн “Алтангадас”-аас сонгогдох эрхтэй гэсэн хатуу дүрмийн өмнө тэд бүдрэв. Нэр дэвшигч хоёрын нэг нь МҮДН, нөгөө нь МоАХ фракцынх. Эцэст нь “Алтангадас”-ынх гэх гол шалгуураар Р.Гончигдорж нэр дэвшлээ. “Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг шиг зарим фракц нь Их хурлын чуулган дээр албан тушаалын гудас хөнжлөөр нь дуудаж нөгөөгийнхөө“хар”-ыг гэнэт гайхаж хоосон хоцорсны хорслоо тайлав.

Яг үүн шиг фракц дагасан албан тушаалын хуваарилалт энэ засгийн өнгөн дээр газар авлаа. Мэдлэг чадвар, ажлын туршлагыг бус, фракцын харьяаллыг хамгийн түрүүнд гол болгох болов. Ерөнхий сайд анх Засгийн газраа байгуулахдаа яамдаа фракцуудад хуваарилсан. Фракцуудын тэнцвэрийг хадгалж, Засгийн газрын тогтвортой байдлыг удаан хадгалах сайн талтай гэж ойлгосон. “Эрдэнэт” зэрэг хамтарсан үйлдвэрүүд, төрийн өмчийн бүхий л газруудыг удирддаг Төрийн өмчийн хороо үе үеийн Ерөнхий сайдын мэдэлд байдаг. Гэтэл ҮХААЯ-нд нэгтгэлээ. Үнэндээ энэ нь харьяаллын яаманд нь шилжүүлэх бус, салбарын сайдад нь зориулсан бонус, Ерөнхий сайдад өрсөлдөөгүйн урамшуулал гэдгийг мэдэж л байсан. Гэтэл Засгийн газраас доод шатандаа агентлаг, газар хэлтэст, бараг яамны жижүүрийг ажилд авахдаа хүртэл намын харьяалал, фракцуудын хуваарилалтыг хатуу хадгалсан нь Монголын төрийн нэгдмэл чанарыг алдагдуулж байна. Төрийн яам бүхлээр сонгуулийн ялалт дагасан бонус болж фракцууд, засагт багтсан намуудад хувьчлагдлаа. Жишээ нь, Ерөнхий сайд “Алтангадас”-ынх учраас түүний мэддэг, шууд удирддаг агентлагуудад энэ фракцаас томилогдоно. Сайд Х.Баттулга, А.Гансүх нарын удирддаг яам, харьяа агентлаг бол МоАХ фракцын ажлын байр болов. Я.Санжмятав сайдын тэргүүлдэг Хөдөлмөрийн яам Алтангадас фракц+завханыхнаар дүүрч байхад С.Эрдэнэ сайдын Нийгмийн хамгааллын яаманд Ардчилсан хүчний холбооныхон, хотод гэхэд Зүүн Хойд Азийнхан голлон засаглав. Үүнээс гадна Эрчим хүчний яаманд МҮАН-ынхан бөөн бөөнөөрөө ажилд орж, Сангийн яам, түүний харьяа гааль, татвар зөвхөн МАХН-ынхны өмнө үүрэг хүлээсэн мэт ажил олгогч нь болжээ. Байгаль орчны яамны үнэмлэхийг голдуу ИЗН-ынханд л шинээр бичиж байх жишээтэй. Үүгээр зогсохгүй, “бие даагчдын тойрог” үүсгэж засагт татахын тулд зарим улсын үйлдвэрийн газар, агентлагийг тэдний мэдэлд хуваарилж, кнопыг нь үнэлсэн нь шинэ, эрүүл үзэгдэл лав биш.

Сонгууль болсон, засаг солигдсон нь үнэн хойно халаа сэлгээ байх нь тодорхой. Улс төрд цуг явсан хамтрагчдаа ажилтай, орлоготой болгож байгаа нь сайн хэрэг. Гол нь хэмжээ хязгаартай, хүнийхээ чадварт тохирсон, ажлын байраа олсон, өмнөхөөс нь сайжруулсан томилгоонууд байх ёстой. Гэтэл зарим халаа сэлгээг харвал ажилд томилж байгаад нь ичих булчирхай, фракцын шалгуураар ажилтай болж байгаад нь эмээх сэтгэл алга. Манай нам ялсан, манайх засагт багтсан учраас одоо манай фракц илүү халбагадна гэх утга нь дийлж харагдах юм. Төрийн албаны зөвлөл гэж цаасан дээр бол лут том статус, эрх мэдэлтэй байгууллага бий. Монгол төрийн, төрийн албан хаагчдын “Үйлдвэрчний эвлэл” байх ёстой энэ зөвлөл МАН-ын үед Засгийн газрын захиалгыг биелүүлэгч байсан. Одоо АН-ын фракцууд дундахь бараг утсан хүүхэлдэй нь боллоо. 

Фракц бол улс төрийн намд байх ёстой амьд организм. АН анх байгуулагдсан цагаасаа л олон фракцтай явсан. Гэхдээ тэр үед АН нэг зорилготой олон фракцын нэгдэл байлаа. Одоо бол нэг зорилго нь олон сонирхолд хуваагджээ. Өмнө нь АН-ынхан улстөрийн лидерээ дагаж фракцалдаг байлаа. Одоо албан тушаалтан, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж фракцлах болов. Үүний сүүдэр нь УИХ дээр тусч, үр дүнд нь Монголын төр парламентын засаглалаас фракцын засаглалруу шилжиж байгаа ч юм шиг. Парламент дээр асуудлыг мэтгэлцээний зарчмаар бус, үл марган дагуулж шийддэг өмнөх нийгэмрүүгээ ухраад ч байгаа юм шиг. Заримдаа нэг бус нэлээд хэдэн Ерөнхий сайдтай, хэд хэдэн Засгийн газар зэрэг ажиллаад байгаа ч юм шиг. Ганц жишээ дурдахад МҮАН-ын дарга М.Энхсайханыг багаар тоглосонгүй, Засгийн газрын бодлоготой зөрлөө гэж “МТЗ” компанийн захирлаас чөлөөлөв. Шийдвэрийг ТӨХ гаргасан ч, цаана нь сайд Х.Баттулга, А.Гансүх шахсан болохыг М.Энхсайхан өөрөө хэлсэн. Гэтэл энэ тухай Ерөнхий сайд мэдээгүй гэдгээ мэдэгдээд, өөртэй нь зөвлөлгүйгээр шийдвэр гаргасан гэх үндэслэлээр маргааш нь ТӨХ-ны даргыг ажлаас халав. Үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа багаар тоглодоггүй, Засгийн газрын бодлоготой зөрдөг өнөөх хүнээ Тавантолгойд барих цахилгаан станцын төслийг удирдах шийдвэрийг өөр нэгэн сайд нь гаргав. Иймэрхүү жишээнүүдээс харж Засгийн газрыг найрал хөгжимтэй зүйрлэбэл тэнд удирдаач нь хэн бэ, хэдэн удирдаач байна вэ. Засгийн газарт хөгжмөө захиалж байгаа нь түүнийг тэргүүлдэг Ерөнхий сайд уу, аль эсвэл олон кноптой фракцууд уу. “Найрал хөгжим” яагаад нэг нотоор эгшиглэж чадахгүй байна вэ гэвэл фракцууд засаглаж буйд цаад учир нь байгаа юм биш үү.

АН албан ёсны сайтдаа “ардчилсан засаглал” гэдгийг нэр томъёоны хувьд тайлбарлан тунхаглажээ. Түүнд, ардчилал буюу демократ гэдэг нь “демос” буюу ард түмэн, кратос буюу засаглал гэсэн грек үгсийн нийлбэр. Нийлээд “ард түмний засаглал” гэсэн утгыг агуулж байгаа юм гэжээ. Гэтэл бодит байдал дээр Засгийн газарт ард түмэн биш, АН-д гишүүд нь биш, зөвхөн фракцуудын засаглал илүү хүчтэй, эрх ашиг нь өндөр эрэмбэтэй явна. Үүний гороор фракцуудын нам доторхи зөрчил, олон сонирхол нь АН-ын том эрх ашиг, том зорилгыг үнэгүйдүүлэх. Ардчилсан үзэл санаа, АН хоёрыг улам бүр ялгаатай болгох. Засгийн газарт АН-аар өнгөлж цаана нь фракцууд засаглахаар нэгдмэл төртэй Монгол Улсыг тус тусдаа автономит эрхтэй холбооны улсууд шиг болгох нь хамгийн хортой. Монгол бол нэгдсэн төртэй нэгдмэл улс. Нэгдмэл төрийн байгууламжтай. Нэгдмэл улс гэдэг нь нэгдмэл нэгэн нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэг тогтолцоонд нэгдсэн нэг төв буюу нэг Засгийн газраас удирддаг. Фракцуудын засаглал нь бидний очно, АН-ыг хүргэнэ гэж олон жил найдсан мөрөөдлийн ардчиллаас огт өөр зүгт, мөнгөний засаглал руу Монголын нийгмийг чирж эхэлж буй нь бүр их хорлонтой. Эрх мэдэлтнүүд нь амласнаараа засаглаж болохгүй, ард түмэн нь хүссэнээр амьдарч чадахгүй байгаагийн оношоо зөв олъё.