2016 он: Тэргүүн байр Ц.Цэвээнхэрлэн "Засгийн газрын мэдээ" сонин."Чонон сүргийн өчил", "Ченж төлөвлөгөөний золиос" цуврал

“Монголын Пулитцер” хэмээдэг, сэтгүүлзүйн салбарын тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн нэр хүндтэй, босго өндөртэй БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол найм дахь удаагаа болж өндөрлөлөө. Бүтэн жилийн турш сэтгүүлчид бүтээлээ сойж, шүүгчид дөрвөн удаа хуралдан, улирал бүр шилдэг арвыг тодруулж, ийнхүү нэгдсэн дүнгээ гаргажээ.

Мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны үеэр Монголын үе үеийн Төрийн тэргүүн нэг дор цуглардгаас гадна УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг билээ. Салбартаа хамгийн өндөр урамшуулалтай эл уралдаанд оролцон хөдөлмөрөө үнэлүүлсэн сэтгүүлчдэд оногдох нэр төр, хариуцлага өндөр байдаг юм.

Энэ онд БАЛДОРЖ шагналтнаар “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн “Чонон сүргийн өчил”, “Ченж төлөвлөгөөний золиос” цуврал бүтээлээрээ тодорлоо.

Ц.Цэвээнхэрлэн

Засгийн газрын мэдээ сонин


Чонон сүргийн сүүлийн өчил

Америк, Европын ихэнх орон чоноо яг ийм замаар устгасан

Архангай аймгийн Цэнхэр сумын нэг малчныхаар орлоо, өнгөрсөн намар. Гүү барьсан айлд албаар саатсан минь энэ. Гэрийн эзэгтэй ааш сайтай юм. Хул дүүрэн айраг цэлэлзтэл хийн барих аж. Бидний араас төд удалгүй 18-20 гаруй насны таван залуу орж ирээд тухлав. Үнэнийг хэлэхэд тэд замын бидэнтэй “зэрэгцэн” айраг залгилж суух нь нэг бодлын тээртэй санагдаж байсныг нуух юун. Гэхдээ намрын айрганд халамцсан залуусын яриа эрхгүй сонирхол татлаа.

Тэд урд шөнө нойргүй хоножээ. Сүүлийн хэдэн шөнө дараалан тэр хавийн айлуудын хотонд чоно орж, арав гаруй хонийг нь сэглээд хаячихаж. Гэрийн эзэн “Сүргээсээ тасарсан тэр ганц хонийг харж байна уу. Урд шөнө ээлжээр манаж хоносон атлаа л энэ хонийг бариулчихлаа. Хашааны захад хэвтэж байсан энэ хонины сүүлийг нь тасдаад авчихаж” гээд уулын энгэрт ганцаараа хэвтэж байгаа хонийг заан өгүүлэв.

Энэ шөнө ч бас тэд манаанд гарна. Хоёр буу бэлдчихэж. Бас дуу чимээ гаргахаар тогоо шанага, ним­гэн төмөр хавтан зэргээр зэвсэглэжээ.  Харин одоо чонын авд га­рахаар бус, дайралтаас нь хотоо хамгаалахаар бэлтгэсэн малчдын өнгөрсөн түүхийг сөхье. Энэ нутгийн засаг захиргаа сүүлийн хэдэн жил чоно устгах ажлыг идэвхтэй зохион байгуулжээ. Зэрлэг амьтны зөн совин, шинж чанар, онцлогийг ч мэдэхгүй залуус анчин нэр зүүн авд баахан гарсан юм байх. Цаашлаад бэлтрэг суйлах ажилд малчид төдийгүй сумын ажилгүй за­луус идэвхтэй оролцжээ. Нэг бэлтрэгийг дунджаар 3000-5000 төгрөгөөр худалдан авах болзол олон хүнийг хамруулж чадсан байна. Суйлсан бэлт­рэгийг тушаахад амьд, эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь алж, устгасан байх хэрэгтэй.

Угтаа бол жинхэнэ аллагыг тэр үед зохион байгуулж байс­ныг би нүдээрээ харсан удаа бий. Эхийнхээ хөхнөөс салаагүй нялх амьтдыг 40-ийн бедонд хийчихсэн, заримыг нь гаргаж ирээд тамалж байхад нь өмөөрч, өрөвдсөн биш “Та нар малчдын зовлонг ойлгохгүй байна” хэмээн уурлаж байсан хүүгийн царай одоо ч нүдэнд харагдаж байна. Өвдсөндөө гаслан гийнаж, шээс нь гоожиж буй тэр жижигхээн амьтныг хайрлах сэтгэл үнэндээ тэдэнд байгаагүй.

Тэгвэл одоо ан эсрэгээрээ эргэжээ. Бэлтрэгээ суйлуулж, сүргийнхээ магадгүй талыг алдсан чононууд эргээд малч­дын хот руу дайрч эхэлсэн бололтой. Монголчууд эрт үеэс, хэрэв чоно хотонд халдвал цаг муудаж, гай зовлон нүүрлэхийн цондон хэмээн үздэг байв. Тэрчлэн залхуу малчдыг сэргэг байлгадаг, малыг нь өвчлөлөөс хамгаалдаг хамгийн сайн хамт­рагч, хянагч гэж настайчууд ярих нь бий. Чоно хүнээс дутахгүй ухаантай гэдэг үгний учир ч энэ байж болох. Уг нь чоно ухаантай гэдгийг шинжлэх ухаан хэ­дийнэ тог­тоосон. Гэхдээ тэдэнд хувцас оёх, барилга барих, машин үйлдвэрлэх, буудах ухаан байхгүй. Энэ утгаараа жийптэй, буутай, онгоцтой, морьтой хүмүүсийн өмнө хүч мөхөсдөж байна.

Үнэндээ Монголын чо­но галзуурсандаа, ухаан со­лиорсондоо хүн рүү ойр­тож, хот руу нь дайрах эрсдэлтэй алхам хийгээгүй. Ой тайгад, хээр талд барьж идэх амьтан, хоол хүнс байхгүй болсонтой холбоотой гэдгийг манай судлаачид баталж байгаа юм. Тэрчлэн мал хэт их өссөнөөс зэрлэг амьтдын бэлчээр, эзэмшил нутгийг малчид бү­хэлд нь эзлэн түрэмгийлж эхэлсэн. Хийморилог энэ амьт­­­­дад өнөөдөр малнаас өөр хоол олдохгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Биологийн хүрээлэнгийн эр­дэмтдийн тооцоогоор 1986 онд манайд 30 мянга гаруй саарал чоно 18 аймгийн ну­тагт байжээ. Харин одоо яг хэдэн чоно Монголд үлдсэнийг батлах судалгаа, дэлгээд ха­руулах баримт алга.  Хангайн бүсээс бусад нутагт эрс цөөрсөн хэмээн үзэж байна.

ШУА-ийн Биологийн хү­рээ­лэнгийн Хөхтний эко­логийн лабораторийн эрх­лэгч док­тор, профессор Б.Лхагвасүрэн “Мон­голд чоно хэзээ ч устахгүй гэж манайхан бо­дож байж болно. Тийм биш ээ, устаж эхлээд байна. Саарал чоно одоо хэд байгааг бүү мэд. Дор­нод аймагт судалгаагаар явж байхдаа хилээр олон тэвш хөлдөөсөн чоно Хятад руу ачигдан гарч байсныг харсан. Одоо ч энэ най­маа үргэлжилсээр байна. Америк, Европын ихэнх орон чоноо яг ийм замаар устгасан. Харин одоо сэргээн нутагшуу­ла­хад хэдэн арван сая ам.доллар зарж, бас хамгаалж эхэллээ. Энэ байдлаараа бид хэдэн жилийн дараа аль нэг орноос өндөр үнээр чоно худалдан авч, яг тахь шиг сэргээн нутагшуу­лах ын үгүйсгэхгүй” хэмээн анхааруулж байлаа.

Саарал чонын тоо толгой зарим бүс нутагт эрс цөөрч буйтай холбоотойгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас чоно агнахыг гурван жил хориглосон. Нийслэлийн Мэр­гэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын ул­сын байцаагч Д.Сонин-Эрдэнэ “Зохих зөвшөөрөлгүй, мөн хориглосон бүс нутгаас чоно агнах, чо­нын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах зөр­чил гарсаар байгаа. Иймд зөвшөөрөлгүйгээр ан амьтныг агнах, эд эрхтэнийг нь худалдан авбал мөн адил хуулийн дагуу арга хэмжээ авахуулна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Зүүн бүсэд саарал чоно агнахыг хориглосон хугацаа 2017 оны хоёрдугаар сард дуусна. Цааш сунгагдах, эсэхийг салбарын яам шийднэ. Аливаа амьтны тоо толгой хомсдож, устах аюулд орсон бол ийм шийдвэр гаргадаг. Хориг дуусахад чонын тоо толгой хэвийн хэм­жээнд хүрсэн нь батлагдвал цуцлагдах биз ээ” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Чонон сүргийн амьдралаас жинхэнэ гэр бүлийн “уур амьсгалыг” харж болно. Өр­хийн тэргүүн болох азарган чоно гичий, бэлтрэгнүүдээ хамгаалах, тэжээх, олзоо барих гээд бүгдийг хариуцна. Хавар болоход сүрэг хос хосоороо салдаг бөгөөд өөрийн гэсэн эзэмшил нутагтай. Нутгийнхаа хил дагуу шээсээрээ тэмдэг тавьж эзэнтэй гэдгийг мэ­дэгддэг аж. Хосоор салсан бүл төд удалгүй 2-8 бэлтрэгтэй болно. Бэлтрэгнүүд хоёр сар орчим сүүгээ хөхнө. Чухам энэ үед хосууд үр төлөө хамгаалахын тулд нүхнээсээ хол ан хийхгүй. Цаад тал нь долоон км холдоно.

Харин “хүүхдүүд” нь сүүнээс гарахад эцэг, эх чоно барьсан амьтнаа ходоодондоо зөөллөж гулгиж гаргах байд­лаар хооллодог аж. Бүр томронгуут барьсан амьтнаа амьдаар нь авчирч “хичээл” заадаг байна. Үүний хажуугаар азарган чоно бэлтрэгнүүдээ дагуулан эзэмшил нутгаа танилцуулна. Намрын сэрүүн ороход бэлтрэгнүүд сүргийн гишүүн болж, ан авд оролцох насанд хүрсэн гэдгээ зарлан улидаг байна.

Ер нь чонон сүргийн амьдрал нарийн дэг журам, хатуу сахилга дээр тогтдог талаар судлаачид өгүүлсэн байдаг. Дутуу заяатдаа үзэг­д­­дэггүй, адил заяатдаа ха­рагддаг, илүү заяатдаа алагддаг хэмээн монголчууд ярих дур­тай. Сүүлдээ энэ үгний утга учир үнэ цэнээ алдаж, туйлшралын дээд цэгтээ хүрээд байна. Чоно агнаж хийморио сэргээнэ гэсэн хачин утгагүй заншил ёс мэт тогтчихлоо. Уг нь энэ үг жинхэнэ, мэргэж­лийн удам дамжсан анчдад хамаатай баймаар. Харин бусад “сонирхогчийн” хувьд чоныг хайрлан хамгаалбал цог хийморь нь сэргэдэг гэж эрт үеэс ярьдаг байв. Чоно хэдий зэрлэг амьтан ч хүнд дасахдаа амархан. Түүнчлэн дассан хүн­дээ хэзээд үнэнч байдгийг судлаачид тогтоосон байна.  Мөн чоныг байгалийн эмч хэмээн нэрлэх нь ч бий. Тэд амьтан барихдаа аль сул дорой, өвчтэй, хөгшнийг нь олзолдог болохоор тэр. 

Дөрвөн жилийн өмнө шиг санаж байна. Говь-Алтай аймгийн ЗДТГ, ИТХ болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 50 сая төгрөг гарган, чоно агнах уралдаан буюу аллага зохион байгуулсан удаа бий. Уралдаан аймаг даяараа оролцож, хэдхэн хоногийн дотор 273 чоно хоморголон устгасан. Ийнхүү аймгийнхаа төв талбай дээр цус нөжөндөө холилдон хөлдсөн чононуудыг эгнүүлэн тавьж, бахархан хөөрцөглөж байв. Угтаа бол машин техник, галт зэвсгийн хүчээр “дийлдэг” энэ мэт аллагыг бид зүгээр яриад өнгөрөх биш, гутамшиг болгон жигшүүлэх учиртай. Хамгийн гол нь зэрлэг амьтдыг хүйс тэмтэрсэн аллагууд бяцхан хүүхдүүдийн сэтгэхүйд маш том сөрөг мэдээлэл болон хадгалан үлдэж байдгийг мартах учиргүй.

Дахин нэг баримт. Малын гоц халдварт шүлхий өвчин байсхийгээд гарч, нийгэм, эдийн засагт хохирол уч­руул­даг.  Үүний дагуу сал­барын яам агентлаг, хяналт шинжилгээний байгууллагаас бүрдсэн Ажлын хэсэг шүлхий тархаад буйн шалтгааныг тогтоохоор орон нутагт олон хоногоор ажилласан байна. Харин Ажлын хэсгийн дүгнэлт дотор анхаарал татах нэг зүйл байсан. Тэнд “…цагаан зээрийн тархац нутагт чоно сэргээн нутагшуулах арга хэмжээ авах шаардлагатай байна…” гэжээ. Энэ дүгнэлт Монгол нутгийн саарал чонын хувь тавилан хэрхэж буйг гэрчлэх нэг баримт биш гэж үү.

Эргэж харах хэрэгтэй шийдвэр

2009 оны долдугаар сарын 16. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан өдөр энэ. Экологийн салбарт эргэлт болсон хууль батлагдахтай зэрэгцээд уул уурхайнхан сүр­дүүлгийн мессеж нисгэж байлаа. Ашигт малтмалаас олох орлого буурна, эдийн засаг улам хямарна, ажилгүйдэл нэмэгдэнэ...гээд. Үнэндээ энэ сүр­дүүлгийг Монгол орны тогтвортой хөгжлийн ирээдүйн эрх ашигтай зүйрлэвэл өчүүхэн тө­дий шалтаг юм.

Уг нь Урт нэртэй хууль бүрэн утгаараа хэрэгжсэн бол алт эрдэнэс нуугдаж бай­даг Монголын хамгийн үзэс­гэлэнтэй, хамгийн онгон даг­шин байгаль, ой, ус, гол мөрний эх, нөөц бүрдсэн газ­рууд хадгалагдан үлдэх бай­сан хэмээн байгаль орчны сал­барын мэргэжилтнүүд үздэг. Харам­салтай нь, Урт нэртэй хуулийн дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийд­лээр эх байгалийг жин­хэнэ утгаар нь ухахаар зэхэж байна. Харин одоо ихийг нуршилгүй байгаль орчны сал­барт чухам юу өрнөж, ямар будилаан үүсээд буйг баримт дэлгэн тоочъё. 

2015 оны хоёрдугаар сарын 18. Морин жил шувтардаг Битүүний өдөр тохиож байв. Монголоор овоглосон хэн бүхэн Цагаан сараас өөрийг бодох сөхөөгүй мөч. Гэтэл яг энэ өдөр “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын гишүүд ч илүү дутуу асуудалгүй баталжээ. Харин УИХ-ын 41 дүгээр тогтоолоор батлагдсан энэхүү хөтөлбөрт Урт нэртэй хуулиар арай ядан хамгаалж авсан гол мөрний эх, ойн сан руу дайрах гол үзэл санаа давхар байсныг олонх нь анзаарсангүй.

Бүр тодорхой тайлбарлая. “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 10.1-д “Улсын хилийн зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай газрын ангил­лаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” тухай тусгаад авсан байна. Тэрчлэн хөтөлбөрийн 7.1-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хо­риглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны тодорхой ордуудыг ашиг­лах” гэсэн заалт оруулан, батлуулж чаджээ. Ийнхүү Урт нэртэй хуулиар хамгаалагдаж байсан гол мөрөн, ой мод алт олборлогчдын мэдэлд очиж байгаа нь энэ. “Ер нь Урт нэртэй хуулийн нэг том цоорхой нь “дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. Өөрөөр хэлбэл, голын эх, ой усны сан бүхий газрын хилийн заагийг нэмж тогтоохоор тус­гасан байдаг. Энэ нь хилийн цэсийг нь өөрчлөх замаар хам­гаалалтгүй болгож болно гэсэн үг. Харин энэ үйл ажиллагааг хийх хамтрагч нь тухайн үед БОНХАЖ-ын сайд байсан” гэж эх сурвалж өгүүллээ. 

2015 оны долдугаар са­рын 7. Монголчуудын хувьд онцгой ач холбогдол өгдөг бас л нэг тэмдэглэлт баярын үе байгаа биз. Он цагийн хуан­лиг та хараарай. Энэ өдөр мягмар гараг байсан учир Засгийн газар уг нь хуралдах учиргүй. Гэхдээ яаралтай гэдэг “заалтаар” мяг­мар гарагт ху­ралдаж таар­чээ. Ингээд 289 дүгээр тогтоолыг “төрүүлсэн” түүх бичигдэв. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагт нэгдүгээр хавсралтаар, Ойн сан бүхий газрын хилийн заагт хоёрдугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан байна. Ийнхүү өн­гөрсөн жилийн Цагаан са­рын битүүн болон наадмын өмнөхөн батлагдсан энэ хоёр хавсралтаар Өвөрхангай айм­гийн Уянга, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Сайхан, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Төв аймгийн Эрдэнэ, Бул­ган аймгийн Дашинчилэн сум­дын нутагт 3362 га талбайг ойн сангийн хилээс чөлөөлөв. Түүнч­лэн 2501 га талбайг го­лын эх, усан сангийн хилээс, нийт 5863 га талбайг Урт нэр­тэй хуулийн хамгаалалтаас гар­га­чихсан байна.

2015 оны долдугаар сарын 20. Наадмын дараах амралт Монгол даяар эхэлсэн өдрүүд. Чоно борооноор гэгчээр төрийн түшээд маань ой, усныхаа санд халдсан гайтай шийдвэрийг дахин гаргажээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болон БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нарын гарын үсэгтэй 302 дугаар тогтоол бүр гурван хавсралттай бат­лагд­сан байх юм. Тодорхой хэлбэл, өмнөх тогтоолоор голын эх, ойн сангийн хи­лийг өөрчилсөн. Харин энэ удаад буюу гуравдугаар хавс­ралтаар усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилд өөрчлөлт оруулжээ. Ахиу­хан атгахаа ч  мартсангүй. Хам­гаа­лалтаас гаргах талбайг бүр 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Арай хэтэрсэн хэрэг энэ биш гэж үү.

Тэрчлэн Архангай аймгийн Цэнхэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Төв, Булган айм­гийн Заамар, Бүрэгхангай сум­дад 7600 га талбайг Урт нэртэй хуулиас тойруулж амжив. 5403 га талбайг голын эхийн хилээс, 1679 га талбайг ойн сангаас, 518.7 га талбайг голын мөрний хамгаалалтын бүсээс гаргачихаж. Засгийн газар энэхүү хоёр удаагийн үйлд­лээрээ 5041 га талбайг ойн сангаас, 7904 га-г гол мөр­ний эхийн хилийн заагаас, 518.7 га-г голын хамгаалалтын бүсээс, нийт 13,4 мянган га талбайг Урт нэртэй хуулиар уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутгаас хасаад  байна. Ер нь алт олборлолт гэдэг гол ус, газар шороог орвонгоор нь эргүүлдэг үйлд­вэрлэл. Алт олборлолт явагдаж буй газруудад гол усаар биш шавраар урсдаг юм. Машин техникүүд эргэх тоолонд нь, хөдлөх бүрт нь голын хөрс эрэг, элс шороо, хайрга чулуу юутай хээтэйгээ холилдон булин­гартаж, уул нуруудын жалга гү­вээ нүд халтирам болдог юм. Үүний цаана загас жараахай, цаашлаад усны амьд биетүүд хүчилтөрөгчөөр дутагдан үхэж, мөхөж, сөнөдөг юм. Амьтад, цаашлаад ой, ус, хөрс шороо гээд бүхэл бүтэн экосистемийн доройтол, бай­галийн сүйрэл тэнд жинхэнэ утгаараа өрнөдөг юм.

Өнгөрсөн зуны найм, есдүгээр саруудад хэвлэл мэ­дээллээр олны анхаарал татсан нэг сэдэв бол Орхон гол улаан шороогоор урсаж, алт олборлолтын золиос болж буй талаар байв. Төд удалгүй Хүдэр, Ерөө голуудын голдирол эвдрэн, улаанаараа эргэж буй талаар хэсэг шуугисан. Үнэндээ энэ үеэр буруутан олдоогүй юм. Эдийн засгийн хямралаар халхавчлан байгаль руугаа дайрсан явуургүй шийдвэрүүд ганц үүгээр зогсохгүй.

Олны хараа хяналтыг багасгаж, байгаль орчны салбарыг бү­хэлд нь хүчгүйдүүлэх олон шийдвэр өнгөрсөн онд цу­варлаа. Тухайлж тооч­вол, эхлээд Монгол Улсын гол нуур, булаг шанд, гүний усыг хариуцуулахаар байгуулсан төрийн захиргааны байгуул­лага болох Сав газрын захиргаадыг татан буулгах асуудал яригдсан. Зэрэгцээд байгаль хамгаалахад зарцуул­даг төрийн ганц мөнгө “Байгаль хамгаалах сан”-г үгүй хийх. Улсын тусгай хамгаалалттай газрын болон сумдын байгаль хамгаалагч нарын зардлыг танах. Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны сал­барт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг татан буулгах. “Цэвэр агаар сан”, Био аюулгүй байдлын алба, Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо зэргийг татан буулгах.

Энэ мэтээр тоочвол төсвийн хэмнэлт нэрээр Монгол Улсын хэмжээнд татан буулгах 12 байгууллагын 50 хувь нь байгаль орчны салбарынх байв. Ингэхэд манай төрийн түшээд Монгол орны байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрч­лөлтийг зогсоох асуудалд гойд анхаарч ажиллах үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн гэдгээ ухаж ойлгодог болов уу.

Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмрөг арви­жиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчийн экосистемийг хамгаалах асуу­дал чухал гэдгийг хүмүүс ойлгодог болсон. ХХI зуунд экосистемийн доройтол улам бүр нэмэгдэж, ган цөл­жилт бүх дэлхийг нөмрөх аюул­тай гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Цөлж­сөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээ­ний архив асар богино хуга­цаанд зузаарсаар. Дэлхийд Монгол Улс цөлжилтийн дунд болон хүчтэй зэрэглэлд хамаарах болов. Гэтэл төр энэ асуудлыг хариуцан зангиддаг байгууллагаа татан буулгаж байх ч гэж.

Уул уурхайн яамныхан нэг мод огтолбол 10-ыг тарина, голын голдирлыг өөрчилбөл эргүүлж яг өмнөх хэвэнд нь оруулна гэх мэтээр нөхөн сэргээлтэд тавих шаардлагыг чангаруулсан хэмээн цоо шинэ аргаар хянах гэж буй мэтээр тайлбарлаж байна. Анх “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэв­шүүлсэн, баримталсан олон бодлого бий. Гэтэл 20 гаруй жил өнгөрсөн ч байгалийн эрдэс түүхий эдийг эцсийн боловсруулалт хийх технологи нэвтрээгүй л байна. Энэ алдаа биш гэж үү. Өнөөдрийг хүртэл алтны шороон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаа­гүй яваа нь гутамшиг юм. 

Гэхдээ УИХ дээр зарим асуудал арай нааштай шийдэгд­сэн. Сав газрын захиргаадыг татан буулгахын эсрэг С.Оюун гишүүн зогссон төдийгүй хэв­лэлийнхний хөндөх сэдвийн нэг болсон юм. Угтаа бол Монгол Улс анх удаа гол усаа эзэнтэй болгож, гол мөрний 29 сав газарт төрийн захиргааны байгууллага байгуулсан. Мөн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шийдвэр гаргахад оролцдог “Сав газрын зөвлөл”-ийг иргэдийн оролцоотой байгуулсан. Үүнийг эрх баригчид ойлгон хүлээн ав­санд талархах нь зүй. Харин байгаль орчны бусад алба, сан татан буугдсан. Ингэснээр 2016 онд Монгол Улс байгаль хамгаалах зардалд мөнгө зарахгүй гээд ойлгочихож бол­но.

Тэгвэл дэлхийн дахинаа өнөөдөр байгаль хамгаалах ажилд төр, засаг нь хамгийн их анхаарч, хамгийн их хөрөнгө хаяж байна. Гэтэл Монгол эсрэгээрээ. Байгаль орчны салбарыг бүхэлд нь хүчгүйдүүлэн доройтуулж, га­зар дэлхийгээ онгичин байж алт авах ажилд улайран зүтгэж эхэллээ. Чухам эндээс, байгаль дэлхий уйлан хайлж, хөрөнгө мөнгө инээн баясах цаг ирж байна уу гэх бодол төрж сууна.

Урт нэртэй хуулийн хүрээнд хамгаалалтад ороод байсан ой, ус, гол мөрний эх, ай сав бүхий газар нутагт өрнөх алтны төлөөх дайн энэ жилийн, 2016 оны хавраас жинхэнэ утгаараа эхэлнэ. Чухам тэр үед гол мөрөн улаанаараа эргэн булингартахыг, байгаль хэрхэн сүйрэхийг бид харах болов уу. Цаашлаад хамгаалалтаас гаргасан газруудад ашигт малт­мал олборлох эрхийн ли­цензийн төлөөх дажин гаар­на. “Энэ дайн аль хэдийнэ эхэлсэн. Лицензийн эрх өгч, авч буйтай холбоотой авлигын том асуудал ч дэгдэж магад­гүй. Тэгээд ч энэ он сонгуу­лийн жил болохоор жинхэнэ цайрч байна шүү дээ” хэмээн нэрээ нууцалсан албаны хүн шивнэлээ.

Тэгвэл байгалиа, гол мө­рөн, ой модоо гэх сэтгэлтэй монголчууд яах вэ? Дээрх шийдвэрүүдийг хүчингүй бол­гох ямар боломж байна вэ? Үнэндээ гарц харагдахгүй мэт санагдаж байгаа ч одоо оройтоогүй байна. Тогтоолууд Монгол Улсын хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой тул ямар нэг байдлаар асуудал хөндөгдөх нь мэдээж.

Цааш­лаад Монголын байгалийг орвонгоор нь эр­гүүлэх зүрхтэй шийдвэр гар­гасан хийгээд ухаж тоносон буруутнуудтай хариуцлага тооцох өдөр ирнэ. Экологи, эдийн засагт учруулсан хохир­лыг нөхөн төлүүлэх асуу­дал ч хөндөгдөнө. Хамгийн гол нь ингэлээ гээд сөнөсөн байгаль, эвдэрсэн газар, тэнцвэр нь алдагдсан экосистем эргэж хэзээ ч унаган төрхөндөө очих­гүй гээд бодохоор гол харлаж, дотор бачимдаж байна.

Зэвсэг агссан эрлэгүүд

Ан сонирхогчдын ганц бүлэг гэхэд л 160 гаруй гишүүнтэй байна

Хээлтэй хандгайг хөнөөж, зэрэмдэглээд хаячихсан дүрс бү­хий мэдээлэл нийг­мийн сүл­­жээгээр нэг тарав. Энэ хэр­­гийг Улаанбаатар хо­тын хам­­­гаалалттай бүс, Гор­­хи-Тэрэл­жийн байгалийн цог­­­цол­борт газарт үйлдсэн байна. Газар дээр нь байдлыг анх харсан эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ханд­гайн эврийн угийг нь ухаж хөрөөдөөд, гуяных нь махыг шулаад авчихсан, хээлийг нь гаргаад хажууд нь тавьчихсан зэргээс харахад яалт ч үгүй хүн хөнөөсөн нь тодор­хой” гэж ярилаа. Гэтэл энэ бүсийг хариуцдаг байгаль хам­гаа­лагчид нь “чоно барьсан” хэ­мээн мэдүүлсэн сурагтай. Угтаа бол байгаль орчныг хамгаалах бодлого, хяналт хэрхэн сульдан суларсныг нотлох нэг баримт энэ. Үнэндээ зэрлэг амьт­дыг, нэн ховор­дож цөөрсөн, “Улаан ном”-д бүртгэлтэй амьт­ны эд эрхтнийг нь авах гэж, халуун цусыг нь уух гэж хө­нөө­дөг хэргүүд тасрахгүй байна.

Тэрчлэн гэмтнүүд бариг­дахгүйгээр барахгүй баригдсан ч ял шийтгэлээс мултран үлддэг жишээ олныг дурдаж болно. Энэ юутай холбоотой вэ? Шалтаг шалтгааны эхний жишээ гэхэд л Монгол Улсын хэмжээнд хэдэн төрлийн, хэчнээн буу хэдэн хүн эзэмшиж байгаа талаарх бодит бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан одоо хэр алга.

Галт зэвсгийн хяналт, хууль эрх зүйн орчны зохицуулалт дутагдсанаас олон хүн ангийн болон байлдаа­ны зориулалттай буугаар зэв­сэглэсэн эрлэгүүд болчихоод байна.

Төмөр зүрхтэй “ЖААЛ”-ууд

...Хөх төмөр хөндлөн үү­рэхээсээ өмнө олзонд нүд аньж сурсан буюу хэзээ гох мултлахаа мэддэг болсон хүнд анчин гөрөөчин нэр хайрладаг байсан юм, мон­голчууд. Харин одоо төмөр хүлэг, дурантай буугаар зэвсэглэсэн залуус өөрийгөө анчин хэмээн өргөмжилж, цээжээ дэлдэн хөөрцөглөх болов. Эцэж цуцтал нь машинаар хөөж, хэтрүүлбэл, буугаа бараг л толгойд нь тулгаж байгаад намнадаг хүмүүсийг анчин хэмээн нэрлэж болно гэж үү. Унагах амьтныхаа хаана нь онилохоо мэдэхгүй, гөрөөчин хүний ёс жудаг, баримталдаг дүрмийн наад захын ойлголтгүй, мөсөн зүрхтэй “жаал”-ууд сүрийг үзүүлэн давхих нь Монголд өдгөө хэрээс хэтэрсэн.

Алж л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнуудыг үнэндээ ойл­гохгүй юм. Зарим нь бүр амьтны халуун цус уух гэж аллага үйлдэж байна. Тэрчлэн сүүлийн үед цус уудаг, эрхтнийг нь залгидаг хэлбэр сонирхлыг нь татахаа боль­сон гэнэ. Эд эрхтнийг нь түүхийгээр нь, яг араатан мэт тасчин идвэл илүү хүчтэй үйл­чилдэг хэмээн бие биендээ зөвлөдөг болсон сураг ч дуулдав. “Энэ бол ердөө л гаж дон шүү дээ. Амьтан алж таашаал авна гэдэг сэтгэцийн өвчин” хэмээн байгалиа хамгаалагч Ц.Дамдинсүрэн то­­дорхойлов. Анч удамтай монголчуудын өнгө зүс ийнхүү алуурчин төрхийг олсноор хүйтэн зэвсэг агссан ангуучид хэдэн мянгаар тоологдож, араасаа цусанд шунасан араат­нуудыг төрүүлж эхэлсэн нь энэ.

Тэгвэл жинхэнэ анчин гэж хэнийг хэлэх вэ? Ном сударт өгүүлснээр мэргэжлийн ан­чин нь тухайн ан амьтныхаа талаар мэдлэг мэдээлэлтэй, экосистемийн тэнцвэрт байд­лыг алдагдуулахгүй, байга­лиа давхар хамгаалах талаар тодорхой хүлээсэн үүрэгтэй, хүнлэг хүмүүс байх учиртай. Энэ ч утгаараа монголчууд анчин гөрөөчин хүнийг байгаль хамгаалагчийн хэм­жээнд ойлгон хүндэтгэдэг заншил байв. Тэд наад зах нь хэзээ, хаана, ямар амьтан агнахаа, яаж буудахаа, нас бие гүйцсэн эсэх, үржлийн буюу ороо нь орсон, ороогүй цагийг мэднэ. Ерөнхийдөө уужуу тайван сэтгэл, алсын хараа, эр хүний ур ухаан нэлээд шаарддаг онцгой мэргэжил хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ч хуучин цагт эр хүнийг амьдрахын тулд ан хийж болно. Харин шунаж, сэтгэлээ баясгах гэж аллага үйлдэж болохгүй хэмээн анхааруулдаг байсан юм.

Монголчууд сонин содон хийгээд нүүдэллэж яваа, хээлтэй, эсвэл үр төлөө дагуулсан амьтан руу онилох нь бүү хэл, үргээж цочоохыг цээрлэдэг. Харин энэ ёсыг даган мөрдөж, хангай дэлхий, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг жинхэнэ гөрөөчин өнөөдөр Монголд хэд байгаа бол. “Маш цөөхөн, хэдхэн арваар л тоологдоно” хэ­мээн өөрийгөө анчин гэж өргөмжилсөн нэг танил маань өгүүлэв.

Хустайн нуруунд хэдэн жилийн өмнө хулгайн анчид 13 буга алсан хэрэг гарсан. Анчин ч гэж дээ. Эрлэгүү­дийн буудсан буган сүргийн гурав нь согоо бөгөөд хэзээ мөдгүй янзагалах байжээ. Гэтэл тэд согоог буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад, савыг нь аваад явсан аймшигтай хэрэг үйлдсэн юм. Ийм хүйтэн сэтгэлтнүүд одоо хүртэл шийтгэл амсаагүй явааг мартаж болохгүй.

Анчдын бүлэг залуусаар бүл нэмж байна

Сүүлийн үед Монголын анчдын холбоо, нийгэмлэг, ан сонирхогчдын бүлэг гээд хэдэн зуун гишүүнтэй сайн дурын байгууллага цахим сүлжээгээр холбогдон олноор төрж байна. Ан сонирхогчдын нэг бүлэг гэхэд 160 гаруй гишүүнтэй байх жишээтэй, мэдээлэл нь дандаа хаалттай. Тэд голдуу хаана, хэн ямар амьтан алснаа гишүүддээ тайлагнаж, анд аль бүлэг, хэдүүлээ, ямар унаа тэрэгтэй явахаа, хэдэн төгрөгөөр нийлэх вэ гээд бүх мэдээллээ солилцдог гэнэ. Амьтан алж зугаацдаг гаж донтнууд ийнхүү залуу үеэр хүч нэмэн өргөжиж байгаа нь үнэндээ бидний хувьд аюул юм.

Түүнчлэн зарим архаг анчин өсвөр насны хүүхдээ дагуулан, амьтан хэрхэн хөөж, буудах талаар заан сургадаг болжээ. Ингэхэд энэ хичээл өсвөр насныханд хэрхэн тусах бол. Цусандаа будагдан үхсэн амьтан хараад цэрвэж эмээдэггүй нийгмийг төлөвшүүлж байгаагаа архаг “анчид” яагаад ухаарахгүй байна вэ. Монголчууд мал гар­гахдаа хүртэл хүүхэд, эмэг­тэй­чүүдийнхээ нүдийг хааж, хол­дуулж хориглодог биш бил үү.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын 10 хүн тутмын нэг нь анчин хэмээн тодорхойлсон байх юм. Гэхдээ энэ харьцуулалт одоогоос арваад жилийн өмнө буюу 2006 онд гаргасан үзүүлэлт. Түүнчлэн байнга анд явдаг буюу өөрсдийгөө жинхэнэ ан­чин хэмээн үздэг хүн 245.000 байна гэжээ. Энэ тоо өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй. Бас бүгд буутай. Гэтэл цагдаагийн байгууллагын мэдээнд дурд­санаар үндэсний хэмжээнд 2010 оны үед 30000 гаруй хүн буу эзэмших эрхтэй байсан гээд бод доо.

Бас нэг судалгаанаас ха­рахад 2008 оны аравдугаар сараас 2009 оны аравдугаар сарын хооронд Улаанбаатарт 500-гаад галт зэвсэг шинээр бүртгэгдэж байжээ. Нэг үгээр хэлбэл, нийслэлд өдөрт нэгээс илүү тооны зэвсэг иргэдийн эзэмшилд очсон гэсэн үг. Түүнчлэн нэг иргэний нэр дээр хэд гурваараа, бүр 10 буу бүртгүүлсэн тохиолдол ч байдаг гэнэ. Эндээс бид Монгол Улсад галт зэвсгийн хэрэглээ хараа хяналтаас хэ­дийнэ гарсныг ойлгочихож болно.

ГАЖ ДОНТНУУДЫН ХИЙРХЭЛ

Гаж донтнуудын хийрхэл үүгээр зогсохгүй. Гөрөөсний халуун цус ууж таашаал авдаг хүн араатнууд олширсоор байна. Энэ ой гутам үйлдлээ тэд эртнээс уламжилж ир­сэн эмчилгээний онцгой жор хэмээн тайлбарладаг. Түүхээ сануулъя. Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн жанжныхаа зөвшөөрлөөр, зарим онцгой тохиолдолд маш нарийн тогтоосон тун­гаар мориныхоо цусыг уудаг байжээ. Сүүлдээ голдуу сулралтай эрчүүд яргуй идсэн гөрөөсний, хулангийн, чонын цусыг жилд нэг удаа маш бага хэмжээтэй уудаг болсон байна. Харин одоо туулайн зүрхийг халуунаар нь, “амьдаар” нь залгих, цөсийг нь архинд дарж хэрэглэх, тарваганы хүн мах, чонын хэл, цаашлаад төмсгийг нь хүртэл залгидаг гээд “онцгой эмчилгээ”-нүү­дийг тоочвол ба­рагдахгүй. XXI зууны монгол эр хүний сэт­гэхүй ингэтлээ доройтох ч гэж.

Тэгвэл орчин үеийн шинж­лэх ухаан юу гэх бол. Үнэндээ энэ нь ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй бөгөөд зөвхөн дом, мухар сүсэг, зарим хүний дотор нуугдах араатан шинж хэмээн үзэж байна. Бор гөрөөс гэхэд ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлч­дэгээс шүлхий, бруцеллёз зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх, вирус тээх нь элбэг. Ийм амьтны түүхий цусыг ууснаар тээж яваа өвчнийг нь шууд авна гэсэн үг аж.

Цус бол аливаа амьтны биеийн бүх эд эрхтэн рүү тэ­жээл зөөдөг. Үүнтэй хол­боотойгоор тэрхүү тэжээллэг орчинд нян хамгийн түрүүнд үрждэг юм байна. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг нь харамсалтай хэмээн эрдэмтэд ярилаа. Угтаа халуун цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш хэмээн сануулж байна.

Ингэхэд манай залуус ан­чин, анчдын бүлгийн гишүүн хэмээн хөөрцөглөж байхаар хамгаалах, үржүүлэх талаар нэгдэн нийлж, бусдыгаа уриалж яагаад болохгүй гэж. Зэвсэг агссан эрлэг бус, цэцэг барьсан элч болж яагаад болохгүй гэж. Хэзээ мөдгүй устаж болзошгүй мазаалайд, шагайн чинээ заарнаасаа болж хядуулсаар дуусаж буй баданга хүдэрт, мал, малчин, хүн, уул уурхайн үйлдвэрлэлд газар нутгаа, хоол тэжээлээ дээрэмдүүлж, хотонд нь орохоос өөр гарцгүй үлдсэн саарал чоныг, эврээсээ, сүүлнээсээ болж алуулдаг бөхөнг, буга согоог хамгаалахад ганц удаагийн анд зориулдаг зардлаа хандив болгон цуглуулж яагаад болохгүй гэж. Хожим танд буян нь ирнэ. Гэхдээ энд нэг л зүйл үгүйлэгдэж байна. Хамгийн гол нь, экосистемийн тэнцвэрт байд­лыг хадгалан хамгаалах та­лаар санал са­наачилга  гаргах  байгальд хайртай монгол ча­нар ду­тагдаж байна, тэдэнд.


 

ЧЕНЖ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОЛИОС-1

...Энэ манай бэр, өчигдөр нөхөртэй нь танилцуулсан гээд 30 гаруй насны залуу хажуу дахь эмэгтэйгээ доогтой нь аргагүй заан, нуг нуг инээнэ. “Тэр чинь надад хамаагүй” хэмээн 20 гаруй насны, махлагдуу биетэй, шар царайтай бүсгүй уцаарлангуй аястай хэлээд хүзүүнийхээ ороолтыг янзлангаа “Худлаа юу ч хийхгүй суугаад байхаар ухаач ээ” гээд тас тас хөхрөх аж. Тэрбээр, алхтай зүйрлэж болмоор атлаа үзүүрийг нь хоёр салаа болгон шовхолж хурцалсан төмөр багаж гартаа атгажээ. Энэ багажаа тэд хараацай хэмээн нэрлэх бөгөөд зөөлөн хөрстэй газрыг ядах юмгүй хагалахад тун тохиромжтой байгаа нь илт.

Бүсгүй цуцсан шинжгүй нэг хэмээр, нэг далайлтаар эрүүл хөрсийг сэндийчин эргүүлж харагдав. Хагалсан шороон дундаас ганц, хоёроороо бөмбөрөн гарах жижиг чулууг долоож, арчиж үзэнгээ “Эндээс юм гарахгүй нь ээ” гэсээр цааш үргэлжлүүлэн ухна.

Нүүрээ шороогоор угаачихаа юу гэмээр царайтай мөнөөх залуу “Ингэхэд өөрөө ухах гэж ирээгүй юм шиг байна. Чулуу авах юм уу, надад ёндоо (нинжанууд байгалийн тогтоц нь өвөрмөц, гоёмсог өнгөтэй чулууг ийн нэрлэдэг) байгаа шүү. Эсвэл өөр зорилготой юу, машинаас бичлэг хийгээд байгаа юм биш биз, эсвэл барих гээд байна уу” хэмээн үглэсхийн босож ирснээ, толгойноос хөл хүртэл нэвт шувт ажиглаадахав.

-Би зүгээр судалж явна аа. Яг ямар чулуу байдгийг, хэдэн төгрөгөөр үнэлдэг бол гээд бүгдийг сонирхож байна гэтэл бидний яриаг сонсож зогссон өөр нэг залуу:

-Баагий, наад хүн чинь ухах гэж ирээгүй, бас чулуу мэдэхгүй хүн ч биш байна. Ёндоо сонирхож байгаа бол шууд хэлэл дээ. Надад хоёр байна. Танд бол гайгүй яриад өгчихнө гээд их л ажил хэрэгч царайлан тулаад ирэв. Хармаанаасаа нэг чулуу гаргаад “За энийг хэдээр авахын, үнэ тохирвол өглөө. Заавал эндхийн ченжээр дамжуулах албагүй ш дээ” гээд хүрэн улаан өнгөтэй, дугуйрч цагаригласан олон бөөрөнхий дүрстэй чулуу харуулав. Ийм чулууг нутгийнхан нүдтэй чулуу хэмээн нэрлэдэг өгөөд Хэнтийн Батноров сумын байгалийн нэгэн өвөрмөц бүтээл юм. Харин одоо нинжануудтай өрнүүлсэн яриагаа түр орхиод товч мэдээлэл өгье.

Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс хойш 40-өөд км газарт бага үдийн алдад очлоо. Хэдхэн хоногийн өмнө. Энэ газрыг Эхбулаг хэмээдэг агаад нэрнээс нь ямар учир утгатай, ач холбогдолтой бүс болохыг түвэггүй ойлгочихож болно. Бэлчээрийн экосистем хийгээд ундны усны гол эх үүсвэр болсон энэ бүсэд хууль бусаар өнгөт чулуу олборлох явдал өнгөрсөн жилээс эрс идэвхижсэн байна. Чухам үүнтэй холбоотойгоор орон нутагт үүсэж буй асуудал дан ганц бэлчээрийн доройтол, хог хаягдлын бохирдол биш юм. Газар газрын нинжа цугласан нутагт архидалт, дээрэм, танхай, хүн амины гэмт хэрэг нэмэгддэг гээд тооцвол үүсэх сөрөг дагавар, гарах хохирол нь гэрлийн хурдаар өсдөг “жамтай”. Яг ийм дүрэм өдгөө Хэнтий аймгийн Батноров, Бэрх, Бор-Өндөр, Дархан сумдад үйлчилж эхэлсэн байна.

Эхбулаг хэмээх газарт өнөөдрийн байдлаар өдөрт тогтмол 200-300 хүн өнгөт чулууг хулгайгаар олборлох болжээ. Хэнтийн бусад сум болон Завхан, Өмнөговь, Дундговь, бүр Говь-Алтай аймгийн Бигэр сумын алтны нинжанууд хүртэл Батноровт тухалж амжжээ.

Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал:   

-Батноровын чулуу үнэтэй гэсэн яриа нийгмийн сүлжээгээр тарсантай холбоотойгоор Монгол Улсын өнцөг булан бүрээс манай нутагт цуглах боллоо. Судлаад үзэхэд үнэхээр үнэ цэнэтэй чулуу гараад байгаадаа бус, олон хүн цуглуулж, их хэмжээгээр худалдаж авах зорилгоор ченжүүд цуу тараадаг бололтой юм. Бидний судалгаагаар 6-7 ченж чулуу худалдаж авдаг гэсэн мэдээлэл бий. Угаас дэлхийн дулаарал нөлөөлөөд эхэлчихсэн энэ үед газрын чийгийг хадгалдаг чулууг нь ухаад авчихаар булаг шанд ширгэх, цөлжих явц мэдэгдэхүйц ажиглагдаж эхэлсэн талаар хэн хүнгүй ярьж байна. Гэтэл зарим нь ард түмэн ядуу байна, байгалийн баялгаа ашиглахад болохгүй зүйлгүй гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл ингэж газар сүйтгэж байгаа үйл явц ганц байгаль орчинд бус, дагаад нийгэмд, сум орон нутгийн амгалан тайван байдал, тогтвортой хөгжилд тушаа болдог. Бид байсхийгээд нэг хөөдөг, цөөн төгрөгөөр торгоод явуулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Энэ бол мөнөөх л хууль, эрх зүйн орчинтой холбоотой. Иймд энэ асуудлыг цэгцлэх, бүр таслан зогсоох хэмжээний эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Таслан зогсоох ажил энд цугласан нинжануудаар зогсохгүй уг эх сурвалж, сүлжээг нь олж илрүүлэхэд байгаа юм. Хэтдээ энэ тэмцэл бол, бид орон нутагтаа мал аж ахуй, газар тариалангаа эрхлэн он удаан жил тогтвортой сайхан амьдрах суурь баазаа хамгаалж, түүндээ зориулж хөрөнгө оруулж буй л хэрэг хэмээн ярилаа.

Хөрсөнд ялзмаг гэж бий. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үеийнхээс хоёр дахин багассан судалгаа гарчээ. Байгальд ганцхан см ялзмаг бүрэлдэхэд олон зуун жил шаардлагатай байдаг. Эрдэмтдийн судалгаагаар 60 гаруй жилийн дотор хагалсан, сэндийлсэн газраас хамгийн багаар тооцоход л 600 мянган тонноос илүү хэмжээний ялзмаг хөрснөөс устаж алга болжээ.

1900-аад оны үед Бороо гол орчимд хятадууд алт олборлож байв. Тэгвэл тэнд одоо л нэг юм ялзмаг үүсч эхэлснийг тогтоолоо. Ингээд бодоход ухаж хөндсөн газарт ургамал ургах хэмжээний шимт хөрс бий болтол дор хаяж 100 гаруй жил шаардагдаж байгаа биз. Гэтэл чулууны нинжанууд энэ ховор үржил шимийг нь хэдхэн өдрийн дотор хэдэн га-гаар нь эргүүлээд хаячихаж байгаа нь эмгэнэл биш гэж үү. “Ямартай ч энэ хүмүүсийг газар авахуулж, хүрээгээ улам тэлэхээс сэргийлж бүхий л хүч боломжоо дайчлан тэмцэж байгаа. Гэвч өдөр бүр зардал гаргаад хөөцөлдөөд байх үнэхээр боломж алга. Өнгөрсөн жил 40 гаруй хоног энэ газар дээр пост гаргасан. Өдөр зугатаад шөнө болохоор толгой дээгүүрээ юм нөмөрч байгаад гэрэл тусгаад ухна гээч. Хөөгөөд, багажийг нь хураагаад явуулна. Маргааш нь дахиад л ирчихнэ. Хамгийн гол нь дорвитой арга хэмжээ авах хуультай болмоор байна” хэмээн Батноров сумын ИТХ-ын дарга Ж.Батмөнх хэлэв.

Харин одоо чулууны нинжануудтай өрнүүлсэн яриандаа эргэн оръё. Энэ удаад Хэнтий аймгийн Дархан сумын нутагт Дундговь аймгаас ирж чулуу олборлож буй нинжануудтай уулзая. Өөрсдийгөө Бөхөө, Хөхөө хэмээн ихэд хөгжилтэй байдлаар танилцуулсан, хувцас хунар, нүүр царай нь бүхэлдээ шороо тоос болсон 18-20 насны хоёр залуутай танилцав. Алтны, жоншны, нүүрсний, чулууны гээд хувиараа ашигт малтмал олборлогч бусдын л адил хариулт болон тайлбараа цээжилсэн аятай ээлжлэн ярьцгаана. Товчхондоо, “Амьдрал хэцүү байна, хийх ажил олдохгүй байна, ээж, дүү нараа би л тэжээдэг, ажил байвал энд шороо ухаж суухыг хэн хүсэхэв дээ. Аргагүйн эрхэнд ингэж явна...” гэх мэт. Гэтэл үнэндээ Батноров суманд л гэхэд цалинтай туслах малчин хийх хүн олдохгүй байна гээд бод доо.

-Хангай нутагт мод газрын чийгийг тогтоон барьдаг, ус хуримтлуулдаг гол хүч нь. Тэгвэл говь, тал хээрт эдгээр чулуу газрын чийгийг тогтоон барьдаг гэдгийг мэдэх үү. Та нар ингээд хөрсийг нь эргүүлээд, чулууг нь аваад байвал тун удахгүй энэ нутагт ундрах булаггүй, ургах өвсгүй цөл болж хувирна. Тэр үед яаж амьдрах вэ?

-Энэ талаар үнэхээр мэдэхгүй юм байна. Бүр хатчихвал хэцүү л байна байх даа. Гэхдээ өөрөөр бид яаж амьдрах юм бэ.

-Мал аж ахуй эрхлэх, тариа ногоо тарих, эсвэл цалинтай, урамшуулалтай туслах малчин хийх гээд олон боломж байгаа юм биш үү?

-Уг нь мал маллаад байж болох ч худалдаж авах мөнгө алга. Туслах малчин хийхэд цалин бага шүү дээ, тийм мөнгөөр яаж амьдрах юм гээд хоёулаа дуугаа хураачихав. Халтайсан хоёр нөхөр газар ширтэн зогсохыг нь хараад өрөвдөх ч шиг. Ийн зогсохдоо хүртэл зүгээр байж чадсангүй, хөлөөрөө газар ухан шороо эргүүлнэ. Нүд нь чулуу хайн бэдэрнэ. “Өнөөдөр хэр олзтой байв. Чулууг чинь харъя” гэтэл тэрүүхэн хооронд хүүхэд зангаа гээгээгүй томоогүй гэнэн царай зурсхийв. Нэг нь өврөө ухаж байгаад том, жижиг гурван чулуу гаргаад ирлээ. “Энэ томыг нь ченж ах 20 мянгаар авъя гэхээр нь өгөөгүй. Та таваар авах уу” гээд нүүрэнд наах шахам сарвайв. “Би чулууны ченж биш гэж хэлсэн байх аа. Одоо газар ухаж, байгаль сүйтгэдэг ажлаа болиорой. Мал малла ойлгосон уу” гэвэл “Ойлголоо, эгч ээ” хэмээн толгой дохиод, яралзтал инээсээр мотоцикльдоо сундлан алга болов.

Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр:

-Хуулийн ямар ч зохицуулалт байхгүйгээс улам замбараагаа алдаж байна. Өнгөт чулууг олборлох, худалдан авах, хилээр гаргах гээд бүх үйл явц нь өдөр ирэх бүр нарийсаж, зохион байгуулалтад орсон. Байгаль дэлхий бол эх амь. Хүн бол бага амь. Гэтэл өнөөдөр эх амиа сүйтгээд байгаа нь хойшдынхоо амьдралыг хорлож байгаагаас ялгаагүй. Бид дуудлага худалдаагаар хураасан чулуугаа зарах гэж үзсэн. Төдөн сая төгрөг хүрлээ энэ тэр гээд байдаг чулууг дуудлага худалдаанд оруулахад нэг ч хүн сонирхоогүй, оролцоогүй. Тэгэхээр өндөр үнэ хүрдэг нь худлаа гэж харагдаад байгаа юм. Гэтэл Монгол Улс өнгөт чулууны судалгаа, үнэлгээ ч байхгүй. Чулууны мэргэжилтэн ч алга.

Өнөөдрийн байдлаар гэхэд аймгийн хэмжээнд 400 орчим кг чулуу хадгалаастай байна. Сумдаас хэсэг хэсгээрээ хураагдаад ирдэг. Бид улсын Эрдэнэсийн санд тушаах гэж хандсан. Гэтэл цөөн төрлийн эрдэнийн чулуу авдаг гээд манай өнгөт чулууг тоосонгүй. Иймд өнгөт чулууг худалдаж авдаг ченжүүд болон Хятад руу гаргадаг бүлгийг таслан зогсоох хэмжээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талд төр, засгаас онцгой анхаарах хэрэгтэй байна гэв.

Үнэндээ өдөржин шороо малтаж олсон хэдэн чулуу нь тэдэнд хоногийн хоол залгахаас хэтрэхгүй. Шинээр ирсэн нинжануудын чулууг албаар үнэ өндөр авах зэргээр шуналыг нь хөдөлгөх, их чулуу хураахын тулд худал цуу тараан олон хүн цуглуулдаг гээд ченжүүдийн төлөвлөгөө улам бүр нарийссаар. Хамгийн гол нь нинжануудын гарт байгаль, газар шороо минь золиослогдож байна. Харин үүний цаана хөшигний ард нуугдсан хятад, монгол ченжүүд олзны төлөө эх орны минь золиосолж байна.

ЧЕНЖ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОЛИОС-2

...Зугатаач ээ, хурдан зугтаа хэмээн нүүрээ шороогоор угаачихаа юу гэмээр царайтай мөнөөх залуу над руу хашгирангаа сандран босож, газраас багажаа шүүрэн авлаа. Чухам тэр үед Шавартын хөндийд цугласан нинжанууд яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж эхлэв. “Зүгээр дээ, чи өөрөө зугт” гэтэл “За яахав, би чамтай хамт байя” хэмээн хажууд хэсэг зогссоноо тэссэнгүй. Машин руугаа гүйх зуураа эргэн эргэн харсаар “Хамаг юмаа хураалгана ш дээ, зугатаач…” хэмээн анхааруулаад, тоос манаргасаар чулуучдыг зөөдөг микронд суугаад давхин одов.

Мотоцикльтой хүмүүс машинтайгаасаа илүү шаламгай юм. Суулаа, аслаа, сундаллаа, хөдөллөө. Ийнхүү тэд замаар бус, уулын орой, гуу жалга руу тал тал тийш бутран алга болж байв. Заримынх нь “дугуй” асахгүй, пажигнаад унтарч харагдав, зарим нь багаж, юм хумаа цуглуулах гэж мунгинаж үзэгдэв. Энэ үеэр 50 нэлээд гарсан болов уу гэмээр нэг эгч элдвийн хараал урсган хашгирч алхах, гүйх хоёрын дунд сажилсаар хажуугаар өнгөрлөө.

Настай бас эмэгтэй хүний амнаас “п.., л...”-р эхэлсэн хараал сонсох муухай юм билээ. Дотор зарсхийгээд явчихав. Ядахад эгчийн унаа нэлээд зайтай байсан бөгөөд жолооч нь түргэн авч буйг мэдээгүй бололтой.

Газар ухагчид ийн бужигнасан шалтгаан нь Хэнтий аймгийн Батноров сумын Тамгын газрын жийп гэнэтийн шалгалт, эргүүл хийхээр гарч ирсэнд байлаа. Засгийн унааг шорооныхон андахгүй аж. Бараа нь харагдах төдийд тал тал тийш бутарч буй нь энэ. Хэд хэдэн хүн байрнаасаа хөдөлж чадахгүй газар дээрээ баригдав. Заримыг нь хойноос нь хөөн хормын төдийд хашин, зогсоож байгаа харагдсан. Заримынх нь араас явсан “манай талынхан” багадаа 20-30 минутын дараа хэргийн эздийг бариад ирж байлаа. Иймэрхүү байдлаар бараг хоёр цаг үргэлжилсэн “баривчилгаа”-ны дүнд 5-6 машин, гурван мотоцикльтой хориод хүн энэ удаагийн шалгалтаар баригдсан юм.

Бүгд эрүүл саруул, идэр залуу насныхан байв. “Манай залуучууд малаас зугатаад, ядаж л төллөлтийн үеэр туслах хүн олдохгүй байна. Олон малтай айл ямаагаа самнаж дийлэхгүй, хүнгүйдэж байна шүү дээ. Цалин өгье гээд нэмэр алга. Яаж хялбар аргаар, гэнэт их мөнгө олох уу гэсэн л хүмүүс байдаг болжээ. Хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэсэн хүмүүжил, ухамсар дутаж байна” хэмээн Батноров сумын малчин Л.Оюунцэцэг толгой сэгсрэн өгүүлэв. “Өдөрт 200-300 хүн, 60-70 машин байнга хөлхөж байгаагаас үүдэлтэй олон асуудал хөндөгдөх боллоо. Хаана алт, чулуу гарч байна, тэр сургаар цугладаг газар газрын асуудалтай хүмүүс энд ирдэг. Бэлчээр дээрээс хонь дүүрээд зугатаж байна. Архидалт сүүлийн үед бүр эрс нэмэгдлээ. Чулууныхантай холбоогүй хүн ч бараг байхгүй боллоо” гэж сумын Цагдаагийн хэсгийн цагдаа Ж.Нямбарс ярилаа.

Ажилгүйчүүдээр төсөөлж асан нинжагийн бүлэг ийнхүү малчидтай, өсвөр насныхантай, залуустай хүч нийлэн бүл нэмсээр байна. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болов. Хаана алтны судал байгааг, ямар газар ховор, өнгөт чулуу нуугдаж буйг тэд андахгүй. Угтаа бол уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж асан нинжанууд өдгөө уулыг нурааж, усыг эргүүлэх дайны томоохон арми болон өргөжиж байгаа нь энэ.

Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар гэж үлдээгүй. Улсын тусгай хамгаалалттай газарт, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай нутгийг хүртэл нинжанууд зүрхлэн тонож байна. Машин техник, багаж хэрэгслээр бүрэн хангагдсан тэднийг өдгөө юу ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд, ченжүүдийн заавар чиглэлийн дагуу ажилладаг нинжануудын олборлох үйл ажиллагааг ядарсан иргэд хэмээн тодотгох аргагүй.

Батноров сумын Байгаль орчны улсын байцаагч Э.Зулцэцэг:

-Байгаль орчин гэдэг зөвхөн чулуу, газрын асуудал биш. Ан амьтан, ой ус гээд экосистем, хүрээлэн буй орчны бүхий л асуудал хөндөгддөг. Гурванбүрдийн бүс нутаг бол манай нутгийн усны гол эх үүсвэр. Гэтэл ундаргыг нь тогтоон барьдаг чулууг нь авснаар сөрөг нөлөө одооноос ажиглагдаад эхэлчихлээ. Зөвхөн байгаль гэлтгүй нийгэмд хүртэл сөрөг үр дагавар газар авах нь. Хонь малыг нь хулгайлах, өвөлжөөг нь шатаах, төрийн албан хаагчдыг заналхийлэх, танхайрах гэх мэтээр гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна гэв.

Хэнтий аймгийн Засаг захиргаа уг нь зүгээр суугаагүй юм билээ. Нутгийн иргэдийн хүсэлт, гомдлын дагуу Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Байгалийн өнгөт чулууг түүх, олборлох, хадгалах, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглох тухай тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сард гаргажээ. Гэвч хууль эрх зүйн орчин бүрхэг, тэмцлийн хэлбэр нь тодорхойгүй зэрэг шалтгаанаар хүчгүйдэн үнэгүйдсэн нь энэ.

Удаан хугацааны хөгжлийн хувьд байгалийн нөөцөөр баялаг улс бусад орныг бодвол амжилт муутай байдгийг маш олон судалгаагаар тогтоосон нь бий. Манай улс ч ялгаагүй хөгжил дэвшилд хүрэх, эсэх нь бараг л бүрхэг талдаа. Дэлхий дээр байгалийн баялгаа ашигласан хэрнээ дэд бүтэц, эдийн засаг нь өсөөгүй тохиолдол их. Бусад орныг харахад л муу жишээ нь сайнаасаа хавьгүй олон байх юм. Алмаас нь Анголыг баян болгоогүй бол газрын тос Венесуэлд хөгжил дэвшлийг авчирсангүй. Ардчилсан Конгод колтан, алт, зэсийн баялаг нөөц нь дайн дэгдээсэн. ОХУ-д гэхэд цөөн тооны олигарх хэмжээлшгүй их баялгийг эзэмшиж байна.

2010 он. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Ингэснээр нинжанууд “бичил уурхайчин” хэмээн нэрлэгдэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсэн албан ёсны ажлын байртай болох боломж бүрдсэн. Тэрчлэн байгаль орчин, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон. Гэвч дийлэнх нь өнөөдөр “нинжа” хэвээр л байна. Заримд нь нөхөрлөл байгуулан ажиллах боломж, нөхцөл бүрдээгүй бол, зарим нь хуульд захирагдаж, татвар төлөхийг, бас ухсан нүхээ эргүүлэн булах гээд “давхар” ажил хийхийг, үүрэг хүлээхийг хүссэнгүй.

Угтаа бол Монгол Улс дийлдэхээргүй хүчирхэг хорлон сүйтгэгчдийн армитай болчихоод байна. Засаг захиргаа, хууль дүрэм байдгийг умартан огоорсон, байгаль орчноо, цаашлаад эх орноо шуналын сэтгэлээр золиосолсон хүмүүсээ одоо яах вэ. “Чулуу гэдэг газрын хөрсөнд ус чийгийг хадгалж, элс, шорооны нүүдлийг тогтоон барьж цөлжилтөөс хамгаалдаг байгалийн нэг чухал зүйл. Бага байхад миний аав, ээж чулуу бариад гүйж байгааг харвал загнадаг байлаа. Байранд нь тавь, чулуу хөдөлгөж болдоггүй юм гээд. Гэтэл одоо ил бус, бүр хөрснөөс нь ухаж аваад байна гэдэг үнэхээр харамсалтай. Хамгийн их ашиг олдог, залуучуудыг нинжа болгодог хүмүүс нь энэ ченжүүд гэж ярих юм билээ” хэмээн Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Н.Амарсанаа ярив. Нинжа нэртнүүдийг, тэр дундаа тэднийг турхиран хөтөлдөг ченжүүдийг адлахын учир бас энэ.

Олон жил, тодруулбал 2000 оноос хойш Дорноговь аймгаас хэдэн зуун тонн гоёлын болон үнэт чулууг хувиараа ашигт малтмал олборлогчид экспортолж байна. Жишээ татъя. Чухам тэр үед нэг өнжөөд 2-3 пургон дүүрэн үнэт чулуу улсын хилийг зүглэж байв. Голдуу үзмэн мана, хаш, ногоон хас, чүнчигноров, утаат болор, гартаам зэрэг үнэт болон гоёлын чулуу тонн тонноороо Хятад руу ийн урсаж байлаа. Өдгөө ч энэ байдал хэвээр агаад өмнөхтэй харьцуулахад чулууны олдоц ховорджээ. Гэтэл өнөөдөр манай улсад гоёлын чулуугаа засаж хэлбэржүүлэх, үнэ хүргэх наад захын техник технологи алга. Түүнчлэн дагаж мөрдөх стандарт, хууль, дүрэм журам ч алга.

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батболд:  

-Дэлхийн дулаарал идэвхжсэн энэ үед газар хөрсөө ухаад эхэлнэ гэдэг дайран дээр давс гэгч болж байна. Бид хүний муу үзэх гэж байгаа мэт бариад, торгоод, хөөгөөд явдаг. Гэтэл зарим нь нутгийн ардынхаа мууг үзэх гэлээ гэж эгдүүдэж байх жишээтэй. Манай сумын хувьд өнөөдөр Үнэгт гээд газрыг ухаж эхэлсэн. Магадгүй арван жилийн дараа энд мал амьтан байтугай хүн амьдрах нөхцөлгүй цөл болбол яах вэ. Тэр үед, би Засаг даргын орлогч байхдаа тэмцээд дийлээгүй юмаа гээд сууж байвал хойч үеийнхэн ойлгох уу. Иймд хүч хэрэглээд ч атугай зогсоох л хэрэгтэй. Ганц орон нутгийн хэдэн дарга тэмцэх биш, Монгол Улсын төр энд анхаарч, ач холбогдол өгмөөр байна. Үүний тулд хилээр гардаг сүлжээг илрүүлж, гааль маань яагаад ийм энгэр задгай байгааг тогтоох ёстой. Хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгмөөр байна хэмээн анхааруулав.

Нинжануудын ухаж хаясан газар шороо, гол усны бохирдлыг, экосистемд учруулсан хохирлыг хөрөнгөөр тооцвол олон сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Магадгүй хэдэн зуун сая төгрөгт хүрэх биз. Нөхөн сэргээлгүй хаясан нийт га талбай, экологи, эдийн засгийн хохирлын мөнгөн дүн өдгөө хэдэд хүрснийг барин тавин хэлчих баримт харамсалтай нь алга. Хэн ч хараад гашуудмаар энэ дүр зураг хангалттай биш гэж үү. Тэгвэл ингэж хайр найргүй сүйтгэх замыг нээж, нөхцөлийг нь бүрдүүлсэн буруутан хэн гэж Та бодож байна? Маш олон буруутан тодрох вий.

...Хан Хэнтий бол монголчуудын бахархал төдийгүй дэлхийд данстай байгаль, үүх түүх, өв соёлын өлгий нутаг. Газар хөрс, ургамал моддыг нь ухаж онгичиж, хугалж гэмтээх нь байтугай ширхэг чулууг нь хөдөлгөн эргүүлэхээс хүртэл болгоомжилсоор өдий хүрсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр нинжа хэмээх сүйтгэгчдийн арми дархлаат энэ бүсийг дур мэдэн онгичиж байна. Хэдийгээр ажилгүй, орлогогүй, өрх толгойлсон гэх мэтээр өөрсдийгөө овоглосон хүмүүсийг өрөвдөн өршөөж болох ч Хан Хэнтийг ухах эрх хэнд ч байх ёсгүй. Тэр дундаа Их Хааны өлгий нутгийн чулууг харьд зөөж буй толгой баян ченжүүдэд төрийн төмөр нүүр үзүүлж яагаад болохгүй гэж.