Хан Тэнгэрийн сахиус

Сэтгүүлч Жагдалын Баярхүү "Гоодаль", "Нийслэл guide" сэтгүүлүүдийн ерөнхий редактороор ажилладаг. 

2001 онд "Бэрс" УУЗХМДС-ийг сэтгүүл зүйн бакалавр, 2010 онд ХУИС-ийг сэтгүүл зүйн магистр, 2013 онд ХУИС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. "Ирж буй өнгөрсөн цаг" яруу найргийн номтой. Уулын спортыг шимтэн сонирхогч.

 

Жич: Уралдаанд явуулж буй эдгээр нийтлэл нь "Гоодаль", "Нийслэл guide" сэтгүүлүүдэд, мөн www.time.mn  сайтын нийтлэлчийн буланд нийтлэгдсэн болно.

Баярлалаа. 

Жагдалын Баярхүү


Хан Тэнгэрийн сахиус

ОУХМ, уулчин Төмөрбаатарын Ичинноров

 

1991 оны долдугаар сар. Хан Тэнгэр уулын авиралтын үеэр. ДТД 4200 метрийн өндөрт. Эхний өдөр...

Эргэн тойрон шовх өндөр уулс, гүн хөх тэнгэр, хөвөгч үүлс, нарны гэрэлд гялбалзан гялтганах цас мөс... Өөр юу ч үл харагдана.

Намайг ирж авах хэн нэгнийг би өдөржин хүлээлээ. Баруунаа таших нарыг шовх оргилуудын цаагуур орж амжихаас нь өмнө үүлс халхлав. Оройн сэрүү орж, жиндэж эхэллээ. Би далайн түвшнээс дээш 4200 м өндөрт, уулсын дунд ганцаархнаа байна. Монголынхоор бол Алтай таван Богдын Хүйтний оргил дээр байгаатай адил. Хором өнгөрөх тусам харуй бүрий зузаарч, би үүргэвчнээсээ жижиг майхнаа гарган мөсөн дээр босгоод дотор нь орлоо.“Ингэхэд, арайэнд хоночихгүй байгаа?!”. Түнэр харанхуйн хамт айдас нөмөрч эхлэв. Араа шүдээ арзайлгасан аймшигт араатан харанхуйн дундаас үсрэн гарч ирэх гээд байгаа ч юм шиг... Салхи хүүгэн исгэрч, муу майхныг минь хүү татчих гээд, үнхэлцэг зүрх амаар гарах нь ээ.

...Өглөөхөн уулчдын хамт 5400 м хүрч өндөр авахаар үндсэн баазаас гарахдаа мэдсэн юм шиг л майхан, аяны хөнжлөө үүргэвчиндээ хийсэн минь аз боллоо. Тэгээгүй бол ч...

Миний дасгалжуулагчаар Монголоос хамт яваа залуу өөр уулчдын хамт түрүүлээд буучихсан юм. “Дээр оросын хоёр гурван уулчин үлдсэн. Чи хүлээж байгаад ирэхээр нь хамт буугаад ир” гээд тэр намайг үлдээсэн. Тэгтэл өнөөдүүл нь ирсэнгүй. Юу болсныг сайн ойлгосонгүй. Би майхныхаа үүдийг цахилгаандаад аяны хөнжилдөө шургалаа...

Хоёр дахь өдөр

Сэрээд нүдээ нээлээ. Өглөө болсон бололтой. Босох гэтэл дээрээс хүнд юм дарчихаад хөдөлгөсөнгүй. “Нөгөө лавь гээч нь нураад дарчихсан юм болов уу. Ингээд л үхэх юм байх даа...” гэсэн бодол харван орж ирэв. Гэвч зүгээр хэвтээд байж бас боломгүй. Дороос нь чадлаараа цохиж, хөдөлсөөр байгаад майхнаасаа мөлхөн гарч ирлээ. Тэгтэл майхныг лавь биш, шөнө орсон цас шуураад дарчихсан байж. “Ямар өглөөний цайгаа ууна гэх биш, үндсэн ажилдаа оръё доо”. Үндсэн ажил маань хол ойрын барааг нүдээ чилтэл харуулдах...

Ашгүй, 9.00 цагийн үед доороос нэг америк хүүхэн, хоёр казахстан залуугийн хамт хүрч ирлээ. Тэд хажууд ирж, хоорондоо шулганан ярьж байснаа хувцас хунараа солиод дээшээ яваад өгөв. Тэднийг бууж ирэхээр нь би хамт доошлохоор шийдлээ.

Нэлээд удсаны дараа хэн нэгний зовиуртайгаар гингэнэхнь сонстоход майхнаасаа ухасхийн гарвал нөгөө гурав маань бие биеэ түшчихсэн ирж явав. Хүүхнийх нь гуя тэр чигээрээ гэмтэн цус нөжиндөө холилдож, хоёр талаас нь дэмнэх залуус бэмбэгнэн чичирнэ. Тэдний дээрээс лавь нурсан гэнэ. Лавь гэдэг нь зүгээр нэг цасан нуранги биш, цас том том хад чулуутай холилдон, тэнгэр дуугарах мэт нүргэлэн бууж ирэхийг хэлдэг. Хэрэв тэд эрт явсан бол ийм зүйл тохиохгүй л байсан болов уу. Учир нь, шөнө явдаг замаар өглөө аажуу явахаар лавь нурах магадлал ихэсдэг... Тэд намайг гэх мантай тул би ахиад л үлдлээ.

Гурав, дөрөв, тав, зургаа дахь өдөр...

Өдөр нь майхныхаа гадуур цас мөсөн дээр сууж босон өнжинө. Орой болохоор майхандаа орж аяны хөнжилдөө шургана. Тэгээд, тэмдэглэлийн дэвтэртээ хэдэн юм сараачна... Хэд хоног хэлэн дээрээ юу ч тавьсангүй, цас идлээ гээд ядаж амны цангаа ч гарахгүй юм. Хамаг бие хар аяндаа сульдаж, хавагнан пэмбийсээр. Араатан амьтан ирэх вий, дээрээс лавь нураад дарчих вий гэж айхаа ч бүр өнгөрөв. “Яажшуухан л хэдэн хүүхдэдээ амьд мэнд очдог юм билээ”...

Ийм байдлаар тав хоноход над дээр хэн ч ирсэнгүй. Уул, цас, тэнгэрээс өөр зүйл, бас надаас өөр амьд амьтан энэ хорвоо дээр үгүй юм шиг л...

Намайг уулын орой дээр амьдарч байх тэр өдрүүдэд нүдэн дээр минь Чапаев оргилоос ч, Ялалт оргилоос ч, ерөөс хаа сайгүй лавь нурсаар. Нээрэн, би нэг зүйлийг хэлэхээ мартаж. Яагаад өөрөө буухгүй, хүн хүлээгээд суугаад байгаа юм бол гэж та гайхаж байна уу? Нааш өгсөх замд мөсний хаг гээд харайж гарахын аргагүй том ангал бий. Түүн дээгүүр заавал шат тавьж гардаг, эсвэл олс хаяж нэгийгээ онхолдож унатал нь хүчтэй татаж гаргадаг, тийм ангал. Хэд хоногийн өмнө бид олуулаа явсан болохоор нэгнийхээ дэмээр ангал дээгүүр гарч ирсэн юм. Харин одоо бол ганцаараа буух аргагүй...

Тав хоног хүн хүлээгээд найдлага тасрав. “Энд ингэж зүгээр сууж байгаад үхэхээр, ерөөсөө явдаг ч юм бил үү” гэж бодоод өндийх гэтэл, нэг жижигхэн хүрэн эрвээхий хаанаас ч юм хүрч ирээд майхны дотор хананд наалдчихсан байхыг олж харлаа. Эвэр нь үл мэдэг хөдөлчихөөд, нүд нь бүлтийгээд л байгаад байх юм. Анх удаа амьд амьтны бараа харсан чинь хацар дээгүүр нулимс халуун оргиулан бөмбөрлөө. “Эрвээхий минь, би есөн хүүхдийн ээж. Алс хол Монгол нутгаас энэ Хан Тэнгэр уулыг зорьж ирсэн. Намайг өршөөж хайрлаач. Би өөрийг чинь миний нутгаас амийг минь авруулахаар илгээсэн гэж бодож байна...”. Би гуйж, залбирч, сүүлдээ нөгөө эрвээхийндээ ээжийн тухай дуу ч дуулж өгөв.

...Бөмбөр бөмбөр модондоо

Бүргэд шувуу бөөрнө дөө

Бөөрөнхий биеийг минь өсгөсөн

Ээжийнхээ ачийг яалаа даа...

Уг нь би нэг их дуулаад байдаггүй л дээ. Гэтэл аялсан дуундаа уяраад, хоолой зангирч, улам ихээр асгаруулж байлаа. Тэр эрвээхийтэй ярьж, уйлсаар байтал нэг л мэдэхэд хоёр хоног өнгөрч, эцэст нь хамаг чадал барагдаад, алчууранд цас боож аман дээрээ тавьчихаад нүдээ анин хэвтлээ...

Долоо дахь өдөр

...Гарт минь зөөлөн, халуун юм хүрэх шиг болоход би нүдээ алгуурхан нээв. Миний дэргэд оросын хоёр уулчин ирчихсэн, нэг нь дээрээс тонгойн, гарыг минь зөөлөн атгаж байлаа. Эхийн хэвлий л ийм байдаг болов уу, тийм дулаахан, зөөлхөн...

...Өршөөгөөрэй, ингээд түр азная. Уншигч таныг бүр төөрөгдүүлэх нь. Би гэдэг нь би биш, монголын хамгийн өндөр настай уулчин, ОУХМ Т.Ичинноров эгч юм шүү. Харин үүнийг бичигч би вээр зүгээр л түүний оронд өөрийгөө тавьж үзсэн төдий. Гэхдээ л, Хан Тэнгэр ууланд, 4200 метрийн өндөрт гав ганцаархнаа долоо хоносон юм шиг мэдрэмж төрж, даарч жиндэх ч шиг, айж бэмбэгнэх ч шиг, гайхан баярлах ч шиг, ерөөс жижигхэн зүрх минь яахаа мэдэхгүй тонгочин булгилж байх шиг санагднам. Ингээд таныг жинхэнэ баатартайгаа уулзуулъя даа.

 

Жагдалын Баярхүү. Таныг спортын гимнастикаар хичээллэдэг байсан гэж сонссон. Уг нь гимнастик эмэгтэй хүнд уулнаас ч илүү тохирмоор, нэг тийм нандин спорт шиг санагдах юм...

Төмөрбаатарын Ичинноров. Би чинь монголын анхны гимнастикч хүн шүү дээ. Гимнастикийн I зэрэгтэй. 1955 онд ПрагадзохиогдсонДэлхийн залуучууд оюутны их наадамд анх гимнастикаар оролцож байлаа. Хорин хоёр нас хүрчихсэн, үйлдвэрийн ажилчин болчихсон байсан үе. Тэгэхэд, спортын талаар юу ч мэдэхгүй, анхны бэлтгэлдээ урт улаан даашинзтай очоод “Энэ нөхөр наргиан цэнгээнд явах гэж байгаа юм байх даа” гэж шоолуулж байлаа. ЗХУ-ын гавьяат мастер Абирмен гэдэг хүний удирдлаган дор ингэж бэлтгэл сургуулилт хийж эхэлснээс хойш 60 гаруй жил спортоор тасралтгүй хичээллэж явна. Тэрний ач гавьяа ч юм уу, энэ жил Ихо эгч нь 86 нас наслаад сууж байна даа.

Ж.Б. Гимнастикаар олон жил хичээллэж, амжилт үзүүлээд явж байснаа та гэнэт л уул руу урвачихсан. Тухайн үед, ууланд эрчүүд л явдаг гэх ойлголт нийгэмд байсан байж таарна. Насны хувьд ч 40 гарчихсан, бас олон нялх нойтон хүүхэдтэй байсан. Гэтэл энэ бүхэн танд хориг болж чадсангүй...?

Т.И. Тэр үед би намын гишүүн байсан. Ер нь бол намын даалгавраар, албан журмаар л ууланд явж эхэлсэн л дээ. Манайд Зориг, Гэлэгшийнэн гээд хэдэн сайхан эрэгтэй уулчин байсан юм. Тэд гадаад, дотоодын ууланд авирсан тухай сураг л сонсогддог байлаа.1973 онд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, Ардын хувьсгалын 52 жилийн ой болох гээд дарга нар хуралдаж, “Гадаадын орнуудад эмэгтэй уулчид байдаг юм байна. Монголд ч гэсэн эмэгтэй уулчдын баг бэлдэж, өндөр ууланд авируулъя” гэж ярилцаж. Дараахан нь манай Аж үйлдвэрийн комбинатын Намын хорооны Дангаа дарга намайг дуудаж “За хүү минь, чи хоёр нэгдлийн үүдэн дээр зарлал бичээд наагаатах. Ууланд авирах сонирхолтой эмэгтэйчүүдийг олж баг бүрдүүлэх хэрэгтэй байна. “Уулын улаан” гэгддэг Раднаа, кино оператор Занабазар хоёр та нарын багш, харин чи тэр багийн ахлагч ньбайх юм” гэж шууд тулгасан. Орой нь нөхөртөө хэллээ. Миний нөхөр алдартай аялагч хүн шүү дээ, Тавхай гээд. 1962 оноос тойрон аялал зохион байгуулж эхэлсэн, дэлхийг бараг гурав тойрчихсон хүн. Усаар, дугуйгаар, явганаар, цанаар, өвөл зунгүй өчнөөн олон үйлдвэрийн ажилчдыг дагуулаад аялал хийгээд явдаг хүн байсан юм. “Чадах юм бол тэг ээ” гэж нөхрийгөө зөвшөөрөхөөр нь бөөн хөөр болоод, зарлал наасан чинь 18 эмэгтэй ирсэн. Тэдэн дундаас багш нар маань дөрвийг нь л шилж авлаа. Ойрын зайд гүйдэг “хурдан” Алагаа, одоо хүртэл түүний рекорд эвдэгдээгүй байхаа даа, гар бөмбөг тоглодог Оюунцэцэг, хөнгөнд гүйдэг Галя, тэгээд би.

Ж.Б. Уучлаарай, яриан дундуур нь нэг юм тодруулъя. Монголын эмэгтэй уулчид 1969 онд анхны авиралтаа хийсэн гэх юм билээ. Гэтэл та анхны эмэгтэй уулчдын багийн ахлагч гэхээр нарийн учрыг лавлах хэрэгтэй боллоо?

Т.И. Тийм тийм. Өмнө нь, бас нэг их хурал тохиолдуулаад Гэлэгшийнэн, Халтар, Раднаа багш гурав анх эмэгтэй уулчдыг Асралт хайрханд авч гарсан юм билээ. Тэгэхэд газар газрын эмэгтэйчүүд нийлж нэг удаа авирчихаад л тараад явчихсан. Харин дараа нь бид 1973 онд албан ёсоор анхны багийг бүрдүүлсэн нь энэ. Баг бүрдсэн өдрөөс л цалинтай чөлөө өгч, биднийг шууд бэлтгэлд гаргасан. Раднаа багшийг “Хөвсгөл аймгийн Улаан тайгын ноён оргилд авирна” гэж хэлэхэд нь бид Богд уул шиг газраар зугаалж яваад ирэх тухай л бодоод байгаа. Тэгээд, Тэрэлжид 14 хоног бэлтгэл хийж, жинхэнэ хэцүү, хатууг ч ёстой нэг үзлээ дээ. Өглөө бүр зургаан километр гүйнэ. Багш биднийг амралтан дээр зөвхөн хоол идүүлэх гэж л очуулна, амрагчидтай ч уулзуулахгүй. Майхныг маань тэртээх баруун уулын хормойд модон дунд аваачаад барьчихсан. Орой гутлаа тайлахад бүгдийнх нь хөл бөөн цэврүү. Утастай зүүгээр цэврүүнүүдийг хагалж, утсаа гүйлгээд л таслаад байна. Шөнөжингөө хөлийн ул шал нойтон, ус нь гоожоод хононо. Би тэгэхэд 42-той байсан. Багийн ахлагч гээд аминдаа гүрийсэн ч “Өчнөөн олон нялх нойтон хүүхдээ хаячихаад ингэж ч зүдэрч явах гэж дээ” гээд буруу хараад уйлна аа. Өглөө босоход цэврүүнүүд усгүй болж, өвчин нь намдчихсан байна. Ингэсээр байгаад сүүлдээ хөлийн ул эвэршээд, яг адууны туурай шиг болчихсон. Нэг өдөр биднийг хаданд авируулна гээд аваад явлаа. Тэрэлжийн хамгийн өндөр хаднаас олс унжуулчихаж. Тэрийг харсан чинь дөрвөн мөч чичрээд жигтэйхэн. Ингээд бид хадны орой дээр хэзээ гарна, тэр хүртлээ л зүүгдээстэй байх боллоо. Хаданд авирахаар хэдэн хурууны өндөг ч бас цэврүүтэж хатсаар, сүүлдээ эвэршээд ирсэн. Ингэж л уулчин болсон юм шүү дээ.

Биднийг анх ууланд явахад онгоцны буудал дээр ажилчин залуучууд ирж жирийтэл жагсаад гаргаж өгч байсан юм. Улс орон даяар л юм болсон шүү. Бид дөрвөөс гадна Хөвсгөлд нэг эмэгтэйг бэлдсэн байсан, Одгэрэл гэдэг, 19-хөн настай цаатан охин. Мөрөн ороод, тэндээс Улаан-Уул сум руу царцаа ногоон онгоцоор ниссэн чинь ходоодоо эргэтэл бөөлжөөд, толгойгоо даахаа больж байгаа юм. Тэгэхэд хүртэл “Хөгшин хүн ингэж ч явах гэж дээ” гэж бодогдож байсан. Улаан-Уулаас цааш тэмээн дээр ачаагаа ачаад, морь унаж чаддаггүй нэг нь хөтлүүлчихээд, нутгийн хоёр үйлчлэгчтэй гарч өглөө. Хоёр өдөр, хоёр шөнө бороо, шороонд нүдүүлж явсаар зорьсон газартаа хүрэв. Хүн амьтангүй эзгүй тайга, байгаагаас хэдэн цаатан. Бид заримдаа цаатангууд дээр очиж, урцанд нь орж дулаацна. Тэнд долоо хоног тасралтгүй бороо орж, эцэст нь бид авиралтаа хийхээр боллоо. Улаан тайгын ноён оргилыг тувачууд “Алтан таг” гэж нэрлэсэн юм билээ. Тува, Монголын хил дээр байдаг. Цаашаа 14-хөн километр яваад л Тува. Тэр их сонин оргил. Шөнийн 3.00 цагт бид дайралтаа эхэлж, маргаашийнх нь үдээс хойш 17.30 орчимд оргил дээрээ гарсан. Оргилд дөхөөд ирмэгц тэнгэр дуугарч мөндөр ороод, цахилгаан хамж авч явчих гээд, тэгснээ төдхөн нар гараад л, ёстой элдвийг үзүүлж байгаа юм. Тэгтэл Раднаа багш “За охид минь, одоо дөрөв тавхан метрийн цаана оргил байна. Та хэд минь ингээд оргилоо эзэл!” гээд надад тугаа бариулаад өмнөө гаргав. Бид ч мэгшицгээгээд л оргил руугаа яваад гарлаа. Тэгтэл оргил дээр жигтэйхэн том хадан тогоо, өнгийгөөд харахаар дотор нь дүүрэн ус мэлтэгнээд нүүр харагдаад л, хажууд нь нэг их том хадан данх, цорготой, цоргоор нь уулын энгэр рүү ус гоождог, бүр сэнжтэй, данхны тэр сэнжээр нь бид шургаж орж гараад л... Хоёр багш маань араас гарч ирээд “За миний охид, олон цаг явсан болохоор ам нь цангасан байгаа, одоо энэ их уснаас ханатлаа уу” гэсэн. Бид ч хадан тогоотой ус руу ороод залгилж гарлаа. Гэдэс цанхайгаад ирэхээр нь өндийгөөд гүн амьсгал авахад л зүгээр болчихно. Ёстой мөнхийн рашаан гэж тэр л байсан байх. Тэрнээс балгаснаас хойш хэчнээн ч олон ууланд гарав, хэчнээн сайн явав, бид. Алтан таг 3351 м өндөр, ерөөсөө л хадан уул. Алсаас их өндөр авч явдаг, цас багатай, хаднуудынх нь завсраар мөнх ногоон мөстэй, тийм уул.

Ж.Б. Алтан таг оргилд урьд нь эрэгтэй уулчид авирч байсан уу?

Т.И. Хэн ч авирч байгаагүй. Тэр авиралтаас хойш ч хүмүүс тийшээ ахиж ер яваагүй. Их зүдэрч хүрдэг уул л даа. Байгаль нь их хүнд, зуны цагт ус бороотой, өвөл бол бүр явалтгүй.

Бид уулнаасаа шөнөжинбуугаад, өглөө нь майхандаа очоод нам унтаж байтал хүн ирж харчихаад явсан байгаа юм. Улаан-Уул сумын II бригадаас нэг залууг морьтой давхиулж л дээ. Тэр нь цаатангууд дээр ирээд “Баахан эмэгтэй улс ууланд авирна гээд явсан, сураг байна уу?” гэхэд нь “Байхгүй ээ, өчигдрөөс хойш чимээ алга. Одоо бүргэдийн хоол болоо байлгүй” гээд сууж байсан гэдэг. Тэгээд тэр цаатангууд биднийг ирж харчихаад “Бүгдээрээ ирээд унтаж байна, яг тоолсон чинь долоон хүн байна” гээд жигтэйхэн баярласан гэсэн. Тэр дороо л Хөвсгөл аймгийн “Хөдөлмөр” сонинд “Улаан тайгын таван бүргэд” гээд биччихсэн байсан. 

Ж.Б. Хоёр жилийн өмнө тантай Сутай хайрханы бэлд таарч байлаа. Та хамгийн сүүлд хаана авирав?

Т.И. 2015 оны 10 дугаар сард Отгонтэнгэр хайрхандаа гараад ирлээ. Манай багийн дасгалжуулагч Найдан гэж байсан юм. Найдан багшийн ууланд авирсны 60 жилийн ойг тохиолдуулаад хүү нь тэр аяллыг ивээн тэтгээд, “Аавынхаа гишгэсэн газар гишгэмээр байна. Багийн ахлагчийг нь заавал авч явна” гэсэн юм. Тэгтэл Отгонтэнгэр хайрхан айхавтар цасан шуургатай, хүйтэн салхитай байж таарсан. Мөнх цасны хормойд очоод л би ёстой яг суусан. Уйлаад, залбираад, сунаж мөргөөд, Отгонтэнгэртээ бүр хөгөө тарьсан даа. Одоо Ихо эгч нь ахиж авирахгүй ээ. Болох нь тэр. Хамгийн сүүлчийн авиралтаа 85 насандаа хийлээ шүү дээ.

Ж.Б. Та уул руу, нөхөр тань аялалд яваад өгөхөөр ар гэрийг тань хэн хариуцаж үлддэг байсан юм бэ?

Т.И. Хүүхдүүд маань бүгдээрээ биеэ даачихсан, том нь багыгаа өсгөөд л явчихсан. Тэгээд ч миний нөхөр их мундаг хүн байсан. Спорт мэддэг, гэр орны ажилд сүрхий, үр хүүхдүүддээ хайртай. Хань сайн байвал хүн чинь яваад л байна.

Бас ажлын хамт олон ар гэрийг минь байнга эргэж тойрно. “Танай хүүхдүүд ажилсаг юм аа. Бид эргэж байгаа нь энэ гээд танайд очиж идэж хэвтэж байгаад л ирэх юм. Биднийг банштай цайгаар дайлсан шүү” гэнэ. Наадмын үеэр авиралт таарлаа гэхэд манай хүүхдүүдэд хөөрхөн хувцас хунар аваад өмсгөчихсөн байдаг байж билээ. Тийм сайхан хамт олонтой байлаа.

Манай есөн хүүхдийн том нь одоо 67-той өвгөн байна. Хамгийн бага нь 45 хүрч байна, намайг авирч эхлэхэд хоёр гуравхан настай байсан юм. Ихо эгч нь одоо 17 ач, 14 гуч, хоёр зээтэй.

Ж.Б. Уг нь та хэд анх эмэгтэй уулчдын баг гэж байгуулсан, гэтэл одоо холимог баг болчихож...?

Т.И. Тийм ээ, гэхдээ энэ бас учиртай. Оросын уулчин Шитаев гэдэг хүн бидэнд захиа бичсэн юм, “Монголд байнга авиралт хийдэг эмэгтэйчүүдийн нэг баг байдаг юм байна. Тэрийг холимог болго” гээд. Яагаад гэхээр, Орос орон нэг олсны долоон сайхан эмэгтэйгээ Кавказын ууланд алдчихсан юм шүү дээ. Ангалд цасанд дарагдчихсан байсныг нь бүр 14 жилийн дараа олсон. Шитаев өөрөө мундаг уулчин, түүний эхнэр осолдсон багийн ахлагчаар явж байсан юм билээ. Тэгээд уулчдын багт эрэгтэй хүн заавал байх хэрэгтэй гэж үзсэн юм. Манай багийнхан гадаад дотоодын бүх л өндөр ууланд авирсан даа. Одоо манай багаас дөрвөн Гавьяат тамирчин,42 Спортын мастер төрж, түүнээс 26 нь ОУХМ болоод байна. Ихо эгч нь их юм хийсэн байгаа биз /инээв/.

Ж.Б. Зөвхөн өөрийн амь биеийг хариуцах бус, баг ахалж бусдын амийг давхар хариуцаж явна гэдэг амаргүй байж таарна...?

Т.И. Баг хариуцаж яваа хүн их юм үздэг юм билээ. Би нэг жишээ ярьж өгье. Дуган хаданд манай багийн нэг сайхан залуу нас барсан юм. Залуу хүмүүс хор шартай байдаг болохоор нэг хоногийн өмнө ч гэсэн бэлтгэл хийнэ гээд түрүүлээд давхичихаж. Төдхөн л “Танай Буянтогтох хаднаас унаад байхгүй болчихлоо” гэсэн мэдээ ирсэн. Багийн ахлагч болохоор ганцаараа л тийшээ явлаа. Намайг очиход Борнуурын эмнэлгийн моорогт хийчихсэн байсан. Тэгээд өнөөхтэйгөө ганцаараа ноцолдож, цус нөжийг нь цэвэрлээд, хэцүү юм их бий /санаа алдав/. 

Ж.Б. Өнгөрсөн зун Алтай таван Богдод том осол боллоо. Тэгтэл, нэлээд дээхнэ танай багийнхныг авирч явахад бас нэг том осол болсон гэж сонссон. Уучлаарай, би асуухгүй өнгөрч чадсангүй. Тэнд яг юу болсон юм бэ?

Т.И. 1994 онд бид Увс аймагт Цагаан дэглий хайрхандавиралт хийгээд явж байлаа. Тэгэхэд, манай ОУХМ Цэрэннадмид, тэр жил элэгний шинжилгээ өгсөн чинь тааруухан гарсан гээд, бие нь өвдөөд байгаа болохоор авиралтаас үлдэхгүй юу. Тэгээд өнөөх маань тэр олон уулчдын хоолыг хийгээд л, түлээ түлш олдохгүй, хоёр гурван өдөр уулаар явж шаваг цуглуулаад л... Биднийг ууландаа авирчихаад буугаад ирсэн чинь “Маргааш өглөө эрт буцъя, тэгэхгүй бол түлээ түлш ч олдохгүй юм, хоол хийх мод ч дууслаа” гэж шавдуулаад. Тэр шөнөжин бороо орсон. Маргааш нь бүгдээрээ буух болж, манай баг түрүүлээд явж байтал гэнэт л хажуугаас гэр шиг бор юм “нарх, нарх” гээд ороод ирсэн. Бороо ороод хэдийнэ намжсан байхад уулын үер тэгж гэнэт л хад чулуутайгаа оволзоод ороод ирдэг юм билээ. Тэгээд гуу жалга дагаад цутгаад эхэлсэн. Бид үерийг гатлахаар боллоо. Хоёр гурван хүнээ гаргачихаад би гарах гэтэл Нааяа маань “Ахлагч аа, байж байгаарай, би гаръя” гэж өмнүүр зүтгээд. Хүний үхэл тэгж дууддаг юм билээ. Хөөрхий минь сандчаад л, олсонд бэхэлгээгээ хийгээд гарсан чинь яг урсаж байгаа үерийн дунд хэсэгт очиход нь тасхийсэн чимээ гарч, Нааяа маань үерт нэг далд орж, нэг ил гараад л урсаад явчихсан. Үерийн цаад талд гарсан хүмүүс хашхиралдаад л, наана нь байгаа улс давхар үер рүү орчих гээд. Нэг багийн хүмүүс чинь нөгөөгийнхөө араас орж үхчих гээд зүтгээд, ухаан алдчихдаг юм билээ, ёстой аюултай. Талийгаач маань яарч сандарч байгаад карбинаа дутуу цоожлоод, тэр нь л зад үсэрчихсэн юм болов уу даа.

Маргааш нь үер ч татарлаа. Гутарч гуньсан, уйлж майлсан улс Нааяагаа эрээд явж байтал голын эрэг дээр үүргэвч нь харагдаж байна. Үүргэвчний дэргэд нэг юм байхаар нь “энэ л мөн байх” гэж бодсон. Тэгтэл үүргэвчинд дүүрэн элс чулуу чихээстэй, үерийн ус дотор нь байсан майхныг гаргаад хадан дээр аваачаад тохчихсон, эзэн нь өөрөө байхгүй. Ус гатлах тэрүүхэн зуур л үер хүний гутал, оймс, бугуйн цагийг хүртэл мултлаад аваад явчихдаг юм билээ шүү дээ. Төдхөн нэг морьтой залуу давхиж ирээд “Энэ дор, бригадын төвийн урдхан нэг эмэгтэй хүнийг голын эрэг дээр гаргаад хаячихсан байна, та нарын л нэг байх гэж бодлоо” гэсэн. Тэгж бид Нааяагаа олсон доо. Очиход сэргийлэхийнхэн ирчихсэн шалгаад байж байсан.

Ж.Б. Таныг ийм хүнд бэрхийг үзэж туулаад ирж байхад талийгаачийн ар гэрийнхэн, бас нийгмийн зүгээс буруутгаж л байсан байх даа, бодвол?

Т.И. Тийм шүү. Манай уулчид Увсад үлдэж, би муу Нааяагаа аваад ганцаараа онгоцоор сэгсийгээд хүрээд ирлээ. Талийгчийн дүү Аюушжав гээд эмч хүн байсан юм. Онгоцноос буунгуут л тэр миний үс, хувцаснаас зулгааж “Яагаад та нар өөрсдөө амьд ирж байгаа юм, миний эгч яачихав” гэж орилж хашгираад. Үгүй мөн хэцүү шүү /санаа алдав/. Тэгээд учир байдлаа хэлэхэд бүгдээрээ дэвтэр барьж суучихаад, яаж явсан, яасан ийсэн тухайг бүгдийг нь бичиж аваад л “За одоо л нэг үнэн зөвийг сонсож сэтгэл онгойлоо. Одоо яах вэ, байгалийн гамшиг гэдэг нь л болчихсон юм байна” гээд нэг жаахан тайвширцгааж байгаа юм. Тэнд осол болсон тухай хүмүүс энд янз бүрээр ярьсан гэсэн, зарим нь бүр машинаас түлхэж унагаасан гэж хүртэл ярьсан байсан. Хүн муу, сайн юмыг аль алийг нь л үзнэ. Дандаа сайн сайхнаар явна гэж байхгүй. Энэ дунд буруу зөвийг л ялгаж байх нь чухал юм даа.

Ж.Б. Ийм юм үзсэний дараа дахиад ууланд авирах сэтгэлийн тэнхээтэйгээ үлдэхэд танд юу нөлөөлсөн бол?

Т.И. Нэгэнт л уулын спортод сэтгэл зүрхээ зориулснаас хойш миний хажуугийн хүн байхгүй боллоо гэдэг шалтгаанаар болих эрх байхгүй. Байгаль хүн хоёр холбоотой. Байгаль хүнийг тэгж татдаг. Ямар сайндаа л урин цаг дөхөөд ирэхээр уулаа зүүдлээд байх вэ дээ. Тэр дундаа Отгонтэнгэр хайрхан их зүүдлэгдэнэ. Ууланд явж байгаа хамт олноо зүүдлэнэ. Уул хүнийг нэхдэг байхгүй юу. Зүүдэнд нь ороод байна гэдэг чинь уул тэр хүнээ нэхэж байна гэсэн үг. Уул чинь авируулах хүнээ авируулдаг, авируулахгүй хүнээ авируулдаггүй, их учиртай.

Ж.Б.Ууланд явсан хүн болгонд уул зүүдлэгддэг юм уу, эсвэл ууланд явуулах гээд байгаа хүнийхээ зүүдэнд ирдэг юм болов уу, та юу гэж бодож байна?

Т.И.Ууланд явуулах гээд байгаа хүнийхээ зүүдэнд л уул ороод байдаг гэж боддог. Цуг явсан хүмүүсийн ярианаас сонсоход ихэнх нь зүүдэлдэггүй, ганц нэг нь л уулаа зүүдэллээ гэдэг. Надад бол байнга л зүүдлэгддэг. Тэгээд би “Яагаад уул зүүдлэгдээд байгаа юм бол, уул намайг нэхээд байгаа юм болов уу, би үхэх гэж байгаа юм болов уу” гэж бодно. Тэгтэл үгүй л байна. Хөгширсөн хойноо ууланд дурлаад 42 жил авирлаа. Одоо 80 гарчихаад байна. Уул зүүдэллээ гэж айж болгоомжлох зүйл байдаггүй л юм байна. Тэр үхчихлээ, би яах бол гэж бодохын ч хэрэг байхгүй. Уулын спортоор явсан, тэр сайхан өндөр хайрхануудад гарсан хүмүүс бие эрүүл, сэтгэл санаа сайхан, сэргэлэн цовоо л явдаг юм даа. 

Ж.Б.Таныг цасан шуурган дунд ганцаараа төөрөөд, ирвэст хөөгдөж явсан гэж бас сонссон...?

Т.И. 1991 онд, Ховдын Цамбагарав хайрханд авирах гээд, одоогийн ОУХМ Д.Эрдэнэтогтохтой хоёулхнаа түрүүлж цасны хаяанд очиж жижиг майхантай хоносон юм. Өглөө нь араас бааз дээр байсан уулчид хүрч ирсэн. Тэр өдөр цасаар шуураад, оргилын орой харагдахгүй, нэлээд юм болж байж бүгдээрээ хайрхандаа авирчихаад бид хоёрын хоносон газарт бууж ирэхэд зарим нь “Жаахан бүлээн юм уумаар байна, хөлөө ч амраая” гээд суухгүй юу. Тэгэхээр нь би “Урьд шөнө энд даарч хоносон, одоо жаахан бие халсан дээр үндсэн бааз руугаа дөхөж байя. Та нар араас яваад ир” гэчихээд түрүүлээд явсан чинь л төөрчихсөн. Цасан шуурган дундуур байсхийгээд л нэг юм хүржигнэх шиг болох юм. Зогсохоор дуугүй болчихно. Би ч “Манайхан надаар тоглоод, айлгаж яваа юм байна” л гэж бодлоо. Тэгээд нэг хадан дээр гишгээд нөгөө рүү харайх гэтэл л хадан дундаас жигтэйхэн том эрээн сүүл эрчлээд гараад ирсэн. Тэгэнгүүт л дээшээ зугтаачихсан. Эргэж харах ч үгүй гүйсээр байгаад төөрчихсөн. Манай хэд миний араас хөдлөөд бааз дээр иртэл би байдаггүй. Тэд шөнөжин эрсэн байгаа юм. Би ч шөнийн турш хад чулуутай ноцолдож хонолоо. Зогсоо чөлөөгүй хөдөлж байхгүй л бол хөлдчих гээд. Тэгсээр өглөөний 7.00 боллоо. Цас шуураад л байгаа. Тэгээд газрын баримжаа харж байгаад бааз руугаа явсан чинь ахиад л төөрчихсөн. Нэг төөрсөн хүн ахин дахин төөрөөд байдаг юм билээ. Сүүлдээ Цамбагаравын доод олон уулыг дамжиж гүйхээрээ явсаар нам дор газарт хүрч, нэг бригадын төв дээр ирлээ. Тэгтэл бригадын дарга нь эмээлтэй морь бэлдээд, намайг эрэхээр гарах гэж байв. Таарсан хүн болгон л “зүгээр үү” гээд, би ч “зүгээр ээ” л гээд байлаа. Бүтэн 24 цаг төөрөхдөө бүх биеэрээ хөлдчихсөнөө ер мэддэггүй. Ингээд бригадын даргынд хоол идээд унтсан чинь шөнө бие мод шиг хөшчихөөд, янгинаж өвдөөд болдоггүй. Үүр хаяарангуут гэрээс гараад, хувцсаа сөхөөд харсан чинь гуянаасаа эхлээд бүх бие нэлэнхүйдээ дарайсан улаан юм болчихож. Тавдугаар сар байсан юм. Тэгтэл ойролцоо мөсөн доогуур ус хүржигнэн урсаж сонсогдохоор нь явж очоод, мөсийгцоо цохиж байгаад усан дотор нүцгэлээд хэвтчихлээ. Эхлээд ороход час час хийгээд хэцүү байснаа яваандаа бие халуун оргиж чимчигнээд, сүүлдээ бүр усан дотор л хэвтээд баймаар болсон. Хэрэв тэр өдөртөө л өнжсөн бол усан цэврүү гүйгээд, халуурч бүлээрээд үхэх байсан байх. Ээ дээ, уулчин хүнд тэсвэр тэвчээр их хэрэгтэй шүү.

Ж.Б. Таны бие тэгээд огт гэмтээгүй юу?

Т.И. Гэмтээгүй. Тэр өдөртөө л өвчин нь гарчихсан.

Ж.Б. Ингэхэд нөгөө ирвэс хаачсан юм бол?

Т.И. Мэдэхгүй, нэг мэдэхэд л алга болчихсон байсан. Хаврын цагт тэнд өлссөн чоно ч их гэж байсан. Нутгийн нэг хөгшин “Хүү минь, чи их азтай юм. Газрын уруу зугтсан бол ирвэс дээрээс чинь үсэрч очоод л базчих байсан. Харин газрын өөд ерөөсөө явж чаддаггүй” гэж хэлсэн. Би тэрийг мэддэггүй байсан. Хүн үхэх болоогүй бол үхдэггүй л юм билээ.

Ж.Б. Үхэх болоогүй л бол үхдэггүй... Нээрэн, таныг Хан Тэнгэр ууланд долоо хоносны дараа хэн очиж аварсан юм бэ?

Т.И. Тэнд альпинад болж, 17 орны уулчид цугларсан байсан. Цуг явсан хүн маань мөс судалдаг казахстаны багийнхан дээр очоод хэд хоночихсон байгаа юм. Манай майхныг эзэнгүй байхаар нь биднийг авирахаар явжээ л гэж бодохгүй юу, гадаадын уулчид. Тэгээд хэд хоног өнгөрсөн чинь “Монголын хоёр хүн ойрд үзэгдсэнгүй, ер нь хаачсан юм бэ?” гээд бие биеэсээ сураглаж. Тэгтэл, хөл нь гэмтээд буусан нөгөө америк хүүхэн “Хятад ч юмуу, япон ч юмуу, ази царайтай нэг эмэгтэй 4200 м дээр байсан, одоо болтол ирээгүй юмуу?” гэсэн байгаа юм. Оросууд ч пижигнэж, аврах групийн хоёр хүндээ чарга чирүүлээд “Үхсэн бол чарган дээр аваад ир, үхээгүй бол ямар нэг аргаар аваад ир” гээд явуулж л дээ. Замдаа мөс судалдаг баазаар ортол монголоос надтай хамт явсан хүн тэнд байж байсан. Тэд гурвуулаа болоод над дээр ирэхэд би бүр хатчихсан, уулын өвчин бараг тусчихсан, ухаангүй байж байсан. Намайг нүдээ нээсэн чинь нөгөө хоёр орос “Амьд байна, амьд байна” гээд. Тэгээд төмөр аяганд цас чихээд аяны жижиг зуухан дээр бүлээсгээд өглөө. Бүлээн ус балгасан чинь л нүд сэргээд ирсэн. Монголд өлсгөлөн зарлачихсан байсан үе л дээ. Хүмүүс дах дэгтий өмсөөд, чихэртэй ус уугаад сууж байгаа гэж сонссон чинь “ямар сайхан юм бэ” л гэж санагдаж байсан шүү. Тэнд би долоо хоног хэлэн дээрээ юм тавиагүй. Аяны хөнжил шал нойтон, биеийн хэлбэрээр доошоо хонхойчихсон, тэрэн дээрээ унтаад байхаар хамаг бие хавагнаад, халуун оргиод, хөөгөөд пэмбийчихсэн.Бид явсаар шөнө бааз дээрээ ирсэн юм. Тэгэхэд би хүн харвал л уйлаад байдаг болчихсон байсан. Тэгж уйлна гэдэг чинь уулын өвчний нэг төрөл, бие халуун оргиж, хөөж хавагнадаг нь бас нэг төрөл нь гэнэ. Би Монголоос 63 кг жинтэй яваад 54 кг болоод буцаж ирсэн. Жижигхэн хар юм болчихоод ирэхэд гэрийнхэн танихгүй, их сандарцгаасан шүү.

Ж.Б. Та тэгээд Хан Тэнгэртээ авирч чадалгүй ирсэн юм уу?

Т.И. Авирсаан. Бааз дээрээ ирж хоноод, өглөө нь толинд хартал нүүр гэж хүн харахын аргагүй пэмбийсэн улаан юм, цасны туяанд арьс түлэгдээд тэр чигээрээ хууларчихсан байсан. Тэгээд хамт явсан хүндээ “Яг одоо буцъя, нутаг орондоо амьд мэнд очих минь. Монголд 5400-тай уул байхгүй юм чинь би тийм өндөрт олон удаа гарсныгаа хэлээд очно” гээд уйлаад сууж байтал гаднаас “Орж болох уу?” гэж байна. “Цасны бар” гэгддэг оросын нэг эмэгтэй уулчин байдаг юм, Хан Тэнгэрт гурав дөрвөн удаа гарсан, хүмүүс түүнтэй л гарах гээд гүйлдээд байдаг гэх сураг л сонсогддог, тийм хүн. Тэгтэл нөгөө Люба чинь манай майханд ороод ирэх нь тэр. Люба “Өнгөрсөн шөнө өөрийг чинь ирснээс хойш оросын уулчид хуралдаад унтаагүй. Тэгээд Хан Тэнгэрт энэ эмэгтэйтэй хэн явах вэ гэхээр нь би явна гэж хэллээ. Хоёулаа цуг Хан Тэнгэрт явъя” гэсэн. Би ч тэвэрч аваад л уйлаад уналаа. Люба ч уйлаад.Тэгж орос монгол хоёр эмэгтэй Хан Тэнгэрт гарсан юм шүү дээ. Тэр үед Монголд сураг чимээ ч үгүй байхад оросын хэвлэлүүд “Орос монгол хоёр эмэгтэй Хан Тэнгэрт авирч байна, 5000 дээр байна, 6000-д хүрлээ, 7000-д гарлаа” гээд л бичээд байсан. Оргил дээр гараад Люба намайг тэвэрч, олсонд авирахад хэрэглэдэг жумараа дурсгал болгож өгсөн дөө. Тэгж 7010 метрт авирахдаа би 62 настай байсан юм шүү дээ. Монголоос эмэгтэй уулчин хилийн дээс алхаж, гадаадын ууланд анх авирсан тохиол ч энэ. 

Ж.Б. Та 4200 м дээр долоо хоночихоод, бууж ирээд эргэж авирахдаа тэнхэрч амжсан байсан уу?

Т.И. Тэнхэрч амжаагүй ээ, гурав хоноод л эргэж авирсан. Тэнд, Хан Тэнгэрт авирах багуудыг эмчийн үзлэгт оруулж, авирах зөвшөөрөл өгдөг юм. Тэгээд монголын хоёрыг үзэх боллоо. Нөгөө хүнийг маань 80 удаа суулгаж, босгож үзээд “Хан Тэнгэрт явж болно” гэв. Дараа нь намайг бас баахан суулгаж, босгож, чагнаж үзлээ. Ерөнхий эмчийг нь дэвтэр дээрээ юм бичихээр л зүрх түгшээд явчихна. Эмч надаас нас асуухаар нь “62” гэсэн чинь нүд нь томроод ирлээ шүү. Би ч сандраад “Яасан бэ? Наснаас болоод намайг хасах гэж байгаа юм уу?” гээд л уйлчихсан. Тэгтэл эмч “Би гэж тэнэг толгой, таныг зураач, эсвэл газар үзэж яваа хүн л гэж бодож байлаа. Та ёстой мундаг байна. Та Хан Тэнгэрт авирч болно” гэхгүй юу. “Та Хан Тэнгэрт авирч болно” гэсэн чинь л морин туурай нижигнээд, домбор хөгжим эгшиглэх шиг болоод л, Алтай таван Богд тэр аяараа нүргэлээд байх шиг санагдсан шүү. Тэгж их баярласан. Тэгээд Люба миний хувцсыг шалгасан чинь өндөр ууланд тохирох юм нэг ч байгаагүй. Дандаа нейлонтой биеийн тамирын өмд цамц. Хээр хэвтсээр байгаад ядахдаа өвдөг гараад, шолхойгоод унжчихсан. Тэгээд Люба багийнхнаасаа хувцас авчирч өгсөн. Маргааш нь бид оргил руу 11-үүлээ явлаа, голландын 37 настай эмэгтэй багийнхаа хоёр залуугийн хамт, японы 24 настай нэг эмэгтэй, монголын хоёр, тэгээд Люба багийнхаа дөрвөн хүнтэй хамт. Өгссөөр нөгөө ангалыг даваад, миний олон хоносон оргил дээр ирэхэд тэд бүгд ядраад унаад өгсөн. Харин би улам л хөнгөрөөд, шөмбөгнөөд гүйгээд байгаа юм. Өндөрт долоо хоноход миний бие агаарт нь бүрэн дасчихсан байсан. Тэгтэл 24 настай япон охин маань хордлого аваад, гүйлгээд эхэлсэн. Түүнийг ангал дээгүүр буцааж гаргаж өгөөд, цаанаас нь японы уулчид тосч авахаар боллоо. Голландын 37 настай эмэгтэй 5400 метрт хүрээд цус алдаж, аахилахад нь завьжаар нь цус пур пурхийгээд байв. Тэгээд багийнх нь хоёр залуу түүнийг аваад буулаа. Ингээд орос, монгол хоёр эмэгтэй хэдэн эрэгтэйнхээ хамт цааш явсан. Оросын аврах групийнхэн биднийг авирахаас өмнө 5900 метрт мөс ухаж хоргодох байр хийгээд, эгц цасан хананд олс тавьсан байсан юм. Бид тэр хоргодох байранд шургаж хоноод, маргааш өглөө нь цасан хана өөд авирч гараад, цааш жаахан нуруулдаж яваад л оргилдоо хүрсэн дээ. Оргил нь шовх гэж жигтэйхэн. Орой дээр нь нэг төмөр авдар байна. Тэрийг тойроод зогсох жаахан л талбайтай. Оргилд гараад өөрийн эрхгүй уйлахад нулимс хацар дээр хөлдөж байсан. Уг нь долдугаар сар шүү дээ.

 

1989 онд “Эрэл”-ийн Эрдэнэбат, “Буян”-гийн Жаргалсайхан, Ичинноров гурав “Оргил” нэртэй анхны хоршоог байгуулж, таван ажилтан, таван оёдлын машинтайгаар Спортын төв ордонд үйлдвэрлэл явуулж байсан гэгээлэг түүх бий. Тэд биеийн тамирын хувцас, салхины хувцас, аяны хөнжил, үүргэвчийг төрөл төрлөөр нь хийж байв. Дэлхийг дугуйгаар тойрсон “Таван хуруу” баг тэргүүтэй олон ч тамирчдыг “Оргил” хоршоо ивээн тэтгэж, Ичинноров өөрөө ч хоршооныхоо зардлаар ЯпоныРотараБомбей, ЧукуБанСанхэмээххоёрихэроргил, КавказыналдартЭльбрус, ЧехийнТатранурууныдөрвөноргилгэхчлэн гадаадын олон ууланд авирсан. 1991 онд анх Хан Тэнгэр ууланд авирснаар тэр монголынхоо эмэгтэй уулчдыг гадаадын сүрлэг оргилууд руу түүчээлсэн билээ. Хан Тэнгэрийн тэр л авиралтын тухай, үхэл амьдралтай тэмцэлдэж асан жирийн нэгэн уулчин бүсгүйн тухай эргэн дурсах бүрийд “Зуны дэлгэр цагт цэцэгс дамжин нисч явдаг жижигхэн хөөрхөн гоёмсог эрвээхий цаст өндөр уулсын дунд, 4200 метрийн өндөрт, урссан нулимс хацар дээр хөлдөм хүйтэнд хэрхэн тэсч байсан юм бол?!” гэх бодол толгойд эргэлдэнэ.

 

Ж.Б. Тэр ямар учиртай эрвээхий байсан юм бол?!

Т.И. Намайг үхлээс аврах гэж л нутаг орноос минь очсон юм болов уу гэж боддог. Хэрэв тэр эрвээхий байгаагүй бол би буух гэж яваад ангалд унаж үхэх байсан. Би бүр бууя гэж шийдсэн шүү дээ. Тэгээд тэр эрвээхий надтай хоёр хоног хамт байсан. Оросууд намайг ирж авахад майхан маань газартайгаа наалдаад хөлдчихсөн байсан болохоор тэнд нь орхиод явсан юм. Тэгэхэд эрвээхий байж л байсан. Дараа нь эргэж авирахдаа майхнаа очиж авахад эрвээхий байгаагүй. Би одоо эрвээхийнд их хайртай...

Ж.Б. Ёстой үлгэр шиг юм аа...

Т.И. Үлгэр шиг юм ч их бий дээ, хүү минь.