Бат-өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 75 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэж байна. Цэцэрлэгийн барилгын 70 гаруй хувийг гүйцэтгэгч компани бариад байна. Аравдугаар сарын 1-нд шинэ цэцэрлэг бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгын ажилтнууд цэцэрлэгийн барилгыг гэрээнд заасан хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр өглөөний нарнаас үдшийн бүрий болтол тасралтгүй ажиллаж байна лээ. Бат-Өлзий сумын хүн ам арван мянга хол давчихсан. Үүнийгээ дагаад төрөлт сүүлийн хэдэн жил хэд дахин нэмэгджээ. Иймээс сургууль цэцэрлэгийн хүрэлцээ толгой өвтгөсөн асуудал болж. Цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд Бат-Өлзий суманд бий. Хуучин болоод шинээр баригдсан хоёр цэцэрлэг уг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч нөхцөл байдалдаа тааруулаад 360 хүүхэд хүлээн авдаг байна. Гэсэн ч 400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг аж. “Дахиад шинээр цэцэрлэг барьж өгөөч” гэж улсад асуудал тавихаар “Танай суманд 450 сая төгрөгөөр 75 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн биз дээ. Бусад суманд цэцэрлэгийн хүрэлцээгүй хэцүү байхад юун дахиж цэцэрлэг барьж өгөх вэ” гээд тас загнаад буцаадаг байна. Сумын Засаг даргын Тамгын газрынхан өнгөрсөн жил нэгэн мэргэн санаа олжээ. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлж, хуш модны самарнаас 800 гаруй сая төгрөг босгож чаджээ. Самарнаас олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж буй нь энэ аж. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Бат-Өлзий сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. Замд хэдэн залуустай тааралдаж, самрын болц өнөө жил ямар байгаа талаар асууж тодрууллаа. Тэд хотоос Бат-Өлзий суманд самар түүхээр зорин ирээд гар хоосон буцаж байгаа талаараа ярив. Мөнгөншагай гэх залуу “Бат-Өлзий сумынхан самар түүх гээд ирсэн хүмүүсийг хавьтуулахгүй байна.

 Замд тосч ирээд л “Төр нөхөрлөлийн байгаль хамгаалагч байна” гээд үнэмлэх тэмдэг үзүүлээд “Энд самар түүх хориотой. Байгаль орчны тухай хуульд аравдугаар сарын 15-наас эхлэн хуш модны самар түүхийг зөвшөөрдөг” гэсэн хуулийн заалт үзүүлээд хөөж туугаад байх юм. Хэдэн хоног хулгайгаар самар түүх гэж оролдлоо. Нутгийнхан нь газар нутгаа сайн мэддэг болохоор гаргаахгүй бариад авах юм. Сумын цагдаа нарт баригдаад явж байна. Архангай аймаг руу явж самар түүхээс” гэж ярив.

Хангайн нурууны зүүн урд хэсэг Орхон голын ай сав газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум оршино. Уул ус, ургамал тэгширсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий сайхан нутаг ажээ. Сумын төвийн баруун урд хэсгийн айлуудын хашааны цаанаас эхлээд л хуш модон ой нүргэлэн, өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан ногоон дэнж угтах юм. Сумын төвийн дундуур урсах Хүйтний булгийн эргээр хэдэн зуун сарлаг бэлчиж, айлууд гэрийнхээ гадаа утаа май тавьжээ. Харин сумын төвийн хойгуур эмжин мяралзан урсах Могойн голын эрэг дагаад адуу мал багширна. Айлуудын хашаанаас банз хадах, хөрөө раамны нүргэлсэн дуу тасралтгүй сонсогдох юм. Бат-Өлзий сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сумдын нэг. Айл болгон хашаандаа хоёр давхар байшин бариад шинэхэн зүссэн шаргал банзаар хашаагаа барьж, өнгө үзэмж дараад байсан хашааныхаа хаалгыг хээ угалзтай төмөр хаалгаар сольжээ. Бүр хашаандаа явган хүний зам тавиад, спортын талбай хийсэн айл ч олон байна лээ. Жаргаж буй нарны гэрэлд шинээр барьсан байшингуудын улаан, ногоон, цэнхэр дээвэр тодорч, айл болгоны амьдрал илтэд сайжирсан нь энэ бүгдээс тод харагдах ажээ. Засаг даргын Тамгын газрын намхан цагаан байшин, соёлын төвийн хөндлөн дүнзэн хүрэн байшингаас бусдыг шинээр барьсан байна лээ. Хоёр давхар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөл баригдаж ашиглалтад орсон байна. 2004 онд гурван мянга хүрэхгүй хүн амтай байсан Бат-Өлзий сумын иргэд өнөөдрийн байдлаар арван мянга хол давжээ. Сумын төвийнхөн нийслэл рүү нүүдэг байсан бол сүүлийн хэдэн жил нийслэл, ойр хавийн сумдаас айлууд нүүж ирэх болсон гэнэ.

“Намар хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бөөн юм болно шүү дээ”

Бат-Өлзий сумынхан самрын мөнгөөр баригдаж байгаа цэцэрлэгээ “Боргоцой” цэцэрлэг гээд хэдийнэ нэрлэчихсэн байх ажээ. Сумын төвд явж байгаа 50 эргэм насны эмэгтэйгээс “Шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга хаана байгаа вэ” гэж асуухаар “Боргоцой” цэцэрлэгийг хэлээд байна уу. Сумын Засаг даргын Тамгын газрын хойно байгаа. Манай сумын удирдлагууд сумын иргэдээр самар түүлгэж, компаниудад худалдаж, дундаас нь мөнгө олсон юм. Тэр мөнгөөрөө цэцэрлэг барьж байгаа. Өвөрхангай даяар Бат-Өлзийн самарчид гэж нэр авчихсан шүү дээ” гээд л инээд алдан ярих. Тэгснээ манай суманд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд намар болохоор бөөн юм болно. Хотын цэцэрлэгүүд шиг л хэрүүл тэмцэл, уур бухимдал болно. Танил тал, авлига хээл хахууль хүртэл яригдана. Үнэхээр 700 хүүхдээс 300 хүүхэд авч байгаа болохоор яах юм бэ. Хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүснэ. Тэгээд л сугалаа сугалж азаа үзнэ шүү дээ. Харин шинээр цэцэрлэг баригдаж байгаад их баяртай байна. Манай сум энэ жил цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж байгаа гэж дарга нар хэлсэн. Шинэ цэцэрлэг ашиглалтад ороод багийн төв дээр бага сургуулийн хажууд гэр цэцэрлэг гадаадын төслөөр баригдаж байгаа” гэв.

“Бид чанартай барилга барихаар хичээж байна гэв”

Ингээд “Боргоцой” цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахаар очлоо. Өвөрхангай аймгийн “Эрч хүч хөгжил” ХХК цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Компанийн захирал В.Самданцоодол угтаж авлаа. Тэрбээр “Орон нутгийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд болсон тендерт манай компани шалгарсан. Тэгээд шууд ажилдаа орсон. Одоогоор барилгын ажлын 30 орчим хувь нь үлдээд байна. Дотоод засал чимэглэл, дээвэр, цонх, гадаад тохижилтын ажил үлдээд байна. Хоёр давхрын өрлөгийн ажил дөнгөж саяхан дууслаа. Шавар, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажлыг өнгөрсөн долоо хоногт бүрэн дууссан. Цэцэрлэгийн гадна талын хашаагаа гагнуулаад аваад ирсэн. Хашаагаа угсарч дуусаад гадаад тохижилт, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийж гүйцэтгэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэж өгнө. Ажилд саад болсон зүйл огт байхгүй. Манай компанийн хувьд сумын удирдлагуудын зөв зохистой шийдвэрээр байгалийн дагалдах баялаг болох самарнаас мөнгө босгож хүүхдийн цэцэрлэг барьж байгааг дэмжиж байгаа. Монголд самраар цэцэрлэг барьсан сум хаана ч байхгүй. Бидний зүгээс цэцэрлэгийн барилгыг олон жилийн настай, сайн барилга барьж өгөх гэж хичээж байна. Тэр ч утгаараа бүх зүйлд хянамгай хандаж, барилгын материалын чанартайг нь сонгож авч байна. Сумын төвийнхөн “Боргоцой” цэцэрлэгийн ажил юу болж байна гээд л хүрч ирээд бидний ажилтай танилцаад явна. Шинэ цэцэрлэгт хүүхдээ явуулах нь гэж олон эцэг, эх баярлаж байгаа” гэв.

Бат-Өлзий суманд 2006 оноос хойш самар огт ургаагүй гэнэ. 2006 онд самар түүхээр ирсэн хүмүүсийн балгаар ой шатаж, сумын иргэд сар гаруй түймэр унтраах гэж ноцолджээ. Бороо, цастай нийлж арай гэж унтрааж авсан байна. Харин өнгөрсөн жил самар ургаж эхэлж. Мод болгонд боргоцой ургажээ. Болц, амт шимт “тасархай” гоё байсан гэнэ. Байгалийн баялаг болсон энэ их боргоцойг яах вэ. Хууль бусаар самар түүгчид ирээд хуу хаман авч, ой модоор дүүрэн хог новш тарихыг хараад сууж байх уу гэх асуудал тулгарсан байна. Ингээд хоорондоо ярилцаж байгаад ой модоо хамгаалах, ашиг олох боломж гарцыг олжээ. Ингээд сумынхан 800 сая төгрөг боргоцойноос олж чаджээ.

БАТ-ӨЛЗИЙ СУМЫНХАН САМАР ТҮҮЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА-II

Хангайн нурууны зүүн урд хэсэг Өвт хайрхан, Их булаг, Баянхайрхан, Бат-Өлзий, Ар цэгээн уул гээд л Бат-Өлзий суманд сүүлийн арван жил ургаагүй их хэмжээний боргоцой өнгөрсөн жил ургажээ. Хуш мод болгоны мөчирт атгасан гар шиг том том боргоцой ургаж, ойн гүнд үхрийн нүд, аньс, гүзээлзгэнэ тэргүүт жимс хөл гишгэх зайгүй ургажээ. Хуш модны мөчир боргоцойгоо дааж ядан бөхөлзөж, сагсгар сүүлтэй хэрэм модноос мод дамжиж дэлгэр сайхан намар болж байна. Нарны гэрэл илүү туссан газрын боргоцой найман сарын сүүлчээр бүрэн боловсорсон байна. Хуш модыг багахан доргиоход л боргоцойн бороо нирхийтэл бууж байсан гэж нутгийнхан ярьж байна лээ. Байгаль дэлхий ингэж үр өгөөжөө харамгүй өгч байхад яах ёстой вэ. Газар газрын самарчид ирээд ой модоор тэнэж, байгалийн баялгийг нь хуу хамаад аваад явахыг хараад сууж байх уу. Байгаль орчны хэдэн байцаагчаа өдөр, шөнөгүй эргүүлд гаргалаа ч гэсэн хэдэн мянгаараа ирэх самарчдыг яаж ч чадахгүй нь тодорхой. Самар түүхээр ирсэн хүмүүс ой хөвчөөр гэр хийж олон хононо. Байгаль орчин бохирдуулж, хог новш тарина. Гал түлсэн газраа цог нурмыг нь унтраахгүй явчихна. Хэнэггүй нэг нь тамхины ишээ хаяхад л хуурай өвсөнд гал авалцаж, ой мод бүхэлдээ шатна. Ийм л ар араасаа цуварсан асуудал шүдний өвчин болж байжээ, Бат-өлзий сумынханд.

ТОЛГОЙ ӨВТГӨСӨН АСУУДЛЫГ СУМАНД АШИГТАЙГААР ЭРГҮҮЛСЭН АРГА

Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ынхан хэд хэдэн удаа хуралджээ. Ингээд сумын Засаг дарга Н.Баттулга нарын удирдлагууд ийм санаа олсон байна. Нэн түрүүнд байгаль орчноо хамгаалах нь зүйтэй. Ингэхийн тулд байгаль хамгаалагчид яагаад ч дангаараа дийлэхгүй.

Тэгэхээр хамгийн оновчтой бөгөөд нутгийн иргэд болон суманд ашигтай нь нөхөрлөл байгуулах гэсэн зөвшилцөлд хүрчээ. Ингээд сумын баг болгонд нөхөрлөл байгуулах хэрэгтэй юм байна. Хамгийн багадаа 20 гаруй гишүүнтэй 20 гаруй нөхөрлөл байгуулна. Үүнийхээ дараа нөхөрлөл болгонд самар ургасан уулын ам бүрийг хэсэгчилж хариуцуулж, гишүүдэд байгаль орчны байцаагчийн үнэмлэх тэмдэг өгнө. Ингээд гаднаас ирж байгаа хүмүүсийг самар түүх хуулийн хугацаа буюу аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж бид нутгаа хариуцах эзэнтэй байлгаж, гал гарах, байгальд хог хаях гээд толгой өвтгөсөн олон асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж байна. Ой модоо, самраа хамгаалсны дараа яах вэ. Нөхөрлөл болгоныг хариуцаж авсан газраасаа боргоцой түүж, цайруулах зөвшөөрөл олгоё. Нөхөрлөлүүдийг нийслэлээс цайруулсан самар худалдаж авч, борлуулдаг компаниудтай хамтран ажиллах гэрээ хийлгэж, түүж цайруулсан самраа зах зээлийн үнээр худалдах боломжийг нээж өгье гэсэн шийдвэрийг гаргажээ. Бат-Өлзий сум даяар нөхөрлөл байгуулах, нутгийн иргэд элсэх, аль аль хэсгийг хариуцаж хамгаалах, хотоос ирэх хүмүүсийг хөөж явуулах гээд нөр их ажил эхлүүлжээ. Нутгийн иргэд түүхий самар түүх нь ямар сөрөг үр дагавартай талаар мэдээлэл түгээж, эрүүл ахуй болон бусад сөрөг зүйлсийн талаар яриа ухуулга хийж, хуулийн заалтыг тараасан байна.

 Үүнийхээ дараа Сум дундын Ойн ангиар Бат-Өлзий сумын газар нутгаас хэдэн тонн самар түүх боломжтой талаарх дүгнэлт гаргуулсан гэнэ. Бат-Өлзий сумын ойн анги 1.2 тонн цайруулсан самар хурааж авах бүрэн боломж байна гэсэн дүгнэлт гаргаж. Эргүүлд гарсан нөхөрлөлийн гишүүд “Боргоцой бүрэн гүйцэд болчихлоо. Хоног хугацаа алдах юм бол унаж, чөмөг нь хатчих гээд байна” гэж Засаг даргад хэл дуулгах болжээ. Хоног хугацаа алдах тусам самар хурааж авах байдал хүндэрч мэдэхээр байсан аж. Ингээд байгалийн дагалдах баялаг болох боргоцойгоо түүхээс өөр сонголтгүй болсон байна.

АЙМГИЙН ДАРГА НАР ДЭМЖИЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САМАР ТҮҮХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

Ингээд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн, одоогийн Засаг дарга Н.Баттулга нартай уулзаж, самар түүх талаараа танилцуулжээ. Бүр Байгаль орчны сайдын А166 дугаар тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүвэл цайруулсан самрын килограмм тутмаас 800 төгрөг, ахуйн хэрэгцээнд түүвэл 500 төгрөг авахаар заасан байдаг. Үүнийг баримталж ажиллан улсад орлого оруулах боломж байгаа талаар танилцуулжээ. Мөн байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргаанд тус нэмэр болох давуу тал байгааг хэлж ойлгуулсан байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга нар дэмжиж, есдүгээр сарын 15-наас эхлэн үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрлийг өгөх, Бат-Өлзий суманд өрнөж байгаа их ажлын талаар танилцуулга бүхий албан бичиг хүргүүлжээ. Байгаль орчны сайд энэ талаар бусад яам, Тамгын газрынхантай хуралдаж есдүгээр сарын 15-наас самар түүх зөвшөөрөл олгосон байна.

СУМАНД БОЛОН ИРГЭДЭД АШИГТАЙ АЖИЛ БУЮУ 820 САЯ ТӨГРӨГ

Тариалангийн бүс нутагт жил болгоны намар өрнөдөг ургац хураалтын ажил шиг Бат-Өлзий суманд боргоцой хураалтын ажил 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр эхэлжээ. Нутгийн иргэд боргоцой унагаах модон муна, самар цайруулах багаж хэрэгсэл хийж, майхан, хоол ундаа бэлтгэж аваад л уул руугаа явжээ. Ойн гүнд хуш модыг түн хийтэл цохих, пирхийтэл боргоцой унах, мод тойрон зогсох хүүхэд, эмэгтэйчүүд унасан самрыг шуудайндаа хийж, нэг газраа овоолох, овоолсон боргоцойгоо эрчүүд нь нэг газраа бөөгнүүлээд цайруулах гээд л нөхөрлөл дотроо өөр өөрийнхөө ажлын чиг шугамтай баг бүрдүүлэн ажиллажээ. Сумын Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт тавихаа ч мартсангүй. Ингэж 20 гаруй хоног Бат-өлзий сумынхан уул хангайдаа пижигнэж, самар хураалтын ажлаа хийж дуусгасан байна. Цайруулсан самраа гэрээ хийсэн компанийнхаа агуулахад аваачиж өгөх, жинлээд сумын Засаг даргын Тамгын газраас баталгаажуулж бичилт хийлгэж, гоожин түүх зөвшөөрлийн бичиг гэдэг шиг самар түүх зөвшөөрлийн бичгээ сунгуулаад уул руугаа дахин явсан их ажил хангайн буйдхан суманд өрнөжээ. Самар түүх зөвшөөрөл тавигдах үе буюу аравдугаар сарын 15-нд Бат-өлзий сумынхан самраа түүгээд дуусчихсан байжээ. Нийтдээ тонн гаруй цайруулсан самар түүсэн тооцоо гарсан байна. Үүний үр дүнд Бат-өлзий сумын төсөвт 820 сая төгрөг төвлөрүүлжээ.

Харин нөхөрлөлийн гишүүд хамгийн багадаа л сая төгрөгийн ашиг орлоготой болсон байна. Бүр нэг гишүүндээ таван сая төгрөг өгсөн нөхөрлөл ч байжээ. Энэ талаар Бат-Өлзий сумын “Өвт хайрхан” нөхөрлөлийн гишүүн Г.Батмөнхтэй ярилцаа.

-Та самар түүгээд хэдэн сая төгрөгийн орлого олсон бэ?

-Гурван сая гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Биднийг уулнаас цайруулсан самраа аваад ирэхэд гэрээт компани килограммыг нь 2500 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин сүүлдээ үнэ нь нэмэгдээд 7500 төгрөгөөр килограмм тутмыг нь худалдаж авсан. Олсон мөнгөөрөө оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж, өвлийн хувцсыг нь бүрэн бэлдэж чадсан. Манай сумын их олон айл өрхийн амьдралд “Боргоцой” төсөл хэрэг болсон. Манай ах дүү хамаатан садангууд өвлийн идэш, цагаан сарынхаа хэрэгцээг хүртэл хангасан. Банкны зээлээ төлж, дэлгүүрт өртэй байсан нь өрөө дараад, дэлгүүр худалдааны төвүүдийн эдийн засаг сэргэж, бараа бүтээгдэхүүн эргэлтэд ороод сайхан байсан.

-Энэ жил та нар самар түүнэ биз дээ?

-Сумынхан Байгаль орчны сайд руу хугацаанаасаа өмнө түүх зөвшөөрөл хүсэж байгаа гэсэн. Тэр зөвшөөрөл гарч хорио тавигдах юм бол түүнэ. Энэ жил самар их ургасан байна лээ. Өнгөрсөн жилийнх шигээ байгалиасаа ашиг хүртэж амьдралдаа тус нэмэр болгох боломжийг нээж өгч байгаад баяртай байна. Манай Бат-Өлзий суманд ургадаг самар ширхэг том, чөмөг ихтэй тул хүмүүс ам сайтай байдаг юм. Хотынхон булаацалдаад л манай нутгийн самрыг авдаг гэсэн. Боргоцой ургаад л байх юм бол Бат-Өлзий сум хөгжөөд л байх боломж харагдаад байна. Сум самарнаас олсон мөнгөөрөө цэцэрлэг барьж байна. Нутгийнхан боргоцойн ашгаар олсон мөнгөөрөө цэцэрлэг бариулж байгаа гээд бүгд л баяртай, сэтгэл дүүрэн байгаа гэв.

Тонн самарнаас байгаль орчны байцаагчийн гаргасан тушаалыг мөрдөж 820 сая төгрөгтэй болжээ. Улсын сан хөмрөгт хадгалж байгаад 100 гаруй сая төгрөгийг нь аймгаас өмнө нь авч байсан татаас мөнгөндөө өгчээ. Мөн залгаа сум болох Хархорин сумын нутгаас самар түүсэн байна гээд мөн л 100 гаруй сая төгрөгийг нь өгсөн гэнэ. Ингээд энэ мөнгөөр иргэдэд тустай юу хийх вэ гэж сумын удирдлага хуралджээ. Иргэдээс ч санал авсан байна. Сумын соёлын төвийг шинээр барих гэхээр 1.2 тэрбум төгрөг шаардлагатай, харин Орхоны модон гүүрийг бетонон болгох гэхээр 1.6 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингээд тулгамдаж буй асуудлын нэг болох цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд шинээр цэцэрлэг барихаар шийдвэр гаргажээ. Өнгөрсөн зургаан сараас эхэлсэн цэцэрлэгийн барилгын ажил удахгүй дуусах гэж байна.

БАТ-ӨЛЗИЙ СУМЫНХАН САМАР ТҮҮЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА-III

Өнөө жил Бат-Өлзий сумын нутаг ой хөвчид боргоцой их ургажээ. Атгасан гар шиг том том боргоцой байгаа гэнэ. Бороо их орсон жилийн боргоцой том, амт шимтийн хувьд ярилтгүй сайхан байдаг гэж нутгийнхан ярьж байна. Өнгөрсөн жилийнх шигээ самар хураалтын ажилд сумаараа явах байх гэсэн хүмүүс Бат-Өлзийгөөр дүүрэн байгаа харагдлаа. Тиймдээ ч Засаг даргын Тамгын газраас анхааруулга бичиг наасан байна лээ. Анхааруулгад “Самар түүх хориг тавигдаагүй байна. Гадны хүмүүс ирж самар түүх гэвэл Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байцаагч болоод нөхөрлөлийн гишүүдэд яаралтай мэдэгдэнэ үү” гэжээ. Бат-Өлзий сумын иргэд “Байгаль орчны сайд Д.Оюунхорол үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрөл хурдхан олгоосой билээ” гэж ярих. Ууланд явах багаж хэрэгсэл, майхан, өмсөх хувцас, модон муна, хийх шуудайгаа бэлдэж, машин тэргээ хүртэл засч янзалж байна. Нөхөрлөлүүд цайруулсан самраа хураах байшин саваа султгаж бэлтгэжээ. Бүр гэрийн мод хийж зах зээлд борлуулдаг нөхөрлөлийн гишүүд ажлаа зогсоож самар түүхээр ярилцаад байгаа аж. Ингэж л намрын самар хураалтын ажлаа эхлүүлэхээр сум даяараа тэсч яадан хүлээж байна.

Сумынхан өөрсдөөсамар түүдэг болсноор байгалиа хамгаалж чадаж байгаа

 Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Баттулгатай сүүлийн үед сум орон нутагт хийгдэж байгаа томоохон ажлууд болон боргоцой хураалтын ажлын талаар ярилцлаа.

-Самар түүх ажлыг энэ жил дахин хийх үү?

-Өнгөрсөн жил бид самар түүх ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан. Хэн хэндээ ашигтай ажиллаж иргэд ч гар дээрээ бэлэн мөнгөтэй болж, нөхөрлөлүүд мөнгөн хуримтлалтай болж, цаашид хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн жилийн хураасан самрыг худалдаж авсан компаниуд ч бүрэн гүйцэд боловсорсон, эрүүл ахуйн шаардлага хангасан самар нийслэлийн иргэдэд худалдан борлуулж байна. Энэ бүгдээс гадна манай сумын Засаг даргын Тамгын газар, ИХТ хамт олон зөв зохистой санааг дэмжиж, амжилттай хэрэгжүүлж чадсан. Үүнийхээ үр шимээр 820 сая төгрөгтэй болж чадсан. Хүүхдийн цэцэрлэг баригдаад дуусах шатандаа орж байна. Мөн Бат-Өлзий сумын байгаль орчин хүний буруутай үйлдлээс болж хогондоо дарагдах, ургаа мод хугарах, ойд гал түймэр гарах хэцүү нөхцөл байдлыг бүрэн зогсоож чадсан. Өмнө нь самар түүхээр ирсэн гадны иргэд энд тэндгүй хог тариад явдаг байлаа. Тэдний отоглож байсан газар хүн харахын аргагүй болно. Мод хугалж, байгаль сүйтгээд мөнгө олж болох юм болгоныг аваад явна. Үүнийг бид бүрэн зогсоож чадсан. Нутгийн иргэд нутагтаа хар буруу санаж, харгис хандана гэж байхгүй. Өнгөрсөн жил самар хураах ажил хийгдэж байхад Засаг даргын Тамгын газар хяналт тавьж ажилласан. Хэний отоглож байгаа газар хог тарьсан байна. Цайруулсан самрын хогийг хаана хаясан байна. Мод хугалж байна уу. Мод руу авирч самар түүж байна уу гээд л хяналт шалгалт байнга хийсэн. Зөрчил, дутагдал мэдээж гарсан. Газар дээр нь хариуцлага тооцож, тарьсан хогийг нь түүлгэчихэж байгаа юм. Гадны иргэд ирээд самар түүгээд явдаг. Тэд гал алдаад ой шатдаг. Сумаараа ойд гарсан галыг унтраах гээд хүн хүч, хөрөнгө мөнгө гээд л олон асуудал гардаг юм. Энэ жил бид Байгаль орчны яаманд есдүгээр сарын 15 буюу хуулийн хугацаанаас сарын өмнө самар түүх зөвшөөрөл хүссэн байгаа. Нарны тусгал байнга тусдаг газрын самар болц нь гүйцсэн байна лээ. Одоо зөвхөн сайдын шийдвэрийг хүлээж байна. Тэгвэл өнгөрсөн жил хэрхэн ажиллаж байсан туршлага дээрээ нэмж бүр боловсронгуй болгосон шийдлээр ажиллахаар төлөвлөөд байна. Хамгийн гол нь түүж байгаа иргэд түүлгэж байгаа бид хариуцлагатай байх нь нэн чухал асуудал.

-Энэ жил самар түүж олсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоогоор яг тэгнэ, тийм зүйлд зарцуулна гэсэн зүйл алга. Ямар ч байсан самраа хураах дээр анхаарлаа хандуулж байна даа. Үүнийхээ дараа л шийднэ. Манай суманд Ерөнхий боловсролын сургуулийнхаас өөр спорт заал байхгүй. Тэгэхээр сайхан спорт заалтай болох юмсан гэсэн хүсэл нутгийн залууст байна. Залуус спортоор хичээллэж, цагийг зөв зохистой өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал. Энэ талаар бид ярилцаж байгаа. Ирэх аравдугаар сард цэцэрлэг маань ашиглалтад орно. Байгалийн дагалдах баялгийг зөв зохистой ашиглаж,танай сумынхан шиг улсад хэрэгтэй зүйл хийсэн сум Монгол Улсад байхгүй гээд л ирсэн хүн болгон сайшааж байна. Сум орон нутгаа яаж хөгжүүлэх вэ гэж хүн бүр бодож байна. Улсын төсвөөс асуудлыг бүрэн шийдэж өгнө гэж байхгүй. Нэг жил цэцэрлэг барьсан бол дараа жил нь суманд нэн хэрэгтэй байгаа зүйлсийг шийдэж өгөөд явна. Тэгэхээр яах ёстой вэ. Сумынхан өөрт байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэж л сумаа хөгжүүлж, иргэд сумандаа сайхан амьдарна гэж боддог.

-Танай сумын хувьд сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа нь харагдаж байна. Суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярихгүй юу?

-Манай сум арван жилийн өмнө гурван мянган хүн амтай жижиг сум байлаа. Одоо арван мянга хол давсан хүн амтай сум болчихлоо. Уул уурхай, ашигт малтмал гээд байх зүйлгүй газар. Нутгийнхан байгалиа түшиглэж амьдарна. Бат-Өлзий сум гэрийн мод хийж худалдаалдаг олон аж ахуйн нэгжтэй. Монгол Улсын гэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангаж байна гэсэн тооцоо гарсан. Мөн 25 мянган сарлагтай.Сарлагаа өсгөж, сүү цагаан идээ боловсруулж амьдралаа залгуулж байна. Мөн манай сум аялал жуулчлалын бүс нутаг. Улаанцутгалан, Төвхөн хийд, галт уулын тогоонууд болох Тогоо хад, Үүртийн тохой, Хүйсийн шанага нуур гээд үзэж харах зүйл ихтэй. Иймд зундаа гадаад, дотоодын аялагчдад үйлчилдэг айл өрх олон бий. Бат-Өлзий сумын төвд айлууд хашаа хороо, байшингаа засч янзалж өнгө үзэмжтэй хоёр давхар байшинд амьдардаг болоод байна. Дэлгүүр худалдааны төв гэхэд 60 гаруй байгаа. Жил бүр “Сарлагийн фестиваль” зохион байгуулж, өвөлдөө Улаан цутгалангийн хөлдсөн мөсөн дээр улсын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээн хийж байна. Суманд улсын төсвөөр Эрүүл мэндийн төв барьсан. Хуучин эмнэлгээ засч янзлаад ахмадын өргөө байгуулаад байна. Ахмадын өргөөнд өндөр настай иргэд сувилуулж, чөлөөт цагаа шатар тоглох зэргээр өнгөрөөж байна. Мөн нэг өрөөг нь архинаас гаргах эмчилгээ хийлгэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болгосон. Сургуулийн өргөтгөлийн 320 хүүхдийн шинэ барилга ашиглалтад оруулсан. Цэцэрлэгийн 75 хүүхдийн өргөтгөл хийсэн, сумын төвөөр сайжруулсан зам тавьж, гэрэлтүүлэгтэй болсон гээд бүтээн байгуулалт, хөгжлийн талаар олон зүйл хэлж болохоор байна. Нэг үеэ бодвол Бат-Өлзий сум хөгжиж байна. Сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бид бүрэн гаргасан. Энэ дагуу хийгдэх олон ажил биднийг хүлээж байна даа гэв.

ГЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Бат-Өлзий сумын "Улаан" багийн төвд 30 хүүхдийн гэр цэцэрлэг өнгөрсөн сард ашиглалтад оруулжээ. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер У.Долгормаа гэр цэцэрлэг барих ажлыг анх санаачилж, гадаадын иргэдийн хөрөнгө оруулалтаар барьсан гэнэ. Анх аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байхдаа таньж мэддэг хүмүүстээ "Улаан" багийн төв дээр цэцэрлэг байгуулах шаардлагатай байгаа талаар хэлдэг байсан аж. Түүний энэ санааг “Ди Эн Ди” компанийн захирал н.Соёлмаа дэмжиж, гадаадын иргэдтэй холбож өгчээ. Ингээд Франц улсын иргэн Алион гэх эрэгтэй мэдээллийн сайт байгуулж, түүгээрээ Бат-Өлзий сумын "Улаан" багт цэцэрлэг барих хөрөнгө мөнгийг босгожээ. Ингээд таван ханатай хоёр гэрийн дунд жижигхэн байшин барьж холбоод 30 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. Халбага, сэрээнээс эхлээд унтах ор, тоглох тоглоом, багш нарын гарын авлага гээд бүхий л зүйлсийг гадаадын иргэд бэлдэж өгчээ. Ийнхүү олон жил ярьсан гэр цэцэрлэг бага сургуулийнхаа дэргэд ашиглалтад оржээ.

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТӨВ ТЭЛДЭГГҮЙ ШАЛТГААН

Бат-Өлзий сум хэдэн уулын дунд орших аж. Хавтгай жижиг дэвсэг дээр чихэлдэж багширсан байдалтай харагдах юм. Улаанбаатар хот шиг л хүн амын нягтаршил их ажээ. Яагаад тэлдэггүй шалтгаан нь дараахь учиртай гэнэ. Баруун талдаа том уултай болохоор тийшээ тэлэх боломж байхгүй. Зүүн тийшээ сунгаж барих гэхээр битүү намагтай. Хашаа барих ямар ч боломж байхгүй. Харин Могойн голоос хойш улаан эрэг дагаад доод үзүүр хүртэл тавиу сайхан газартай. Даанч тусгай хамгаалалтын бүсэд орчихсон болохоор ашиглах боломж байхгүй гэнэ. Газар байхгүйн зовлон Бат-Өлзий сумын төвийг тэлэх боломжийг хаажээ. Тиймээс Бат-Өлзий сумынхан хурдан морь уралдуулдаг хэсэгхэн тал газартаа сумаа тэлэх хүсэлтэй байгаа аж. Ингэхийн тулд тэр газрыг тусгай хамгаалалтаас гаргах ёстой юм байна. Энэ асуудлыг шийдэж өгнө гэж тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болгон амладаг боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байгаа гэнэ.