Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй Монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (I)

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар


                Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Бичигтийн боомт орох гээд явж байтал нум болтлоо гэдсээ татсан зээрд морь хатирч явахтай таарав. Хавирга нь хэрзийгээд, өнгө зүс нь гундаж, сүүл нь оодойчихсон, ташаан толгойны үс нь тэр чигтээ халцарсан байх аж. Газар үнэрлээд л хангинатал янцгаах юм. Үе үе эргэж харсаар хатирч харагдана. Гэтэл урд уулын зүүн мөрөөр мотоцикльтой хүмүүс гараад ирлээ. Нөгөө зээрд морины барааг харангуутаа л хаазлаад хурдалж гардаг байна шүү. Хэдхэн минутын дотор зээрд морийг гүйцчихэв. Мотоцикльтой залуус хашгирч, гуугачиж араас нь сигналдаж, зүүн тийш эргүүлэн туух гэж оролдож байв. Харин зээрд морь мотоцикльтой залуусын ар, өврөөр бултаж баруун тийшээ л тэмүүлэх аж. Залуусын нэг нь мотоцикльтойгоо гүйцэж очоод, шилбүүрээр өөд уруугүй ороолгож, голынхоо дуугаар хашгирах аж. Шилбүүрээр ороолгуулах бүртээ зээрд морь татганаж, гишгэгдэл алдаж байсан юм. Хэсэг хугацааны дараа зээрд морь, эцэж туйлдсан бололтой. Шаасан гадас шиг тэр дороо нам зогсчихлоо. Тэгсэн мотоциклийн ард сундалж явсан улаан шаргал дээл, хүрэн өнгийн хүрэмтэй залуу үсэрч буугаад л зээрд морийг тийрээд унагачихлаа. Тэгснээ хэд хэдэн удаа толгой руу нь өшиглөөд авлаа.

Энэ бүгдийг хараад зогсож байсан бид залуус дээр яваад очлоо. Залуустай мэнд мэдэлцээд, яагаад адуу мал зодож нүдээд байна вэ гээд шуудхан асуучихлаа. Тэгсэн намхан биетэй, бор царайтай залуу “Хувхай нугасандаа хутга шаалгамар чинь хашаа давж харайгаад нутаг руугаа зугтаачихдаг байна ш дээ. 20 хоног юу ч идээгүй юм байж шандастай муу шир байх нь. Гурван ч удаа хашаан дээгүүр харайгаад баригдаж байгаа юм. Биднийг 400 мянган төгрөгийн өрөнд оруулчих гээд байна” хэмээн уурсав. Зээрд морийг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас худалдаж авчээ.

Дэлгэрэх сумаас Бичигтийн боомт хүртэл гурав хоног ачигдаж ирсэн байна. Ингээд 19 хоног машины тэвшин дээр өвс, усгүй байсан гэнэ. Харин хоёр хоногийн өмнө бага хэмжээний өвс өгчээ. Зээрд морийг мяндсаар ногтолж, хөтлөөд явцгаалаа. Хар хөлс нь цувж, хөх мах нь чичирсэн зээрд морь дөрвөн хөлөө дааж ядан хөтөлж яваа хүний хойноос сажилж байлаа. Бид ч Бичигтийн боомтыг чиглэн хөдөллөө. Замд үхсэн адуу тэвшин дээрээ дүүртэл ачсан машин зөрж таарав. Хогийн цэг дээр аваачиж хаях гэж яваа бололтой.

“Бичигтийн боомт дээр 1200 гаруй адуу хилээр гарч чадахгүй 20 гаруй хонож байна. Шадар сайд У.Хүрэлсүх улсын хилээр адуу гаргахгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш боомтын ойролцоо олон зуун адуу машины тэвшин дээр өлбөрч үхэж байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэр Бичигтийн боомт дээр очихоор явж байхдаа дээрх үйл явдалтай таарсан юм.

Монголчууд молор эрдэнэ хэмээн үеийн үед шүтэж ирсэн адуугаа яаж тамлан, тарчлааж, турааж алж байгааг Бичигтийн боомт дээрээс харж болох. Банзан хашаагаар дүүрэн адуу хашсан байлаа. Багцаагаар 400 гаруй адуу байна, тэнд. Мөн хашааны гадна талд хүнд даацын машины тэвш дүүрэн адуу ачаатай байх аж. Нэг машины тэвшин дээр гараад харлаа. Тэвшин дээр байгаа адуунуудын сүр сүлдний талаар ярих ч юм биш. Бүгд олон хоног өлгүй байснаас болоод нүднээс гарчихсан, бүрзийсэн зогсож байв. Арай л гэж хөл дээрээ тогтож байгаа бололтой. Бие биедээ тулгуур болж байгаадаа л босоо байна уу гэмээр. Ташаан толгойны яс нь горзойгоод, хавирга нь хэрзийгээд харахаас нүд халтирмаар байв. Цагаан гүү, хул зүсмийн морь тэвшний хойд хэсэгт амь тавих гэж байгаа бололтой харагдлаа. Зүүн талын хашаанд байх дөрвөн ханатай гэрээс гурван залуу гараад ирлээ. “Хөөш юун хүмүүс машин тэрэг рүү өнгөлзөөд байгаа юм бэ. Яах гэж яваа юм” гээд нэлээд омогтой гарч ирцгээлээ. Тэдэнтэй мэнд мэдэлцээд, адуугаа хэзээ эргүүлэн татах гэж байгаа талаар асууж тодруулав. Хотоос компанийн захирал хүнд даацын машин хөөцөлдөж байгаа гэж сая ярилаа гэснээ “Энэ хэдэн үдээрийг Хятад руу гаргачих юм бол ажлын хөлс мөнгөө аваад явчихмаар байдаг. Гэтэл хилээр гаргахгүй гээд шийдвэр гарчихлаа. 20 хоног энд хийх ажилгүй зогслоо” гээд уурлаж байна. Тэгэхээр нь “Та нар яагаад уурлаад байгаа юм бэ. Адуу мал турж үхээд байна гээд хотод бөөн яриа болж байна шүү дээ” гээд асуулаа. Тэгсэн өөдөөс “Тэгэхгүй яах юм бэ. Энэ хэдэн адууг ачсанаас болоод баларч байна. Хамаг ажлаа алдаад 20 гаруй хоночихоор хэний ч гэсэн уур хүрнэ биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс шүү” гэв.

 

Өндөр биетэй өөрийгөө Ширэндэв гэж танилцуулсан залуу “Өө п..... нөгөө цагаан гүү, хул морь хоёр чинь үхэж байна ш дээ. Сэгнүүд чинь яасан үхэж дуусддаггүй юм бэ” гэж ачаатай адууг зүхэж хараасаар машины тэвшин дээр гарлаа. Тэгснээ арынхаа хаалтыг онгойлгов. Нэг нь цагаан гүүний сүүлнээс, нөгөөх нь чихнээс нь зулгаав. Харин Ширэндэв тэвшин дээрээс их биеийг нь хөлөөрөө түлхэж, шороон дээр пидхийтэл унагачихлаа. Цагаан гүү газарт унаад хэд хэдэн удаа татваганаж байгаад амьсгаагаа татчихлаа. Хул морийг мөн л энэ янзаараа буулгав. “Одоо наадах чинь тэгж байгаад үхнэ биз. Гэрт ороод хөзрөө үргэлжлүүлэх үү” хэмээн хоорондоо ярих ажээ. Хашаатай байгаа 40 гаруй адуу мөн л өр өвтгөмөөр дүр төрхтэй байна лээ. Олон хоног өвс идээгүйгээс болоод нэгнийхээ дэл сүүлийг юу ч үгүй болтол нь идчихсэн байх. Мөн хашааны буланг энд тэндээс нь хэмлэсэн шүдний ором мөр хаа сайгүй гарчээ. Хүн ирсэн бараанаар бүгд үүрсэж, хашаа л хөдөлнө гар дагаж хараад бүлтгэнээд л зогсоод байх юм. Хашаатай байгаа 400 гаруй адуунд 50-иад боодол өвс өчигдөр орой тавьж өгсөн гэсэн.

“ҮХСЭН АДУУГ НЬ ТЭВШИН ДЭЭРЭЭСЭЭ БУУЛГАЖ ШИДЧИХЭЭД Л СУУЖ БАЙНА”

“Түмний хүнс” компанийн ажилтан Б.Дэлгэрдалайгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энд хэзээ ирсэн бэ. Хаанаас адуу ачиж ирсэн бэ?

-Энд ирээд сар болох гэж байна. Гэрээсээ гараад 40 гаруй хонож байна даа. Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгаас ченжүүдээр дамжуулан худалдаж авсан адуу байгаа. Нэг адууг 70 мянган төгрөгөөр ачихаар тохиролцсон юм. Адуугаа ачиж дуусаад шороон замаар гурав хоног явсан. Арай гэж боомт дээр ирсэн Шадар сайд У.Хүрэлсүх улсын хилээр адуу гаргаж болохгүй гэсэн түр шийдвэр гаргасан. Хилээр адуу гаргахгүй гээд хорьчихсон. Компанийн захирал болон бусад хүн өнөө маргаашгүй хилээр гаргах юм гэнэ. Гаргасан хоригоо цуцлах гэж байгаа” гэсэн яриа гарсан. Тэгээд л гаргасан шийдвэрээ цуцлахыг нь хүлээгээд л энд байгаад байсан. Энэ байдлаар 20 гаруй хоночихлоо.

-Таны ачиж ирсэн адуунаас хэд нь үхсэн бэ. Яагаад машины тэвшин дээрээсээ буулгахгүй, өвс, ус өгөхгүй 20 гаруй хоног болгочихсон юм бэ?

-Адуу үхэж байгаатай бид ямар холбоотой юм бэ. Та нар эсэн мэнд ачаад боомт ор гэж хэлсэн. Бид ч ороод ирсэн. Адуу худалдаж авсан ченжүүд болон компанийнхан ачаатай нь байлгаж бай гэж хэлсэн. Эзэд нь тэгж хэлж байхад бид өмнөөс нь юу хэлэх юм бэ. 20 хоноод л миний ачиж ирсэн адуу эхнээсээ үхэж эхэлсэн. Одоогоор арав гаруй адуу үхчихсэн. Дандаа л хөгшин гүү үхээд байх юм. Анх сайхан тарган адуу ачиж байсан. Тэвшин дээр багталцахгүй чихэлдээд байдаг байсан юм. Одоо харин турж эцээд нүднээс гарч байна.

 

-20 гаруй хоног өвс идэж, ус уухгүй байхад ямар ч мал үхнэ шүү дээ. Ядахдаа тэвшин дээрээсээ буулгачихаж болоогүй юм уу?

-Өнөөдөр гаргаж чадсангүй, маргааш гаргана гэсэн. Адуугаа битгий буулгаарай гэж хэлсэн гэж сая ярьсан шүү дээ. Сүүлийн үед хөдөөнийхөн адуугаа огт унахаа больчихсон. Бүгд хангал дошгин байна. Энэ олон адууг ачих гэж бөөн юм болсон. Тэгэхээр ганцаараа байгаа би буулгаж чадахгүй. Хүмүүс гуйгаад буулгачихаж болно. Эргүүлээд ачиж чадахгүй шүү дээ. Өөрөөсөө мөнгө гаргаад өвс худалдаад аваад өгч чадахгүй. Үхсэнийг нь тэвшин дээрээсээ буулгаж шидчихээд л сууж байна.

-Шадар сайд хилээр амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Та хэд адуугаа яах бодолтой байна вэ?

-Хот руу аваад явна гэсэн. 870 километр газар туулна шүү дээ. Хэд нь үхээд хот орохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан ус, өвс өгч байгаад л аваад явна даа гэв.

“ЖОЛООЧ, КОМПАНИЙН АЖИЛТНУУД МӨРИЙТЭЙ ТОГЛООД ДУЛААН ГЭРТ ХЭВТЭЖ БАЙХАД ГАДАА АДУУ ТУРЖ ҮХЭЭД БАЙЖ БАЙНА” ГЭВ

Хилийн боомтын орчимд амьдарч байгаа иргэд “Адуу ачиж ирсэн жолооч нар хилээр адуу гаргахгүй гэсэн түр шийдвэр гарснаас хойш энд архидаж байна. Мөрийтэй хөзөр тоглоод л дулаан гэрт хэвтээд байсан. Харин хөлдүү тэвшин дээр адуу турж үхээд л үнэхээр хэцүү байна. Унаж яваа машинаа бөөцийлөөд л бүтээгээд байдаг. Тэгсэн мөртлөө сүлд хийморь болгон шүтэж ирсэн адуу үхэж байгааг огт тоохгүй байна лээ” хэмээн мэдээлэл өгч байв. Биднийг очих үед 800 орчим адууг нийслэл рүү ачсан байлаа. Налайх дүүргийн “Цайз”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” захуудад нядалгаанд оруулахаар ачиж байгаа нь энэ аж.

Бид Бичигт боомтын хажуу талын төмөр ногоон хашааны үүдэнд очлоо. Машины тэвшин дээр 30 гаруй адуу байв. Хоёр залуу гартаа хурц үзүүртэй шөвөг барьчихсан зогсож байв. Хот руу хөдлөх гэж байна. Хэвтчихсэн байсан хэдэн адууг босгож байна. Тэвшин дээр гараад адуун дундуур явж болохгүй юм. Хэвтчихсэн адуу өргөөд босохгүй. Харин хондлой руу нь шөвөгдчихөөр годос гээд л босоод ирж байна” гээд л инээд алдаад зогсож байлаа.


БИЧИГТИЙН БООМТ ДЭЭР ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЧУУДЫН ГАРТ АДУУН СҮРЭГ МААНЬ ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ТАРЧИЛСААР ҮХЭЖ БАЙНА (II)

Бичигтийн боомт дээр 1200 гаруй адуу 24 хоног өвс, тэжээл, ус, цас идэж уулгүй хоригдсон юм байна. 700 орчим нь хашаанд, 500 гаруй нь ачааны машины тэвшин дээр байсан гэнэ. Машины хөлдүү тэвшин дээр байсан адууны ихэнх нь хөлдөж үхжээ. Огт хөдөлгөөнгүй 20 гаруй хоног шээс, хомоол нь барьцалдаад дош болчихсон тэвшин дээр хүлээтэй зогссон адууны хөлд нь цус буучихдаг аж. Үүний дараа туурай, сагага, нарийн шилбэ нь хөлдөж эхэлжээ. Ингээд олон хоног өвс, тэжээлгүй байсан адуу илчээ алдаж, тал нутгийн тачигнасан жаварт жиндэж, бүх бие нь битүү цагаан цан болоод хонодог байна. Өглөөний нар дөнгөж гарсны дараахь их хүйтэнд бөмбөгнөтөл чичирч байгаад л хөлдөөд үхчихдэг гэнэ.

Их хүйтэнд жолооч нар машинаа бүтээчихээд, ээлжээр гарч ирэн машинаа асааж халааж байжээ. Жолооч нар өөрийнхөө эд хөрөнгө болсон машиныг амьд амьтнаас дээрд үзэж, анхаардаг байсан гэнэ. Тэгсэн мөртлөө тэвшийг нь битүү ороох бүтээлэг байсаар байтал “Дараа нь өөр ачаа ачихаар муухай үнэр нь шингэчихдэг юм байна лээ. Цасан шуурганаар бүтээж үзсэн. Дараа нь муухай үнэртээд байсан. Адууны шээсний үнэр нэвт шингэчихдэг юм” гээд л сууцгаагаад байсан гэдгийг Бичигтийн боомт дээр амьдардаг иргэд хэлж байв. Хашаанд байсан адуунууд нэгнийхээ сүүл, дэлийг юу ч үгүй болтол нь идчихсэн байна. Мөн хашааны банзыг шүдээрээ эмтэлж хазаад идчихсэн байлаа. Мөн салхинд хийсч ирсэн гялгар цаасыг ч идчих юм. Нэгнийхээ сүүл, дэлийг идсэн адууны ходоодонд үс хялгас бөөгнөрч, бөөнтөж үхсэн аж. Бас өлдөж үхжээ.

Бичигтийн боомт дээр хоёр зүйлийг хилээр гаргаж болохгүй гэсэн хориг тавигдсан байна. Үүний нэг нь адуу, нөгөөх нь өвс. Өнгөрсөн зуны адаг сараас эхлэн Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар өвс хадаж эхэлсэн. Хэдэн сая тонн өвс дорнын цэлгэр талаас хадсан байна. Ингээд арваннэгдүгээр сард ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өвс хилээр гаргахгүй байх шийдвэрийг гаргасан. Бичигтийн боомтын ойролцоо хэдэн сая тонн өвс нуруулдаад хураагдсан байв. Эрдэнэцагаан, Асгат сумын зааг дээр хятадууд хадсан өвсөө авалгүй орхисон нь мөн л хэдэн сая боодол өвс хэнд ч хэрэггүй хог болоод л хэвтэж байна. Хараа хяналт огт байхгүй учир хүмүүс ачааны том оврын машинаар өдөр шөнөгүй нийслэл рүү зөөж байна лээ. Ааг нь ханхалсан ногоон өвс хэдэн сая тонноороо боомт тойроод нуруулдсан хэвтэж байхад наана нь мянга гаруй адуу өвсгүй өлдөж үхэж байжээ. Мөн хилийн боомтын орчимд сүүлийн жилүүдэд огт түймэр гараагүй. Багсарсан их өвс найган ганхаж, бодын хар туруу цастай байна. Ёстой л адуу өвөлжиж баймаар сайхан байна лээ. Ийм л газар 1200 монгол адуу 20 гаруй хоног өлгүй хоосон байжээ.

“НУТГИЙНХАА ЗҮГ ХАНГИНАТАЛ ЯНЦГААЖ, ҮҮРСЭЭД Л ТУНГАЛАГ ХАР НҮДНЭЭС НЬ НУЛИМС УРСААД ДААНЧ ӨРӨВДӨЛТЭЙ БАЙНА ЛЭЭ” ГЭВ

Эрдэнэцагаан сумын иргэн Г.Батсүх бидэнд цөөн асуултад хариулт өглөө.

-1200 гаруй адуу өвс тэжээлгүй олон хоносон гэдгийг та хэзээ мэдсэн бэ?

-Манайх хэдэн үеэрээ адуу маллаж өдий хүрч байна даа. Монголчууд бидний дэлхийд гайхагдсан түүх ерөөсөө л адуутай холбоотой шүү дээ. Монгол адуу байгаагүй бол бид дэлхийн талыг эзэлж чадахгүй байсан гэж бодож явдаг. Сүхбаатар аймаг тэр дундаа Эрдэнэцагаан сум хурдан адууны өлгий нутаг шүү дээ. Энэ их тал нутагт босоо төрсөн унага шандастай болж, салхинд гүйцэгдэхгүй хурдан болдог юм. Ийм л хурдан адууны өлгий нутагт мянга гаруй адуу 20 хоног өвс, усгүй хоригдсон шүү дээ. Турж үхэж байгаа адууг харахаар нүдний нулимс урсаж, гол зураад үнэхээр хэцүүдсэн. 20 хоног юу ч идээгүй мөртлөө амьд байна гэдэг монгол адуу ямар тэсвэр тэвчээртэй юм бэ гэдгийг харуулж байгаа юм. Хашаанд хоригдож байгаа адуу хүний гар дагуулж хараад л дайраад байсан. Бүгд баруун тийшээ нутгийнхаа зүг хараад л санаа алдаад зогсчихдог. Үе үе нутгийнхаа зүг хангинатал янцгааж, үүрсээд л тунгалаг хар нүднээс нь нулмис урсаад даанч өрөвдөлтэй байна лээ. Сүлдэнд мөнхөрсөн монгол адуугаа монголчууд бид ингэж тамлаж байх гэж. Ерөөсөө л энэ их хүйтэнд хөлдөөгөөд, өлсгөж, тураагаад алчихаж байна. Амьд амьтныг ингэж тамлаж, зовоож, тарчлааж байна. Хэрэв сэтгэл байвал адууг өлсгөж алахгүй байсан.

-Хилээр адуу гаргах гэж байгаа компанийн ажилтнууд, жолооч нар монгол адуу эмнэг болчихсон, ачиж буулгаж чадахгүйгээс болоод л хориод байсан гэж байна лээ?

-Энэ бол зүгээр л бусдын амыг таглах гэсэн худлаа үг байна. Бид чинь монгол хүмүүс биз дээ. Хэдэн адуунаас юунаас нь айдаг юм. Эрдэнэцагаан суманд адуунд эрэмгий олон залуу байгаа. ихэнх нь сумын төв дээр ажилгүй хэвтэж байна. Манай энд тариа ногоо тарих биш. Адуутай л ноцолдох ажил бий. Тэднийг цалинжуулаад л адуугаа харуулаад байж болно. Машины тэвшин дээр өдий цагийн ядарсан битгий хэл зуны өвсөндөө бүрэн цадаад махалчихсан эмнэг хангалыг нь номхруулаад ачиж болдог юм. Ачаатай адуугаа ингээд л машинаас буулгачихна. Манай энд цас байна. Өвс өндөр ургасан, адуу оторлож байхаар сайхан нутаг шүү дээ. У.Хүрэлсүх сайдын тушаал гартал энэ хэдэн адуунд хүний ёсоор хандаж, бэлчээрт гаргачих боломж бүрэн байсан. Боомт дээр том цэлгэр хашаатай олон айл бий. Тэнд шөнө нь хашиж хоноод өдөр нь эргүүлээд бэлчээрт гаргаад байж болно.

-Хилийн ойр бүсэд адуу мал байлгаж болохгүй гэдэг биз дээ?

-Харин ч эсрэгээрээ шүү. Энд адуу өлдөж үхэж байна гэдгийг Хилийн цэргийнхэн сонсоод адууны эздэд хэлсэн байсан. Адууг ингэж өлсгөж алж байхаар хил орчмын бүс нутагт хариулаад байж болно. Энд өвс их ургасан байгаа. Хилээр цаашаа гарах энэ тэр асуудлыг бид хариуцна. Та нар энэ хавьд хариулаад байж болно шүү. Бидний зүгээс татгалзаад байх зүйл байхгүй гээд хэлсэн байсан. Даанч тэдний үгийг огт тоогоогүй. Хэдэн үдээр үхэж байгаа нь чамд ямар хамаа байна гэж хэлсэн гэсэн. Хятадуудын өвс энд сая сая тонноороо байна. Өвс харж байгаа манаач залуу хятадууд өвсөө бүрэн бүртгэж аваагүй байгаа. Хэдэн шил архиар өвс солино шүү гээд л ханхалзаад л яваад байсан. Хилээр гаргахгүй болсон өвсийг улсын орлого болгож, онцгой комисс авах шийдвэр гарсан гэдгийг сонсоод хятадууд яваад өгсөн. Тэндээс сумын Засаг даргад хэлээд хямд үнээр худалдаж авах боломж хүртэл байсан. Гэвч тэд амьтныг хамгийн зэрлэгээр тамлах замыг сонгосон. Монгол хүний буян заяа, сүлд хийморь гэж байдаг шүү. Амьтан тамлаж алж байгаа эдгээр хүмүүсийн ажил амьдрал яаж өөдтэй байх вэ гэв.

“БИД АДУУ АЛААГҮЙ. У.ХҮРЭЛСҮХЗУУ ГАРУЙ АДУУНЫ АМИНД ХҮРЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН”

Биднийг бичигтийн боомт дээр сурвалжлага хийгээд явж байтал хар өнгийн “Ланд круйсер 200” маркийн автомашин давхиад ирлээ. БНХАУ-ын Шилийн гол аймаг, Улиастай хотоос ирсэн хятадууд гэнэ. Тэд адуу худалдаж авдаг юм байна. Адуу худалдаж авсан ченжүүдтэй уулзаад явцгаажээ. Адуу хилээр гаргаж өндөр үнээр хятадуудад худалдаалдаг ченжүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийг хэлсэн байна. Харин хятадууд Монголын ченжүүдэд нэг л шаардлага тавьжээ. “Та нар биднээс авсан урьдчилгаа мөнгөө эргүүлж өгөөрэй” гэж хэлчихээд яваад өгч. Өнгөрсөн намар ченжүүд зүүн гурван аймаг, Дундговь, Дорноговийн нутгаар явж соёолонгоос дээш насны адууг 500 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авсан юм байна. Ингээд хилээр гаргаж эхэлжээ. Хятадууд амьд адууг монгол мөнгөөр 1.4 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Адууг жолооч нар БНХАУ-ын Улиастай хот хүртэл тээвэрлээд нэг адуу тутмаас 70 мянган төгрөг авдаг байжээ. Хятадууд адууны махыг үйлдвэрийн аргаар боловсруулаад дулааны бүс нутгийн иргэдэд өндөр үнээр худалдаалдаг сүлжээ бүхий шинэ зах зээл нээгдсэн байна. Хайнан, Нанжин, Гуанжоу гээд халуун уур амьсгалтай бүс нутагт адууны махыг булаацалдаад л авдаг гэсэн. Адууны эзэд, жолооч нар “Засгийн газраас монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргана. Эрүүл монгол мал гээд л төрөөс хэдэн тэрбум төгрөг гаргаж төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд адуу БНХАУ руу гаргаад эхлэхээр бөөн асуудал яриад эсэргүүцээд байх юм. Адууны мах Монголдоо хамгийн эргэлт багатай байдаг. Адууны мах иддэг хүн цөөхөн. Өвлийн улиралд л иддэг. Адууны мах удаан хадгалахаар урь идээд хуршчихдаг биз дээ. У.Хүрэлсүх ямар ч мэдээлэл судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр, юугаа ч мэдэхгүй байж адуу гаргахыг хориглох шийдвэр гаргачихсан. Тэрнээс болоод бид төлж дийлэхгүй бөөн өрөнд орчихлоо. Тураалдаа орж, яс нь горзойчихсон хэдэн адууг Улаанбаатар хотод хэн авах юм бэ. Бид энэ хэдэн адууг өлсгөж алсан юм биш. У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр алсан юм. Малчид бид гээд олон хүний амьдралд гай болж байна, У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр” гээд л ярьцгаах ажээ.

НУТГИЙН ЗҮГ ҮҮРСЭЖ, НУЛИМС ДУСЛУУЛАХ АДУУН СҮРЭГ

Нар баруун тийш хэвийжээ. Хашаатай байгаа 400 гаруй адуу нутгийнхаа зүг хараад л хангинатал янцгаах юм. Мөн хээр алаг гүү газар тэрийгээд хэвтчихсэн байв. Адуу харж байгаа залуус үхэж амжаагүй байгаа хээр алаг гүүг дэл, сүүлнээс нь чирээд л хашаанаас гаргачих юм. Хээр алаг гүүний нүднээс тасралтгүй том том нулимс бөн бөн урсаад байх нь өр өвтгөж, сэтгэл сэмлэх аж. Шороо пургитал урт урт амьсгаа авч, толгойгоо баруун тийш арай гэж өндийлгөж үүрсэж байгаад л амьсгаагаа татчихав. Байгалийн давшгүй хүчин зүйл болсон зуданд биш хүмүүсийн буянт малаа хайрлахаа байсан хүйтэн хөндий цэвдэг сэтгэлийн гайгаар адуун сүрэг хэдэн зуугаараа ингэж тарчилж үхэж байна лээ, Бичигтийн боомт дээр. Хээр алаг гүү үхээд удаагүй байтал сурвалжлага хийхээр ирэх үед таарсан нөгөө зээрд морь чинь 1.50 гаруй метр өндөртэй хашаан дээгүүр харайгаад гарчихлаа. Энэ удаад хойд хоёр хөлөө зөөж авч чадалгүй хашааны банз хуу татаж гараад л нутгийнхаа зүг бөг бөг хийн шогшууллаа. Хашаанд байсан адуунууд бүгд л зээрд морины араас хангинатал янцгааж хоцорлоо.“Муу п.....-гийн нугасанд нь хутга шаана даа. Яасан зэвүүн үдээр вэ” гээд хараалаа урсгасаар Эрдэнэмөнх гэж өөрийгөө танилцуулсан өндөр бор залуу мотоциклио пар хийтэл асаагаад зээрд морины араас давхилаа.

Шадар сайдын хилийн боомтоор адуу гаргахыг бүр мөсөн хориглосон шийдвэр гарсны дараа адууны наймаачид Бичигтийн боомт дээрээс Улаанбаатар хот руу адуугаа ачиж эхэлсэн юм. Хүчтэй салхи гарахад л үсрээд ойчмоор болтлоо сэнсэрч, турж, эцэж, яс нь горзойсон адуунуудыг 890 километр замд тээвэрлэж, хот хүргэх гэнэ. Замдаа ачилтын ая дан даахгүй хэд нь үхээд очих нь тодорхойгүй юм. Адуу ачиж байгаа залуус “Яс арьс болж хэрзийсэн, хэлхээтэй хэдэн ясыг улсын хилээр нь гаргадаггүй бол үнэтэй мах килограммаар нь авч иддэг хотынхонд өгөөд хэдэн төгрөг болгоно доо. Бүр болохгүй бол хиамны үйлдвэрүүдэд тараагаад өгнө. Булаацалдаад л авна ш дээ” гээд л хоорондоо инээлдэх. Машины тэвшин дээр өөрөө харайгаад гарах нэг ч адуу байсангүй. Бүгд л хөлөө дааж ядан дэнчигнэж, арай л гэж гарах аж. Бүр зарим нь хамраараа газар шаагаад унах. Унасныг нь өргөөд босгохын оронд өшигчиж харагдана. “Энэ хэдэн адуу ямар миний эд хөрөнгө биш. Хилийн боомт дээр амьд авчирсан л бол миний үүрэг гүйцэж байгаа нь тэр. Хөлдөөд үхнэ үү, өлдөөд үхнэ үү, надад ямар хамаа байна” гэх жолооч нарын үгс чих мултармаар хахир дуулдана. Ченжүүд “Хятадууд ямар адууны өөх идэж чадах биш. Том жижиг, тарган туранхай гэж гоочлох ч биш. Тэвшин дээрээ хүлээтэй л хэвтэж байг. Бүгд үхчих юм бол бөөнөөрөө хэл ам хийж байгаад тэр У.Хүрэлсүх сайдаас нь мөнгө авна” гэх утга бүхий зүйлс ярьж байсныг хэлэх хүн ч цөөнгүй байна. Тэдэнд адууны ачилтын хөлс, боомт дээр хонож байгаа илүү цагийнхаа мөнгийг л авч байвал адуу хөлдөж, өлдөж тарчилж үхэх нь огт хамаагүй бололтой. Нэг илүү хөдөлгөөн хийхээс залхуурч, дулаан гэрт биеэ оторлоод хэвтээд байсан аж. Түүнээс амьд амьтан хөхөө өвлийн хүйтэнд өвс, тэжээлгүй 20 хоноход үхэж үрэгдэнэ гэдгийг бүгд мэдэж байсан. Амьтныг хайрлан энэрэх зөөлөн сэтгэл тэнд байсан хүмүүсийн хэнээс нь ч гараагүй нь харамсалтай.

Хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх адуу хилээр гаргахгүй хэмээн тодорхойгүй хугацаагаар хорьсон шийдвэрээ нэг мөр сунгаагүй байсан бол 1200 гаруй адуу бүгд боомт орчимд өлбөрч үхэхгүй байсан нь тодорхой. Монголчууд хэдэн үеэрээ малынхаа буянд өнөөдөртэй золгож, ашиг шимийг нь хүртэж яваа ард түмэн. Тэгсэн мөртлөө малдаа хайргүй, зөвхөн идэж, ашиглахаа боддог. Зун, намаржин архи, айраг, найр наадам хэсэж, зугаалж цэнгэж яваад өвөлтэй золгодог. Өвс хадлангаа олигтой ч зэхэж бэлддэггүй. Тэгээд л хотоо харлуулж, хэдэн зуугаар нь малаа өлсгөж алдаг. Энэ нь бараг хэвшил болчихсон. Үүний нэг илрэл нь Бичигтийн боомт дээрх 1000 гаруй адуунаас шуудхан харагдаж байгаа юм. Монгол малчдаас өөр малаа өлсгөж, турааж, тарчлааж үхүүлдэг ард түмэн байхгүй биз ээ. Бүр амьтны эрхийг хамгаалж, амьтан зовоож тарчлаасан хүмүүст хорих ял, торгуулийн арга хэмжээ авдаг газар ч олон.Сүхбаатар аймгийн ажлын хэсгийнхэн сэг зэмийг нүхэнд булж ариутгалын бодис цацаж байлаа

 

ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ҮХСЭН73 АДУУНЫ СЭГ ЗЭМИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД УСТГАЛД ОРУУЛЧИХЛАА

Машины дуу энд тэдгүй хадаж, хар утаа яндангаар нь олгойдсоор 20 гаруй машин ар араасаа цувран хөдөллөө. Мөн адуу ачсан машин хөдлөхтэй зэрэгцээд Сүхбаатар аймгаас Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн ирж таарав. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, малын эмч ажлын хэсэгт багтжээ. Тэд У.Хүрэлсүх сайдын гаргасан шийдвэрийг биелүүлж, хяналт тавихаар иржээ. Мөн боомтын ойролцоо байгаа адууны сэг зэмийг булах ажилтай юм байна. Сүхбаатар аймгаас ирсэн ажлын хэсгийнхэн боомтын ар талын жалганд байгаа 70 гаруй адууны сэг зэмийг портерт ачиж, хогийн жалганд аваачиж байлаа. Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Г.Ариунболдтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Ажлын хэсгийг Бичигт боомт дээр ирэх үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Анх арваннэгдүгээр сарын эхээр хилээр адуу гарахыг хориглох үед 500 гаруй адуу боомт дээр байсан. Ингээд ар араасаа цувран ирсээр байгаад 1300 орчим адуу болсон. Эрдэнэцагаан сумын цагдаа нар энэ сарын 6-нд ирээд амьд адууг ачиж буцааж эхэлсэн. 800 гаруй адууг ачиж явуулаад байна. Үлдсэн 400 гаруй адууг нь удахгүй хот руу явуулах байх. Бид хилийн боомт хавиар байгаа сэг зэмийг цуглуулсан. Ингээд төвлөрсөн хогийн цэгийн буланд шинээр нүх ухаж сэг зэмийг нь хийгээд тусгай ариутгалын бодис цацаж, халдваргүйжүүлэлт хийгээд булж байна.

-Одоогоор хэчнээн адууны сэг зэм булаад байна вэ?

-Анх биднийг энд ирэх гэж байхад 40 гаруй адуу үхсэн гэх мэдээлэл ирсэн. Бид өлдөж, хөлдөж үхсэн 73 адууны сэг зэмийг эхний ээлжинд устгалд оруулаад байгаа. Хавар цаг агаар дулаарахаар бид дахин халдваргүйжүүлэлт ариутгал хийнэ гэв.

Хилийн боомт дээр ажилгүй залуус олон байдаг аж. Тэд турж үхсэн адууны ширийг өвчиж, хилээр гаргаж ширхэг бүрийг 60 мянган төгрөгөөр урд хөршийн ченжүүдэд өгчээ. Адуу үхээд эхлэхээр ширийг нь авах гэсэн залуус портертой давхиж ирдэг болжээ. Өглөө, оройд жолооч нарт архи авчирч өгч, үхсэн адууг нь ачиж аваад явдаг байна. Ингээд хашаанаас 300 метр хүрэхгүй жалганд аваачиж, өвчиж авахаа авчихаад явчихдаг гэнэ.

Үхсэн адуугаа жолооч нар зам дээр хаясан байв

Бичигтийн боомт дээр өнгөрсөн өдрүүдэд хоёр асуудал илүүтэй яригдаж байв. Нэг нь монгол адуугаа БНХАУ руу амьдаар нь гаргаж байгаа нь буруу. Нөгөөх нь “Дэлхийд монгол махаа гаргаж, малчдынхаа амьжиргааны түвшинг нэмэгдүүлнэ гэж УИХ-ын гишүүд болгон ярьдаг. Тэгсэн мөртлөө адуу гаргаад эхлэхээр хориг тавьж байгаа нь буруу. У.Хүрэлсүх ямар ч судалгаагүйгээр худлаа ярьж байгаа хүмүүсийн үгэнд ороод ийм шийдвэр гаргачихаж байна” хэмээн ярих хүн ч олон байна.

БНХАУ-ын адуу худалдаж авч байгаа газрууд хүний санаанд оромгүй үйлдэл гаргадаг. Монгол адууны шөрмөсийг тасалж, нүдийг нь сохолж байгаад нядалгаанд оруулдаг гэв. Энэ талаар Г.Батмягмар гэх жолоочоос асууж тодрууллаа.

-БНХАУ-ын адуу нядалгааны газар монгол адууг тамладаг гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдэх үү?

-Мэдэлгүй яах вэ. Хэдэн ч удаа БНХАУ-ын хил давж, адуу нядалгааны газарт очсон. Анх хараад сэтгэл эмзэглээд хэцүү байсан. Одоо ч дасаж байна даа. Хятадууд адуутай ямар ноцолдож чадах биш. Чих нь хөдлөхөөр айгаад зугтаадаг нь олон. Тэгээд нүдийг нь сохолж, шөрмөсийг нь таслах арга хэрэглэдэг болсон юм гэсэн. Машины тэвшин дээрээс буулгахдаа нэг талынх нь хаалтыг шууд буулгана. Ингээд нөгөө талаас шовх үзүүртэй шилбүүр шиг урт төмрөөр хатгаад хүчээр буулгачихдаг. Үүнийхээ дараа шууд нүд рүү нь сохолдог бодис цацчихдаг. Тэр дороо л нүд нь сохорчихдог юм байна. Үүнийхээ дараа хөлийнх нь шөрмөсийг таслаад нядалгааны цех рүүгээ оруулдаг юм байна лээ. Хятадууд ийм л арга хэрэглэж адуу нядалдаг гэсэн. Харин мах, гэдэс зэргийг нь дэлхийн стандартын дагуу янзалж бэлтгээд, ясыг нь үйрүүлээд кальци, эм бэлдмэл хийдэг гэсэн.

-Хятадууд монгол адууг машинаар дайрч байгаа бичлэг цахим ертөнцөд тавигдсан байна лээ. Хятадууд үнэхээр тэгж зугаагаа гаргаж байгаа юм уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Хятад хүмүүс дунд адуунд ойртож чадахаасаа чадахгүй нь олон. Айж зугтаад л бээвийгээд хэцүү л харагддаг юм билээ. Хятад улсад монгол адууны мах маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэгсэн мөртлөө туранхай адуу бидэнд хэрэгтэй гээд байдаг юм. Уг нь Монголдоо стандартад нийцсэн нядалгааны газартай болчих юм бол махыг нь худалдаж аваад байж болно. Ийм үйлдвэр оруулаад хөрөнгө оруулалт хийхэд асуудал байхгүй гэж манай компанийн захиралд хятадууд санал тавьсан гэсэн гэв.

Яс, арьс болтлоо турсан мянган адуу нийслэлчүүдийн энэ өвлийн хоол хүнс болох гэнэ. Турж, эцсэн адуу тэжээгээд ямар ч нэмэргүй байдаг. Нэгэнт муудсан мал огт сэхэл авахгүй байсаар үхчихдэг. Тиймээс нядалгаанд оруулахаас өөр ямар ч сонголтгүй болжээ. Молор эрдэнэ болсон адуугаа сэтгэл муутай хэдэн залуус ингэж л 20 гаруй хоног тарчлааж, зовоосон байна. Биднийг нийслэл хот руу хөдлөх гэж байхад 400 гаруй адуу Бичигтийн хилийн боомт дээр үлдсэн юм. Эзэд нь хилийн шугамын ойролцоо бэлчээрт гаргасан байв. Ихэнх адууны хөл доголжээ. Мотоцикльтой туухаар бүгд догонцоод явж чадахгүй юм. Тууж байгаа адуунаас хоцорсон гүүг шилбүүрээр тас хийтэл ороолгож, хашгирч гуугчин байв. Бичигтийн боомтоос бид Эрдэнэцагаан сум руу нар жаргаж, бүрий болсон байхад хөдөллөө. Хэсэг явж байгаад л үхсэн адууны сэг зэмтэй таарах аж. Өдөр хот руу хөдөлсөн жолооч нар л үхсэнийг нь гээгээд одсон бололтой. 800 километр газар туулаад очиход хэд нь үхэж, үрэгдэж очих бол. Уг нь бидний өвөг дээдэс монгол адуугаар дэлхийн талыг эзэлж байсан буурал түүхийн шастиртай ард түмэн юмсан.

1961 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Вьетнам руу тусламжийн агтанд явуулсан адуунаас хар хүрэн азарга БНХАУ-ыг хөндлөн туулан хоёр жилийн дараа буюу 1963 онд нутагтаа гүйж ирсэн байдаг. Хар азаргыг нутагтаа ирэхэд нь дөрвөн туурай нь мултарчихсан байсан гэх өрөвдөм, гайхан биширмээр түүх байдаг. Сүлдэнд мөнхөрсөн монгол адуу цэвдэг сэтгэлтэй монголчуудын гар дор даанч харамсалтайгаар тарчилсаар хөлдөж, өлдөж тарчилсаар үхжээ. Үлдсэнд нь ч амьд үлдэх сонголт байсангүй.