Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна

Сэтгүүлчийн эрэн сурвалжлага

/Цуврал-1/


 

Бэлтгэсэн модоо нийслэл рүү тээвэрлэхээр 10 гаруй залуус мод ачиж байв.

Хан Хэнтийн уулсаас эх авдаг Туул, Онон, Хэрлэн, Хараа, Ерөө гээд томоохон голууд Монгол Улсын хүн амын гуравны хоёр хувийг ундны усаар хангадаг. Тэр дундаас нийслэл Улаанбаатар хотын нэг сая гаруй хүнийг ундаалж буй нь Туул гол. Тиймээс Туул гол төдийгүй Хан Хэнтийн уулс, тэндээс эх авдаг гол мөрөнг, гол мөрөнг тэжээж буй ой тайгыг монголчууд бид нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах учиртай.

Гэтэл бүхэл бүтэн хотыг тэжээж буй Туул голын эхэнд, улсын хүн амын талаас илүүг тэтгэдэг гол мөрөнг бүрэлдүүлдэг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас их хэмжээний мод бэлтгэж байна гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татав. 

Туул голын бохирдол, усны нөөц хомсдолын асуудал өнгөрсөн олон жилийн хугацаанд яригдсан ч саяхнаас л өндрөө авч УИХ, Засгийн газрын хэмжээнд хүрсэн. Улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулан тэмцэж эхэлтэл голынх нь эхэнд мод бэлтгэл нэрийдлээр татраах ажиллагаа явагдаж байна уу гэсэн хардлага төрөхөөр байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ямар зөвшөөрлөөр, хэдий чинээ мод бэлтгэх болов, энэ ажиллагааг хэн зохион байгуулж байгаа, түүнд нь тавих хяналт хэр байгаа зэргийг тодруулахаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрыг зорилоо. 

 “МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БАЙГАЛЬ СҮЙДЭХ НЬ БИДЭНД ХАМААГҮЙ”

 Улаанбаатар хотоос гарч Налайх дүүргээр дайран Тэрэлжийн гүүр оров. Тэрэлжийн гүүрнээс Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар эхэлж буй. Түүнээс цааш давхисаар Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын заагт хүрээд манай сурвалжлах баг зогслоо. Уг хилийн зааг бол Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн газар нутаг. Биднийг хүнд даацын автомашинуудад мод ачиж буй залуус угтав. Тэднийг тойруулан их хэмжээний цагаалсан мод буулгажээ. 10 гаруй хүн хоёр машинд зэрэг мод ачиж байв. Жолооч нар нь машиныхаа бүхээгт сууна.

Цас хаялсан, шуургатай байснаас хоёр залуу ил гал асааж, цай чанаж байснаа биднийг харуут асгачихав. Тэднээс хэдхэн алхмын цаанаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газар эхэлж буйг илтгэх самбар харагдана. Яг дэргэд нь жижгэвтэр байшингийн модон рам зангиджээ. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын пост гэнэ. Мод ачиж буй залуусаас хаанахын ямар компанийн ажилтнууд болох, хэзээнээс ажил нь эхэлсэн тухай асуувал “Мэдэхгүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Удтал шалгаасны эцэст ахимаг насны эр “Бид амьдралаа залгуулахын төлөө энд ажиллаж байна. Өглөө мод ачих ажил байна гэхээр нь хүрээд ирсэн. Хаанахын ямар компанийг мэдэхгүй” гэв. Хаана, хэний захиалгаар ажиллаж байгаагаа мэдэхгүй эрсэд байгаль орчны асуудал хамаагүй болсон эсэхийг лавлавал мөнгө л олж байвал юу ч хамаагүй хийх цаг болсон гэж нэг залуу цаанаас дуугарав.

Уулнаас цагаалж ирсэн модод хэдэн арван машин болохоор харагдана.

Ямартаа ч тэдний хэлснээр ганц, хоёр өдрийн ажил гэж хэнд ч харахааргүй байв. Уулнаас цагаалж ирсэн модод хэдэн арван машин болохоор харагдана. Замын хоёр талаар эгнүүлж, машин ачихад бэлэн болгожээ. Модны холтос газраар хөглөрнө. Хот руу ачихаас өмнө постны дэргэд холтослодог бололтой. Холтослосон моддоо хүнд даацын шалаанз, маяти машинаар хот руу тээвэрлэдэг юм байна. Хаанахын ямар компани, зөвшөөрөлтэй эсэх мэдээллийг ажилтнуудаас авч чадаагүй учир дүгнэж хэлэхэд эрт. Харин нойтон мод бэлтгэх нь эрүүгийн хэрэгт татагдах хүртэл хуультайг хэн бүр мэднэ.

Гэтэл шалаанзад ачсан моддын дунд нойтон хуш хэд, хэд харагдлаа. /Зурагт үзүүлэв/. Түүгээр зогсохгүй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын барьж буй постны дээд хэсгийг нойтон хушаар зангидсан нь харагдав. Хуурай моддын дунд нойтон мод хавчуулсан, дээрээс нь хууль сахиулагч байгууллага нь нойтон модоор постоо барьж байгаа явдал хууль ёсных мөн үү.

Уулнаас ачиж ирсэн, хот руу ачиж байгааг хянах ямар нэгэн албан тушаалтан тэнд байсангүй. Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нар хянах учиртайг нутгийнхан хэлж байв. Гэвч биднийг очих үед тэдгээр хүмүүсээс нэг нь ч ирсэнгүй. 

ХАН ХЭНТИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС “ЭБЭ” КОМПАНИ МОД БЭЛТГЭЖ БАЙНА

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын постыг нойтон хушаар зангиджээ.

Постоос цааш 20 орчим км-ийн гүнээс мод цагаалж байгаа аж. Уг үйл явцыг сурвалжлахаар бид цааш хөдлөв. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар уул хад ихтэй учир зам хэцүү, Туул голын мөсөн дээгүүр тээвэр хийдэг юм байна. Цаг агаар наашилснаас гол дээгүүр халиа гүйжээ. Гол дээгүүр мод тээвэрлэсэн  хүнд даацын машины мөр илт харагдана. Машины мөрөөр голын мөс цөмөрсөн хэсэг нэлээд байв. Тийнхүү мөсөн дээгүүр 10 гаруй км явсаар Хаг Туулын бэлчирт хүрэв.

Уулын олон булаг шандаас бүрдэлдсэн жижигхэн Туул гол Хагийн голтой ирж нийлдэг хэсэг юм байна. Хаг Туулын бэлчрээс холгүйхэн мод ачсан “ЗИЛ-131” машины жолоочтой тааралдав.Дугуй нь хагарснаас ийн зогсчээ. Тэрбээр “ЭБЭ” компанийн гэрээт ажилтан гэж өөрийгөө танилцуулав. Сар шинийн баярын өмнө гурав, дөрөв хоног мод бэлтгээд буусан. Баярын дараа гарч ирээд гурав хонож байгаа гэв. Тэрбээр бас унасан, хуурай модыг л бэлтгэж байгаа гэлээ.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас “ЭБЭ” гэх компани мод бэлтгэж байгаа юм байна. Тэд тусгай хамгаалалттай газрын Зуухт, Цахир цагаан чулуут гэх нэртэй хоёр ууланд отог гарган ажиллаж байхтай таарав. Цахир цагаан чулуут ууланд компанийн ажилтнуудын хоёр отог гарчээ. Харин Зуухт ууланд бидний харснаар дөрвөн отог байрлаж байв. Тэд Зуухт уулын арын шил дээр мод бэлтгэж байна. Нэг отог 3-4 хүнтэй бололтой. Нэг отгийнхон бололтой гурван залуу моторт хөрөөгөө засаж байхад нь явж очив. Бас л саяхнаас ууланд гарсан гэнэ. Компани нь ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэх зөвшөөрөлтэйг гэж хэлэхээ тэд мартсангүй.

Тэд өнгөрсөн жил Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэжээ. Нөхөн сэргээлт хийгдсэн эсэхийг лавлавал хараахан хийж амжаагүй байгаа гэв. Тэдний отогийн үүдэнд шинэхэн хожуулууд харагдана. Саяхан унагаасан хуш бололтой. Цагаалж амжаагүй, ногоон саглагар мөчиртэй нь унагаагаад орхисон хуш, бас цагаалчихсан хушны дэргэд газраар хөглөрсөн ногоон мөчрүүд, энд тэнд моторт хөрөөний дуу тачигнахаас өөр чимээ аниргүй Зуухт уул ийнхүү угтсан юм.

Үргэлжлэл бий.


 

        ТУУЛЫН ТАРХИНД ЦАХИЛГААН ХӨРӨӨ ТАЧИГНАЖ БАЙНА

/Цуврал-2/

Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутаг Туул голын эхэнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Мод бэлтгэлийн талаар олон нийтийн дунд янз бүрийн ойлголт бий. Нэг хэсэг нь мод бэлтгэл бизнес болж хувир­сан, ашиг хонжоо хайж Монголын ойг хяналтгүй сүйтгэж байгаа, түүнээс үүдэн гол мөрөн шир­гэж байна гэхэд нөгөө талд ойн цэвэрлэгээг зайлшгүй хийх ёстой, эс тэгвэл ойд түймэр дэгдэх, хортон шавьжинд идэгдэх гол нөхцөл болно гэж тайлбарладаг.

Энэхүү хоёр талын байр сууринаас хандсан мэдээлэл газар дээрээ хэр бодитой болохыг бид тодруулахыг зорьсон юм. Түүнээс гадна Хатан Туул хэмээн шүтэж та­хиж ирсэн голын эхэнд мод бэлтгэх болсон нь илүү их анхаарал татаж байна.

А.ТӨМӨРСҮХ: ГАНЦ БҮДҮҮН МОД УНАГААХАД ОЛОН ЖИЖИГ МОД СҮЙДДЭГ

Төв аймгийн Эрдэнэ сумын II багт Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас “ЭБЭ” гэх компани ойн цэвэрлэгээ хийж байна. Тэд Цахир цагаан чулуут, Зуухт гэх хоёр уулнаас мод бэлтгэж байхад нь манай сурвалжлах багийнхан таарсан билээ. Зуухт уулын арын энгэрт хэд, хэдэн отог байрлаж, энд тэндгүй цахилгаан хөрөө тачигнаж модод сүрхийн унах чимээ сонсогдож байлаа. Шинэхэн тайрсан хожуулууд ч олон харагдсан. Гол нь зөвхөн ургаа модод тайрч байгаа үйл явц тэнд өрнөж байв.

Шатсан, унанги, шавьжинд идэгдсэн модод газраар хөглөрнө. Тэднийг мод бэлтгэлийн ажилтнууд ер тоох шинж алга. Харин зөвхөн ургаа моддыг л тайрч цагаалж бэлтгэсээр байв. Зарим тайрч унагаасан модод голдоо өмх идсэн байх аж. Тийм моддыг тэр чигт нь орхижээ. Компанийн ажилтнууд хуурай мод бэлтгэж байна гэж мэлзэх ч газар дээрээ нойтон хуш унагаасан байхтай нь бид таарсан юм. Түүнчлэн жижиг зулзаган модод бэлтгэлийн явцад сүйрсэн харагдсан.

Энэ тухайд Эрдэнэ сумын II багийн иргэн А.Төмөрсүх “Ойн цэвэрлэгээ хийж байгаа энэ газар унанги ховор, сийрэг хуш модтой. Мод бэлтгэлийн явцад хуш унагаасныг бид газар дээр нь харлаа. Дандаа ургаа модыг унагааж байна. Ганц бүдүүн мод унагаахад хажууд нь өчнөөн жижиг мод сүйддэг.

Гэтэл энд ямар ч хяналт байхгүй байгаад гайхаж байна” гэв. Нээрээ л бидний ажилласан бүтэн өдрийн сурвалжлагын явцад хяналтын, албаны нэг ч хүн мод бэлтгэлийн талбайд ирээгүй юм. Ямар модыг хэрхэн сонгож унагааж байгаа, тэр явцад бусад мод өртөж байгаа эсэх, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчинд нөлөөгүй тээвэрлэлт хийж байгаа, хэр хэмжээтэй модыг нийслэл рүү тээвэрлэж байгаа зэрэгт хяналт алга.

МАЛЧИД ДЭЭВЭРГҮЙ МАЛЫН ХАШААТАЙ БАЙХАД ДЭРГЭДҮҮР НЬ ТОМ МАШИНААР МОДЫГ НЬ ЗӨӨНӨ

Зуухт уулаас бууж бид нутгийн малчдын гэрээр оров. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын бүс эхэлснээс цааш айл амьдрах битгий хэл мал бэлчээрлэх боломжгүй, хуулиараа ч хориотой. Харин хамгаалалтын бүсээс наана нутгийнхан хаваржиж байна. Хоёрдугаар багийн иргэн О.Эрдэнэчулуун гуай энэ нутгийн унаган иргэн. Хүүхэд ахуй цагаасаа энэ голын хөндийд тоглож өссөн нэгэн аж. Нэг үгээр тэрбээр нутгийнхаа онгон дагшин байгалийг шүтэж, нутгийнхаа нэг ч чулууг хөдөлгөхөөс эмээж өссөн хууччуулын нэг. Хан Хэнтийг дархалснаас хойш нутгийнхан бүр ч илүү шүтэх болсныг тэрбээр ярьж байна.

Гэвч сүүлийн үед хүнд даацын автомашинууд дархалсан газраар нь хөндлөн гулд давхилдах болсонд ихээхэн бухимдалтай байв. Тэрбээр “Ойн цэвэрлэгээ хийж байна гээд л сүүлийн үед машинууд давхилдах болсон. Гэхдээ энэ нутагт нийслэл хотыг усаар хангадаг Туул голын ундарга байгаа. Голын ундарга дээр мод бэлтгэх нь маш буруу. Нутгийн иргэд бид ч эндээс мод бэлтгэх эрхгүй. Ямар сайндаа л малынхаа хашааг дээвэрлэж чадахгүй, даавуу татчихсан байхав” гэж байна. Залуу малчин З.Жаргалболд ч ийм байр суурьтай байлаа. Түүний ярьснаар мод бэлтгэлийн ажил Шинэ жилийн баярын дараахан эхэлсэн гэж байна. Ямар учиртай хүмүүс болохыг нь лавлахаар “Яамны зөвшөөрөлтэй. Та нарт хамаагүй” гэдэг аж.

Өөрийн хэрэгцээнд хэдэн гоожин бэлдээд баригдсан нутгийн нэг нөхөр ял авч байсан удаатай гэнэ. Түүнээс хойш мод бэлтгэх тухай нутгийнхан бодох ч эрхгүй болж. Ер нь монголчуудын өнөөгийн төрх ийм. Газар, байгалийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заасан ч амьдралд хэрэгждэггүй. Он удаан жил амьдарч буй нутгаасаа ганц, хоёр мод аваад хэрэглэх эрхгүй малчид дээвэргүй малын хашаатай сууж байхад дэргэдүүр нь хаа холын сураггүй нөхөд том том машинаар модыг нь зөөгөөд гэрийнх нь хаяаг дайрах шахам өнгөрөх нь шударга явдал уу?

“ЭБЭ” КОМПАНИ 880 ШОО МЕТР МОД БЭЛТГЭХ ЭРХТЭЙ ГЭНЭ

Ойн тухай хуулиар ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд жил бүр гаргадаг аж. 2017 онд мод бэлтгэх тушаалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд гаргажээ. Уг тушаалаар бол Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас цэвэрлэгээний огтлолтоор 240 га-гаас 6,000 шоо метр мод бэлтгэхээр дээд хязгаарыг баталсан байна. Харин Төв аймгийн Эрдэнэ сумын II багт Туул голын эхэнд 880 орчим шоо метр мод бэлтгэх зөвшөөрлийг “ЭБЭ” компанид олгожээ.

Мод бэлтгэлийн компанийг хэрхэн сонгодог талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад тусгайлсан тендер зарладаггүй гэж байна. Компанийн ажлын туршлага, техник төхөөрөмжийн хангамж зэргийг харгалзаж сонгодог юм байна. Тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт явуулдаг гэсэн боловч хэзээ, хэчнээн компани өрсөлдсөн болох мэдээлэл бүрхэг байв.

Бидний олсон мэдээллээр “ЭБЭ” компани 2008 оны үед салбарын яамнаас мод бэлтгэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авчээ. Богдхан уулын Төрхурхын аманд 2014 онд ойн цэвэрлэгээ нэрээр мод бэлтгэж байж. Мөн тэр ондоо Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жил Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэжээ. Гэвч тэдний өмнөх ажлуудын хувьд нутгийн иргэд болон байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд тийм ч таатай ханддаггүй аж.

Төрхурхын аманд мод бэлтгэх үед хууль зөрчсөнөөс байгаль орчны иргэний нийгмийн байгууллагаас очиж үйл ажиллагааг нь зогсоож байсан удаатай аж. Хууль, журмын дагуу ойн цэвэрлэгээ хийж мод огтолж байгаа компани 100 шоо метр мод бэлтгэх тутамд хоёр га газрыг ойжуулах үүрэгтэй. Харин тэд Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэхдээ нөхөн сэргээлт хийгээгүйг нутгийн иргэд хэлж байлаа. Компанийн ажилтан ч үүнийг баталсан юм.

Н.МӨНХСАЙХАН: КОМПАНИ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЖ МОД БЭЛТГЭСЭН

Эрдэнэ сумын Засаг даргын шийдвэрээр энэ долоо хоногийн эхээр мод бэлтгэлийн талбайд шалгалтын баг ажиллуулжээ. Учир нь тус компани мод бэлтгэлийн талаар сумын захиргаанд ямар нэгэн мэдээлэл өгөхгүйгээр ажлаа эхлүүлсэн байна. Нутгийн иргэд сумын удирдлагуудыг энэ ажилд хардаж сэрдэж байгаа нь ч нөлөөлсөн гэж байна. Тиймээс ямар зөвшөөрөлтэй компани, хууль ёсыг хэрхэн сахиулж байгааг газар дээр нь шалгажээ. Энэ талаар Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Ажлын хэсгийнхэн ямар шийдвэртэй ирэв?

-Засаг даргын орлогчоор ахлуулсан байгаль орчны байцаагч нарын хүмүүс оролцсон ажлын хэсэг ажиллаад ирсэн. Нөгөө талаас ч хүмүүс байлцсан. Компани энэ сарын 15-нд ажлаа дуусгах гэрээтэй юм билээ. Ажлын хэсгээс компанийг 15-наас эхлээд мод унагаах ажлыг зогсоож, мод бэлтгэсэн талбайд цэвэрлэгээ хийхийг үүрэг болгосон. Бэлтгэсэн модыг постны дэргэд тээвэрлэж, хурааж, хэмжихэд бэлэн болго гэж мэдэгдсэн. Постон дээр буулгасан модыг хэмжиж, хот руу тээвэрлэлт хийхийг зогсоосон.

-Байгаль орчин сүйдсэн асуудал бий юү?

-Ой тодорхой хэмжээгээр сүйтгэсэн. Ойн цэвэрлэгээг хангалтгүй хийсэн. Компанийн зүгээс гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн санал гаргасан ч манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь мод бэлтгэж байгаа талаар орон нутагт заавал мэдэгдэх ёстой. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, орон нутгийн удирдлага, компани хамтран гурвалсан гэрээ хийх ёстой. Ингэж байж аль аль талаас хяналт сайжирна. Гэтэл ямар ч хяналтгүйгээр ажиллаж байсан. Удахгүй Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт очиж тооцоо нийлнэ.

Хэдий Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр мод бэлтгэж байгаа ч ойн нөөц ашигласны төлбөрийн 60 хувь нь орон нутагт орох хуультай. Гэтэл одоо хүртэл тус мөнгө орж ирээгүй. Мөн компанийн бэлтгэсэн мод нь зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн. Энэ асуудлуудыг тодруулна.

Үргэлжлэл бий.


 

ТУУЛЫН ТАРХИНД ЦАХИЛГААН ХӨРӨӨ ТАЧИГНАЖ БАЙНА

/Цуврал-3/

“ЭБЭ” компани Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт Туул голын урсац бүрэлдэх эх дээр 887 шоо метр мод бэлтгэх гэрээг өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд байгуулжээ. Гэхдээ энэ бол эхний ээлжийн ажил гүйцэтгэх гэрээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт 240 га талбайгаас 6,000 шоо метр мод бэлтгэхээр тогтоосон. Тэгэхээр тус компани үргэлжлүүлэн мод бэлтгэх эрхтэй гэсэн үг аж.

ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС УЛСАД ХЭР ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОРДОГ ВЭ?

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 307 дугаар тогтоолыг Засгийн газар 2014 онд баталжээ. Уг тогтоолоор бүх төрлийн моддын үнэлгээг шоо метрээр нь тогтоосон байх юм. Хуш мод тээврийн зай, цэвэрлэгээний бүсээс хамаарч хэрэглээний модны хувьд 7,125-18,000 төгрөгийн үнэлгээтэй юм байна. Харин түлээ болгож бэлтгэх бол нэг шоо метр нь 1,710-6,000 төгрөг.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас бэлтгэж буй модны хэрэглээний зориулалтаар ашиглаж байгаа юм. Албаны хүмүүсээс байгалийн нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцсон талаар тодруулав. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад “Хуш мод нэг шоо метр тутамд 17-20 гаруй мянган төгрөг. Улсын болон орон нутгийн төсөвт нийт 20 орчим сая төгрөг орох ёстой.

“ЭБЭ" компани журмаараа урьдчилж тодорхой хэмжээний төлбөрөө төлсөн. Ажил дууссаны дараа үлдсэн төлбөрөө тушаана” гэж байна. Засгийн газрын 307 тогтоолоор бол “ЭБЭ” компани дунджаар 6.3 сая төгрөг болохоор харагдаж байна. Тэгвэл “ ЭБЭ ” компанийн захирал Ц.Эрдэнэсүх ийм тайлбар өглөө. Тэрбээр “887 шоо метр модны нөөц ашигласны төлбөрт дөрвөн сая гаруй төгрөгийг тушаасан. 
Түүний 60 хувь нь орон нутаг, 40 хувь нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын төсөвт ордог юм билээ” гэсэн юм. Түүний хэлснээр Эрдэнэ суманд төлбөрийн 60 хувь орно гэдэг нь зөв.

Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайхан энэ тухай баталсан ч одоог хүртэл байгалийн нөөц ашигласны төлбөр сумын төсөвт шилжээгүй байгааг онцолсон юм. Тэрбээр бас орон нутгийн төсөвт гурван сая гаруй төгрөг тушаагдах ёстойг хэлсэн. Эдгээр, эх сурвалжуудын мэдээллээс харахад Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас бэлтгэсэн 887 шоо метр хуш модны төлбөрт дөрвөн сан гаруй төгрөг тушаах ёстой гэсэн компанийн захирлын тайлбар үнэнд дөхөж байна. Тэгвэл ойгоос бэлтгэсэн модноос компани хэр ашиг олдог вэ?

НЭГ МАШИН МОДНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ 1-3 САЯ ТӨГРӨГ

“ЭБЭ” компанийн захирлын ярьснаар бэлтгэсэн модоо зах зээлд гаргадаг гэсэн юм. Өөрөөр хэлбэл, модны томоохон захуудад орон нутгаас бэлтгэсэн мод худалдаалагддаг. Энэ талаар тодруулахаар “Цайз” модны захыг зорьсон юм. Тус захын захиргаанд аль аймгаас, хэдний өдөр мод оруулж ирсэн тэмдэглэгээ байдаг аж. “ЭБЭ” компанийн хувьд Төв аймгийн Эрдэнэ сумаас нэгдүгээр сарын 13-наас эхэлж цөөхөн тээвэр хийжээ. Тээвэрлэж ирсэн модыг хэрхэн үнэлж авдаг талаар наймаачдаас тодруулахад голдуу шоо метрээр тооцоод машинаар нь үнэлдэг гэнэ.

Нэг машинд 15-20 шоо метр, бүр том машин бол 45 шоо метр мод багтана. Гэхдээ 45 шоо метрээр ачсан мод цөөхөн орж ирдэг гэж худалдаачид хэлж байна. Хэрэглээнийх учраас палкаас арай хямд. Шоо метрээс нь шалтгаалж нэг машин хуш модыг 1 -3 сая төгрөгөөр худалдан авдаг гэж байна. Тэгвэл 887 шоо метр модыг ойгоос бэлдэж ирээд зах зээлд гаргахад дунджаар 60 гаруй сая төгрөгийн ашиг олдог гэж тооцогдохоор байгаа юм.

Байгалийн нөөцийг зургаан сая хүрэхгүй төгрөгөөр худалдаж авчихаад 60 саяар зардаг тогтолцоо хэр шударга вэ. Компанийн хувьд ашгийн зорилготой учраас тэднийг буруутгах аргагүй. Харин ийм боломжийг олгож буй төрийн гаргасан шийдвэр, баталсан тогтоол нь цаг үеэ хэрхэн мэдэрч байгааг л харуулж байна.

П.МАГСАРЖАВ: ТУУЛЫН ЭХНЭЭС МОД БЭЛТГЭХ БИТГИЙ ХЭЛ 1,000 ГА ГАЗРЫГ ОЙЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Голын урсац бүрэлдэх эх дээр уул уурхай, байгаль орчны ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог хуультай. Гэтэл Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг Туул голын урсац бүрэлдэх эх дээр мод бэлтгэхийг зөвшөөрсөн явдал байгаль орчин, усны мэргэжилтнүүдийг бухимдуулахад хүргээд байна. Угаас ой мод гол усыг тэжээдэг, тэтгэдэг болохыг найман настай балчраас наян настай буурал ч хэлээд өгнө.

Хатан Туулаа хамгаалъя гэж олон жил хашхирч дуулсан ард түмэн, тэдний төлөөлөл болсон төр засаг Туул голынхоо тархин дээрээс нь мод огтлохыг яагаад зөвшөөрөх болов. Туулын эхэнд мод бэлтгэл явуулах нь ямар нөлөөлөл үзүүлж болохыг Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн П.Магсаржаваас тодруулсан юм. Сурвалжлагын явцад ойн цэвэрлэгээний тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан “Хуурай модыг огтлох нь ойн түймэр, хортон шавьжнаас хамгаалах гол хэрэгсэл" гэж тайлбарлаж буй.

Тэгвэл усны мэргэжилтний ярьснаар ямар ч мод xvypa й ч бай, нойтон ч бай гол, усыг бүрэлдүүлэх ач холбогдол нь хэзээ ч буурдаггүй гэсэн нь анхаарал татав. Энэ тухай Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн П.Магсаржав “Голын урсац бүрэлдэх эх болон голын ай сав газраас модыг их хэмжээгээр бэлтгэх нь маш аюултай. Нэгдүгээрт, мэдээж экосистемд, хоёрдугаарт амьтдын амьдрах орчинд хохирол учруулна. Гуравдугаарт, усны нөөц хомсдоход нөлөөлдөг.

Монгол орны хувьд голын урсац газрын доорх цэвдгээс тэжээл авдаг. Модыг их хэмжээгээр огтолсноос болоод өндөр уулын хэсэгт байгаа цэвдэг нарны шууд тусгалыг хүлээж авснаар маш эрчимтэй хайлах нөхцөл бүрддэг. Голыг тэжээдэг цэвдэг богино хугацаанд хайлж алга болсноос голын тэжээл, голын усны хомсдолд сөрөг нөлөө үзүүлнэ. Ялангуяа Монгол Улсын хүн амын нэг сая гаруй хүн амын ундны усыг бүрдүүлдэг Туул голын эхэнд мод огтолно гэдэг боломжгүй.

Социализмын үед Туул голын эхээс их хэмжээний мод бэлтгэсэн түүх байдаг. Энэ нь Туул голын ай савд сөргөөр нөлөөсөн талаар судалгаа, шинжилгээний материалууд маш олон бий. Туулын эхнээс мод бэлтгэх битгий хэл 1,000 га газрыг ойжуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг” гэлээ. Ой мод гол усанд ямар их нөлөөтэй, ямар харилцан шүтэлцээтэйг бусад ойн мэргэжилтнүүд ч онцолж байсан юм. 700 гаруй км үргэлжлэн улаанбаатарчуудаар зогсохгүй таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Туул голынхоо тархин дээр цахилгаан хөрөө тачигнуулан ой молыг нь сүйтгэж байгааг олон нийт ч буруушааж байлаа.

Ямартаа ч олон арван жил байгаль орчныг хөгжлийг тодорхойлж, боловсруулж байна гэх нэрийдлээр төр засаг байгаль орчныхоо эсрэг ажилласаар ирснийг өнөөдрийн бидний эргэн тойрон дахь ус, хөрс, агаарын бохирдол, хомсдол, сүйрэл бэлэхнээ харуулж буй.

Ер нь гол мөрний урсцыг бүрэлдүүлдэг ой, модыг цэвэрлэгээ нэрээр огтолж сүйтгэх нь хэр зохистой явдал вэ. Энэ тухайд байгаль орчны мэргэжилтнүүд хоёр талцсан байр суурьтай байдаг нь сурвалжлагын явцад тодорхой байлаа. Тэгвэл манай улсад ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай юу. Ер нь ойн цэвэрлэгээ гэж юу вэ?

Монгол орны ойн сангийн нөөц өнөөгийн байдлаар 1.2 тэрбум. Үүнээс хамгийн их хувийг шинэс мод эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум гаруй нь шинэс мод байдаг бол хуш модны ойн сангийн нөөц нь 120 мянга. Монгол орны нийт газар нутагтай харьцуулахад ойн сан 12 хувийг л эзэлдэг. Түүнээс ойрхог чанар гэвэл дөнгөж 7.8 хувь болохыг Ойн судалгааны хөгжлийн товийн мэргэжилтэн Б.Алтансүх ярилаа. Монгол орны ой мод сүүлийн жилүүдэд ихээр сүйдэж нөөц нь багассаар байгааг дээр дооргүй л ярьдаг. Түүний илрэл бол гол, мөрөн, булаг, шанд жилд хэдэн зуугаараа ширгэж байгаа явдал. Харин манай албаны хүмүүс ойн нөөц багассан шалтгааныг түймэр, хортон шавьжтай л холбон тайлбарлаж байна. Түймэр, хортон шавьжнаас хамгаалах гол хэрэгсэл нь ойн цэвэрлэгээнээс өөр ямар ч гарцгүй хэмээн толгой сэгсрэн сууцгааж байна. 

“МОНГОЛЫН СИЙРЭГ ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ШААРДЛАГАГҮЙ"

Ойн тухай хуулийн 3.1.15-д ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ гэж заажээ. Хуулийн энэхүү заалтыг уншсан хэнбугайд ч зөвхөн унасан хуурай модыг цэвэрлэнэ гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн дээрх заалтаар ой дахь түймэрт өртсөн, хөнөөлт шавьж, өвчин нэрвэгдсэн, амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, түүний гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбай гээд газарт хог болсон бүхий хэлбэрийн модыг цэвэрлэх ёстой гэж заачихаж.

"Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлж, хууль сахиулж байгаа хүмүүс ургаа хуурай модыг огтлох тухай л ярьж, хэлцгээж байна. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт ч зөвхөн ургаа модыг л тайрч бэлтгэж байсан билээ. Харин унасан, шатсан, шавьжинд идэгдсэн модод, гишүү, мөчрүүдийг цэвэрлэх битгий хэл унагаасан ургаа моддынхоо гишүү, мөчрийг тайраад улам хог болгон хаяж буй дүр зураг л биднийг угтсан.

Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Р.Ганбат тайлбарлахдаа “2013, 2014 онд Монгол Улсын хэмжээнд хойд талын шилмүүст бүхий ойд олон олон зорилтот ойн тооллого хийсэн. Үүний үр дүнд 430 сая шоо метр унасан хатсан гарсан модны нөөц байна гэж гарсан. Тиймээс Монгол орны ойн төлөв байдлын хувьд маш их доройтсон, цэвэрлэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан.

Энэ их хатсан, унасан мод ой дотроо байх нь ойн түймэр гарна. Ойн хортон шавьж өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Одоо мөрдөж байгаа стандартаар хортон шавьж болон түүний улмаас ургах чадваргүй болсон модны 40 хувийг авдаг. Үлдсэн 60 хувь нь байгалийнхаа үржил шимийг хангаж хөрсөндөө шингэдэг. Эдийн засгийн хувьд ч хатсан унасан модоо ашиглавал маш их баялаг байгаль дээр байна. Өмхөрсөн модыг хэн ч авахгүй. Бүрэн цэвэрлэгээ хийе гэхэд боловсруулж хэрэглэдэг үйлдвэр манайд байхгүй” гэсэн юм. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын албаны дарга Б.Хашмаргад ч ийм тайлбарыг өгч байлаа.

Харин бусад ойн мэргэжилтэн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд өөр тайлбар хэлж байна. Тэд "‘Ойн цэвэрлэгээг нарны тусгал орох боломжгүй шигүү ойд хийдэг. Манайх шиг сийрэг ойтой оронд ойн.цэвэрлэгээ шаардлагагүй. Түймэрт өртсөн, шавьжинд идэгдсэн, үхэжсэн модод эргээд хөрсөндөө шингэж шавьж амьтдын өсөх үржил болдог. Дараагийн модод ургах бордоо тэжээл нь болдог” гэж байна. Түүгээр ч зогсохгүй зөвхөн дотооддоо ч бус, гадаадын энэ чиглэлийн мэргэжилтэн, судлаачид манай орон дахь ойн цэвэрлэгээ гэх менежментийг илтэд буруушаадаг ажээ. Тэд бас л дээрх тайлбарыг хэлж “Ойг цэвэрлэж ургуулна гэдэг буруу менежмент" хэмээдэг ажээ.

НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАЙРЛАХ ХАТАН ГОЛЫНХОО ТОЛГОЙНООС НЬ ЭХЭЛЖ ЦӨЛМӨХ ЯМАР ЦАГ ҮЕ ВЭ?

Үнэндээ манай оронд ойг хамгаалах нэрийн дор бизнесийн сонирхол илтэд бий болсныг энэ салбарынхан хүлээн зөвшөөрч байна. Ганц компани 1,000 хүрэхгүй шоо метр мод бэлтгээд л олж байгаа ашиг, түүнээс улсад төлж байгаа татварын хэмжээ тэнгэр газар мэт байгаагаас бизнес байхаас аргагүй нөхцөлийг бүрдүүлээд өгчихөж байна. Ойн салбарын гол зохицуулагч Ойн тухай хуульд гэхэд жил бүр нэмэлт өөрчлөлт орсоор бизнесийн хууль болж гүйцсэнийг ч хэлэх хүн олон байв. Тэгээд ч тусгай хамгаалалттай газар нутаг тусгай хамгаалалтын дор байх ёстойгоос биш ашиг олох бизнесийн арга хэрэгсэл хэзээ ч болгож болохгүй. Өнөөдөр ойн цэвэрлэгээ нэрээр сайдын тушаал барьсан нэг нөхөр тусгай хамгаалалттай газар руу гутлын мөр гаргахад л маргааш нь модны хулгайчдын цуваа үргэлжилдэг гашуун сургамжтайг орон нутгийнхан хэлж байлаа.

Ерөөс Туул гол монголчуудад, улаанбаатарчуудад ямар ач холбогдолтойг захын нэгэн хэлээд өгнө. Нүдний цөцгий мэт хайрлах хатан голынхоо толгойноос нь эхэлж цөлмөх ямар цаг үе вэ, өнөөдөр?