Дуудаад ирэхгүй алсад

Б.АЛТАНХУЯГ. “Open door”


Хүн болгон мэнд мэдэлцэн гар барьж танилцах бүртээ “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж надаас асуудаг. Би “Хэнтий нутгийн хүүхэд” гэж хариулж сураагүй хүн дээ... Яагаад ч юм гуниг хургасан цээжинд минь энэ үг түрүүлж буудаггүй юм. Харин би “Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нутгийн хүүхэд” гэдэг. Хүн бүхэн л “Өө, Өндөрхааных, аваргын нутгийнх юм байна” гэцгээнэ. Харин одоо миний найзуудын ихэнх нь “Өвгөн ноён гэж хэн юм бэ” гэж асуудаг болсон. Сэтгэл эмзэглэмээр...

Өвгөн ноёны гуулин хээр, зандан хүрэн, зандан шоо, хонгор зээрд гээд л халхын домогт хурдан хүлгүүдийн тухай үлгэр домгийг аав минь надаар яриулах дуртайсан. Хүн бүр аавыг минь танихгүй. Тиймээс л би аавыгаа дурсан санаж, хүмүүстэй танилцах бүртээ “Өвгөн ноёны нутгийн хүүхэд” гэж хэлдэг юм.

Би айлын ганц хүү. Дээрээ нэг эгчтэй. Эгчийн минь дээр олон охин төрөөд тогтоогүй гэдэг юм. Ижий аавдаа тогтож үлдсэн нь бид хоёр шүү дээ. Бурхан зарим нэг хүний нуруун дээр зовлонг хэмжээ хязгааргүй овоолж орхиод эргэж хардаггүйн хэцүү жишээ энэ.

Хэнтий аймгийн Батноров сум, Гурван Баяны хоолой, Уртын голын хөндий, Цагаан нуурын эрэгт миний бага нас өнгөрчээ. Голомтыг нь залгах ганц хүү нь гурван нас хүрч дэгэж дэрвэх насандаа хүрсэн ч ямар өвчин туссан нь үл мэдэгдэж шөнөжингөө уйлж, өдөр нь сэрэх ч үгүй нүдээ анин унтах болжээ. Аав минь амь болсон хүүгийнхээ төлөө өр зүрх нь зүсэгдэж, адуугаа хураан шогшиж явахдаа эзгүй талд хэчнээн их уйлсан бол доо гэж бодохоор цээжин доторхи бүхий л эд эрхтэн минь урагдах шиг болдог.

Хавар болохоор Уртын гол эргээ халин үерлэж Гурван Баяны хоолойг алсын уулын оройгоос харвал аварга том мөнгөлөг халимны нуруун дээгүүр адуу мал бэлчээрлэн яваа шиг үзэгдэнэ. Тэр өдрүүдийн нэгэнд холын хүмүүс Уртын голын дунд гарам дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж орхижээ. Ах, аав хоёр минь усанд хөллөдөг хоёр том шараараа машиныг нь татаж гаргасан гэдэг. Хожим би долоон настайдаа тэр хоёр үхрийн дэргэд очин, номхон шарга мориныхоо амыг нь татан алхааг нь зөөлрүүлж байгаад дөрөөн дээрээ өндийтөл надаас өндөр байж билээ. Тийм л том эр үхэрнүүд өнөөдөр Хөхүүрийн номин талд ховордож байгаа нь харамсмаар...

Өнөөх машины урд суудал дээр лам байрын хүн сууж явааг хараад ах минь “Манай ахын хүү нь өвдчихөөд байгаа юм аа. Та үзээд өгөөч” гэсэн гэдэг. Сүхбаатарын уугуул иргэн Д.Давааням гэдэг тэр лам намайг гурав үлээчихээд гарсан юм гэнэ лээ. Түүнийг гарсны дараа би гэрийнхээ ганц гоёл болсон хээтэй ногоон хивсэн дээр далай шиг их шээчихээд л эгчийнхээ тоглоомноос булаацалдан тоглож гарсан гэдэг. Ингэж л шөнө болохоор үүд рүүгээ зааж ногоон гэрэл асаад байна, авдран дээр байгаа улаан гэрлийг унтраагаач хэмээн уйлж, ижий аав хоёрынхоо нойрыг олон удаа хугасласан муу хүү нь хүн болсон түүхтэй юмсанж.

Миний аав адуучин хүн байлаа. Аавын минь адуунд, наадамд унадаг ганган хийцтэй хос морьд олон. Асрын өмнө торгон жолоо өргүүлсэн аргамаг хүлгүүд ч олон. Наадамд унадаг гоё сайхан морьд адуун дундаас нь барих гээд очиход уран толгойдоо хуйв хүргэлгүй надаас хулжин оддогсон. Харин аав минь тэднийг ганцаар, саргүй шөнөөр ч оосорлоод барьчихдаг байж билээ. Аав минь БНМАУ-ын эмнэг хангал сургалтын спортын мастер хүн. Энэ цолыг бүр наймдугаар ангид байхдаа хүртсэн гэж байгаа. Одоо ч ээжийн минь арслантай авдрын дээд талын тавиур дээр жижигхэн улаан үнэмлэх байдаг. Түүн дээр “Төрөлх сургуулийнхаа түүхэнд тэмдэглэгдэх гавьяат үйлсийг бүтээж БНМАУ-ын эмнэг хангал сургалтын спортын мастер цолны болзол хангасан тул үнэмлэх олгов” хэмээн бичсэн нь буй. Аав минь ийм л гавьяатай хүн. Хулан шиг ардаг, омголон хүлгүүд аавыг минь дэлтэй шарга мориндоо уургаа тулан мордож очихуйд хонь шиг номхон болчихдогсон. Басхүү Батноров сумынхаа наадамд хоёр жил дараалан их насны дөрвөн морио айргийн тавд цоллуулж байсан удаатай. Сум бүү хэл овооны наадамд ч нэг хүний уясан дөрвөн морь айргийн тавд цуварч ирсэн түүх Сэцэнханы нутагт лав үгүй.

Аав минь гаднаа бусад аавуудын л адил уурлаж, зандардаг хүн байсан. Гэвч аавын минь дотор хүү, охин хоёроо л гэсэн хайр үргэлж нуугдаж, сэтгэлийг нь баясгаж, бас гуниглуулдаг байсан биз ээ. Нэгэн үе “Халтар царайт”-ыг үзэхээр аавын дүү Г.Бадамсүрэн ахынд бид хоёр орой болгон зочилдог байсан юм. Кино хараахан гарах болоогүй, би гадаа хүүхдүүдтэй тоглож байгаад орж иртэл аав дэргэдээ гурвын бетонтой юм тавьчихсан ууж сууна. “Та архи уугаад байна уу” гээд л ширүүхэн асуутал “Үгүй ээ, аав нь ус л ууж байна шүү дээ” гэв. Би ч үнэртэж үзээд тархи мансуурам үнэр хамар үл цоргиж байсан учир “Аан тийм байна” гэчихээд л гараад гүйчихэв. Тоглож байгаад киногоо ч мартаж орхижээ. Гэр рүүгээ харих замд аав минь морин дээрээ гуйвж, дайвна. Өглөө мэдэхнээ нэрмэл ууж суусан юм билээ л дээ. Аав гэрийнхээ гадаа ирж уяаны дэргэд буугаад хүүгээ өвөр дээрээ суулган “Аав нь хүүдээ юм яръя” гэж байна. “Ядаргаатай юм бэ, та одоо! Хүүгээ хуурч архи уучихаад юугаа ярих гээд байгаа юм!” Аав ч чимээгүйхэн л гэртээ оронгуут хоймортоо сууж тамхилчихаад унтахаар хэвтлээ. “Чи аавыгаа уурлуулчихсан юм уу” гээд ээж над руу харав. Одоо ч ээжийн зэмлэсэн харц, аавынхаа гомдсон дүрийг дотроо ургуулах бүрийд нутгийн минь уул шиг хөх өвгөчүүлийн уурганы хуйв нуруун дундуур минь тасхийх шиг болдог. Харин би аавыгаа ганц л баярлуулсан шиг санагдана. Хэдэн настай байснаа яг таг санадаггүй юм. Аав минь надаас “Миний хүү дотор нь ороод суудаг, өөрөө гишгээд “үрүүл”-ийг нь залаад явдаг удирдлагатай машин авах уу? Ахындаа байдаг шиг зурагттай болох уу?” гэж асуулаа. Тэр үед МУГЖ, зууны манлай эстрадын дуучин, поп дива Сарантуяагийн “Салхины хээ” дууг сонсож, тэрхүү дуундаа дурласан жаалхүү байсан юм. Би зурагттай болохыг хүссэн. Аав минь баярлаж байна гэж жигтэйхэн, яг л хүүхэд шиг хөөрч байв. “Миний хүү ч эрдэмтэй хүн болно оо” гээд зулайг минь үнэрлэж суусан нь санаанаас ер гардаггүй юм. Муу аавыгаа баярлуулж, бас гомдоож, инээлгэж, өр лүү нь өшиглөн уйлуулж өсчээ, би.

Олон сайхан морины дуунууд сонсоод л суух дуртай хүн байж билээ. Надаар дуулуулах бүр их дуртай, би ч дуулж өгөх дуртай. Ингээд л аав  минь янжуураа асааж, би ч

“Холын газраас бөмбөрөн гүйгээд

Холхи газрын хаяа хүрнэ ээ

Хүннүн үеэс цуутай ажнай

Хүслийн алдрай дэлтэй шувуу” гээд хэрэндээ л сайхан дуулах гэж хичээнэ. Харин аавын минь “Ийм сайхан дууг хамгийн сайн дуучин аавд нь дуулж өгсөн юм чинь хоёулангийнх нь саарал халзан морь айраг амсана даа” гэж байна. “Тэр сайн дуучин нь хэн юм бэ, аав аа” гэхэд минь ишинд нь тултал сорсон янжуураа ээтэн гутлынхаа зулган дээр нухчиж унтраачихаад өөдөөс минь инээмсэглэв. Тэгснээ “Миний муу шар хүү л байхгүй юу” гэлээ. Тэр өглөө морь минь дөрвөн хөлөө нугалчихаад хазаар даран хэвтэж байв. Ах минь ирээд “Бал ахаа, саарал халзан өнөөдөр мултрах байх аа, явуулаад дэмий юм биш үү” гэлээ. Дотор минь палхийгээд л явчихав. Би наадамд уралдахгүй өнжинө гэхээс туйлын ихээр айдаг байсан. Харин аав минь “Үгүй, жинхэнэ туранхай ир нь орчихсон байна шүү дээ” гэв. Үнэхээр л би саарал халзантайгаа магнайдаа тоосгүй түрүүлсэн дээ. Аав минь хүүгээ бус мориныхоо алтан толиур магнайн дээр уруулаа наан үнсэж байсныг би тодхон санадаг. Санах бүрийд л дотор минь нэгэн зүйл сэрж, хоолой минь хорсож, нүдэн дээгүүр нулимс бүрхээд л ирнэ. Аав минь молор эрдэнээ ингэж л хайрладаг хүн байлаа.

Жаахан халамцаад ирэхээрээ

“Долоовор хуруундаа зүүний сорвитой

Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй

Орсон гарсанд дуутай, цайтай

Олонтой явахын заяа түшсэн

Ай даа, хань минь чи наддаа

Амьдрал ивээх нар минь юм даа”

хэмээн дуулна. Тэгснээ төгсгөлийн бадгийг шуудхан үргэлжүүлж

“Цагийн урсгалаар хайр минь лавшраад

Цайных нь амтанд хамт сүлэгдээд

Цуварч уурлаж, цугтаа инээж

Цаанаа чи минь намбатай болжээ” гээд дуулж дуусав уу, үгүй юу нүд нь чийгтэж орхисон байдагсан. Эр хүний нулимс ховорхон унадаг гэж ярьдаг. Үүн шиг үнэн зүйл үгүй юм шиг. Гэвч эр хүн заримдаа бүсгүйчүүдээс ч уяхан болчихдог үе байдаг шүү дээ...

Аавынхаа өвдөж, зовж байсныг би лав үзээгүй. Дэндүү омголон, дэндүү тансагхан амьдралыг аав минь туулсан. Товруу мөнгөн хазаар, Тожил хийцийн их гарын эмээл, морин зуузайтай амгайвч, уяаны эргүүлэг, хулсан ташуур, өлзий хээтэй ган дөрөө, суран бугуйл, оонын арьсан хуйв, хүрэн торгон дээл, бажгар шар дурдан, элдсэн сурнуудаа тосолж хадгалсан хөх модон авдар, дэлийг нь зассан хос морьд л аавын минь гоёл байлаа. Ёстой ганган хүн дээ, миний аав. Сургуулийн амралт болохоор аавыгаа хүлээн сумын төвийн зүүн хойд дэнж дээр гараад суудагсан. Аав минь ергөө хул морио уначихсан, хүүгийнхээ номхон шарга моринд жижигхэн мөнгөн дөрөөтэй эмээлийг минь тохчихсон Бүрдэн толгойн энгэрээр ёстой л нэг товолзтол хатируулсаар гарч ирнэ. Манай суманд лав над шиг мөнгөн дөрөөтэй, хоёр бүүргэндээ хээтэй хөнгөн цагаан баавар бүхий ганган эмээлтэй хүүхэд байгаагүй юм шүү. Товч нь тасарчихсан дээлийнхээ хормойг салхинд дэрвүүлсээр аавыгаа тосч гүйнэ. “Та намайг шүүрээд л моринд минь мордуулаарай” гэж явуут дундаа хашгирна. Хөтөлгөө мориных нь эсрэг талаар гүйхээ ч би мэднэ. Аав минь намайг сэвхийтэл өргөж аваад л эмээл дээр суулгачихдагсан. Цэнхэр зэрэглээ наадсан Хөхүүрийн номин талд энэ торгон агшин жилд хоёр удаа давтагддаг байлаа. Тэр мөч л миний хамгийн аз жаргалтай үе байсан. Гэвч одоо дурсан суухад өөрийн эрхгүй самсаа минь шархирч байнам. Энэ дурсамжийг гээчихье гэхээр буцах шувуудын жигүүр даахгүй, голын урсгал эргээ балбан тэлчлээд урсаж өгөхгүй зовооно. Тэгээд л дотор минь оршсоор буй нь энэ.

Ийм гэгээн тунгалаг эцэг хүнийг тэнгэр өршөөсөнгүй. Аав минь хамгийн очих дургүй газар болох “Халдвар судлалын үндэсний төв”-д амьсгал хураасан билээ. Эргэж очих бүрийд минь “Аав нь зүгээр ээ, аав нь өвдөөгүй шүү дээ” гэнэ. Харин тэнгэрт халихынхаа өмнөх өдөр ээжид минь “Ямар их өвдөж байна аа. Болдогсон бол уйлмаар л байна, даанч би жаахан хүүхэд биш шүү дээ” гэсэн гэдэг. Ээж минь сүүлд нь уйлж суухдаа энэ үгийг хэлж билээ. Би ч өөрийн эрхгүй дагаад уйлчихсан. Хоёрдугаар курсын оюутан би “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж байсан цаг. Ажил гэж гүйсээр аавыгаа ч олигтой асарч чадаагүйгээ бодохоор гишгэсэн мөр бүхнээ баллаж орхиод араас нь явчихмаар санагддаг. Гэхдээ дуу шиг холын алсад суугаа аав минь хүүгээ тосч аваад өвөр дээрээ суулгахгүй бол яана гэхээс айдаг. Гомдож тунирхсан эр хүн дуугаа хураачихаад л чимээгүй суудаг юм шүү дээ.

Аавынхаа сүүлчийн үгийг би сонсч амжаагүй. Харин нөгчихөөс нь хэд хоногийн өмнө өвөрт нь хоносондоо дотроо баярлаж явдаг. Өглөө унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэхэд аав минь эгчид ийн ярьж сууна. “Хүү минь миний өвөрт хоночихлоо. Уг нь би том болсон хүн шүү дээ гээд унтдаггүй юм. Харин өчигдөр аавынхөө хөлийг шөнөжин барьж суугаад үүрээр л нэг юм дугхийв шив дээ. Ах нь ч эдгэсэн юм шиг сайхан байна” гэж билээ. Тийм ээ, аав минь өвчин тусаагүй, туссан өвчин нь эдгэчихээд тэнгэрт гарсан гэж би боддог. Удахгүй буугаад ирнэ.

“Бодлынхоо үзүүрт аавтайгаа

Уулзах гэж өндөлзөн сууна би

Багынхаа зангаар замыг нь тосоод

Гүймээр хүүд чинь санагдана

Хазаарын амгай ханхийхэд

Самсай минь аяндаа борхирдог

Холын холоос аавыгаа эрэх л гээд

Хорвоогийн наран эргэдэгсэн

Тэртээг зорьсон аавыгаа

Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн

Хүү минь хаана байна гээд

Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн”  гэж дуулдаг юм, уйлдаг юм, би.

Даанч та минь дуулаад, уйлаад, дуудаад ирэхгүй алсад...