Нэгэн эрвээхийн мөрөөр...

Жагдалын Баярхүү


“Эрвээхий минь, би есөн хүүхдийн ээж. Алс хол Монгол нутгаас энэ Хан Тэнгэр уулыг зорьж ирсэн. Намайг өршөөж хайрлаач. Би өөрийг чинь миний нутгаас амийг минь авруулахаар илгээсэн гэж бодож байна...”

УулчинТ.Ичинноровын өдрийн тэмдэглэлээс.

1991 оны долдугаар сар. Хан Тэнгэр уул.

ДТД 4200 м-ийн өндөрт.

 

-Баяраа, нааш ир. Гоё юм үзүүлье.

-Юу юм?

-Хүрээд ир ээ.

Эрдэнэбаяр намайг ийн дуудав. Бид хоёр Эльбрус ууланд далайн түвшнээс дээш 5100 метрт өндөр аваад явж байсан юм. Үд дундын нарны түм буман цацраг мөнх цаснаас ойхдоо хацар нүүрийг хайргүй шарна. Аргагүй, долдугаар сар л даа.     

Намайг хөлөө зөөж тавин амьсгаадасхийн очиход тэрбээр “Чишш... эрвээхий...” гээд гараараа заалаа. Үнэхээр ч цав цагаан цасан дээр жижигхэн хөөрхөн шар цоохор эрвээхий нисч буун харагдав. Би уулга ч алдаж амжилгүй хөшиж орхилоо. “Ихо эгчийн эрвээхий...”. Ийм бодол тархинд зурсхийхэд Эрдэнэбаяр руу харав. Тэр надтай ижил зүйл бодож байгаа нь илт.

Ийм өндөрт, их цасан дунд тэр яаж амьдардаг байна аа?! Идэх хоол хүнс нь хаана байна, орох оромж нь аль юм?! Бас амьтан ах дүүс нь хаана байна?! Ойр орчныг харцаараа нэвт шувт нэгживч цэцэг бүү хэл цасан дороос сөрвийх ширхэг өвс ч нүдэнд торсонгүй. Ерөөс эргэн тойронд зузаан цасанд хучигдсан шовх өндөр уулс, цэв цэнхэр тэнгэр л харагдана.

Уг нь би энэ шавьжийг цэцгийн балаар хооллодог, зуны улиралд л цэцэгс дамжин нисч явдаг байгалийн нэгэн чимэг төдийхнөөр ойлгодог байсансан. Тэгтэл... Одоо тэр миний баатар болж хувирав!

Магадгүй, энэ бичвэрийг уншиж суугаа та “Юун Ихо эгчийн эрвээхий билээ?” гэж гайхаж байгаа байх. Хэрэв тийм бол http://bayarkhuu.time.mn/79208  линкээр орж тэрхүү эрвээхийтэй танилцана уу.

...Хөр цасан дунд цэцгийн дэлбээ хийсэх мэт... тийм эмзэгхэн гоо үзэсгэлэнг бид хоёр олж хараад, ямартаа ч олон хоног юу ч идээгүйгээсОУХМ уулчин Т.Ичинноров эгчийн нүдэнд хий юм харагдсан биш гэдэгт итгэв. Ингээд миний толгой дотор эрвээхийнээс өөр юм эргэлдэхээ болилоо...

Хэдэн сарын өмнө Ихо эгчээс ярилцлага авч байхдаа “Тэр ямар учиртай эрвээхий байсан юм бол?!” гэж асуухад тэрбээр “Намайг үхлээс аврах гэж л нутаг орноос минь очсон юм болов уу гэж боддог. Хэрэв тэр эрвээхий байгаагүй бол би буух гэж яваад ангалд унаж үхэх байсан...” гэж шуудханхариулсансан. Мэдээж Монголоос нэг эрвээхий Казакстан руу нисч очоогүй нь тодорхой ч, яагаадыг мэдэхгүй бид үлгэрт итгэх дуртай л байдаг шүү дээ. Бас нэг хувилбар гэвэл, уулчин эмэгтэйн зориг тэвчээрийн шанд Хан Тэнгэр уулын савдаг эрвээхийн дүрд хувилан ирсэн байж яагаад болохгүй гэж?! Хорвоо ертөнц бидний тааварлашгүй зүйлсээр дүүрэн...

Одоо илүү бодитоор харах гээд үзье. Хамгийн өндөрт гэвэл ДТД 6000 метртнэгэн зүйлийн эрвээхий бүртгэгдсэнтухаймэдээлэл олж харав. Гэхдээ энэ маш ховор тохиолбайж таарна. Өөр нэг таамаг гэвэл, тэр эрвээхий тэртээ дороос, уулсын хормойгоос салхинд хийсч ирсэн байж бас болох юм.

Гэвч энэ бүхний эцэст би нэг л зүйлд итгэхийг хүссэн юм. “Тэр эрвээхий миний эрлийн үзүүр дэх эрдэнэ байж!”. Би авиралтхийх гэж энд ирсэн гэхээсээ илүү, нэгэнэрвээхийн мөрөөр мөшгиж ирсэн мэт бодогдоно. Өнгөрсөн жил Эльбрус ууланд авираад оргилд гарч чадалгүй буцахад бөөн бөөн гуниг, бөөн бөөн ухаарал чээжинд минь багтаж ядан чихцэлдэж байсан бол энэ удаагийн авиралтын олз эл жижигхэн эрвээхий байлаа!“Хан Тэнгэр ууланд,ДТД 4200 метрт монгол эмэгтэйн амийг аварсан тэр лэрвээхий одоо Эльбрус уулын 5100 метрийн өндөрт нисч явна. Тэгвэл ДТД 6000 метрт хүрвэл түүнтэй бас тааралдах болов уу?!” гэх асуулт үе үехэн төрнө.

Ай, улам бүр өөдөө тэмүүлэх урам зоригийг бадраагч бяцхан минь дээ...