“Дайны гал”-ыг унтраах дайчид нь бид өөрсдөө

Л.Ганчимэг


            “Улс орны эдийн засаг хямарлаа, сүйдлээ”, “Монголд мөнгө алга байна” хэмээн манай төр, засгийн түшээд тал тал тийш мөнгөний эрэлд мордоцгоож байна. Ийм үед нэмэр дээр нь нэрмээс болох гэж байгаа юм шиг ард түмэн бид төрийн түшээдээ адалж загнаад, амаа билүүдээд суугаад байх уу. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үгийг ухаант өвөг дээдэс маань монгол хэлний арвин сан хөмрөгт зүгээр нэг тоо бөглөх гэж оруулаагүй биз. Энэ үгийг өргөн утгаар хэрэглэх цаг нь болжээ. Монгол хүний заяа хэзээнээсээ их байсан учраас бидэнд уудлах авдар, ухах “эрдэнэс”-ийн аль аль нь бий. Үүнд зөвхөн уул уурхайн баялаг ороод зогсохгүй, 56 сая мал ч, гурван сая монголчуудын элгэн халуун сэтгэл ч хамаатай билээ.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр улс орноо эдийн засгийн хямралтай, хэцүүхэн байхад нь гараа сунган тусалъя гээд малчид маань эхнээсээ санаачилга гаргалаа. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Улсын сайн малчин Н.Шаравжамц гуай салхийг нь хагалаад, улсдаа 100 хонь бэлэглэсэн юм. Энэ тухай “Өнөөдөр” сонин анх олон нийтэд хүргэж, Н.Шаравжамц гуайн гэрт очиж сурвалжилга бэлтгэснийг манай уншигчид санаж буй биз. Улсын сайн малчны энэ санаачилгыг холбогдох газрууд нь дэмжин, улам өргөжүүлээд, найдвартай сайн зохион байгуулбал үүнд нэгдэх хүсэлтэй хүн ч цөөнгүй байгаагаа илэрхийлээд буй. Тиймээс “Өнөөдөр” сонин хямралгүй маргаашийн төлөө өнөөдөр зүтгэхийг ард түмэндээ уриалан “Далайд дусал нэмэр” аян өрнүүлж байна. Хэрвээ танд эх орноо, ирээдүй хойчоо гэсэн сэтгэл, хямралыг сөрөх зүтгэл байвал манай аянд нэгдээрэй. 

Улсын сайн малчин Н.Шаравжамц гуай одоо Хэнтийн Бор-Өндөрт өвөлжиж буй. Гэхдээ тэрбээр улсаас төлөөлөгчид ирж, тоолоод өгсөн малыг нь туугаад явахыг хүлээн утсаа чагнасаар байгаа гэдэгт итгээрэй. Яахаа мэдэхгүй төөрч, тэвдэж яваа улс орондоо тэвнээр ч болтугай тусалъя гэсэн мянгат малчны мяндсан ухааныг хүндэтгэн, санаачилгыг нь ажил хэрэг болгохын төлөө аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн түшээд хаана хаанаа бодолцох хэрэгтэй байна.  Ор гэхээр шагайв, ид гэхээр тамшаалав гэгчээр есдүгээр сарын эхнээс хойш хүний урманд түүн рүү утасдсан хүн нэг ч үгүй гэдгийг тэрбээр биднийг сурвалжилгаар очиход урамгүйхэн хэлж билээ. Халуун хошуут малаасаа тасдаад улсад хандивлая гэж байхад тэр 100 хонийг нь яах ийх тухай хэн ч асууж сураглаагүй өдий хүрсэн гэхээр гайхмаар.  Уг нь тэрбээр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарыг орон нутагт ажиллах үеэр нь “Малчин бид улсаас бишгүй л дэмжлэг авдаг. Одоо харин улс орноо эдийн засгийн хямралаас гарахад нь хувь нэмрээ оруулах хэрэгтэй” хэмээн бусдыгаа уриалж, өөрөө түүчээлэн 100 хонь бэлэглэсэн юм билээ. Төвөөс очсон төрийн түшээдийг дагаад тэнд аймаг, сумынх нь удирдлагууд ч бүгд байсан гэдэг. Тэгсэн хэрнээ Улсын сайн малчны уриалга, санаачилгыг тэр дор нь өлгөж аваад ажил хэрэг болгоход анхааралгүй, бүгд нэг чихээрээ оруулаад, нөгөөхөөр нь гаргасан байгаа юм.

2015 оны мал тооллогын улсын дүнгээс харахад Монгол Улс 6800 гаруй мянгат малчинтай. Тэр дунд 3000 хүртэлх болон түүнээс дээштолгоймалтай 372 айл өрх бий. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт мал сүргийн 30 гаруй хувь нь мянгатуудад ногддог гэсэн үг. Дээрх гурван мянгат малчдын дунд мөнөөх УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүртэл багтаж буйг хэлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх газраас саяхан төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд танилцуулснаар бид Б.Бат-Эрдэнэ гишүүнийг 3000 хоньтой, 400 ямаатай, 450 адуутай, 60 үхэртэй гэдгийг мэдэж авлаа. Төрөлх нутгийнх нь Улсын сайн малчин олон жил гадаа гандаж, хөдөө хөхрөн байж цаг наргүй хөдөлмөрлөсний эцэст өсгөж үржүүлсэн 1000 хониноосоо 100-г нь эх орондоо хандивлая гэж байхад гишүүний толгойд “Би нээрээ 3000 хоньтой хүн шүү дээ. Олон түмнийхээ хайр хишгийг чамгүй хүртлээ. 3000 хониноосоо 300-г нь улсад өгч болох юм биш үү” гэсэн санаа орж ирээгүй юм байх даа. Байг гэхэд 100 хонь бэлэглэсэн ч халхын цуутай аварга, төрийн дархан түшээ түүгээр монголчууд бахархан үлгэрлэж, урамшин дагана уу гэхээс “Иймхэн хонь өгч байгаа юм уу” гэхгүй нь лав. Ингэхэд манай УИХ-д түүнээс гадна бас нэг мянгат малчин байгаа нь Л.Энхболд гишүүн юм билээ. Бас манай хотын дарга С.Батболд олон малтай, жилийн идэшнээсээ өөрөөр бусдыг нь хэрэглэдэггүй хөдөө налайж байдаг тухай саяхан сонинд ярьсан байсан. Тиймээс төр түшилцэж, хямралаас гарах арга ухаан сийлэх гэж толгойгоо гашилган буй эрхэм та бүхнийг манай аянд нэгдэн, ард түмнээ өөрсдийн биеэр уриалан нэгтгэхийг хүсэж байна.

“Далайд дусал нэмэр” хандивын аяны хүрээнд нийгмийн зарим томоохон зүтгэлтнээс сэтгэгдлийг нь авснаа хүргэе.

Н.Жанцанноров (Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин)

-Улсын сайн малчны энэ сайхан санаачилгын тухай дуулсан юм байна. 1000 хоньтой хүн 100-г нь улсдаа өгье гэсэн нь энгийн ард иргэд эх орноо эдийн засгийн хямралаас гаргахын төлөө нэгдэж чадахын илэрхийлэл юм. Хэдийгээр мал махны үнэ ханш өдөр ирэх тусам унаж байгаа ч малчдын өгье гэсэн сэтгэл нь өөрөө маш сайхан зүйл. Гэхдээ хамгийн гол нь тэр малыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдэг хамгийн чухал. Дайны үед бол монголчуудын цуглуулсан мал хуйг зохион байгуулалттайгаар очих ёстой хүмүүст нь хүргэж чадсан. Тэгвэл өнөөдөр бид эдийн засгийн дайны галын шугам дээр тулалдаж байна. Ийм үед ямар арга тактик хэрэглэхээ холбогдох газрууд нь бодож төлөвлөх хэрэгтэй. Гадаадад авахгүй, зах зээлд үнэ хүрэхгүй байгаа малынхаа махыг яаж мөнгө болгох вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах хэрэг гарна.

Хоёрдугаарт, энэ санаачилгад Монголын хөрөнгө чинээтэй хүн болгон нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш нэгдэлжих хөдөлгөөн шиг бүх малчнаас малаар хандив авна гэж зүтгэвэл утгагүй хэрэг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад жилд 10 тэрбум төгрөгийн орлоготой гишүүд манай УИХ-д хэд хэд байдаг аж. Тэд ч бас хөрөнгийнхөө 10 хувийг улсдаа хандивлах хэрэгтэй шүү дээ. Ядаж л гадаадын дансанд мөнгөө хадгалуулдгаа болих хэрэгтэй. Тэгнэ гэвэл би ч бас өөртөө байгаа хөрөнгийнхөө 10 хувийг өгөхөд бэлэн. Надад тийм их мөнгө байхгүй ч юу байгаараа нэмэр тус болж чадна. Ингэвэл бүх монголчууд эрвийх дэрвийхээрээ хөдөлнө.

Г.Мэнд-Ооёо (Соёлын гавьяат зүтгэлтэн)

-Санхvv эдийнзасгийн хямралаасгарахаргазамыггаднаас хайж, аль нэг улсаас гуйжалгатосохоос өмнөдотооддооямар боломж нөөц байгааг олж харах хэрэгтэй юм. Хөдөөгийн жирийн нэг малчин хүртэл яах вэ гэж бодоод, өөрийн нэмэр хандиваа улсдаа өгч байхад бид илүү холыг харж, сэтгэмээр байна. Энэ сайхан санаачилгыг үл ойшоон, эзэнгүйдүүлж хэрхэвч болохгүй. Лангуун дээр давс, гоймон хоёроос өөр зүйлгүй, картын бараанд монголчууд дугаарлаж байсан 1990-ээд оны тэр хүнд үед бид Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залж байлаа шүү дээ. ДорнодаймгийнЦагаан-Овоосумаас хүртэл 80-аад хониотуугаад нэгэн гэр бүл ирж байлаа. УлсыннаадмаарТөвцэнгэлдэххүрээлэндхоньтойгоо оржирсэнтэдардолнооуриалан дуудахад томоохон алхам хийсэн. Хотондахьхалзанцагаанхониозүслэх, чихэндэхалтанээмэгнийхээөрөөснийгтайлжаваадөгөх, тэтгэврээбуухболгондхэд гурвантөгрөгбариадиржбайсанардолныхоо дэмжлэгээр ихбурхнаа бүтээсэн дээ. Тэр үед унаа машин хомс, мэдээлэл, холбоо харилцаа одоогийнх шиг хөгжөөгүй байв.  Хөдөөгийн алслагдмал сумдаас малчдын өгсөн хонь малыг авчрах, эсвэл орон нутагт нь хэрхэн мөнгө болгох вэ гэдэг хамгийн хэцүү асуудал байсан. Гэвч монголчууд нэгдвэл юу ч хийж бүтээж болохын үлгэр жишээ тэр болсон. Түүн шиг одоо энэ санаачилгыг тодорхой нэг газар хариуцаад, орон даяар ажил хэрэг болгох хэрэгтэй. Орон нутагт нь бүсчилсэн байдлаар тодорхой цэгүүд байгуулаад малыг нь хүлээж авдаг сан уу, эсвэл хандивын данс нээдэг сэн үү маш нарийн зохион байгуулалт шаардлагатай л даа. Наад зах нь хандивын хөрөнгийг ямар зүйлд зарцуулахаа төр, засгийнхан эхлээд тогтох нь зүйтэй гэж бодож байна.

Б.Лхамсүрэн (Өвөрхангай аймгийн Бүрд сумын мянгат малчин)

-Орон даяар ийм санаачилга өрнөлөө, танай мал хандивлах уу гээд ирвэл хониноосоо бариад өгнө дөө. Заавал 100 хонь гэлтгүй, 50-ийг ч болтугай тоолоод өгнө. Гэхдээ мянгат малчин гэхээр хотынхон нэг их малтай гэж хардаг шиг байгаа юм. Үнэндээ 1000 хонийг мөнгөний жинлүүр дээр тавиад үзвэл одоогийн ханшаар 70 сая төгрөг л болно шүү дээ. Энэ бол Улаанбаатар хотод зарагдаж буй нэг байрны үнэнд ч хүрэхгүй хөрөнгө гэсэн үг. Мянгат малчин айл бүр 100 хонь төр, засагтаа бэлэглэе гэхэд биднээс гарч байгаа хөрөнгө нь их юм шиг боловч улсад “наалдах” нь өчүүхэн жаахан. Үнэндээ өнөөгийн малчин бидний амьдрал баталгаат орлогогүй, тийм ч сайхан биш л байна. Хөдөө аж ахуй, хөдөөгийн малчид руу чиглэсэн төр, засгийн дорвитой, оновчтой бодлогогүй олон жил явсны уршгаар хонины нэхий 1000 төгрөгний ч үнэ хүрэхгүй болж, нэхийгээ хаяцгааж байна. Гэхдээ үр хүүхэд маань үүнээс илүү дор бүү амьдраасай, улс орон маань хөгжин сэргээсэй гэсэндээ хоттой малаасаа хэдийг тоолоод өгнө өө. Харин тэр маань үр дүнгээ өгч, хандив тусламж хэрэгтэй газартаа очих ёстой. 

Манай сонины unuudur.mn цахим хуудсаар ирүүлсэн зарим хүний сэтгэгдлийг хүргэе.

Emee

Их сайхан санаачилга байна даа. Яагаад бид үүнийг ажил хэрэг болгож болохгүй гэж. Манай улс олон малтайн хэрэг юу билээ дээ. Малчид нэг удаа ч  болов улсдаа ингээд туслахад гэмгүй. Харин малаа яаж мөнгө болгох вэ гэдэг л асуудал даа. Цуглуулсан мөнгөөрөө цэцэрлэг, сургууль, амаржих газар барих хэрэгтэй. Бас Шүдний төвийн шинэ барилга барьсан ч болно. Монголчууд том, багагүй бүгд шүдний өвчтэй байдаг. Гэтэл ганц байсан шүдний төвийнхөө барилгыг үгүй хийчихсэн, одоо эмнэлгийнхэн нь ийш тийшээ нүүгээд л хүндхэн нөхцөлд ажилладаг.  

Зочин

1997 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэхэд БНСУ-ын төр, засгийн удирдлагууд ард иргэдээсээ тусламж гуйж, солонгосчууд ч улс орноо аврахын тулд эр, эм, хөгшин, залуугүй алтан ээмэг, бөгж, зүүлт тэргүүтэй үнэт эдлэлээ дугаарлан зогсож байгаад хандивласныг бид зурагтаар харж л байсан. Монголчууд бид ч гэсэн яагаад ингэж болохгүй гэж. Насанд хүрсэн 1.0 сая хүн бүр сэтгэл гаргаад хандивлахад л 20 тэрбум төгрөг цуглана. 20.000 төгрөг гэдэг бол нэг шил архины үнэ хүрэхтэй, үгүйтэй мөнгө. Мэдээж хүмүүс өөр өөрсдийн боломж бололцооны хэрээр мөнгө хандивлаж таарна. Дээр нь аж ахуйн нэгж бүр хандив өргөвөл овоо юм болно. Тэгэхээр гагцхүү үүнийг хэн нэгэн дарга идэж уухгүй байхаар маш сайн зохион байгуулах нь чухал. Би жирийн нэг багш хүн. Гэвч би улсдаа хандив өргөхөд бэлэн байна.

(2016.10.26-ны өдрийн “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн)