Задарсан атом нь дараагийн төрөлдөө ашиглагддаг Далай лам

Б.ЕРЭНТЭЙ. Үндэсний шуудан.

2016.11.23


            Билиг авьяаст яруу найрагч Р.Чойномд Төрийн шагналыг 1990 онд нас барснаас нь хойш 11 жилийн дараа төрөөс нэхэн олгосон. Энэ нь тус шагналыг нөхөн олгосон ганцхан удаагийн тохиолдол. Харин “Далай лам” цолыг Бурханы шашны тэргүүн явсан хоёр хүмүүнд бурхан болсноос нь хойш гучин хэд болон зуу гаруй жилийн дараа нөхөн өгсөн байдаг. Бусад 12 Далай лам нь Дээрхийн гэгээнтнээр тодорсон цаг тухай бүртээ уг өргөмжлөлийг хүртсэн. “Далай” нь Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэйг 1229 онд хаан ширээнд суухад өгсөн албан ёсны цол. Иймээс ч Монголчуудын хувьд энэ цол, энэ үг нь асар их хүндлэлийн бэлгэ тэмдэг, улмаар Чингисийн алтан ургийнхны өмч болон албан бусаар патентлагдсан нэр томьёо.

XIV Далай лам Энхтайвны Нобелийн шагнал хүртлээ. Норвеги, Осло хот. 1989.12.10

 

            Монголд Буддын шарын шашныг анхлан дэлгэрүүлж, цусан тахил хийдэг харгис ёс жаягтай, жишээлбэл, дээд төвшиндөө буюу алтан ургийнхан нас барахад хойноос нь 100 ингэн тэмээ буйлуулан ботгоор нь, 100 ээж уйлуулан нялх үрсээр нь хойлог хийдэг, доод төвшиндөө буюу харц ядуус нь бог малын нялх төл ишиг хурга муулж хойлог хийдэг Бөөгийн шашныг улс орондоо оршин тогтнохыг зогсоож мөхөлд нь хүргэсэн энэрэнгүй үйлстэн бол түүхэнд “Түшээт сэцэн хан” гэж алдаршсан Алтан хан (1507-1582) юм. Барсболд хааны хоёрдугаар хааны хөвгүүн тэрбээр Түмэдийн захирагчаас Баруун түмний захирагч болж улмаар тухайн үед хамгийн нэр нөлөөтэй хан болтлоо Монголын төрд товойж гарч ирсэн төрийн зүтгэлтэн. Алтан хан 1577 онд Түвдийн Буддын шашны Гэлүгпа урсгалын гурав дахь Тэргүүн Содномжамцыг нутагтаа (Хөх нуурын Чавчаалд өргөөлж байв) урин залж шарын шашинд ороод түүнд “Далай лам” цол өгч, шашны хууль ном зохиожээ. Нэгэнт гурав дахь Тэргүүн Содномжамц (1543-1588) нь Далай лам юм бол түүнийн өмнө байсан нэг дэх, хоёр дахь Тэргүүн нь I, II гэсэн тодотголтой байх нь зохимжтой гэсэн үндэслэлээр Гэндэндүв (1391-1474), Гэндэнжамц (1475-1542) нарт Далай лам цолыг нөхөн олгожээ. Энэ үеэс эхлэн тэднийг I Далай лам, II Далай лам гэж албан ёсоор нэрлэж төр, шашны бичиг номд тусгаж баталгаажуулсан түүхтэй.

III Далай лам Содномжамц нь Алтан хантай хамтран шарын шашныг дэлгэрүүлэх үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гаргаж байсан бөгөөд хожмоо түүний хан ширээг залгамжилсан хүү Сэнгэдүүрэнгийнх нь урилгаар Монголд айлчилж байлаа. III Далай лам Содномжамц нь 1585 онд дахин манайд айлчилж нэр хүндээ ашиглан Чингисийн алтан ургийн олон хан, тайж нарыг шашиндаа шинээр оруулсан. Тэрбээр энэ айлчлалын үеэрээ өвдөж, улмаар гурван жилийн дараа Хятадын Мин улсын эзэн хаан урихад очилгүй шууд Түвд рүүгээ харихаар аян замд гарч  явах зууртаа 1588 онд Монголын тал нутагт төрөл арилжсан билээ.

            Буддын шарын  шашны уламжлалаар тэнгэрт хальсан III Далай лам Содномжамцын хойд дүр IY Далай ламыг тодруулахад Алтан ханы ач хөвгүүн Сүмбэр дайчин хунтайжийн гэрт 1589 онд нуган үр болон мэндэлсэн байж. Далай ламын дүрээр тодорсон түвд биш гаралтай ганц хүн, тэгэхдээ бүр монгол хүмүүн байсан нь энэ эрхэм юм. Түвдийн Буддын шашны Гэлүгпа урсгалын дөрөв дэх Тэргүүн буюу IY Далай лам Ёндонжамц нь 10 настайдаа 1599 онд өөрийн эцэг Сүмбэр дайчин хунтайж болон түвд лам, түшмэдийн хамт нэг мянган бие хамгаалагчаар хүрээлүүлэн цаст Түвдийг зорин хөдөлсөн. Аян замдаа сүм хийдэд саатан морилсоор эх нутаг Монголоос гарснаасаа хойш дөрвөн жилийн дараа 1603 онд Түвдэд заларчээ. Тэрбээр IY Банчин лам Лувсанчойжижалцанд шавь орж, 1614 онд гэлэн сахил хүртсэн.

Дашрамд дурдахад, Буддагийн үүсгэсэн Бурсан хуврагийн сахилтай эрэгтэйг заасан dge-long гэсэн түвд үг нь “гэлэн” хэмээх нутагшсан монгол үг болж хувирсан. Гэлэн хүний талаархи бидний ойлголтоор бол: Одоо цагт хүүхдүүд шавийн журмаар сүм хийдэд сууж болох ч 21 нас хүрч байж сахил хүртэнэ. Гэлэн хүн сахал тавихгүй, халимаг үс ургуулахгүй, зайлшгүй хэрэглээний цөөн тооны эд зүйл хэрэглэх ба өдөр бүр хоол хүнсээ гуйлгаар олох ёстой. Гэлэн хүний заавал мөрдөх ёстой иж бүрдэл сахил нь дотроо 200 гаруй төрөл зүйлтэй. Хэрвээ оюун ухааны чадвараараа бардамнан сагсуурсан, хулгай хийсэн, амьдрал ахуй хөөж баяжиж хөрөнгөжих шуналд хөтлөгдсөн, бэлгийн харилцаанд орсон зэргийг сахилаа алдсанд тооцдог юм билээ.

            Манай Монголд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын хойд дүрийг Түвдээс тодруулахыг үргэлж эсэргүүцэж байсантай агаар нэгэн адилаар өөр газраас тодорсон гэсэн шалтгаанаар Чингисийн алтан ургийн удам IY Далай лам Ёндонжамцыг тухайн үед Түвдэд хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс мянга мянгаараа байсан. Тиймээс ч Гэлүгпа-гийн сөрөг хүчнийхэн Буддын Түвдийн шашны өөр нэг урсгал Гармапа-гийнхаар дэмжүүлэн түүний эрх мэдлийг булаан авахаар удаа дараа оролджээ. 1605 онд Гармапа-г дэмжигч нэгэн хан Түвдийн нийслэл Лхасыг довтлон IY Далай ламыг хамгаалж байсан Монголын морьт цэргийг хотоос хөөн гаргаж байв. 1610 онд Бэрээвэн хийд халдлагад өртөхөд тэнд суурьшиж байсан IY Далай лам Ёндонжамц зугтахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм.

            Тэрбээр 28 насандаа 1617 оны нэгдүгээр сард маш сэжигтэй байдлаар нас барсан бөгөөд түвд хүн биш байсан учраас хорлогдсон гэсэн таамаглал, цуу яриа түгсэн байдаг. “Олны яриа оргүй”  гэдэг өнцгөөс харвал магадгүй л байх. Гэвч шүүхээр нотлогдоогүй бол гэм буруутайд тооцож болохгүй гэсэн хууль дүрэм үйлчилж байгаа одоо цагт монгол Далай ламыг, арьс өнгөөр ялгаваралдаг түвдүүд сөнөөсөн гэж иш үндэсгүй зүйл ярьж хэл болон сэтгэлийн нүгэл үйлдэхээс татгалзах нь зөв болов уу. “Супер нэгдлийн онол”-ын гэсэн тодотголтой эрдэмтэн  Ч.Эрдэнэ нь өөрийнх нь онолыг сайн ойлгохгүй байгаа над мэтийн танил нөхдөө “Тангудын “Бүү мэд. Мэдсэн хүний үгийг бүү сонс” гэж монголчуудыг хараасан зүхэл  үгэнд өртөгдөгсөдийн нэг байна” гэж даапаалдаг юм. Энэ зүхэл  үг гарсан цаг хугацааг эзэн Чингис хаанд есөн өрлөгүүд нь Тангуд улс эзлэгдээгүй байгааг өглөө сануулж байсан их байлдан дагууллын XIII зууны эхэн үе, эсхүл IY Далай лам Ёндонжамцыг сэнтийгээс нь буулгаж түүний оронд түвд хүн суулгахын төлөөх ил далд хуйвалдаан тэмцэл явагдаж байсан XYII зууны эхэн үе гэж судлаачид хоёр янзаар бичдэг юм билээ. Аль нь ч болов анхлан алдарт Торгоны замын эхэнд суудаг байсан, Буддын шашныг төрийн шашнаа болгож, өөрийн бичиг үсэг зохиосон, Цаст Түвдийн орны тангудуудаас тэртээ дээр үед монголчуудад  өс санаж хэлсэн зүхлийн үг гэдэг нь тодорхой.

            Монгол Улсын иргэдийн олонхи 1921 оны Ардын хувьсгалын дараа социализмын үед төрж өссөн учраас шашингүй аттейст явсан хүмүүс. Гэтэл 1990 оны Ардчилсан хувьсгал шүтэх бишрэх эрхийг нь чөлөөтэй тавьж өглөө. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан шинэ Үндсэн хуулийн Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтаар баталгаажуулав. Ингэж нээгдсэн шүтэх эрхийг манай иргэд өөр өөрийнхөөрөө, гэхдээ нэлээд балмагдаж хүлээж авсан. Монголын уламжлалт Буддын шарын шашнаа социализмын үед ил далдаар шүтэн биширч явсан лам хувраг, сүсэгтэн зэрэг олон хүн, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд сонголт хийхэд амар хялбар байлаа. Харин зарим, огт шашингүй хүмүүс, тэдний хүүхэд залуучууд Буддын гэхээсээ Загалмайтны шашныг илүүд үзэж Ертөнцийн эзэнтэй “уулзана” хэмээн тийшээ ханарлаа. Налайх, Хажуу-Улааны нүүрсний уурхай, Чандганын сангийн аж ахуй, Баян-Өлгийн казах иргэд уламжлалт Исламын шашнаа хоёргүй сэтгэлээр сонголоо. Аллах эзэнтэй лалын шашин шүтдэг ард иргэдтэй зарим улс орон Шариатын гэх тодотголтой шашны дүрэм журмаа Үндсэн хуулиа болгодог юм байна. МАН-ын Л.Даш-Ёндон философичоор удирдуулсан МАН үүнээс санаа оноо авсан уу, бүү мэд.  Ямар ч болов социал-демократ үзэл баримтлалаасаа татгалзаж оронд нь Энэтхэгийн хувраг, философич, Буддын Мадъямика сургуулийг үндэслэгч Нагаржуна (МЭ150-250)-гийн онол эшийн Төв үзлийг авсан удаатай.

            Дээр дурдсан зүйлс нь түүх болон үлджээ. Гэхдээ түүх давтагддаг гэдгийг мартаж болохгүй. Батлагдаагүй, сошиал ертөнцийн эх сурвалжаас харахад Түвдийн Буддын шашны Гэлүгпа урсгалын тэргүүн-Далай ламаар хоёр дахь удаа Монгол хүмүүн тодрох магадлал байгаа аж. Дээрхийн гэгээн XIV Далай ламын, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, шашны бусад тамгатай байгууллагуудын урилгаар манай улсад хийж байгаа энэ удаагийн айлчлалын гол зорилго нь өөрийнхөө хойд дүр XV Далай ламаар урьдчилан нэгэнт тодроод байгаа Монгол хөвгүүнийг батламжлах явдал юм байна. Үүнийг хүүе хайя гэж буруушааж хэрэггүй байх. Эзэн Чингис хаан амьд сэрүүндээ  дайлаар мордохын өмнө өөрийн хаан ширээг залгамжлагчаар Өгөдэйг зарлаж байсныг бид мэдэх билээ. Үүнтэй төстэй л үйл явдал байна.

            Ер нь XIV Далай лам амьд байхдаа хойд дүр XV Далай ламд хувирна гэж юу байх вэ гэж гайхагсад маш олон байгаа нь мэдээж. Дээрхийн гэгээнтэн Далай лам нь дахин дахин заавал хувилан төрдөг хувилгаан сүнстэй гэсэн нөхцөлийг арай өөр өнцгөөс Буддизм бол хамгийн шинжлэх ухаанч шашин гэсэн дэвсгэр дээр тунгаан бодож,  атомтой холбож үзвэл яасан юм бэ?

Бельгийн Брюссель хотод 1958 онд босгосон 102 метр өндөр Атомын хөшөө

 

            Агуу физикч Ричард Фэйнман “Хэрвээ шинжлэх ухааны түүхийг ганц өгүүлбэрээр хэл гэвэл “Бүх зүйл атом дээр тогтдог гэж болно” гэж хэлсэн байдаг. Атом хаа сайгүй оршиж, бүх зүйлийг бүрдүүлдэг. Таны эргэн тойронд байгаа ширээ сандал, ном, гар утас, өмсөж байгаа цамц оймс гэх мэт нүдээрээ харж болох бүх зүйл, харж үл чадах агаар хүртэл бүгд атом. Хоёр ба түүнээс олон атом тогтвортой байдлаар нийлж нэг иж бүрдэл болсныг молекул гэж нэрлэдгийг бид мэднэ. Устөрөгчийн хоёр атом дээр хүчилтөрөгчийн нэг атом нэмбэл усны молекул H2O үүсдэг. Цельсийн 0 хэмд гадаа байгаа агаараас хааш хаашаа нэг см шоог тастаж аваад тоолоход 45 тэрбум молекул байх жишээтэй. Та сууж байгаа тасалгааныхаа эзлэхүүнийг м3-ээр биш см3-ээр гаргаад түүнийгээ 45 тэрбумаар нь үржүүлэхэд нийт молекулын хэмжээлшгүй их тоо гарна. Молекул нь атомын нийлбэр бүрдэл гэдгийг санаарай. Товчоор хэлбэл атом молекул газар сайгүй. Атом нь маш урт настай учраас юм бүхэнд оролцдог.

Хүн нас барахад дараа нь түүний бие махбодийг бүрдүүлж байсан бүх атом дахин ашиглагддаг. Тэгэхээр бид өөрсдийгөө богино настай л болохоос хэзээ нэгэн цагт аж төрж байсан хэн нэгэн хоме сапиенсийн хойд дүр гэж үзэж болох нь ээ. Био эрчимтэй зарим үзмэрч бусдыг хараад “Энэ хүнийг нохой дагаж явна, адуу дагаж явна” гээд сонин сонин зүйл ярьдаг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж оролдвол хэдэн мянган жилийн өмнө үхсэн нохой, адууны задарсан атом уг хүний бие үүсгэсэн атомын цуглуулгад орсон учраас тэгж харагдаж байж болох талтай. Та биднийг нас барахад атом задарч, дараагийн зүйлд ашиглагдахаар нөөц атомууд болон тарж одно. Зарим нь цэцгийн дэлбээний хэсэг, нөгөө хэсэг нь түүн дээр эргэлдэх эрвээхэйний далавчны хэсэг, эсхүл таны үр удмын хойч үеийн хэн нэгийнх нь яс махны хэсэг болж дахин ашиглагдана.

Харин одоо танд өөрт чинь байгаа атомуудаас нэг тэрбум нь Эйнштейнийх, нэг тэрбум нь Жамухынх, нэг тэрбум нь Шекспирийнх, бас нэг тэрбум нь Манжийн Энх-Амгалан хааных байж болно. Яг хэний атом бэ гэдгийг байтугай, ерөөсөө ертөнц дээр атом хэр удаан наслах бололцоотойг хэн ч мэдэхгүй. Эрдэмтэн Мартин Рийс атомын насыг ардаа 35 тэгтэй 10-ын тоотой тэнцэнэ гэж хэлсэн. Бусад эрдэмтэн энэ тоог маш бага гэж үздэг. Уг нь энэ маш их тоо л доо. Атом бол бараг үхэшгүй мөнхөөс гадна маш жижиг. Хагас сая атомыг мөр мөрийг нь түшүүлэн жагсаахад нэг ширхэг үсний цаанаас цухуйхгүй гэж эрдэмтэд жишиж тайлбарладаг билээ.

            Дээр өгүүлсэн бүхэн минь шинжлэх ухааны онолын үүднээс эхний Далай ламуудыг бурхан болоход тарж одсон атомууд нь дараа дараагийн Далай ламуудын бие болоход дахин ашиглагддаг байж болзошгүй нь бага ч болов магадлалтай гэдгийг хэлэх зорилго агуулсан. Монголчууд бид бурхан болоочдынхоо биен дээр тэмдэг тавиад, энэхүү үйл явдлаас хойш төрсөн үр хүүхэд, ач зээ нь тэрхүү таних тэмдэгтэй байхад бидэндээ эргэж төрлөө гэж баярладаг, тэнгэр хальсан хайртай хүнийхээ нь сүнс нь гэж энхрийлдэг. Онолын үүднээс талийгчийн задарсан атомнууд бүгдээрээ биш гэхэд тэмдэг тавьсан тэр газрын атомнууд нь дахин ашиглагдаж дараа үеийн шинэ хоме сапиенсийн биеийг бүрдүүлэхэд орсон байж магадгүй юм билээ.