“Тохиолдлын хавьтагчгүй” авлига

Б.ЭНХЦЭЦЭГ. Гэрэг сэтгүүл


Баяр үргэлжлээд сүйд. УИХ-ын сонгуулийн дүн гарснаас хойш МАН-ын баяр өргөн дэлгэр болж, эхнэр нөхөр, хүргэн бэргүй бөөн хөөр явна. “Бялуу хуваах” тухай ойлголт шинэхэн байх үед албан тушаалын томилгоо нь зөвхөн улстөрчдөд хүртээлтэй ёслол байлаа. Ялсан намын гишүүд албан тушаал хүртэхийг ийн нэрийдэж, нийгмийн зүгээс нэлээд эгдүүцэл дагуулдаг байв. Намд хандив өргөсөн, эс бөгөөс намынхаа удирдлагад ойр бол мэргэжил боловсрол харгалзахгүйгээр мэдэхгүй, чадахгүй салбараа бэлгэнд авч сайд, дарга болдог зүй бус үзэгдэл Монголын улс төрд түгэн дэлгэрсэн. Гэтэл сүүлдээ намд хандив өргөсөн, намынхаа удирдлагад ойр байгч мэдэхгүй, чадахгүйчүүдийн арми хүрээгээ тэлж, ах дүү, амраг садан хүртэл бялуу горьдоочдын эгнээнд хүч түрэн орж ирдэг болж байна. Эхнэр нь нөхөртэйгөө, хадам нь худтайгаа, дээр нь хүргэнтэйгээхавсайдан нийлж удирдахгүй бол Монгол Улсхөгжихгүй, урагшлахгүймэт л... Бялуу хуваах гээч зүйл Монголын эрх баригч улс төрийн намын хувьд ган, зуд, газар хөдлөлт шигтойроод гарч болдоггүй, өөрөөр байх боломжгүй давагдашгүй хүчин зүйл болжээ.

Улс төрд үе солигдохжам ёсны үйл явц бий. Улстөрчдийн хувьд үе нь өнгөрч байгааг хүлээн зөвшөөрч холддог ёс зүй ч бий. Гэтэл өөрөөр нь дуусах улс төрийн эрх мэдэлдхязгааргүй ихээр шунан дурлах үзэл ардчилсан Монголын улс төрийг хаан ширээ адил үр хүүхдэдээ өвлүүлдэг, нөгөөдүүл нь алгаа тосон залгамжилдаг, ураг төрлөөрөө уралдан очдог нэг ёсны гэр бүлийн асуудал болгон гутааж байх шиг. “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэдэгчлэн хэн нэгний үр садад сандал ширээ өгснөөс өөрийн хүүхдээ албан тушаалд суулгахыг илүүд үзэх эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхол ил цагаандаа гарлаа.Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн дараа өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч эс чадсан Н.Энхбаярыг эрх мэдэлтэй амь бөх зууралдсаны төлөө нэг намынх нь нөхөд үзэн ядаж, МАХН хэрхэн хоёр салсан билээ, одоо ч нөхцөл байдал тэр цагийн үргэлжлэлд хямралтай хэвээр байгаа. Тэр үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Улс төрд үеэ өнгөрч байгааг мэдрээд нэр хүндтэй холдож чадна гэдэг бол маш том зангараг юм” хэмээн өгүүлж, энэ ишлэлээрээ олон нийтийн талархлыг хүлээж байсан. 2012-2014 онд эрх барьсан АН-д “Хүргэн Дэнзэн”-гийн явдал мөн ч их гай удсан билээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүтэй МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүргэн дүүгээ улсын хариуцлагатай өндөр албан тушаалд суулгасных нь төлөө түүнийг болон ийм ёс бус завхрал гаргасан АН-ыг бүр нэг нүдээрээ үзэж чадахгүй, чуулганы танхимд огих нь халаг орилцгоож байсан. Гэтэл одоо МАН-ын нөлөө бүхий гишүүд ямар ч шүүмжлэл хэлэхгүй, энэ тухайд чив чимээгүй. Ургийн баяртаа оролцоод л, улам хөгжилдөн цэнгээд л...

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар МонголбанкныТөлбөртооцоо, бүртгэлийн газрын захирлаар ажиллаж байна. Шадар сайд У.Хүрэлсүх дүүгээ БХЯ-нд газрын дарга болгосон гэнэ. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байгаа бол бол эхнэрийнх нь авга дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга болсон. УИХ-ын гишүүн Н.Энхболдынх худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар, Д.Лүндээжанцангийн садан Д.БаярсайханТөрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдчихлоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран НДЕГ-ын дэд даргын албан тушаалд очсон сурагтай. Б.Саранчимэг гишүүний нөхөр Мөнхбаатар олон улсын “Чингис хаан” нисэх буудлын дарга болсон бол Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав Эрчим хүчний яаманд дарга болж гэлцэнэ.

Хамгийн сүүлийн тохиолдлыг тайлбарлах гээд үзье. Олны жишгээс огцом өндөр цалин хангамж бүхий “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг нэрлэхэд тэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар багтжээ. Ч.Алтаннар бол Монгол Улсын тэргүүний залуу, шилдэг боловсон хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний мэдлэг боловсролыг хадам ээж Ц.Гарамжав олж сонсохоос ч өмнө төр улс нь үнэлчихсэн байдаг. Гэхдээ энэ залуу УИХ-ын гишүүн бөгөөд томоохон бизнес эрхлэгч, МАН-ын жинтэй санхүүжүүлэгчдийн нэгэл хатагтайн охинтой хайр сэтгэлээр холбогдоогүй, улмаар огт гэрлээгүй чигээрээ яваад л байсан бол “Оюутолгой”-н ТУЗ түүнийг билгийн нүдээрээ гийгүүлж, хариуцлагатай албан тушаалаа итгэл хүлээлгэн өгөх нь бараг л боломжгүй зүйл. Тэнд Ч.Алтаннарын оронд Н.Багабанди, Б.Мөнхбаатарын адил МАН-ын зүтгэлтнүүд, эсвэл хэн нэгнийх нь охин, хүү, эхнэр, нөхөр очих байсан нь мадаггүй.

Улстөрчдийн гэр бүлээс улстөрчид олноороо төрөн гарах дүр зураг тодорхой болж байна. Хааны хүү хаан болж, харцын хүү харцаараа үлддэг болно. Хойшид улс төрд энгийн гэр бүлээс гаралтай залуу орох гэвэл тэр нь “хүсээгүй жирэмслэлт”, “тохиолдлын хавьтагч” адил нүд үзүүрлэгдэх цаг айсуй. Одоогоор дарга нарын хүүхдүүд, эхнэр, нөхрүүд, амраг садан албан тушаалын бялуу хүртэж, энэ томилгооны нь талаар хэвлэлд бичигдсэн бол багахан эмзэглэх хандлагабодитой байгаа бөгөөд хэдэн жилийн дараа харин ч баярхан бахархдаг хачин жишигт бид дасан зохицно. Ухаантнууд улстөрчийн охинтой гэрлэж байж алба залгадаг зусар ирээдүй харагдаад л байна, харамсалтай. АТГ-аас энэ сарын 26-нд олон нийтэд ил болгоод буй Монгол дахь авлигын талаарх шинэ судалгааны дүнг харахад улс төр ураг садны хувийн бизнес болонбиежих “хувьсгалын тохироо” бодитой бүрджээ. Монгол айл эд хөрөнгөтэй, бизнес нь хамгаалалттай, үр хүүхдүүд нь эрх жаргалтай амьдрахад улс төрд мөнгө хаяж, тэнд очиж дээгүүрхэн суудал сандайлахгүйгээр амбан явахгүй цаг болсон байна. Эрх баригчид гэр бүл, авга, нагацаа бүгдийг нь монгол төрийн албан тушаалуудад чирээд ороод ирэв. Улс төрд “хүсээгүй жирэмслэлт”, “тохиолдлын хавьтагч” үгүй болох нь. Энэ нь авлигын маш том бүлэглэл, зохион байгуулалт биш гэж үү?