Эмээлийн мөнгөн баавар ба “ЭВРИКА”

Б.Ерэнтэй. “Үндэсний шуудан”


Одоогийн Завхан аймгийн нутгийн баруун хагасыг хамарч байсан Цэцэн Сарт уулын хошуунд XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Жааваа хэмээн гуайлдаг Балганы Жамсран гэдэг алдартай дархан байж. Түүнд эмээлийн баавар, даруулга хийлгэх, аяга, хазаар мөнгөлүүлэхээр цалин мөнгө жигнэж өгөөд урлаж хийсний дараа нь буцааж авахад арай л хүнд болсон байгаа нь захиалагчдад мэдрэгддэг байжээ. Жааваа дархан өгсөн цалин мөнгийг зориулалтаар нь 100 хувь зарцуулалгүй, өөрөө заримыг аваад оронд нь өөр өнгөт металл холиод байна гэсэн хардлага, сул яриа газар авсан байна. Нэг удаа хошууны сумын дарга Дүгэр эмээлийн мөнгөн баавар хийлгэхээр ирэхэд Жааваа дархан түүнд хэлж байна гэнэ.

-Та хүлээж бай. Би өнөөдөр ажил багатай байгаа. Таныг төд хоногийн дараа ирж баавраа ав гэж чирэгдэл учруулаад яах вэ. Одоо хийгээд өгье. Өөрөө жаахан тус болно шүү гэв.

Захиалга өгөөд тэр дор нь баавраа урлуулж хугацаа хожих болсондоо Дүгэр дарга баярласан ч дарханы чиглэлийн ажилд “а”-гүй болохоор жаахан бэргэж,

-Миний тус гэж байна уу? гэхэд,

-Та тэр хоёр зэс савхыг эхлээд жинлэнэ. Дараа нь намайг хөөргөөр (агааржуулж үлээдэг дарханы хэрэглэл) хөөрөгдөж мөнгө хайлуулах үеэр хоёр гартаа савхыг нэг нэгээр бариад зогсоо зайгүй хөдөлгөж хутгана гэж хэлжээ.

            Жааваа дархан ч ажлаа эхэлж, Дүгэр дарга ч хоёр зэс савхийг нь жинлэж, дараа нь хайлсан цалин мөнгийг захаасаа хөрч хатуурахаас сэргийлэн хутгаж байв. Хажуугаас нь харвал нэг нь жинхэнэ дархан, нөгөө нь эх бэлтгэгч аж. Эмээлийн хээ угалзтай дөрвөн мөнгөн баавар ч бэлэн болж, харин тэдгээрийг хийхэд зориулсан цалин мөнгийг хутгаж байхад зэс савхнууд бүгд хайлаад дуусчээ. Өөрөөр хэлбэл, Жааваа дарханы хийсэн мөнгөн баавруудын орцыг тодорхой хэмжээний цалин мөнгө, хоёр зэс савх гэж тодорхойлж болох нь, түүнчлэн жин нэмэгдэн анх авчирснаас хүнд болдгийн учрыг ойлгож болох нь ээ. Тухайн үед Дүгэр дарга энэ талаар Жамсран дарханд юу ч хэлэлгүй өнгөрсөн байна.

            Дүгэр дарга тэднийхээс гарангуут буусан айл болгон, тааралдсан хүн бүрт Жааваа дархан “цэвэр” гэдгийг сурталчлан таниулсан байдаг. Ер нь анх өгсөн үнэт металлаас нь дархан хүн завшиж байгаа болов уу гэсэн нийтлэг хардлага хүн төрөлхтөний түүхэнд Жааваа дархнаас өмнө ч байсан, одоо ч байгаа. Наад захын “том” жишээ татахад, Улаанбаатар хотын Урт цагааны урчуудад хөөрөгний халбага хийлгэхээр жаахан мөнгө жинлүүлж өгчихөөд “цагаан тугалга хольдог байх аа” хэмээн ярьж яваа захиалагч нартай тааралдаж л байна.

            Иймэрхүү хардлагын хугацааг бүр урагшлуулан үзэхэд нөгөө алдарт, Архимедийн “Эврика. Би олчихлоо”-д тулна шүү дээ.

            Одоогийн Италийн өөртөө засах Сицили орны нутаг дэвсгэрийг хамарч байсан Ромын анхны муж Сицили арлыг МЭӨ III зуунд тиран II Гиерон захирч байлаа. Тэрбээр МЭӨ 240 онд бурхдад хүндэтгэл үзүүлж буйгийн илрэл болгон алтан Титэм захиалан хийлгэжээ. Титэм хийлгэх шижир алтаа дарханд өгөхөөсөө өмнө хэд хэдэн удаа маш нарийн жинлэж хэмжсэн байдаг. Үнэт металлаар аливаа зүйл хийлгэснийхээ дараа өөр хямд металл хольсон биш байгаа гэсэн хардлага захиалагчид төрдөг үе үеийн жишээ II Гиероныг тойрсонгүй, дайрлаа. Жааваа дархныг “цэвэр” гэдгийг Дүгэр дарга хэрхэн баталсныг дээр дурдсан. Гэтэл энэ тохиолдолд Титэм хийсэн дархан “цэвэр” гэдгийг хаан яаж батлахаа мэдэхгүйдээ маш их бухимдаж байв. Эцэст нь суут эрдэмтэн Архимедэд хандаж, дархны луйврыг илчлэх арга олохыг гуйжээ. Архимед өдөр шөнөгүй, тэр ч бүү хэл усанд орохдоо ч II Гиерон хааны даалгаврыг хэрхэн биелүүэх вэ, Титэмд орсон алтанд өөр метал хольсон эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яаж тогтоох вэ гэдэгт толгойгоо гашилган бодож байв. Архимед гэртээ Титэмийг авчирч жинг нь хэд хэдэн удаа хэмжиж үзсэн байна. Түүний толгойд Титэмийг эзлэхүүнийг хэмжиж чадвал, улмаар нэгж эзлэхүүнд ногдох нягтыг олж чадвал орсон алтны нийт жин хэмжээг тогтоож болох нь гэсэн бодитой бодол төрж байв. Тэрбээр куб.см алт нь 19 грамм бөгөөд бусад метал түүнээс бага нягттай учраас куб.см-ээр нь тооцоход тугалга 11, мөнгө 10, зэс 9 грамм жинтэй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байлаа.

Титмийг эзлэхүүнийг нь олох аваас бүх асуудал OK.

         Архимед нэгэнтээ нийтийн халуун усны газар очиж биеэ угаахаар онгоцонд ортол дүүргэж хийсэн  ус гадуур нь асгарахыг хараад эзлэхүүнийг хэмжих мэргэн санаа олжээ. Онгоцонд суусан биеийнх нь хэмжээгээр (эзлэхүүн) ус гадагшаа асгарч байгаа юм бол  “аливаа бие өөрийн эзлэхүүнтэй тэнцүү усыг түрэн гаргадаг” гэж томьёолж болох нь хэмээн ухаарсан байна.

            Суут эрдэмтэн нийтийн халуун усны газрын онгоцноос үсэрч гаран “Эврика. Би олчихлоо” гэж хашгиран чармай нүцгэн гүйсээр гэртээ иржээ. Оронгуут нэг хувинг усаар дүүргэн, Титэмийг нарийн утсаар оосорлон хийхэд хэсэг ус асгарлаа. Дараа нь Титэмээ хувингаас гаргаад ус нэмж хийж дүүргэсэн бөгөөд тэр хийсэн усныхаа хэмжээ буюу эзлэхүүнийг тогтоов. Асгарсан усны энэ эзлэхүүн бол Титэмийн эзлэхүүн. Эндээс Архимед нягтыг тооцоолоход Титэм дэх алтны куб.см нь цэвэр алтны 19 граммаас /куб.см-ын жин/ алт нь нэлээд бага байлаа. Өөрөөр хэлбэл II Гиерон хааныг Титэм хийсэн дархан залилж цэвэр алтнаас өөрөө авч, өөр металл хольсон болохыг баталж чадсан хэрэг.

          Үйл явдлын үр дүнд хааныг залилсан дархан толгойгүй болж, хааны даалгаврыг биелүүлсэн Архимед өндөр шан харамж авсан. Гэхдээ хамгийн, мөнхөд дуурсагдах бодит үр дүн нь юмсын эзлэхүүнийг хэмжих шинэ арга олсонд оршино.

Үндэсний шуудан. Б.Ерэнтэй