“Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө

Сэтгүүлч Нарантунгалагийн Мөнхтөрийн танилцуулга

Н.Мөнхтөр нь УБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

Эрдэнэт хотын өдөр тутмын мэдээллийн Erdnetnews.mn сайтын эрхлэгчээр ажилладаг.

-Сэтгүүл зүйн салбарт 2006 оноос эхлэн ажилласан. 2006-2009 онд Монголын анхны өдөр тутмын эрэн сурвалжлах “Нийгмийн толь” сонинд албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2009-2011 онд “Улс төрийн тойм” сонинд Албаны дарга, 2011 оноос одоог хүртэл Эрдэнэт хотын өдөр тутмын мэдээллийн Erdnetnews.mn сайтын эрхлэгчээр ажиллаж байна.

-МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2015 оны Орхон аймгийн “Шилдэгийн шилдэг сэтгүүлч” шагналтан.

-Төрийн байгууллагын авлига, тендерийн хууль зөрчсөн асуудал, албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг илчлэхийн төлөө эх сурвалжтай олон материал нийтлүүлсэн. Иймээс ч Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн нарын нэхэмжлэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан.

-Ц.Балдорж сангийн уралдаанд Монголын ганц саалийн үнээ Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал Д.Даваасамбуугийн хууль бусаар хөрөнгө завшсан тухай цуврал хоёр нийтлэлээ сойж байна. Эрдэнэт үйлдвэр нь Монголын бүх томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийг Хамтын ажиллагааны гэрээгээр амыг нь хамхиж чаддаг учраас үйлдвэрээс баримттай материал олж авах, хэвлэн нийтлэх нь хэвлэл мэдээллийн байгууллага эрхлэн ажилладаг хэн бүхний өмнө эрсдэлтэй алхам байдаг. Мөн “Түнт хүрээ” компанийн хууль бус үйлдлийг Орхон аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид хэрхэн өөгшүүлэн, хамтран ажиллаж байгаа талаар, иргэд хохирч байгаа тухай эрэн сурвалжилсан хоёр нийтлэл, сурвалжлагаа явууллаа.

“Балдорж сан”-гийн уралдаанд явуулсан нийтлэл:

  1. Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ
  2. Д.Даваасамбуугийн ашиг сонирхлыг 858.6 сая төгрөгийн гэрээ илчиллээ
  3. “Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө
  4. “Түнт хүрээ” хуурамч гэрээ үйлдэснийг шалгах цаг болжээ

 

Цуврал 1: Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ

“ТҮНТ ХҮРЭЭ”-ГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТЭРГҮҮЛЭГЧИД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Журамлуулсан машинаа авахын тулд 4-5 хүн дагуулж очдог

           Орхон аймгийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан дөрвөн үндэслэлээр саатуулагдсан машиныг журамлах, ачиж тээвэрлэх эрхийг гэнэт олж аваад дүрэмгүй тоглолт хийж байгаа “Түнт хүрээ” компанийн ажил хэргийн талаар манай сайт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс хөндөн бичиж байсан. Үүнээсээ болоод аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн хараанд өртөж, хурал бүхэн дээр “зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа” гэж асуудал үүсгэж ярьдаг даргын “шүдний өвчин” болоод байгаа нэг сэдвийг энэ удаад тэргүүлэгчид хөндлөө. Үнэн хэрэгтээ манай сайт Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ-ын хийх ёстой, хийх үүрэгтэй ажлыг нь иргэдийнхээ өмнөөс сануулсаныхаа төлөө албан тушаалтнуудад ад шоо үзэгдэх учиргүй. Энэ бол эрх баригчдын хувьд хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тогтоох, амыг нь барих, тэднийг хянаж цензур тогтоох гэсэн оролдлого гэж үзэхээс өөр зүйл биш болов уу. Улаанбаатарын “Түнт хүрээ” гэдэг компани нэг өдөр гэнэтхэн гарч иргээд Орхон аймагт өөрийн дураар аашилж, үнэ тогтоож, бүр цаашилбал, хууль бус байж мэдэх үйл ажиллагаандаа аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийг татан оролцуулаад эрдэнэтчүүдийг дээрэмдэж байгаа үйлдлийн талаар бид өмнө нь хэдэнтээ бичиж байсан.

Төрийн нэрийн өмнөөс, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан гэх “Түнт хүрээ” компанийн үйлчилгээ тойрсон асуудал иргэдийн дунд шүүмжлэл үүсгэж, улмаар цахим ертөнцөд иргэд дээрх байгууллагын үйлчилгээ, соёл, үнэ тарифын талаар шүүмжлэлтэй хандсан. Тэгээд ч “Түнт хүрээ” компанийн үйл ажиллагааг хууль дүрмийнх нь дагуу явуулахгүй бол зодоон цохион, хүн амины ноцтой хэрэг гарч мэдэх үр дагавар байгааг тэднийхээр үйлчлүүлсэн Булган аймгийн харьяат иргэн Л.Саруулбаяр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярт албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. Бүр тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Булган аймгийн иргэн Л.Саруулбаяр Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярын өрөөнд өгсөн тайлбартаа “ Энэ Батжаргал гэдэг хүн хэл амаар элдвээр доромжилдог, тэр бүү хэл айлган сүрдүүлж дарамтлах, барьж авч зодох гээд байсан. Аргаа бараад би машинаа авахдаа юу ч болж мэднэ гээд гайгүй бие хаатай, овоо зодолддог дөрвөн хүн дагуулж ирсэн” гэж хэлснээс харвал аймгийн ИТХ төдийгүй гэрээ байгуулсан аймгийн Засаг дарга ч гэрээгээ эргэн харахад хүргээд байх шиг. Л.Саруулбаяр цааш нь хэлэхдээ “Батжаргал гэдэг хүн намайг чи Хууль зүйн хэлтсийн дарга Мөнхбаярыг авлига авсан гээд АТГ-т өргөдөл гаргачих. Тэгвэл чамд би шууд 900 мянган төгрөг тоолоод өгье. Мөнхбаяр албан тушаалаараа намайг дарамтлаад байгаа юм. Би чиний мөнгийг Мөнхбаярт өгсөн. Мөнхбаярыг Авлигад өгч шалгуулж хандыг нь дарах хэрэгтэй байна гэж хэлэн шахаж шаардсан” гэж тайлбар өгсөн байдаг.

Эндээс харвал “Түнт хүрээ” компанийн ажиллуулж байгаа журмын хашаа тойрсон асуудал ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалтнуудын хэн нэгний эрх ашгийг хамгаалаад байгаа үйлдэл болов уу гэж хардахад хүргэж байна. Журмын хашааны үйлчилгээний хоногийн төлбөр, ачилтын төлбөрийн хэмжээг хуульд заасан эрхийн хүрээнд аймгийн ИТХ-аас тогтоох ёстой. Замын хөдөлгөөний шинэ хуулиар энэ эрхийг аймгийн ИТХ-д олгосон ч манай аймгийн орон нутгийн эрх барих дээд байгууллагынхан одоо болтол хуульд заасан үүргээ санаатай, санамсаргүй байдлаар биелүүлээгүй байгаа явдал иргэдийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй, иргэдийн амар тайван амьдралд ч саад учруулж мэдэхээр хэмжээнд хүрсэн гэдгийг дээрх жишээ харуулаад байна.

Саяхан болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар журмын хашаатай холбоотой төлбөрийн талаар авч хэлэлцсэн. “Түнт хүрээ” компани ачилтын мөнгийг 55 мянган төгрөг, журмын хашааны төлбөрийг хоногт автомашины овор хэмжээнээс нь хамааран 5-20 мянган төгрөгийн үнэтэй байхаар саналаа өгчээ. Одоо ч тэд энэ үнээрээ үйлчилдэг. Аймгийн Засаг даргаас ачилтын мөнгийг 10 км дотор 40 мянга түүнээс дээш зайд бол км тутамд 1500 төгрөг нэмэхээр, хоногийн мөнгийг 4-18 мянган төгрөг байхаар оруулж ирсэн. Харин өнөөдөр “Түнт хүрээ”-гийнхэн мотоциклийг 30 мянгаар ачиж, хоногт 3000 төгрөгөөр журамлах санал оруулсан. Аймгийн зүгээс мотоциклоос хоногт 2000, ачихад 20 мянган төгрөг авах саналыг өгчээ. Уг асуудал шийдэгдээгүй, аймгийн ИТХ-аар орж сая эцэслэн шийдэгдэнэ.

Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр олон нийтэд төдийгүй сэтгүүлчдэд ч хаалттай байсан зарим нэг мэдээлэл ил гарсан нь анхаарал татаж байлаа. “Түнт хүрээ” компанийн хашаа хатган үйлчилгээ үзүүлдэг тэр газар нь аймгийн Цагдаагийн газрын нэр дээр бүртгэлтэй, тэдний өмчийн газар юм байна. Энэ мэдээллийг Цагдаагийн газрын дарга Б.Даваазул хийсэн. “Түнт хүрээ” компанийг Улаанбаатарт мөрөөрөө үйл ажиллагаа явуулдаг байхад нь Замын цагдаагийн газраас чирч ирээд Эрдэнэтэд ажиллуулчихжээ. Хүчинд автсан “Түнт хүрээ”-гийнхэн арга буюу аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж 50 гаруй сая төгрөгөөр хашаа босгон, 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй хоёр машиныг банкны лизингээр авч ажиллуулан аргаа барж байгаа гэнэ. Тиймээс тэд хотын компани учраас аймагт ямар ч ашгийн татвар төлдөггүй, харин танай аймгийн хэдэн хүнийг ажиллуулсаныхаа төлөө НДШ төлөөд явж байгаа шүү гэж томорч байх юм.

Ачилтын 55 мянган төгрөг хэний халаасанд ордог вэ

Биднийг 2015 оны наймдугаар сард аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байранд очиход тэдний мэдээллийн самбар дээр “Жолооч нарын анхааралд: Журмын хашааны хоногийн төлбөрийг “Түнт хүрээ” компанийн Голомт банкин дахь 1105032910 тоот дансанд, ачилтын мөнгийг иргэн Б.Батжаргалын Голомт банкин дахь хувийн 4005102653 тоот дансанд тушаана уу“ гэсэн зарлал байсан. Эндээс харвал “Түнт хүрээ” компани, энэ байгууллагын захирал иргэн Б.Батжаргал төлбөрийн мөнгөний тодорхой хувийг ямар ч татвар, шимтгэл төлөлгүйгээр хувьдаа завшдаг байж болох хардлагыг төрүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, 55 мянган төгрөг буюу их мөнгөө Б.Батжаргал хувийн дансандаа хийдэг. Харин 5-20 мянган төгрөгийн хоногийн төлбөрөө компанийнхаа дансанд хийчихээд “Манай үнийн дүнг буулгавал бид дампуурна” гээд дарамтлаад байгааг эргэн харах цаг болжээ. Өнөөдөр ч гэсэн ачилтын мөнгө иргэн Б.Батжаргалын хувийн дансанд орсоор байгаа аж. Гэтэл үүнийг татварынхан төдийгүй хууль хяналтынхан мэдсэн ч мэдээгүй царайлж “Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч хөхүүлэн дэмжээд ч байх шиг. “Түнт хүрээ”-гийн журмын хашааны үйлчилгээ яагаад заавал аймгийн Цагдаагийн газрын өмчлөлийн газар дээр байрладаг, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг орон нутгийг төлөөлж яагаад аймгийн Цагдаагийн газрын дарга хийдэг, шөнө оройн цагаар цагдаа нар “нэгдсэн арга хэмжээ” нэрийн дор ачилтын машин дэргэдээ зогсоож байгаад замын нэг урсгалыг хааж ирээд жолооч нарыг шалгадаг юм бол. Иргэн Б.Батжаргалд цагдаагийн дарга А.Даваазул газраа түрээслүүлж түрээсийн төлбөрөө авахын тулд “нэгдсэн арга хэмжээ” явуулдаг уу. Цагдаа, “Түнт хүрээ”-гийн хооронд ашиг сонирхлын зөрчил байна уу гэх хардлагад бүрэн дүүрэн хариулт өгөх эзэн алга. Аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрт “Иргэдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд хамгаалж, иргэндээ үйлчилдэг төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ” гэж нэг гоё заалт оруулсан байдаг. Гэтэл эрх баригчид үүнийгээ таг мартаад “согтуу нойтон, сохор доголон явсан чинь хохь нь. Иргэн Батжаргалд ачилтын мөнгө 55 мянгыг халаасанд нь хий, журмын хашааны мөнгөө татварт бүртгэлтэй дансанд нь хий” гэж тулгаж байгаа нь яавч ардчиллын зарчим биш байлтай. Аймгийн АН-ынхан иргэдийнхээ дунд тухайн сэдвээр хэлэлцүүлэг явуулж иргэнийхээ саналыг авсаны үндсэн дээр төр, засгийн шийдвэрийг гаргана. Иргэний оролцоогүйгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг шийдэхгүй гээд л хашхирч байсан дүр зураг өнөөдөр бүдгэрч орон нутгийн мэдлийн газар дээр нийслэлийн хэн нэгэн этгээд манай ямар нэгэн дарга, албан тушаалтантай хуйвалдаад төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ явуулах давуу эрх эдлээд байгаа ам ажлын зөрүү гэхээсээ илүүтэй ашиг сонирхлын зөрчил агуулсан байдалд хариуцах эзэн алга. Энэ сарын 25-нд болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр Журмын хашааны талаар яригдсан асуудлыг уншигчиддаа хүргэж байна.

-Б.Мягмарсүрэн \Аймгийн ИТХ-ын дарга\: Аймгийн Засаг даргаас нэгдүгээр сарын 22-ны 107 тоот албан бичгээр Журмын хашааны хоногийн төлбөр, ачилтын мөнгөний хэмжээг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг манайд ирүүлсэн. Үүний дагуу бид энэ асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр мэдээлэл хийнэ

-М.Мөнхбаяр \Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга\: “Түнт хүрээ” компани 2015 оны тавдугаар сараас орон нутагт журмын хашааны үйлчилгээ, ачилтын үйлчилгээг хүргэж ирсэн. Аймгийн Засаг даргатай 2015 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан. Өнөөдөр эднийх авто машиныг 55 мянган төгрөгөөр ачиж байна. Мотоциклоос 2500, суудлын автомашинаас 5000, 5 тонноос дээш машинаас 7500, хүнд даацын автомашинаас 15000, автобуснаас 20 мянган төгрөгийн хоногийн төлбөр авдаг. Манайх үүнийг судлаад бусад газартай харьцуулаад дараахь саналыг оруулж ирлээ. Үүнд, Суудлын машины ачилтын мөнгийг 40 мянган төгрөг болгоё. 10 км-ээс дээш км тутамд 1500 төгрөг нэмье. Автобус, том оврын машины суурь хураамж 45 мянга байна, 10 км-ээс дээш гарвал км тутамд 1500 төгрөг нэмнэ. Хоногийн төлбөрийн хувьд мотоцикль 2000 төгрөг, суудлын машин 4000 төгрөг, 5 тонноос дээш машин 6000, хүнд даацын машин 12000, тусгай зориулалтын машин 18000 төгрөг байх саналыг хүргүүлж байна

-Д.Доржпүрэв \Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч\: Журмын хашааг хуучин газраас нь яагаад нүүлгэх шаардлагатай болсон юм бэ. Одоо тэр газар нь юу байгаа вэ. Энэ төлбөр ямар үндэслэл, судалгаан дээрээс гарч ирсэн юм бэ?

-Б.Даваазул \Аймгийн Цагдаагийн газрын дарга\: Журмын хашаа өмнө нь цагдаагийн газрын хашаанд байсан. Өдөртөө 70-100 машин журамладаг. Багтдаггүй , ачааллаа дийлдэггүй байсан. Бид аймгийн Засаг даргад журмын хашаа ачааллаа дийлэхгүй байна гэдэг саналаа өгсөн. Түүний үндсэн дээр шилжүүлсэн. Хуучин газар нь одоо аймгийн прокурорын мэдэлд байгаа.

-“Түнт хүрээ” компанийн захирал, иргэн Б.Батжаргал: 2015 оны нэгдүгээр сард Улаанбаатарын Замын цагдаагийн газраас надад Эрдэнэтэд журмын хашаа байгуулах тухай санал тавьсан. Үүний дагуу Даваазул, Цэрэнсодном дарга нартай тухайн үед нь уулзаад хамтран ажиллахаар болсон. 2015 оны гуравдугаар сарын 19-нд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан. Үүнийхээ дараа бид 58 сая төгрөгөөр хашаа барьсан, 68 сая төгрөгөөр банкны зээлээр тусгай зориулалтын хоёр автомашин худалдаж авсан. Хуучин журмын хашаанд байсан машиныг хүлээлцэх актаар хүлээн авсан. 2014 оны 11 сарын 9-нд ЗЦГ-ын судалгаагаар ачилтын мөнгө 55 мянган төгрөг байж болно гэсэн тоо гарч ирсэн. Дараа нь 70 мянга болсон. 2015 оны нэгдүгээр сард ШӨХТГ-аас дээрх үнэ тарифыг хэрэгжих боломжгүй гэж хаасан. Ачилтыг Улаанбаатарт 2015 оны долоон сарын 1-н хүртэл хаасан. Орон нутгийн үнэ ханш дээр тодорхой судалгаа хийсэн. Монголд ганцхан байдаг тээврийн эдийн засагч Лхамсүрэн гэдэг хүний судалгаагаар ачилт 68 мянган төгрөг байх ёстой гэсэн. Улаанбаатар ачилтаа 60 мянга болгосон. Манайх харин 55 мянга дээр барьсан. Манайх өнөөдөр 10 ажилтантай. Ачдаг машин амархан эвдэрдэг. Тусгай зориулалтын техник учраас ачилтын мөнгө ийм байх ёстой. Манайх өнгөрөгч оны тавдугаар сарын 9-нөөс хойш 50 гаруй иргэний амьжиргааны төвшинг судлаад үйлчилгээнийхээ үнийг 50-100 хувь хөнгөлсөн удаа бий.

-Б.Мягмарсүрэн: Өдөрт хэдэн машин зөөдөг вэ. Танайх аль татварт бүртгэлтэй юм бэ. Хотын компани гэж яриад байгаа, үнэн үү?

-Б.Батжаргал: Өдөр бүр өөр. Зуны улиралд өдөрт 7-8 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог. Цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээ зохиох үеэр 10-12 машин ачигдаж ирдэг. Өвлийн цагт бид нэгдсэн арга хэмжээ явуулдаггүй. Өвлийн үед өдөртөө 2-3 согтуу жолоочийн машин ачигдаж ирдэг. Ер нь дунджаар 5-6 машин ирнэ. Татварын хувьд бол манайх хотын компани. Тиймээс татвараа хотод төлдөг.

-Д.Доржпүрэв: Ачиж зөөдөг нь хэд байх вэ?

-Б.Батжаргал: Өвөл өдөрт 3-4, зундаа 5-6 машин ачдаг. Одоо бид зөөж шилжүүлэхгүй байгаа.

-Д.Батхуяг: Танай компани оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх вэ?

– Б.Батжаргал: 2-3 жилд нөхнө. Ирэх жил бид 10-15 машины дулаан гарааш барихаар төлөвлөж байгаа. Иргэд машинаа журамлуулсан ч гадаа хонуулахыг хүсдэггүй.

Р.Рагчаа \Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч\: Орон тоо бүтэц чинь чмар вэ. Ямар мэргэжилтэй хүмүүс ажилладаг юм бэ. Орон нутгаас хүн байдаг уу. Иргэдээс их гомдол санал ирдэг. Дээд тал нь хэд хоног байлгах ёстой вэ. “Авто гоёл” компанийн зөөврийн машин танайд ажилладаг уу?

-Б.Батжаргал: Одоо 10 албан хаагчтай. Харуулын 3 хүнээ орон нутгаас авсан. Тэдний хоёр нь группэд байдаг. Зохион байгуулагч нь орон нутгийнх. Нэг туслах ажилтан Эрдэнэтийнх. Хоногийн тоог бид шийдэхгүй. “Авто гоёл”-ын зүгээс бидэнд хамтран ажиллах санал тавьсан. Бидэнд эрсдэлтэй. Ачилгын үед хүний үнэтэй машиныг унагаах зэрэг эрсдэл гарвал компани хариуцлага хүлээдэг журамтай. Холын дуудлагын үед зарим тохиолдолд “Авто гоёл”-д ханддаг.

-М.Мөнхбаяр: Хууль зүйн сайдын тушаалаар баталсан журам гэж бий. Үүнийг манай аймагт шинэчлэх шаардлага байгаа.

-Р.Рагчаа: “Авто гоёл”-д машин зөөх зөвшөөрөл байна уу. Өнгөрсөн зун замын ажлын бүтээн байгуулалт явагдсан. Зогсоол дээр нэг машин 3 хоносон. Түүнээс болоод замын хучилт 3 хоног саатсан. Машин дуудсан. “Авто гоёл” төлбөрийг нь төлвөл ачлаа гэдэг байдал үүссэн?

– М.Мөнхбаяр: “Авто гоёл”-д зөвшөөрөл байхгүй.

-Д.Дэлгэрбаяр \Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч\: Гараашийн хаалга хаагаад машин тавьчихдаг. Ингэсэн тохиолдолд хаана хандах вэ?

-М.Мөнхбаяр: Цагдаад хандана

-Б.Даваазул: Манайд хандаж болно. Р.Рагчаа тэргүүлэгчийн хувьд манайд хандсан бол арга хэмжээ авч болно. Гэхдээ их хэцүү. Хүний машиныг ачаад явсаны дараа юм алга болох, зурагдсан энэ тэр гээд хэл ам гардаг.

-Б.Мягмарсүрэн: Өнөөдрийн орон нутгийн нөхцөлд энэ тариф тухайн байгууллагад хэр нийцэж байгаа вэ. Журмын хашааны үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулсан журмын зохицуулалт байна уу. Эднийх яаж шалгарсан юм бэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний дансанд төлбөр нь ордог гээд гараад байна. Тэр үнэн юм уу?

-М.Мөнхбаяр: Хувийн дансанд мөнгө нь орсон байгаа. Үүнийг шалгуулна. Машин зөөдөг төлбөр Батжаргалын хувийн дансанд ордог. Хоногийн төлбөр компанийн данс руу ордог юм билээ. Төлбөрийн хэмжээг тогтоохдоо судалгаа хийсэн. Жилдээ 3200 гаруй машин саатуулж, ачдаг. Тэдний 2200 гаруй нь согтуугаар машин жолоодсон байдаг. Хоёрдугаарт, үнийг хуучин ЗЦГ-ын төлбөртэй харьцуулсан. Сонгон шалгаруулалт хийгээгүй. Шууд гэрээ байгуулсан.

-Б.Батжаргал: 2015 оны гуравдугаар сар хүртэл журмын хашаа ЦЕГ-ын мэдэлд байсан. Тухайн оны наймдугаар сард Хууль зүйн сайдын тушаал, журам гарсан. Тэгээд орон нутагт ирсэн. Хоногийн төлбөрийг одоо байгаагаар явуулах саналтай байна.

Үүний дараа тэргүүлэгчид санал, дүгнэлтээ илэрхийлсэн юм.

-Д.Доржпүрэв: Улаанбаатарын компанийн хувьд нааш шилжиж ирээд ажиллавал яасан юм бэ. Аймгийн татвар орон нутгийн дансанд орох ёстой. Ерөнхий тооцоог харвал сардаа 6 сая төгрөгийн орлого олж, 5 сая төгрөгийн зарлага гардаг юм байна. Миний хувьд компанийн саналыг дэмжиж байна. Тэгэхгүй бол компанид хүндрэл үүснэ.

-Р.Рагчаа: Үйлчилгээний тариф ямар ч төрөл дээр нийслэл хот болон орон нутагт өөр байдаг. Өнөөдрийн оруулж ирсэн саналд судалгаа хэрэгтэй байна. АИТХуралдаанд ч судалгаа хэрэгтэй болно. Орон нутгийн аж ахуйн нэгж ийм үйлчилгээ үзүүлбэл их зүгээр. Танайх төв компани гэж байдаг бол салбараа нээх байдлаар үүнийг зохицуулах хэрэгтэй. Аймаг та бүхэнд газрыг нь үнэ төлбөргүй өгөөд байхад өндөр үнэ хэлэх утгагүй.

-Б.Мягмарсүрэн: Үнийн хувьд компанийн саналыг дэмжиж байна. Ачилтын мөнгө 55 мянган төгрөг байх ёстой. Тэгээд ч жолооч нарыг архи уухыг хэн албадсан юм бэ. Иргэд, замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй амар тайван амьдрах ёстой. Согтуу нөхөр замын хөдөлгөөнд оролцоогүй бол түүний халааснаас 55 мянган төгрөг гарахгүй ш дээ. Хувь хүний хариуцлага гэж байх хэрэгтэй. Хариуцлагагүй үйлдэл хийчихээд төлбөр өндөр байна гээд байх нь утгагүй.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид журмын хашааны төлбөр, ачилтын мөнгөний тал дээр ийм санал бодолтой байлаа. Тусдаа жолооч, туслахтай дарга нарын хувьд тэр дээрээс хараад согтуу жолоочийн хохь, 55 мянган төгрөгөө төлөөд үг дуугүй ачуул гэж хэлэх нь амарха. Гэхдээ манай улсад хууль гаргахдаа, ялангуяа УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа нийгмийн харилцаан дээр гарч байгаа зүйлд тулгуурлан хууль гаргадаг. Өөрөөр хэлбэл, амьдралаас урган гарч байгаа шаардлагын улмаас хууль санаачилдаг. Түүнээс биш Б.Мягмарсүрэн даргын үзэл бодлоор манай аймгийн хэмжээнд согтуу жолооч байхгүй бол 55 мянган төгрөгийн асуудал гарч ирэхгүй. Бүр цаашлаад журмын хашаа ч байх шаардлагагүй болох нь. Гэхдээ энэ бол хэзээ ч үл биелэгдэх мөрөөдөл. Согтуу жолоочгүй болохын тулд дэлгүүр архи зарахгүй байх хэрэгтэй. Архи зарахгүй байхын тулд архины үйлдвэрийг хаах хэрэгтэй. Архины үйлдвэрийг хаахын тулд улаан буудай тариалах хэрэггүй болох нь, эрхэм даргын хувийн бодлоор. “Түнт хүрээ”-гийнхэн Монгол улсын татварын байгууллагыг төдийгүй, аймгийн ИТХ, аймгийн Засаг даргыг хуураад Эрдэнэтэд алба, амины хоёр дансаар төлбөр аваад байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөдрийн байдлаас харвал аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид иргэн Б.Батжаргал ачлагын мөнгөө Голомт банкны 4005102659 тоот хувийн дансандаа хийж байгааг үг дуугүй хүлээн зөвшөөрч улмаар хувийн дансанд нь ордог тэрхүү 55 мянган төгрөгийг иргэдээс авахыг санал нэгтэй дэмжлээ.


“ТҮНТ ХҮРЭЭ” ХУУРАМЧ ГЭРЭЭ ҮЙЛДЭСНИЙГ ШАЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ

Засаг даргын бүрэн эрхэд хэн халдав

Манай аймагт тээврийн хэрэгслийг түр саатуулах байр ажиллуулж, тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх үйл ажиллагааг “хууль бусаар” эрхэлдэг “Түнт хүрээ” компанийн түмэн булхай илэрлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар бүрэн эрхийнхээ дагуу Орхон аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг түр саатуулах байр ажиллуулах, тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх ажлын үнэ тарифыг тогтоох үүднээс асуудлыг авч хэлэлцсэн. Уг нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон өөрчлөлтөөр үнэ тарифыг тогтоох эрх орон нутагт аймгийн ИТХ-д олгогдсон. Гагцхүү Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ тодорхой шалтгааны улмаас энэ асуудлыг шийдэлгүй бүтэн зургаан сар дуншсаны эцэст тухайн асуудлыг шийдвэрлэхээр авч хэлэлцсэн. Орон нутгийн эрхийг барих дээд байгууллагыг ийнхүү удаан хугацаанд үнэ тарифаа тогтоох гэж дүлэгнэж байх хойгуур Улаанбаатарын “Түнт хүрээ” ХХК Эрдэнэтэд дураараа дургих шиг болсон. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь бүх зам дээр гаргаж байгаад ачиж тээвэрлэхийг үзүүлж өгсөн. Шөнө оройн цагаар зарим нэг орон нутгийн чанартай төв замын урсгалыг хаагаад дэргэдээ “Түнт хүрээ”-гийн ачлагын машиныг зогсоож байгаад тээврийн хэрэгслийг шалган зөрчилтэй машиныг ачаад давхидаг дүр зураг Эрдэнэтэд нэгэнт хоногшсон.

 Өөрөөр хэлбэл, манай аймгийн замын цагдаа нар “Түнт хүрээ” компани, иргэн Б.Батжаргал хоёрыг өдөр шөнөгүй орлоготой, ажилтай байлгахын тулд харин ч нэг гүрдийтлээ зүтгэсэн. Гэтэл өчигдөр хуралдсан аймгийн ИТХуралдаанд үнэ тарифын асуудал яригдаж эхэлтэл “Түнт хүрээ”-гийн түмэн булхай дэлгэгдлээ. Тэд эхнээсээ хууль зөрчиж улмаар аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн бүрэн эрхэд илт бүдүүлгээр халдсан байх юм. “Түнт хүрээ” компани аймгийн Засаг дарга асан Г.Зоригттой 10 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээг 2015 оны эхээр бүр тодруулбал, нэгдүгээр сарын орчим байгуулсан байдаг. Гэтэл өчигдрийн хуралдаан дээр “Түнт хүрээ”-гээс тарааж өгсөн таницуулга дотор Хамтран ажиллах гэрээгээ хийжээ. Энэхүү гэрээний толгойноос харвал аймгийн Засаг дарга Г.Зоригт, “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал нар байгуулж гарын үсэг зуржээ. Он сарыг нь харин “2015 оны 3 сарын 5” гээд Б.Батжаргалын гарын үсгийн дор бичсэн байх юм. Нөгөө талдаа Г.Зоригт даргын гарын үсгийн дор он сар өдөр тавиагүй байна. Энэ талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Батхуяг:  -“Хамтран ажиллах гэрээг хэдэн оны хэдэн сард байгуулсан юм бэ. Энэ мэдээллээс харвал 2015 оны гуравдугаар сарын 5-нд С.Дангаасүрэн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан. Гэтэл Г.Зоригт даргын нэр, гарын үсэг байна. Энэ гэрээг хэн байгуулсан юм бэ. Үүнд хариулт өгөөч” гэв.

 

-Засаг дарга С.Дангаасүрэн: Би энэ гэрээг батлаагүй. Тэгээд ч 2015 оны 3 сарын 5-нд ийм гэрээ над дээр орж ирээгүй.

-Аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул: Аймгийн Засаг дарга Г.Зоригт, тухайн үеийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нарын баталж, байгуулсан гэрээ гэсэн хариулт өгсөн юм.

 Эндээс харвал “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал бичиг баримт хуурамчаар үйлдэн, хуурамч гэрээ байгуулж Орхон аймгийн иргэдийг төр засагтай нь хамт хууран мэхэлж байжэ гэж ойлгогдож байна. Эсвэл түүний хувьд үхсэн хүн үг хэлэх биш гээд Г.Зоригт агсаны нэрийг барьж гарын үсгийг нь дуурайлган энэхүү хамтран ажиллах гэрээг хуурамчаар үйлдсэн үү гэдгийг хууль хяналтынхан шалгах цаг болжээ. Цаг хугацааны хувьд харвал 2015 оны 3 сарын 5-н гэхэд С.Дангаасүрэн гэдэг хүн аймгийн Засаг даргын тамгыг атгаж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл ийм он сар тавьчихаад Г.Зоригт агсаны нэр гарын үсгийг тавьчихсан Хамтран ажиллах гэрээний ард юу нуугдаж байгаа нь сонирхол татаж байна. Гэрээг захиалагчийг төлөөлж Цагдаагийн газрын дарга Б.Даваазул, гүйцэтгэгчийг төлөөлж “Түнт хүрээ” ХХК-ийн захирал Б.Батжаргал нар байгуулсан аж. Гэрээг баталсан эзэн нь аймгийн Засаг дарга Г.Зоригт, “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал. Эндээс харвал захирал Б.Батжаргал гүйцэтгэгчийг төлөөлж гэрээ байгуулаад, тэрхүү гэрээгээ баталдаг хуулийн этгээд бололтой. Ийнхүү гэрээ маргаан дагуулж эхэлсэн үед энэ асуудлыг хойшлуулах тухай горимын санал гаргасан юм. Үүнд С.Дангаасүрэн дарга “Энэ гэрээ над дээр хийгдсэн гэрээ биш, хүчингүй гэрээ байна. Гэрээ маргааш цуцлагдана. Аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд журмын хашаа болон ачлагын үнэ, тарифыг тогтоож өгөөч. Дараа нь гэрээний асуудал яригдана. Сонгон шалгаруулалт ч явуулах шаардлага гарч байна” гэснээр төлөөлөгчдийн зүгээс асуудлыг цааш нь хэлэлцэж амйгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс оруулж ирсэн саналыг олонхиороо дэмжсэн юм.

“Түнт хүрээ”-д албан ёсны зөвшөөрөл байна уу

   Аймгийн ИТХ-д ирүүлсэн “Түнт хүрээ”-гийн танилцуулгаас харвал энэ компани журмын хашаа ажиллуулах, машин ачиж зөөвөрлөх тусгай зөвшөөрөлгүй ажээ. Энэ компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нүүр хуудаснаас харвал 2010 оны 8 сарын 13-нд байгуулагдсан, ганц гишүүнтэй, нэг сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Гадаад худалдаа” гэсэн байна.

Туслах үйл ажиллагааны чиглэл дээр ямар ч зүйл бичигдээгүй. Эндээс харвал “Түнт хүрээ” компани үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг нь харагдана. “Түнт хүрээ”-г Орхон аймагт журмын хашаа ажиллуулахаар, 55 мянган төгрөгөөр замын цагдаа нартай нийлж машин ачих бизнесийн хамтрагч, зуучлагч нь хэн бэ. Эдний эрх ашгийг Эрдэнэтэд хэн хамгаалаад байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Б.Батжаргал захирал хэлэхдээ “Манайх олон жил ажиллаж байгаа компани. Улаанбаатар хотод ийм төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж байсан” хэмээн өөрийн давуу талаа илэрхийлж байлаа. Тэгвэл Б.Батжаргал захиралд “Би Эм Эм Эл” гэдэг бас нэгэн компани байдаг бололтой. “Би Эм Эм Эл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батжаргал 2010 оны 1 сарын 20-нд тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамтран ажиллах гэрээг 10 жилийн хугацаатайгаар байгуулж явжээ. Гэсэн ч энэ компанийн тусгай зөвшөөрлийн тухай мэдээлэл алга байна. Эндээс харвал “Түнт хүрээ” ХХК журмын хашаа ажиллуулах, машин ачиж зөөвөрлөх тусгай зөвшөөрөл байхгүй, ямар нэгэн аргаар хэн нэгэн дарга, албан тушаалтны дэмжлэгтэйгээр манай аймагт давуу эрхтэй үйл ажиллагаа явуулж байна.Эсвэл гадаад худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд бүгд журмын хашаа ажиллуулах, машин ачиж зөөвөрлөх эрх эзэмшдэг үү гэдгийг Улсын бүртгэлийнхнээс асуумаар.

                     “Түнт хүрээ”-гийн эрх ашгийг хэн хамгаалаад байна вэ

Эрдэнэтэд өнөөдрийг хүртэл “Түнт хүрээ” компанийг тойрч өрнөсөн асуудлаас харвал ингэж хардахад хүргэж байна. “Түнт хүрээ”-гийн аймгийн Засаг даргатай байгуулсан Хамтран ажиллах гэрээ яагаад 10 жилийн хугацаатай хийгдэв.

 Арван жил гэдэг тоог хэн санал болгов. Манай аймагт журмын хашаа ажиллуулчих компани алга гэж үү. Эсвэл аймгийн АН-ын зүгээс орон нутгийн хувийн хэвшлийг дэмжихгүй дарга даамлуудыг дагаж гүйдэг, гар хөл нь болсон нийслэлийн компаниуд яагаад заавал Эрдэнэтээс овойж оцойтол орлого олох ёстой гэж. Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр “Гэрээг нь шууд цуцалж болохгүй. Түнт хүрээ чинь манай аймагт 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Түүнийг нь тооцох ёстой. Үнэ ханш дээр нь ч харахад болно” хэмээн учиргүй саналаа хэлж байх юм. Д.Батбаяр төлөөлөгч хуралдааны явцын үед танхимд байгаагүй. “Түнт хүрээ”-гийн асуудал яригдах үеэр гэнэт орж ирээд “Нийслэл хүү” болох Б.Батжаргалыг хамгаалсан санал гаргаад байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татахад хүргэж байна.

 Хуралдааны үеэр орон нутгийн “Авто гоёл” компани ийм төрлийн үйлчилгээ үзүүлж болох тухай саналаа танилцуулсан. Хурлын даргын зүгээс “Авто гоёл”-ын Н.Мягмардорж захирлыг үг хэлүүлэхээс татгалзаж, Хууль зүйн хэлтсийн даргыг тайлбар хийхийг шаардсан. Аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул “Энд би нэг зүйлийг ойлгохгүй байна. “Авто гоёл”-ын журмын хашаа гэж хаана байгаа юм бэ. Замын цагдаагийн газраас тавьдаг журмын хашааны стандарт гэж байгаа. Түүнийг танайх хангах юм уу. Байгаа бол маргааш бид шалгаад үзье” хэмээтэл аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн “Даваазул хурандаа та юу яриад байгаа юм бэ. Шалгаад, зөвшөөрөл өгдөг газар нь танайх биш.” хэмээснээр галыг намжаасан. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны бүрэлдэхүүн “Түнт хүрээ” компани дээр очиж ажиллажээ. Энэ тухай тус хорооны дарга Р.Рагчаа, гишүүн Т.Соёл-Эрдэнэ, Д.Батбаяр нар санал хэлэх үедээ танилцуулаад цаашдаа аймгийн хэмжээнд хоёр ч журмын хашаа ажиллуулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн тухайгаа дуулгасан.

Нөгөө талдаа “Түнт хүрээ” компани журмын хашааны төлбөрийг “Голомт” банкны дансаар авдаг. Ачлагын 55 мянган төгрөгийг тус компанийн захирал, иргэн Б.Батжаргал хувийнхаа “Голомт” банкин дахь дансаар авдаг тухай дээрх хорооны гишүүд сонсоод тэдний хууль бус үйлдлийг толгой дохин хүлээн зөвшөөрсөн бололтой. Учир нь “Түнт хүрээ”-гийн захирал Б.Батжаргал “Ачилтын мөнгийг би хувийнхаа дансанд авдаг, яаралтай зарлага гаргах, бензиний мөнгө авах үедээ хувийнхаа данснаас мөнгө гаргадаг” гэж байсан. Тэгвэл Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, дөрвөн гишүүн “Түнт хүрээ” дээр ажиллахад иргэн Б.Батжаргал ачилтын мөнгө хийдэг данснаасаа яаралтай мөнгө гаргаж тэднийг хооллож ундалсан болоод түүний хууль бус үйлдлийг “нуун дарагдуулахаар”, чимээгүй өнгөрөхөөр шийдсэн бололтой. Эрдэнэтийн хувийн хэвшлийнхэн “Голомт” банкинд хоёр данс нээлгээд түүний нэг болох хувийн дансандаа ахиухан олсон мөнгөө хийж татвараас зайлсхийгээд байвал болдог, аймаг, орон нутгийн удирдлага хүлээн зөвшөөрдөг гээд барьцчихвал болох ч юм шиг. “Түнт хүрээ” 2015 онд 1717 машинд журмын хашааны үйлчилгээ үзүүлжээ. Үүний 1680-ыг нь ачсан байна. 1680 машиныг 55 мянган төгрөгөөр ачаад 92 сая 400 мянган төгрөг олсон байна. Дээрх мөнгө бүгд иргэн Б.Батжаргалын хувийн дансанд орсон. Өөрөөр хэлбэл, 92,4 сая төгрөгнөөсөө Б.Батжаргал нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэсэн үг. Энэхүү далд орлого болох 92.4 сая төгрөгнөөс ашиг, орлого хүртдэг дарга нар манай аймагт байдаг бололтой. 1717 машиныг дунжаар нэг хонуулаад, хоногийн 5000 төгрөгөөр тооцоход 8.5 сая төгрөг олсон байна. Энэ бүхнээс харвал Улаанбаатарын чемодантнууд улс төрийн томилолт өвөртлөн ирж бужигнуулдаг бол сүүлдээ эрх баригчдын дэмжлэгтэйгээр цагаандаа гарсан дээрэм хийж байгааг юу гэж ойлгох вэ. Түүнийг нь өөгшүүлээд, дэмжээд, хамгаалаад байгаа аймгийн ИТХ-ын удирдлагын байр суурийг харвал эрдэнэтчүүд АН-ын ар хормойноос нь унасан уу аль эсвэл аймгийн АН Орхон аймгийн сонгогчдыг унаж тустал хулхиддаг байдал хэдий болтол үргэлжлэх вэ.

“Түнт хүрээ” компани хууль бус үйлдлээ нуун далдлах, замдаа тааралдсан зарим нэг хүнийг зайлуулахын тулд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярыг бусдаас авлига авсан хэмээн бусдын нэрийг барин Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан байдаг. АТГ-аас Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярыг авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Тэгвэл татвар төлдөггүй, нууц дансаар орж ирсэн 92.4 сая төгрөгнөөс ямар дарга хувь хүртэж, хууль бус үйлдэлдээ төрийн цагдааг татан оролцуулж байгааг Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтынхан хэзээ шалгах бол.

Ямар ч байсан аймгийн ИТХ-аас журмын хашааны үнэ төлбөрийг тогтоож өглөө.

“Түнт хүрээ” ачилт хийх эрх байхгүй

        Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс “Түнт хүрээ” компанид 2016 оны тавдугаар сарын 9-нд “Гэрээг албан ёсоор цуцалсан тухай” Мэдэгдлийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, мэдэгдэл хүргэгдсэнээр “Түнт хүрээ” машин ачих, журамлах эрхгүй болсон гэж ойлгогдож байна. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл машин ачих, журамлах үйлчилгээг явуулж байгаа нь хууль зөрсөн үйлдэл гэдгийг албаны хүн ч тайлбарлаж байна. Энэ талаар бид Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга цагдаагийн ахмад Б.Батцэнгэлээс тодруулахад “Ачлагын машин улсын үзлэгт 2015 оны нэгдүгээр сараас хойш ороогүй, бичиг баримтын бүрдэл дутуу, жолоочийн хариуцлагын даатгал байхгүй машинаар ачилт хийхгүй. Дээр нь Хууль зүйн хэлтсээс мэдэгдэл хүргүүлээд гэрээ цуцалсан бол ачих, журамлах үйлчилгээ хийх эрхгүй” гэсэн юм.

Яг үнэндээ тавдугаар сарын 9 бус энэ оны нэгдүгээр сард хуралдсан аймгийн ИТХ-ын үеэр Засаг дарга С.Дангаасүрэн энэ компанийн гэрээг цуцаллаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл гэрээ цуцлагдсан, ачих, журамлах үйлчилгээ үзүүлэх эрхгүй “Түнт хүрээ”-гээр “үйлчлүүлсэн” иргэд аймгийн Замын цагдаагийн тасаг, энэ компани хоёроос мөнгөө нэхэмжилж болох ч юм шиг нөхцөл манай аймагт үүсээд байх шиг. Шүгэл тасхийлээ, цагдаа зогсоолоо, таныг. Саатуулах шаардлагатай гэвэл таныг зогсоосон тэр цагдаа ачлага дуудаад таны машиныг “Түнт хүрээ”-гийн журмын хашаанд хүргэх хууль, эрх зүйн үндэс алга. “Түнт хүрээ” энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, УНВ 17-63 улсын дугаартай машин нь автын үзлэгт ороогүй, тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримт дутуу, жолооч нь албан журмын даатгалгүй учраас хөдөлгөөнд оролцох эрх байхгүй. Саатуулах шаардлагатай бол замын цагдаа машиныг жолоодоод цагдаагийн хашаа руу зүглэхээс өөр замгүй болжээ. Эндээс харвал, замын цагдаа нар машин журамлах эсэх нь эргэлзээтэй, журамлах машинаа хаана байлгах нь тодорхойгүй нөхцөл байдалд “Түнт хүрээ” компани хүргээд байна.