Архинд живж, “хувалзанд” бариулсан хүдэрийн самарчид

Газар дээрээс нь

АРХИНД ЖИВЖ, “ХУВАЛЗАНД” БАРИУЛСАН ХҮДЭРИЙН САМАРЧИД

Ж.СУВДМАА


Самар түүхээр явсан залуу хос ойд төөрснөөсосгож нас баржээ, бор дарсанд хөлчүүрхсэн нэгэн найзыгаа сүхээр цавчиж хөнөөгөөд булсан байсныг илрүүлэв, хижээл насны эр самар ачиж явсан машинд дайруулан амиа алджээ, төрсөн эцэг нь цайруулсан самраа харамлан хүүгээ хутгалав. Сэтгэл сэрдхийлгэж, зүрх зүсэгдэм иймэрхүү мэдээ байсхийгээд дуулдах болов. Эдгээр хэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Хэрц, Моностой зэрэг газарт гарсан юм.Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус газарт зургаанхүн бусдын гарт, долоон иргэн хөлдөж амиа алдсан байна. Хөл, гараа хөлдөөсөн, модонд дарагдаж гэмтсэнтохиолдол өдөр бүр гардаг ч самарчид үүнийг байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг болжээ. Биднийг Хэрцэд очсон өдөр буюу энэ сарын 10-нд согтуу залуус нэгнийгээ мунаар цохиж, хөлийг нь хугалсан хэрэг гарч, тус сумын Эрүүл мэндийн төвийнхөн гэмтсэн иргэнийг аваад явжээ. Улаанбаатарын уугуул, хохирогч А-тай нэг отогт амьдарч байсан иргэдээс болсон явдлын талаар тодруулахад “Сүртэй юм болоогүй. Эрчүүдийн хооронд тийм зүйл байлгүй яах вэ” гэв.Харин тэдний зодолдохыг харсан өөр нэг гэрч “Тэд өглөө самраа борлуулсан. Өнөөдөр отгоосоо буух гээд найрлаж байсан юм билээ” хэмээн ярилаа.

Нэгнийхээ хөл, гарыг хугалж, эрэмдэг болгочихоод “Эрчүүдийн хооронд байх ёстой зүйл” гэж ярьж байгаа самарчдыг хараад хэлэх үг олдсонгүй. Хүдэр сумын иргэд “Хүний амь шиг үнэгүй зүйл үгүй болжээ” хэмээн халаглан, шогширч сууна. Уг нь эрдэнэт хүний аминаас илүү үнэтэй зүйл баймааргүй сэн.

Нэгнийгээ хөнөөсөн, гэмтээсэн хэргүүдийн дийлэнхийг самарчид  согтуудаа үйлдсэн байна. Үүнд хэн буруутай вэ. Хар усанд толгойгоо захируулсан самарчид уу, эсвэл тэднийг даган нүүдэллэж, архиар угждагшагчид уу. Самарчид төвлөрсөн газар бүрт шагийн наймаачид бий. Тэд бараагаа 2-3дахин өндөр өртгөөр “шахдаг”. Будаа нэг кг нь 3000, ундаа, ус5000, ажлын бээлий 3500, толгойдоо зүүх зориулалттай чийдэн 7000, боодол чүдэнз 1000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Хоол хүнсгүй болсон самарчид сумын төв рүү тэр бүр явж чадахгүй учир наймаачдын санал болгосон үнээр тэдгээрийг худалдаж авахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, наймаачид самарчдын энэ  мэт сул талыг овжин ашиглан чамгүй ашиг олдог.  Тэнд хамгийн эрэлттэй нь архи, тамхи. Хамгийн хямдхан тамхи нь “Улаан шонхор” бөгөөд 5000 төгрөгийн үнэтэй. Харин архи 25 мянгаас буудаггүй гэж байгаа. Гэсэн ч архинд халамцсан самарчид гар татахгүй худалдан авдаг аж. Хэрцийн “вокзалд” очсон өдрийн орой бидний байрлаж байсан отогт хэд хэдэн хүн “Цэвэр ус байна уу” хэмээн асуусан нь архи байж. Тэд ингэж нэрлэдэг  юм байна. Энэ “пароль”-ийг зөвхөн самарчид л  мэддэг аж.

Самарчдын хөлд хамгийн их дарагддаг газар болох Хэрцэд архи шаглан зардаг таван отог бий гэж нутгийн индианууд хэлэв. Гэвч биднийг очих үеэр бүх архи нь дуусчихсан болж таарлаа. Учир нь, ямар нэгэн хэрэг зөрчил гарахад  самарчид цагдаа нарынхараанд ордог аж. Энэ үед  наймаачид архиа ууланд гаргаж цасанд булах, самранд хийх зэргээр нуудаг аргатай юм байна. Харинсамарчид баланд хорхойссон баавгай, хужиршсан мал аятай аяглаж архины эрэлд гардаг гэлээ.

Өдөржин ажилласан самарчид оройн цагаар бооцоотой хөзөрдөж, галуун хүзүүт мултлах нь бий. Гэвч зарим нь зөвхөн архины мөнгө олохын тулдууланд бүгэж, самар түүдэг гэнэ. Итгэхэд бэрх санагдах ч самарчид ийн ярилаа.

Хавар цас ханзрах үед цасанд дарагдсанборгоцойнууд ил гардаг. Самарчдын хувьд энэ бол хамгийн том баяр нь юм байна. Ямартай л үүнийг хаврын шоу гэж нэрийддэг байх вэ дээ.  Тэгвэл зөвхөн энэ үеийг хүлээн ууланд өдөр хоног аргацааж буй иргэд ч байдаг гэдгийг самарчид хэлсэн.

Хүдэр сумын уугуул, Б. Ариунболд “Отгоосоо буух гэж байгаа нэгнийгээ үдэх нэрийдлээр хавтгайрсан архидалт болдог. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд уудаг. Хоорондоо муудалцаж, зодолдоно. Зарим нь ийш тийш нүцгэн гүйж байгаад осгож үхдэг” гэсэн бол түүний дүү Б.Дарханбаатар “Самар түүж буй  газарт архи заруулахгүй байх хэрэгтэй. Тэгвэл хэрэг зөрчил буурна, хүний амь ч эрсдэхгүй. Хоолтой байхад л болно шүү дээ. Согтуудаа осгосон, алуулсан гэж дуулснаас биш, архигүйгээс цангаж үхсэн гэж сонсоогүй” хэмээн ярилаа.

Хэрц, Моностой зэрэг нь  хилийн хориотой бүсэд харьяалагддаг учраас самар түүхээр ирж, буцаж  буй иргэдийг хилийн харуулууд нэгбүрчлэн бүртгэж, тэмдэглэл хөтөлдөг. Гэвч тийш нь согтууруулах ундаа тээвэрлэн хүргэж буй иргэдэд ямар ч хяналт тавьдаггүй бөгөөд тэд ногоон гэрлээр зорчдог.  Уг нь тээврийн хэрэгслүүдийг нэгбүрчлэн шалгаж, архи, согтууруулах ундаа худалдахыг хориглочихвол самарчдын эзэнт гүрэн юу гэж архинд живэх билээ.

50 кг самрыг нэг хүний зардлаар тээвэрлэдэг

Самарчдын хөдөлмөрийг шимж амьдардаг бас нэгэн “хувалз” нь тээвэрчид. Тэд сумын төв, “вокзал” хооронд өдөр, шөнөгүй тээвэр хийдэг. Ингэхдээ 50 кг-ын шуудай самрыг нэг хүний зардалтай дүйх үнээр буюу 30 мянган төгрөгөөр ачдаг. 100 кг самартай хүн Хэрцээс сумын төв орохын тулд тэдэнд 90 мянган төгрөг төлнө. Монгол орны баруун хязгаарт орших Ховд аймаг хүрэх зардлаар самарчид сумын төв рүү зорчиж байна. Тодруулбал, 2000 км зам туулахад зарцуулах  тээврийн зардлыг 80 км-ын цаана байгаа газарт очихын тулд төлдөг гэсэн үг. Сүйхээтэй жолооч нар нь самарчдын захисан ойр зуурын зүйлсийг нь дөхүүлж өгөөд, мөн л “татвар” авна.  Энэ чиглэлд самарчид байнга тээвэрлэдэг нэгэн жолооч өдөрт 800-900 мянган төгрөг олдог хэмээн ярьж байсныг иргэд ярилаа. Жолооч Г-ээс энэ талаар лавлахад “Арваннэг, арванхоёрдугаар сард өдөрт 3-4 удаа рейс хийдэг, нэлээд ачаалалтай байсан учир гайгүй хэдэн төгрөг олчихдог байсан. Одоо самар түүдэг хүн цөөрсөн. Самрын үнэ ч уначихлаа. Тиймээс зардал буурсан” гэлээ. Тэрбээр нэг хүнийг 20 мянган төгрөгөөр зөөж буй гэнэ. Хүдэрийнхэн “Тээврийн зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом нэмэгдсэн” гэж ярьж байв. Энэ жил самар сайн ургаж, гаднаас ирэх хүн олширсон учраас тэр аж. Самар түүдэг, борлуулдаг, түүнийг тээвэрлэдэг бүхэл бүтэн сүлжээ Хүдэрт бий болжээ.

Самарчид явсан газар балагтай

Бадарчин явсан газар  балагтай гэдэгчлэн самарчидотоглосон газар бүртээ уршиг тарьж байна. Тэд ойн нөөцөд ихээхэн аюул тарьж буй нь илт. Самарчдад мунадуулж, цохиулаагүй  хуш Хэрцэд тун ховор.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум үзэсгэлэнт байгалиараа алдартай. Нутгийн иргэд нь ч бахархан ярьдаг. Гэвч энэ их баялагт эзэн суусан тэд хүн байгалийг хэрхэн сүйтгэж,  нөөцийг нь шавхдагийг үлгэрлэж буй нь харамсалтай. Уул уурхайн компаниудаар  газар доорх баялгаа цөлмүүлж, нутгийн иргэд  нь гаднынхантай нийлээд ой модоо сүйтгэж байна. Жимс, самар түүхээр Хүдэрийг зорихөөр аймаг, сумын иргэд ихэссэн учир хэрэг, зөрчил гарахаас сэргийлж орон нутгийн удирдлагууд өнгөрсөн жил сумынхаа гудамж, талбайг бүхэлд нь камержуулжээ. Гэвч байгалийнх  нь баялгийг хайр гамгүй ашиглаж, сүйтгэж буйиргэдийг хянахад ер анхаарсангүй. Уг нь тэд аль нэг уулын аманд хилийн харуул байрлуулж, самарчдыг бүртгэн, сумын төвийн гудамж талбайг камержуулахын оронд Хэрц, Амж, Моностойн уулыгсамнаж, тэнд үүрлэсэн самарчдыг хянавал илүү үр дүнтэй баймаар.

Биднийг  Хэрцээс Ширээтийн чиглэлд явах үедсамарчдын отгийн үлдэгдэл бүхий сууц, хог хаягдал энд тэндгүй таарав. Тэр бүү хэл унтраалгүй орхисон үнс нурам ч өчнөөн байлаа. “Өвөл, цастай байгаа тулдаа л гал авалцалгүй тэсэж байна даа” гэж бодогдов. Хэрэв  хавар, намрын хуйсгануур салхитай үед самарчид ингэж аяглавалхэр хэмжээний уршиг тарих нь төсөөлшгүй. Хүдэр сумын байгаль орчны байцаагч Н.Энхтүвшин “Самар түүж бэлтгэх арга технологийн хувьд иргэд нэлээд зөрчил  гаргадаг. Хууль журмыг нь дагаж мөрдүүлэх гээд дийлдэггүй юм. Хэчнээн тэмцээд ч ганцаараа болохоор хүчрэхгүй. Гэхдээ нэг үеэ бодвол иргэд самарт явах нь  цөөрчихөөд байгаа нь сайшаалтай” хэмээхээс өөр зүйл хэлсэнгүй. Түүний энэ үг “Самарчидтай тэмцээд нэмэргүй” гэж хэлэх мэт.

Самарчид амьтанд  ч  халтай

Халиун буга, хандгай, баавгай, зэрлэг гахай, баданга хүдэр зэрэг олон төрлийн амьтад Хэрцэд бий. Ойг хэдэн талаас нь самнан сүйтгэж буй самарчид, уул уурхайнхны балгаар тэдгээр амьтан хорогдож, амьдрах газар нутаггүй болсондоо дайжиж буй талаар “Чоно голын эзэн” ТББ-ын тэргүүн Р.Энхсайхан онцолсон. Тухайлбал, хүдрийн заарыг  ченжүүд  өндөр үнээр худалдаж авдаг. Монголын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Улаан данс”-нд нэн ховор,  эмзэг гэсэн ангилалд багтсан энэ амьтны заар хавдар бууруулах, өвчин намдаах шидтэйгээс гадна бэлгийн сулрал, эмэгтэйчүүдийн элдэв өвчин анагаахад тустай аж. Үүнээс нь болоод зөвхөн заарыг нь авахын тулд самарчид баданга хүдэр намнасан тохиолдол намраас хойш хэд хэдэн удаа гарсан гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Зарим нь бүр  шээснийх нь үнэрээр эр, эм гэдгийг ялгаж таньдаг болтлоо мэргэшсэн байдаг гэнэ. Гэвч тэдний хэн нь ч шийтгүүлээгүй нь харамсалтай. Тус сумын Цагдаагийн хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Хэрхэн хамгаалах ёстой вэ

Иргэд самранд явж буй шалтгаанаа “Байгалийн баялгийг хүртэхэд юу нь буруугэж. Амьдралхэцүү байна, ажил олдохгүй юм чинь” хэмээн тайлбарладаг. Тэгвэл самар түүх нэрийн дор байгальд хохирол учруулж байгаа иргэдтэй хэрхэн тэмцэх вэ. Учир мэдэх зарим хүн самар түүхийг зөвшөөрдөг хугацааг богиносгож, хууль журмаа мөрдүүлэхнь хамгийн үр дүнтэй арга хэмээн зөвлөж байна. Гэвч төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ-ныхан энэ хугацааг улам л уртасгасаар буй. Өнгөрсөн жил л гэхэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Энэ жил самрын болц эрт гүйцсэн” хэмээгээд түүж, бэлтгэх хугацааг  нэг сараар урагшлуулсан юм. Түүний энэ шийдвэр буруу, хулгайгаар самар түүдэг иргэдийг өөгшүүлсэн гэдгийг иргэд онцлон дайлаа.

Засгийн газрын 1995 онд баталсан 153 дугаар тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д сибирь хушийг оруулсан. Хожим 2004 онд энэхүү тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нарсны төрлийн бүх модны үр жимсийг  ховор гэсэн ангилалд бүртгэсэн түүхтэй. Ингэснээр  хуш ч , түүний  үр жимс болох  самар ч ховор ургамлын тоонд зүй ёсоор багтах болсон. Харин 2008 оны 149 дүгээр тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад хуш модны үр, самрыгмөн оруулсан билээ. Эдгээр хууль тогтоол өдгөөг хүртэл хүчин төгөлдөр буй. Гэвч иргэд энэ талаар мэдлэг мэдээлэлгүй байна. Самарт явж буй иргэдээс энэ талаар асуухад мэддэг ч мэддэггүй юм шиг ярьж суув. Тэдний нүдэнд самар ховор ургамал бус мөнгө болж харагддаг. Арга ч үгүй юм уу даа. Энэ асуудалд хяналт тавих ёстой төрийн захиргааны байгууллагын мэргэжилтэн нь хүртэл самрын наймаачидтай гар нийлж, тэднээс авлига авсан хэрэгт холбогдчихоод байна шүү дээ.


ХҮДЭР ГОЛЫГ ОРХОНЫ ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА

“Вейсик металл майнинг”-д дураараа дургих эрх хэн өгөв

Ж.СУВДМАА

Юмгүй байх хэцүү, юмтай байх бүр хэцүү гэдэг юутай үнэн. Өөрт буй  зүйлээ хэрхэн хамгаалах, түүнийгээ бусдад алдахгүйн тулд яах ёстой вэ гээд түмэн зүйлийн асуудал зөвхөн “юм”-тай хүмүүсийг л отно. Тийм ч учраас минийх гэж өмчлөх, өөриймсөх зүйлтэй хүн бусдаас илүү зовлон амсдаг гэдэг. Энэ хачирхалтай хууль  байгаль дээр ч үйлчилдэг бололтой. Үзэсгэлэнт тогтоц,  байгалийн баялаг ихтэй газар бүр хорлон сүйтгэх үйл ажиллагаанд бусдаас илүү өртөж, доройтож буй нь үүний  нотолгоо. Үүний нэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сум. 283 мянган га газар нутаг, 3000 гаруй хүн амтай энэ сум алт, нүүрс, хүдэр зэрэг байгалийн баялаг арвинтай. Баялагт шунасан уул уурхайн компаниуд, гар аргаар алт олборлогчид тус сум руу хошуурдаг. “Тэдний хөл хүрээгүй уул, голдиролыг нь өөрчлөөгүй гол энд нэгээхэн ч үгүй” хэмээн нутгийн иргэд шогширч сууна. Ямар сайндаа нийт газар нутгийнх нь 61.8 хувийг эзэлдэг ойн нөөцийн 20-30 хувь нь устаж, Хүдэр гол хүн, мал ундаалах аргагүй болтлоо бохирдох вэ дээ. Гэвч хүдэрийнхний зовлон үүгээр дуусахгүй. Ирэх жилүүдэд тэд илүү их хохирол амсаж, байгалийн баялгаа цөлмүүлнэ. Ингэж хэлж буйн учир нь тус суманд үйл ажиллагаа явуулж буй компаниуд олборлолт хийх талбайнхаа дөнгөж 10 гаруй хувийг нь ашиглаад байна. Тодруулбал, тэдгээр компаниудад 16 мянган га талбайд уул уурхайн олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгосноос 1200 га газрыг ашиглаж, сүйтгэжээ.

Дараагийнх нь Бүдүүний гол

Хүдэр суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 20 орчим компани бий. Тэдгээр компани Хүдэр, Хэрс, Амж, Цагаан зүр,  Төмөртэй, Цэнгэл голын хөндий болоод түүнд цутгадаг бусад жижиг гол, горхины  эхэнд ашигт малтмал олборлодог.  Ингэхдээ голын голдиролыг нь өөрчилж, салаалуулах, хиймэл нууруудаа сэтэлж бохирыг нь гол руу нийлүүлдэг юм байна. Тухайлбал, “Золотая корона” компани ой дунд газар ухаж, Цэнгэл голыг салаалуулсан бол, “Зүб гол”, “Халнит”, “Сонголдо”, ДБТХ компани Хүдэр, Цагаан зүрийн гол дагуу барьсан далангуудынхаа бохирыг гол, горхи руу нийлүүлж, дураараа дургидаг гэнэ. Зарим нь бүр голдирол дотор байгаа алтыг нь авахын тулд голыг хэдэн хэсэг болгон сэглэсэн тохиолдол ч бий.  Олборлолт явуулж байгаа компанийнхны хувьд энэ нь тийм ч ноцтой үзэгдэл биш бололтой. Алт, мөнгөнөөс өөр юм бодохоо байсан хүмүүсийн балгаар Хүдэр, Хэрс тэргүүтэй гол ширгэж, амь тавихад хүрээд буй. Иргэд ч “Хүдрийн голууд ширгэх нь цаг хугацааны асуудал болчихоод байна, хавраас улаанаараа эргэлдэнэ биз” хэмээн ярих нь алтны компаниудад дарлуулсан хувь заяатайгаа эвлэрсэн мэт. Харин олборлолт явуулдаг компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаях арга барилаар ажилладаг тул бууриа сэлгэж, өөр газарт тухална. Хүдэрт үүрлэсэн замбараагүй, хариуцлагагүй уул уурхайнхны хөлд амь тавих дараагийн гол нь Бүдүүний гол бололтой.

Дархан эрхтэй “Вейсик металл майнинг”

Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг нь “Вейсик металл майнинг”. Сумын төвөөс холгүй зайд орших, Хүдэр гол руу цутгадаг Бүдүүний голын дэргэд үйл ажиллагаа явуулдаг эл компани байгаль орчныг хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа өнгөрсөн зунаас эхлүүлсэн гэх. Тэд хайгуул, өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхдээ Ойн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэдгийг нутгийн иргэд, ТББ-ын төлөөлөл ярилаа. “Чоно голын эзэн” ТББ-ын тэргүүн Р.Энхсайхан “Уг компани Бүдүүний голын баруун урд талд зам засаж, хайгуул өрөмдлөгийн ажил эхлүүлэхдээ хүнд даацын машин механизм ажиллуулж, олон тооны нарс, хушийг түрж унагаасан. Уул уурхайн олборлолт явуулахад дагаж мөрдөх ёстой олон хууль,  журмыг зөрчиж, ойн санд хохирол учруулсан тул холбогдох журмын дагуу хохирлын хэмжээг тогтоож, төлүүлэх хүсэлтийг бид тухайн үед сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт гаргасан” хэмээлээ. Гэвч уг компани ойн санд учруулсан хохирлоо өдийг хүртэл барагдуулаагүй төдийгүй одоо ч хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Биднийг тус компанийн үйл ажиллагаатай танилцахаар очиход хэдэн залуу “Хариуцсан хүн нь алга, мэдээлэл өгөхгүй, үйл ажиллагаа явуулж буй бүс рүү нэвтрүүлэхгүй” гээд ойртуулсангүй. Зургаа, долоо орчим экскаватор ажиллаж байв. Ашигт малтмалын тухай хууль ёсоор бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон газар ус ашиглах гэрээтэй байх ёстой. Гэвч холбогдох байгууллагууд очиж шалгахад тухайн компани ямар ч бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Хуулийг гууль болгох хүч хэнийх вэ

Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрөлтэй л бол бүгдийг хийж болох юм шиг аяглаж, хууль зөрчин, байгаль орчин сүйтгэдэг. Угтаа бол тухайн компани олборлолт явуулах зөвшөөрөлтэй байлаа ч нэг ширхэг мод унагааж, гол ус бохирдуулах эрхгүй. Харин тэд үүнийг ухамсарлахгүй байна. Бульдозер, экскаватор зэргээр модыг түрэн унагаагаад, шороогоор булдаг аж. Компаниуд ойн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, нэг мод унагасан бол оронд нь 10-20 мод тарих нөхөн сэргээлтийн төлбөр төлөх журамтай. Гэвч үүнийг дагаж мөрдөхгүй ажилласаар байна.

“Вейсик металл майнинг” нь гүйцэтгэгч компани бөгөөд Бүдүүний голын ойролцоо үйл ажиллагаа явуулах лиценз эзэмшигч нь манайдаа л дээгүүрт ордог барилгын  томоохон компани бий гэх. Уг компанийн лиценз 2039 он хүртэл хүчинтэй юм байна. Өөрөөр хэлбэл, тэд уг газрыг сүйтгэх ажиллагаагаа 22 жил үргэлжлүүлнэ. Харин энэ янзаараа ой сүйтгэж, голын ус бохирдуулсаар байвал  ямар их хохирол учруулахыг төсөөлөхөд бэрх.

“Урт нэртэй” хуулийн дагуу бол компаниуд голын эргээс 200 метрийн зайтай газарт үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн онцгой хамгаалалтын бүс тогтоох учиртай юм. Усны тухай хуулийг дагаж мөрдөх журамд “Гол мөрөн горхи булаг шандын эргээс 50 метрээс доошгүй  зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан байдаг аж. Гэвч “Вэйсик металл майнинг”-ынхан үүнийг умартсан бололтой. Онцгой хамгаалалтын бүс тогтоох нь битгий хэл голын эрэгтэй хаяа залган үйл ажиллагаа явуулж, хууль зөрчиж байна. 

Тэмцэлгүй тулаан

Уул уурхайнханд газар нутгаа сэндийчүүлж дуусаж байгаа хүдэрийнхэн “Одоо тэмцээд нэмэргүй” хэмээн туйлдаа хүрчээ. Тэд уул уурхайнхны энэ хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй ч тэдний эсрэг дуугарч,  тэмцэж хүчрэхгүй байна. Тэмцэж, дуугарсан нэгнийг нь дарамталж, айлгаж сүрдүүлэх тохиолдол ч байнга гардаг гэнэ. Тиймээс иргэд энэ талаар ам нээхээс ч эмээх болжээ. Саяхан л гэхэд нэгэн компанийнхан шоронгоос суллагдсан хэдэн “овгор” авчирч хүдэрийнхнийг сүрдүүлсэн сурагтай. Тус сумын иргэн Б (нэрээ нууцлахыг хүсэв) “Эднийг дийлэх хүн байхгүй. Цаана нь нөлөө бүхий нэгэн байдаг учир хэр баргийн хүнээс айдаггүй, тоох ч үгүй. Аймгаас цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирдэг ч авч хэлэлцдэггүй. Өмнөөс нь хэрэлдчихээд ажиллаад байдаг” гэсэн бол иргэн Н “Хяналт тавих ёстой хүмүүс нь хүртэл тэднийг хаацайлдаг юм.  Мөнгөөр амыг нь тагладаг нь ойлгомжтой. Иргэд хүчин мөхөстөж байна. Сумын байгаль орчны байцаагч хааяа очиж шалгаж, торгууль ногдуулдаг ч өмнөөс нь хэдэрлээд хөөчихдөг гэсэн. Дийлдэхгүй дээ” хэмээн ярьсан юм.

Уул уурхайн олборлолт эрхлэх компани  байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөгөө тухайн сумын Засаг даргаар батлуулж, гэрээ байгуулах ёстой. Мөн байгаль орчны үнэлгээнд иргэдийн саналыг тусгах учиртай байдаг юм билээ. Гэвч тэдгээр компанийн аль нь ч иргэдээс санал бодлыг нь сонсдоггүй гэнэ. Энэ асуултад хамгийн тодорхой хариулт өгч чадах хүн нь сумын Засаг дарга. Хүдэр сумын Засаг дарга  Д.Пүрэвдоржтой уулзахаар хэд хэдэн удаа очсон ч  гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр “Хөдөө байна, уулзах боломжгүй” гэх мэтээр зайлсхийсээр байсан юм.


Газар дээрээс нь

ХҮДЭРИЙГ САМАРЧИД САМАРЧ БАЙНА

Ж.СУВДМАА

Жихүүн салхи хайр найргүй “алгадаж”, магнай хага таших нь тэсвэр, тэвчээр сорих мэт санагдана.  Хажууд сууж явсан нэгэн хүн “Одоо цаг хэртэй явахад зорьсон газартаа хүрчих байх” гэж хэлээд намайг “шок”-нд оруулах нь тэр. Нүүр нүдгүй балбах хүйтэн салхинаас халширч, замын донсолгоонд сэгсчүүлэн “Фортер”-ын тэвшин дээр хоёр цаг орчим явсан би шалдаа бууж, машины бүхээгт шилжлээ. Зовлонг нь биеэрээ мэдэрсэн болохоор тэвшин дээр сууж яваа бусдадаа санаа зовниж, үе үе хойш эргэж харсаар явлаа. Гэвч тэд хүйтнийг үл ажирсан шинжтэй, хоорондоо элдвийг хөөрөлдөцгөөнө. Зарим нь дутуудсан нойроо нөхнө. Хүйтэн агаар хотын намайг л хайрч, гадуурхаж байна уу гэлтэй.

Монгол Улсын хойд хил дээр, Хан Хэнтийн нурууны хойд суганд байрлах Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар түүж буй иргэд хэрхэн “аж төрж” буйг сурвалжлах зорилготой урт аялал маань ийн эхэлсэн юм. Нийслэлээс 405, Сэлэнгэ аймгаас 168 км зайд алслагдсан, нийт газар нутгийнх нь 61.8 хувийг ой эзэлдэг энэ суманд амьдардаг иргэд дэндүү азтай. Байгаль эх тэдэнд хайр хишгээ харамгүй хайрлажээ. Алт, нүүрс, хүдэр зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна эмчилгээ болон хүнсэнд хэрэглэдэг ургамал, жимс жимсгэнэ элбэгтэй. Үүний нэг нь хуш модны үр жимс болох самар юм. Самарт явж үзээгүй хүн, түүнийг борлуулдаггүй дэлгүүр тэнд нэгээхэн ч үгүй. Нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэрийн нэг болсон энэ жимс тус сумын хойд хэсэгт байрлах Моностой, Амжийн ам, Хэрц зэрэг газруудад элбэг ургадаг аж. Бусад газартай харьцуулахад сумын төвтэй ойр учраас нутгийн “индианууд” болон гадны самарчдын хөлд хамгийн их дарагддаг нь Хэрц. Бид ч тэр жишгээр тус газрыг зорьсон юм.

Самар ургадаг газар бүхэн “вокзалтай”

Өглөөний нартай уралдан сумын төвөөс хөдөлсөн бид  13.00 цагт зорьсон газартаа хүрэв. Шигүү ойтой, олон уулын ам хэрж, зөрөлдсөн өвөрмөц тогтоцтой учраас энэ газрыг  Хэрц хэмээн нэрийдсэн гэнэ.  Зам нь бартаа ихтэй, тээврийн хэрэгслийн хүчийг сорьдог учраас “Портер”, “ЗиЛ-130” зэрэг машинаар л явахгүй бол нэмэргүй гэж самарчид онцоллоо. Үүнийг мэдэхгүй хүмүүс жижиг тэрэг хөлөглөн гараад замынхаа талд ч хүрэхгүй буцах, машин нь цасанд суух, явган гүйж яваад хөл, гараа хөлдөөх нь ердийн үзэгдэл болжээ. Харин бид туршлагатай жолоочтой учир энэ зовлонгоос ангид өнгөрөв. Бидний хөлөглөсөн “Портер” хормой хэсэгт, эргэн тойрон нь битүү модоор хүрээлэгдсэн ойн чөлөөнд  ирж зогсоход жолооч “Вокзал дээр ирлээ, энд бууна шүү” хэмээв. Үнэндээ энэ газрын албан ёсны нэр нь Хэрц. Харин самарчид ийм нэр хайрлачихаж. Учир нь энэ газарт самарчдыг тээвэрлэдэг машинууд төвлөрдөг. Мөн  үүргийн наймаачид үүрлэжээ. Үүнээс цааш газар үгүй гэдэгчлэн “вокзал”-аас цааш машинтай явах боломжгүй учир самарчид эндээс өөрсдийн байрладаг отог руугаа явган таваргахаас аргагүй.  Хэрцийн “вокзал” хаана байдгийг самарчид цөм мэднэ. Гэвч энэ газар цагтаабитүү модтой байсан, одоо харин тэр нь зөвхөн зураг, дурсамжинд л үлдсэн гэдгийг  мэдэх хүн ховор аж. Самарчид л ингээд“нүцгэлчихэж”. Хэрцээр тогтохгүй Титаник, Сонгинот, баруун, зүүн Моностой, Амж зэрэг газарт үе үеийн самарчдын бий болгосон “вокзал”-ын туурь олон гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, самартай уул бүхэн вокзалтай гэсэн үг.

Самар бас мод түүж байна

“Сургааг мод зөрүүлэн цамхаглаж, дээрээс нь эсгий, туурга зэргээр хучсан шовгор овоохойд л самарчид байрладаг болов уу” гэж төсөөлсөн минь эндүүрэл байв. Тэд цөм модоор доторлож, гялгар цаасаар бүрхсэн“хаус” (самарчид сууцаа ингэж нэрлэдэг)-т тухалдаг.“Вокзал” дээр ирэхэд хамгийн түрүүнд нүдэнд туссан нь энэ байв. Гадна талаар нь гялгар уутаар хучсаныг эс тооцвол яг л өвөөгийн минь хаваржаанд байдаг тугалын пүнз шиг харагдана. Тэдгээр сууцыг харахад Хүдэрийнхэн “Бид модтой нутагт амьдардаг” гэж баярхаж, гайхуулах гэсэн мэт. Зарим нь сууцныхаа дотор урт, модон ор хүртэл хийчихсэн байсан гээд бод доо. Ер нь Хүдэрт дүнзэн байшингүй айл гэж үгүй. Тиймээс  “Монгол гэртэй айл байвал нэг бол шилжиж ирсэн, эсвэл бөөтэй” гэж хошигнодог. Самарчид нь ч ууланд хэдхэн хоног байрлахдаа өч төчнөөн мод сүйтгэн байж “хаус” барьж тансаглах вэ дээ. Бас болоогүй ээ, өдөр, шөнөгүй гал өрдөнө. Отог бүрийн гадаа самрын хог,  модны тайрдас, үртэс, зомгол хөглөрөх нь ёс юм шиг. Үүнд хяналт тавьдаг байгууллага, хүн байдаггүйгээс самарчид ой модоор дураараа “тоглодог” аж. Тус суман дахь “Чоно голын эзэн”  ТББ-ын тэргүүн Р.Энхсайхан “Самарчид очдог газруудад холбогдох байгууллагууд хяналт тавьдаггүйгээс ойн нөөц эрс багассан. Хаашаа л харна “толгойгоо” авахуулсан хожуулнууд бий” хэмээн халагласан юм. Тэд самар, мод аль алиныг нь түүдэг аж. Бидний хамгийн анх очсон самарчдын отог зургаан сууцтай бөгөөд багтаамжаасаа хамаараад нэгэнд нь 6-8 хүн амьдардаг.

Хүн амын бодлого

Машин зогсоод нэг их удаагүй байтал бидэнтэй хамт ирсэн хүмүүс бүгд алга болцгоов. Зарим нь хоол хүнсээ залгуулахаар сумын төв яваад буцаж ирж буй бол нөгөө хэсэг нь ээлжийн амралтаа дуусаад дахин дайчлагдаж байгаа нь тэр. Жолооч Г.Доржсүрэн “Ажилчин зөгийнүүд үүр рүүгээ алга болцгоолоо, одоо ч гүйцэгдэхгүй дээ” гэж егөөдлөө.

Бид очсон даруйдаа Хэрцээс-Ширээт чиглэлд хэрэн хэсэж, дөрвөн цаг явахдаа  таван отогтой таарав. Гэхдээ зөвхөн бидний явсан зам дагуу хэсэгт байсан нь л энэ юм. Хуучин, нурж унасан сууц, самарны хог, үнс нурам энд тэндгүй үзэгдэх нь Хэрц уул бүхэлдээ  самарчдын хөлд автсаныг илтгэнэ. Байгалийн аюулт үзэгдэл, халдлагад өртсөн хот тосгоныг эрхгүй санагдуулна.

Отог бүр хамгийн ихдээ 20-30 хүнтэй байх бодлого баримталдаг аж. Яагаад гэвэл, хүн олшрох  тусам ойр орчных нь самрын нөөц багасна. Тэр хэрээр самарчид отгоосоо хол явж, самар түүх хэрэгтэй болно.  Үүнээс болоод зарим нь бууриа сэлгэдэг ч нэгэнт суурьшсан газартаа аль болох удаан байхыг хичээдэг юм байна. Тийм ч учраас самарчдын эзэнт гүрэнд манай өмнөд хөршийн нэгэн адил хүн амаа өсгөхгүй байх хатуу бодлого үйлчилдэг аж. Отгууд нь ч эзэмшил нутгаа булаацалдахгүйн тулд хоорондоо зэгсэн зайтай. Хэрцтэй залгаа орших Ширээт ууланд байрлах, самарчин Б.Ариунболд “Энэ жил самрын ургац сайн байна. Гэхдээ одоо багасчихаж. Аргагүй шүү дээ. Самрын болц гүйцээгүй байхад, аль аравдугаар сараас эхлээд л иргэд хулгайгаар түүж эхэлсэн. Гэхдээ “вокзал”-аас зайдуу, хүний хөл хүрэхээргүй газруудад самар элбэг бий” гэлээ.

Самарчдын зэвсэг

Муна, боргоцойны машин, шигшүүр бол самарчдын гол зэвсэг. Хуш модны мөчирт бэхлэгдэн ургасан боргоцойг цохиж унагах зориулалттай муна нь А болон Т хэлбэртэй байдаг аж. Энэхүү муна нь жин багатай байх тусам тухайн модыг гэмтээх аюул багатай байдаг гэнэ. Гэтэл зарим нь модыг хүчтэй доргиож, самрыг нь унагахын тулд өөрсдөө ч дийлэхээргүй муна хийдэг байна. Самарчдын олонх нь тийм мунатай байлаа. Тэд “Том мунаар түншихэд  боргоцой нь хурдан унадаг, амар байдаг юм” гэсэн тайлбар хэлсэн.

Отог бүрийн гадна модонд өлгөн байрлуулсан “машин” бий. Тэд үүнийг өөрсдөө бүтээдэг аж. Энэ нь боргоцойг жижиглэж, няцлах үүрэгтэй. Яг л  махны машин шиг. Гарыг нь эргүүлэхэд боргоцойг зажилж, буталж орхино. Ингэж няцалсан боргоцойг нэг, хоёрдугаар шигшүүргэнд хийж шигшинэ. Эхнийх  нь боргоцойны дэлбээнээс, нөгөөх нь хогноос салгаж зөвхөн самрыг нь ялгаж авах зориулалттай. Бидний амтархан идэх дуртай самрыг энэ гурван дамжлагаар цэвэрлэдэг юм байна.

Самарчид үдэш хөдөлгөөнд ордог

Өдөржин энэ тэрүүгээр хэрэн хэссэн самарчид оройн цагаар хөдөлгөөнд ордог. Тодруулбал, гэр рүүгээ ойртдог гэсэн үг. Тоншуул мод тонших,  мод үе үетас няс хийх чимээнээс өөр аниргүй байсан ой үдэш болмогц амь оров уу гэлтэй шуугиантай болж, хүмүүсийн дуу энд тэндгүй хадна. Тэд түүсэн боргоцойнуудаа шуудайлж, оосорлосныхоо дараа бүсэлхийнээсээ уяад чирдэг аж. Зарим нь зүгээр л уул уруу гулсуулж орхино. Хашир, туршлагатай зарим нь хөлсөө дуслуулан түүсэн самраа өөрөөсөө ч илүү бөөцийлөн,  шуудайг нь хэдэнтээ давхарлаж, үүрээд явж байхад самартай шуудайгаа шүүрэн шанага болтол нь чирж, самраар мөр гаргасан хэнэггүй хүмүүс ч  байх юм. 50 кг-ын самар үүрээд ууланд, тэр тусмаа халтиргаатай, уруу газар явна гэдэг тийм ч амар биш.Гэвч самар түүхээр Хэрцэд ирсэн хүн бүр энэ бэрхшээлийг даван туулахаас аргагүй юм билээ. Бид Ширээт рүү өгсөж явахдаа Хөвсгөл аймгийн иргэдтэй дайралдлаа. Хэрцэд ирээд сар гаруй болж буй тэд наймуулаа. 42шуудай цайраагаа “вокзал” хүргэх гээд дөрвөн цаг хэртэй ноцолдож, зүдэрч яваа нь тэр. Л.Отгон “Бид уг нь эрт буцах төлөвлөгөөтэй байсан юм. Цэцэг өвчин гарсан гээд хөл хорио тогтоосноос болоод  энд нэлээд удлаа. Хоол унд, тамхи тариагаар тасарчихгүй бол зовлон алга ” хэмээв.

Зургаан аймгийн 1200 гаруй иргэн иржээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн судалгаагаар Хүдэр сумын газар нутагт Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Төв , Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 1200 гаруй иргэн самар түүж байсан нь тогтоогджээ. Харин өнгөрсөн оны сүүлчээр тус суманд цэцэг өвчин гарч хөл хорио тогтоосноос болж, нөгөөтэйгүүр удахгүй Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор самар түүхээр Хүдэрийг зорих иргэд буураад буй гэнэ. Хилийн хориотой бүсэд байрладаг  уг бүсэд зорчих иргэдийг бүртгэдэг Хилийн цэргийн харуул Ёонкстойн аманд бий. Самарчид хил давж алга болох, төөрөх тохиолдол гардаг учраас ийн хүмүүсийг нэр устай нь бүртгэн авч, тэмдэглэдэг аж. Тэдний хэлдж буйгаар Хэрц рүү өдөрт 50-100 хүн зорчдог гэнэ. Л.Отгонбаяр “Хамгийн багадаа 300 хүн байгаа” гэсэн юм.