Хорт "мими"-г хориглож иргэдээ хамгаалаач, А.Цогцэцэг сайд аа

www.itoim.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд

2017.2.20 http://itoim.mn/index.php/site/news/8295


 

“Улаанбаатарт таксины жолооч нар “мими” хэрэглэж байна. Оюутнууд “мими” хэрэглэж байна” гэх мэдээлэл цагдаагийнханд иржээ. Гэхдээ одоогоор баримттай нь барьж, мухарлан шалгаж амжаагүй байна. Өмнөговьд л жолооч нар олон хоног нүүрс тээвэрт явахдаа унтахгүйн тулд “мими” хэрэглэж, тэрэндээ донтдог гэж сонссоноос Улаанбаатарт халаас нимгэн таксиныхан, оюутнууд хүртэл авахдаа хүрнэ гэж бодсонгүй. 

“Мими” гэдэг нь Хятадаас хууль бусаар орж ирдэг кафейн буюу сэргээш агуулсан химийн хольц. Каффейн агуулсан болохоор нь манай тагнуулынхан “наадах чинь кофе, кола, энергийн ундаанд байдаг юм” гээд санаа амарсан байдаг юм. Гэтэл мими-гийн 90 хувь нь каффейн, үлдсэн хувь нь донтуулах үйлчилгээтэй нэгдэл. Удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулралтай болгож аажмаар үхэлд хүргэдэг донтуулагч. Энэ бодисыг гуравхан сая хүнтэй Монгол Улс хориогүй байхад “мими”-г зохиогч хятадууд өөрсдөө хорьчихжээ. Энэ хугацаанд иргэд Өмнөговийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудаар нууцаар оруулж ирэн худалдсаар байна.

Өнгөрсөн баасан гаригт бид Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, хошууч С.Төрмөнхтэй холбогдож нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа. Тэрээр, “Анх мими гэх бодисыг нүүрс тээврийн компанид ажилладаг хятад жолооч нар нууцаар хэрэглэдэг байсан. Тэднээс сурсан болов уу, монгол жолооч нар мэр сэр хэрэглэж эхэлсэн. Бид энэ явдалтай 2008 оноос хойш хөөцөлдөж байна. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс зөөдөг компанийн жолооч нарын хэрэглээгээр хязгаарлагдаж байсан. Сүүлдээ даамжраад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хүмүүс гэртээ нууцаар зардаг болсон. Өөрсдийн хүрээлэл, хэрэглэгчтэй болсон 3-4 айлыг олж илрүүллээ. Бизнесийн хэмжээнд очжээ. Бас нүүрс тээврийн автомашинууд замдаа зогсдог гэр гуанз, цайны газарт нууцаар зарж байсныг илрүүллээ. Бидний олж тогтоосноор Өмнөговь аймгийн төвд мими тогтмол хэрэглэдэг 10 хүн байна. Архаг тамхичин хайрцаг хайрцгаар нь тамхи татдаг шиг мими гэх бодисондоо дасаад, бие нь нэхдэг болчихсон байна. Нүүрс тээврийн компанийн 10 мянган жолоочийн 1000 нь мими тогтмол хэрэглэдэг  гэсэн тоо аваад байна. Жамаараа ядраад амрах ёстой биеийг механикаар ажиллуулж, зүрхний ажиллагааг нь түргэсгэж хүчилдэг энэ бодисыг хилээр оруулахыг нь дотоодын хууль тогтоомжоор хориглохгүй бол болохгүй байна. Сүүлд хүүхдүүд мэр сэр хэрэглэж байгаа тухай сонсогдож байна” гэлээ.

Нүүрс тээврийн компаниудад зөвхөн Өмнөговийнхон машин барьдаггүй. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл тэнд жолоочоор ажиллаж байгаа. Тэд “мими” хэрэглэж үзсэн, эсвэл яаж олж авч, яаж хэрэглэдгийг харсан, сонссон байгаа. Хэрвээ тэд Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар руу мими явуулж эхэлбэл, мими худалдагч нар нийслэлд нүүж ирвэл, түүнийг нь оюутан, сурагчид хэрэглээд эхэлбэл яах вэ. Жирийн бид 3-4 хоног унтахгүй явдал бараг л цус харвана. Харин үр хүүхдүүд маань “мими” олж аваад, түүндээ донтоод унтахгүй явдаг болчихвол яах вэ. Энэ л аюул. Ийм учраас хугацаа алдахгүйгээр таслан зогсоож гуравхан сая монголчуудын ирээдүйг хамгаалах шаардлагатай байгаа юм.

“Мими” зардаг хүмүүс тэнсэнгээр суллагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байна 

Судлаад үзвэл, хилээр мими оруулж ирдэг хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Шалтгаан нь, манай лабораториуд мими-г эмийн түүхий эд гэж тодорхойлсон. Хоёрт, Засгийн газрын тогтоолоор баталдаг Монгол Улсад нэвтрүүлэхийг хоригдлосон барааны жагсаалтад энэ бодисыг оруулаагүй байна. Ийм учраас одоохондоо мими оруулж ирдэг, гар дээрээс худалддаг иргэдийг Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдэлд буруутган аргацааж байгаа юм. 2016 он гарсаар мими-г хууль бусаар борлуулсан дөрөв, хилээр нэвтрүүлсэн нэг тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн прокуророос шүүхэд шилжүүлжээ.

Тохиолдол нэг: Өмнөговийн Гашуунсухайт дахь хилийн боомтоор 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр фургон машинд 1380 грамм мими нууж оруулахыг завдсан хэрэг гарсан. Мими-гийн эзэн Цэцэгмаа гэх эмэгтэйд прокурорын байгууллагаас 198.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сум дундын 16 дугаар шүүх хэргийг хэлэлцээд Цэцэгмааг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм импортлохыг завдсан буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноон, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байдаг.

Тохиолдол хоёр: Гашуунсухайтын хилийн боомтоор 800 грамм мими-г бусдын машинд нууж хилээр оруулахыг завдсан хэрэг 2015 оны долдугаар сарын 2-нд гарсан. Дээрх үйлдэлд иргэн Дэлгэрбаярыг холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Ханбогд сум дахь сум дундын шүүх 2015 оны арваннэгдүгээр сарын 5-нд Дэлгэрбаярт холбогдох хэргийг хүлээн авч, шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тохиолдол гурав: Гашуунсухайтын хилээр боомтоор2016 оны есдүгээр сарын 19-нд “Таван толгой транс” компанийн “Норд бенз” машинд 10.6 кг мими нууж оруулахыг завдсан хэрэг гарсан юм. Энэ хэргийг өмнө нь Өршөөлөөр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Дэлгэрбаяр /тохиолдол хоёр/ Мөнхтөр блон Болормаа гэх эмэгтэйтэй бүлэглэн үйлдсэн юм. Хэргийг мөн л 198.2-оор зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх Мөнхтөрд гурван жил нэг сарын ял оноож нэг жилийг нь тэнссэн бол Болормаад гурван жил зургаан сарын ял оноон хоёр жилийг нь, Дэлгэрбаярт гурван жил дөрвөн сарын ял оноон хоёр жилийг нь тэнсэн харгалзсан байна.

Тохиолдол дөрөв: Өмнөговь аймгийн Даланзадгад хотод иргэн Алтангэрэл гэртээ мими зарж байсныг цагдаагийнхан 2016 оны зургадугаар сарын 17-ны шөнө илрүүлжээ.Ингээд түүнд Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдлээр буруутган шалгаж, хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Алтангэрэлд гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноон, нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байдаг.

Тохиолдол тав: Мимиг хууль бусаар худалдан борлуулсан гурван тохиолдолд Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 198.2-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа учир Э, Б, Ц нарын нэрийг бүтнээр нь нийтлэх боломжгүй юм.

Монголын гаальчид өнгөрсөн 2015-2016 онд нийтдээ гурван удаагийн тохиолдлоор нийтдээ 18 кг “мими”-г улсын хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлсэн тухай дууллаа. Мими-д ихээр агуулагддаг каффейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг жагсаалтад ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, нойргүйжүүлэх үйлчилгээтэй тул БНХАУ-д хориглосон эмийн бодисын жагсаалтад оруулж , хилээр нэвтрүүлэхэд нь БНХАУ-ын Гаалийн байгууллага хяналт тавьж ажилладаг талаар гаалийнхан хэлэв. 

Гурван сая мансуурагчтай БНХАУ мими-гийн эсрэг ийм арга хэмжээ авч байхад гурван саяхан хүн амтай Монгол Улс ийм дархлаагаа бий болгоогүй л байна, А.Цогцэцэг сайд аа. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, хилээр оруулахыг хориглосон эм, эмийн бүтээгдэхүүн, түүхий эдийн жагсаалтад багтаах нь таны эрх мэдлийн ажил юм байна.


 

Б.СҮХБААТАР: ӨНГӨРСӨН ЖИЛ 18 КГ “МИМИ” ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ЗАВДЛАА ШҮҮ ДЭЭ

www.itoim.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд

2017.2.22 http://itoim.mn/index.php/site/news/8324

  1. Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын газрын улсын байцаагч Б.Сүхбаатарыг "Эксперт" буландаа урьж ярилцлаа. Тэрээр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих чиглэлээр мэргэшсэн гаалийн байцаагч нарын нэг юм. Бид сүүлийн хэдэн жил Өмнөговь аймагт аюул тарьж буй “мими” гэх хортой донтуулагчийн талаар ярилцав.
  2. -Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолоочнар “мими” гэдэг бодис хэрэглэж, тэрэндээ донтож байна. Сумын замын гуанзнаас авахуулаад аймгийн төвийнх нь айлууд гэртээ зардаг болсон талаар цагдаагийнхан хэллээ. Энэ бодисийг хаагуур оруулж ирээд байна вэ. Өнгөрсөн онд хэдий хэмжээний бодисыг гааль дээр илрүүлэв?
  3. -Мими гэдэг бодисыг ихэвчлэн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор байнгын нүүрсний тээвэрт явдаг жолооч нар олон хоног унтахгүйн тулд хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Гаалийн байгууллага 2016 онд гурван удаагийн тохиолдлоор нийтдээ 18 кг мими илрүүлсэн байдаг. Граммаар хэрэглэдэг мими 18 кг-аар нь оруулахыг завдлаа шүү дээ. Эдгээрийг Монгол Улсын иргэд хилээр нэвтрүүлэхдээ өмнөд хөршийн Ганцмодны хилийн боомтоос худалдаж аваад өөрийнхөө биед болон тээврийн хэрэгсэл, эд зүйлийнхээ зай хөндийд нууж байсан.
  4. -Энэ бодис зэргэлдээх аймаг, цаашлаад Улаанбаатарт орж ирвэл аюул болохоор байна. Энэ бодис хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
  5. -“Мими” гэх бодисыг тогтмол хэрэглэсэн тохиолдолд 3-5 жилийн дотор хүний таван цул эрхтэн хүчтэй хордож, эргэж сэргэхгүйгээр гэмтдэг. Хүний цуллаг эрхтнээс гадагшлахгүй хуримтлагдаж гэмтээдэг хоруу чанартай гэсэн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг юм билээ. Мими гэх бодис нь НҮБ-ын конвенциудаар хяналтад авагдаагүй. Дээрээс нь манай улсын үндэсний хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан барааны жагсаалтад багтаагүй бодис. Нэг хэрэглээд ирэхээр тодорхой хэмжээгээр дахин хэрэглэмээр санагдаж, донтолт үүсдэг шинж чанартай. Хэрвээ энэ бодис хүн ам нягт суурьшсан газарт тархаж, хэрэглээ нь даамжирвал одоо бидэнд тулгараад байгаа “Анданте” шиг асуудал үүсгэх вий гэдэг болгоомжлол байгаа. “Анданте” гэдэг эм хэрэглэсэн хүүхдүүд, оюутнуудын сэтгэц өөрчлөгдөж гэмт хэрэг үйлдсэн, амиа хорлосон явдлууд ч гарч байсан. Үүнээс үүдэн энэхүү сэтгэц идэвхит чанартай нойрны эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасч байсан. Унгарт үйлдвэрлэж ОХУ руу импортолдог эм юм билээ. ОХУ руу тогтмол зорчин явдаг иргэд энэ эмийг хууль бусаар оруулж ирэх явдал гарч байна. Энэ үйлдлийнхээ улмаас тэд ял шийтгэл эдэлж байгаа.
  6. -“Мими”-г анх бүтээсэн Хятад улс өөрөө энэ бодисоо хориглосон гэж сонссон. Гэтэл манайх хориглож чадаагүй л байна.
  7. -Бидний олж авсан мэдээллээр БНХАУ-д энэ бодисыг хэрэглэх, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Мими гэх бодисонд хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлөх өөр нэг бодис агуулагдаж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Гэвч манай лабораториуд энэ бодисын зарим найрлагыг бүрэн тогтоож чадаагүй байна.
  8. -Монгол Улс “мими”-г хориглож, иргэдээ хамгаалахын тулд ямар үйлдэл хийх ёстой вэ?
  9. -НҮБ-ын конвенцод, “Энэ конвенцод тусгагдаагүй бол үндэсний хууль тогтоомжоор хэрэглээ болон эргэлтийг нь хориглож болно” гэсэн байдаг. Энэ заалтыг баримтлаад “мими”-г хориглож өгөөч гэсэн хүсэлтийг Гаалийн ерөнхий газраас УИХ болон Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн байгаа. Тийм учраас эхний ээлжинд мими-г хориглоод, энэ бодисыг хэрэглэсэн, хилээр оруулж ирсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага тооцох эрх хэмжээг чангатгах шаардлагатай байна. Ингэж байж таслан зогсоож чадна. Тэгэхгүй бол мими оруулж ирсэн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ ч буцаагдаад байгаа учир гаалийн байгууллагаас захиргааны арга хэмжээ ихэвчлэн авч байна. Хортой энэ бодисыг оруулж ирсэн иргэн, хуулийн этгээдэд оноох ял шийтгэлийн бодлого үгүйлэгдээд байгаа учир энэ төрлийн хэрэг, зөрчил тасрахгүй байгаа юм.
  10. -Ганц “мими” гэлтгүй бусад төрлийн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис манай улсад орж ирж байна. Оюутан, сурагчид, хамтлаг дуучид, баячуудын хүүхэд хэрэглэж байна гэх юм. Ихэвчлэн хаагуур оруулахыг завдаж байна вэ?
  11. -Сүүлийн 2-3 жилд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байна. Өмнө нь хилээр “уламжлалт” мансууруулах бодис гэж ярьдаг героин, кокайны төрлийн мансууруулах бодисууд, хашиш, олсны ургамлын гаралтай мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдах тохиолдол гардаг байсан. Нэг удаад их хэмжээгээр буюу ихэвчлэн кг-аар ярьдаг байсан бол сүүлийн 2-3 жил өөр болсон. Гол төлөв лабораторийн нөхцөлд нийлэгжүүлэх аргаар орчин үеийн технологи, химийн бодис ашиглан гаргаж авсан хүчтэй үйлчилгээтэй синтетик бодисуудыг бага хэмжээгээр бие болон хувцас, эд зүйлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх хандлага ихэсч байна. Энэ төрлийн зөрчлийн ихэнх хувь нь Буянт-Ухаа дахь агаарын хилийн боомтод гарч, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн Малайз, Филиппин зэрэг улсад зорчиж явсан Монгол Улсын болон гадаад улсын иргэд холбогддог байсан. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Бээжин хотоос Улаанбаатарыг чиглэсэн нислэгээр мансууруулах бодис тээвэрлэх явдал нэмэгдэж байна.
  12. -“Мөс” гэдэг бодис орж ирээд байгаа юм аа даа.
  13. -Ерөөсөө 90 хувь нь ice буюу талст метафитамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодис байна. Хил, гааль, хууль сахиулах бусад байгууллагын хамтын ажиллагаа харьцангуй сайжирсны үр дүнд Буянт-Ухаа дахь агаарын боомтын хяналт шалгалт чангарч байгаатай холбоотойгоор сүүлийн үед энэ урсгал Замын-Үүдийн авто замын боомтыг чиглэх хандлагатай боллоо. Ялангуяа ачаалал ихтэй, хяналт шалгалт бүрэн гүйцэд тавих хүч хүчний болон техникийн боломж тааруу байгаа боомтуудаар зорчигчид биедээ болон бараа, эд зүйлдээ нууж оруулах нь нэмэгдэж байна. 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор метафитамины төрлийн мөс хэмээх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан хоёр удаагийн тохиолдол 14 хоногийн зайтай гарсан. Он гараад Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх цогцолбороор 56 грамм мөсийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг бүртгэгдсэн байдаг.
  14. -Оруулж ирэхийг завдсан хүмүүс нь Монголын иргэд үү?
  15. -Түрүүн дурдсан хэргүүдэд Монголын иргэд холбогдсон байдаг. БНХАУ руу тогтмол зорчин явдаг 20-30 насны иргэд байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нээс энэ оны нэгдүгээр сарын 1-ний хооронд гурван сар Дэлхийн гаалийн байгууллагын хэмжээнд явагдаад дууссан ажиллагаа байгаа. “Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих ажиллагаа” нэртэй. Энэ хүрээнд мөс зэрэг бодисыг хууль бусаар оруулж байгаа тохиолдлуудыг илрүүлсэн.

    Н.Амарзаяа: “Мими”-г Засгийн газрын тогтоолоор хориглуулах асуудлыг тавина, шаардана

www.itoim.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд

2017.2.24 ​ http://itoim.mn/index.php/site/news/8355

“iToim” агентлаг “мими” хэмээх бодисыг Монгол Улсад хориглох санаачилгыг дэвшүүлж, цуврал материал нийтлэсээр байгаа. Хүний эрүүл мэндэд хортой энэхүү донтуулагч бодисыг Өмнөговь аймгийн нүүрс тээврийн компанийн жолооч нараас авахуулаад жирийн иргэд хүртэл БНХАУ-аас оруулж ирэн хэрэглэсээр байна. Гэтэл БНХАУ-д хориглосон байхад манай улс хориглоогүй байсаар. Хэрвээ мими-гийн хэрэглээ Өмнөговиос хальж хүн ам нягт суурьшсан бусад хот суурин, цаашлаад Улаанбаатарт орж ирвэл үндэсний хэмжээнд аюул тарихаар байна. Өнгөрсөн хугацаанд хяналтгүй явж ирсэн энэ асуудлын талаар Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай уулзлаа.

-“Мими” гэх бодисын талаар та мэдээлэлтэй байна уу? Бид гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллагын албан хаагчидтай уулзаж үзлээ. Энэ бодисын эргэлтийг хязгаарлахгүй бол үнэхээр болохгүй болсон юм байна.

-Би Өмнөговь аймагт амьдрах хугацаандаа мими-гийн асуудлыг сонсч, мэдэрч байсан. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг үнэхээр болжээ. Энэ бодис манай улсын нэгдэн орсон Мансууруулах бодисын тухай НҮБ-ын нэгдсэн конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай НҮБ-ын конвенцод багтдаггүй. Мөн хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан бодис, эмийн бүтээгдэхүүний жагсаалтад “мими” гэх бодисыг оруулаагүй байна. Иймээс “мими” оруулж ирсэн тохиолдлыг гааль дээр илрүүлсэн ч, цагдаа нь шалгасан ч хариуцлага хүлээлгэх боломжгүй болоод байгаа юм. Гэтэл Өмнөговьд нөхцөл байдал тун амаргүй байгаа. Ялангуяа Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын нүүрс тээврийн жолооч нар мими-г өндөр тунгаар хэрэглэж байна. Иргэд ч гэртээ тамхи шиг л хэрэглэж байна. Ийм тохиолдол магадгүй хаа сайгүй болох вий гэдэг болгоомжлол надад ч байна. Байдал ийм хэмжээнд хүрснийг өнөөдөр Монголын төр ч мэдэхгүй, иргэд ч мэдэхгүй байгаа.

-Өмнөговь аймагт нүүрс тээврийн хэдэн компани ажиллаж, хэчнээн машин тээвэрт явдаг вэ. Осол аваар их гарч байгаа талаар замын цагдаагийн албанаас ярьж байсан?

-Надад сүүлийн мэдээлэл хараахан ирээгүй. Гэхдээ миний сонссоноор улс хоорондын ачаа тээврийн 60-аад компани бий. 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна. Эндээс Өмнөговь аймгийн тээврийн компани 10-20 хувийг нь эзэлж байна уу гэж харж байгаа. Тэнд Монголын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, тээвэрт явж байгаа. Тийм учраас “мими”-гийн хэрэглээ ганц Өмнөговийн аймгийн асуудал биш юм. Эрдэнэс Тавантолгойн улсын хэмжээний төсөл хэрэгжиж байгаа манай аймагт улсын хэмжээний бодлого хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд мими-г каффейн агуулсан гэдэг утгаар нь тайвшраад явж байсан. Гэтэл өнөөдөр тамхи шиг л хэрэглээнд нэвтэрчихлээ. Үүнийг өөгшүүлж ер болохгүй. Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис гэдгээрээ хүний эрүүл мэнд, амь насанд халтай. Олон хоног нүүрс тээвэрлэж яваа жолооч нар осол гаргаж, гэр бүлээ, үр хүүхдээ өнчрүүлэх явдал гарч байна.

-Та хууль, тогтоолын төсөл санаачлах эрхтэй УИХ-ын гишүүн. Нутагтаа байгаа энэ асуудлыг шийдүүлэхийн төлөө яаж ажиллах вэ?

-Би Гаалийн ерөнхий газар, шүүх, прокурор зэрэг холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Заримынх нь хариу ирсэн. УИХ-ын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж байхад “мими”-гийн асуудлыг ярьсан байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нүүрс тээврийн замд цагдаагийн пост ажиллуулахаар талаар ярьсан. Би Засгийн газарт асуудал тавьж, тогтоолд тусгах замаар мими-г хориглуулна. Албан бичгээ бэлдчихсэн, удахгүй өгнө. УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийг хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой. Хууль хүчин төгөлдөр болоход л “мими”-гийн асуудлыг цэгцэлсэн байх ёстой гэж төлөвлөж байгаа. Ингэж байж Өмнөговийн иргэд, нүүрс тээврийн жолооч нар, цаашлаад эрсдэлд өртөж болзошгүй байгаа хүмүүсийг хамгаалах юм. Эдгээр шийдвэрийг гаргуулж, асуудлыг бодитоор шийдүүлэхийн төлөө анхаарлаа хандуулж ажиллана. 


УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “мими”-г хориглуулахаар Засгийн газарт ханджээ

www.itoim.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд 2017.03.07

 http://itoim.mn/index.php/site/news/8419 via @iToim_mn

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “мими”-г хориглуулахаар Засгийн газарт ханджээ. “Мими” гэх хортой бодисыг нүүрс тээврийн хятад жолооч нар Өмнөговь аймагт 10-аад жилийн өмнө хилээр нууж оруулан хэрэглэдэг байсныг монгол жолооч нар хэрэглэдэг болж, өдгөө “мими”-гийн хэрэглээ аюулын харанга дэлдээд байгаа юм. Тус аймгийн төв Даланзадгад хотын айлууд, замын хоолны газрууд зарж байсныг ч цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, заримыг нь шүүхээр шийтгээд байгаа юм. Энэ бодисыг хэрэглэснээр хүний нойр хүрэхээ больж, ядарснаа ч өөрөө мэддэггүй. Ингэж бие махбодийг хүчлэн ажиллуулдаг учраас эцэстээ тархи, зүрхэнд туйлын аюултай юм. Жолооч нар олон хоног тээвэрт явахдаа ядрахгүйн тулд энэ бодисыг хэрэглэдэг гэх тайлбар өгч буй нь харамсалтай. Нүүрс тээврийн компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган сэлгээний жолоочтой болгохгүй бол монгол жолооч нар уг бодисыг хэрэглэн эрүүл мэндээрээ хохирч байна. 

“Мими”-г үйлдвэрлэдэг БНХАУ хүртэл дотооддоо хориглож, үйлдвэрлэсэн, бусдад борлуулсан, хилээр тээвэрлэсэн иргэнд ял, шийтгэл оноодог болсон байхад манай улсад дээрх бодисыг хориглосон ямар нэгэн төр, засгийн шийдвэр одоогоор алга. Энэ байдал цаашид үргэлжилбэл хүн ам нягт суурьшсан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан болон бусад аймгийн төвд нууцаар худалдагдах, цаашлаад олон хүн донтож, амь биеэ хохироох магадлалтай. Ийм учраас itoim агентлаг энэ сэдвийг хөндөж, цуврал материал нийтэлж байгаа билээ. Ямартай ч Өмнөговь аймгийн иргэд, сонгогчид хандсаны дагуу УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг нарт албан бичиг хүргүүлсэн байна. Албан бичгийн хариу хараахан ирээгүй байгаа ч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ төр, засгийн удирдлагууд биелүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Холбоотой нийтлэлүүд:

  1. Хорт 'мими'-г хориглож иргэдээ хамгаалаач, А.Цогцэцэг сайд аа http://itoim.mn/index.php/site/news/8295
  2. Б.Сүхбаатар: Өнгөрсөн жил 18 кг “мими” хилээр оруулахыг завдлаа шүү дээ http://itoim.mn/index.php/site/news/8324
  3. Н.Амарзаяа: “Мими”-г Засгийн газрын тогтоолоор хориглуулах асуудлыг тавина, шаардана http://itoim.mn/index.php/site/news/8355

 

ЦЕГ-аас хорт мими-гийн талаар сэрэмжлүүлэг гаргалаа

www.itoim.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд 2017.03.10

http://itoim.mn/index.php/site/news/8457

iToim агентлаг "мими" гэх хорт бодисын хэрэглээг таслан зогсоох талаар асуудал дэвшүүлсэн цуврал материал бэлтгэн хүргэж ирсэн. Одоогоор тус бодисын хэрэглээ хамгийн өндөр байгаа Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Засгийн газарт асуудал тавиад байгаа бол Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас энэ асуудлаар байр сууриа илэрхийлээд байгаа юм. Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас "мими"-гийн асуудлаар сэрэмжлүүлэг гаргасан тухай бидэнд мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

“Монгол Улс уул уурхайн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр БНХАУ-тай хил залгаа авто замын боомтоор нүүрс болон ашигт малтмал их хэмжээгээр экспортлох болж, уул уурхайн салбар дагасан хууль бус үйлдлүүд нэмэгдэх боллоо. Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтоор нүүрс тээвэрлэж буй иргэд БНХАУ-аас ми ми гэх бодисыг худалдан авч өөрсдөө хэрэглэх,хилээр хууль бусаар нэвтрүүлэх, бусдад худалдаалах үйлдэл гардаг. Уг бодисыг хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэхзүрхний хэмнэл ихэсгэх замаар нойр хурэх явцыг удаашруулж нойргүйдэлд хүргэдэг. Тунгхэтрүүлсэн тохиолдолд зүрхний хэм алдагдаж, зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орох аюултай ба удаан хугацаанд хэрэглэхэд үгүйлэх хам шинж илэрдэг хор уршигтай болдог тухай мэргэжлийн байгyуллагаас дугнэжээ. Зарим бодисын найрлагад шинжилгээ хийхэд Fenetyline, Penteyline зэрэг сэтгэцэд нөлөөт бодисын агyуламж илэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д ми ми гэх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад тооцож, үүнийг хууль бусаар хилээр нэвтруулсэн, худалдсан, олж авсан этгээдэд хуулийн хариуцлага хулээлгэдэг. 

Монгол Улсын хувьд Эруугийн хуулийн 198 дугаар зүйл /зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эмүйлдвэрлэх, импортлох, худалдах, тугээх үйл ажиллагаа явуулсан бол/-д зааснаар 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ба хүндрүүлэх бурэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байна. 2013-2016 онуудад энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, шүүхээр 5 хэрэг шийдвэрлэгдэж, 3 материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, мөрдөн байцаалтад 3 хэрэг шалгагдаж байна. Иймд ард иргэдийг энэ төрлийн хорт бодисоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, хууль бусаар хилээр нэвтруулсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хулээхийг сэрэмжлүүлж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГА3АР

Холбоотой нийтлэлүүд:

  1. Хорт 'мими'-г хориглож иргэдээ хамгаалаач, А.Цогцэцэг сайд аа http://itoim.mn/index.php/site/news/8295
  2. Б.Сүхбаатар: Өнгөрсөн жил 18 кг “мими” хилээр оруулахыг завдлаа шүү дээ http://itoim.mn/index.php/site/news/8324
  3. Н.Амарзаяа: “Мими”-г Засгийн газрын тогтоолоор хориглуулах асуудлыг тавина, шаардана http://itoim.mn/index.php/site/news/8355
  4. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “мими”-г хориглуулахаар Засгийн газарт ханджээ 
    http://itoim.mn/index.php/site/news/8419