БАЛДОРЖ шагналын долоо дахь удаагийн шалгаруулалтын дүн гарлаа.

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын долоо дахь удаагийн шалгаруулалт замын тэхий дундаа орж хоёр дахь давааны дүнгээ гаргав. Энэ удаагийн шалгаруулалтад 32 сэтгүүлч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг баг бодит амьдрал, үйл явдлын халуун цэгээс хийсэн сурвалжлага, тэмдэглэл, эрэн сурвалжилж асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлага, баримтат нийтлэл, нэвтрүүлгийн нийт 70 бүтээл ирүүлэв.

Монголчууд гурван сая дахь иргэнээ хүлээн авсан баярт мэдээ, төрсөн эцэг, хойт эхийн гарт алтан амиа алдсан дөрвөн настай охины төлөөх олны харуусал, Тавантолгой, Оюутолгойн хүлээлтээс эхлээд Монголын улс төр, нийгмийн амьдралын нэгэн оны эхний улирлыг нэвт шувт тольдож, “Шарли эбдо”-гийн редакц руу дайрсан халдлага, Исламын улс бүлэглэл зэрэг дэлхий дахины эмзэглэл хүртэл багтсан эдгээр 70 бүтээлийг уралдааны комисс нэг бүрчлэн уншиж, үзэж дүгнээд дараах байдлаар байр эзлүүлэв.

ШИЛДЭГ АРВЫН АРААС ЖАГССАН АРАВ

11. Б.Амармэнд. “Засгийн газрын мэдээ” сонин. “Би террорист биш”

12. У.Бямбаням. “Гэрэг” сэтгүүл. “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь “Судасны чимээ”

13. Х.Болормаа. “Өнөөдөр” сонин. “Хорооллоос холдож хотхоноор дүүрсэн хот”

14. С.Гандөл. “Үндэсний шуудан” сонин. “Тэр хүн бүрийн зүрхэнд гал асаагаад буцжээ”.

15. Б.Ерэнтэй. “Үндэсний шуудан” сонин. “Хэдхэн “ГАР БАРИЛТ”-ын зайтай хүмүүн хорвоо”

16. Б.Ганчимэг. “М.Зоригт: Нам доторх шинэчлэлийг үнэндээ ардчиллын партизанууд хийсэн”

17. Х.Бүрэнтогтох. “Үнэн” сонин. “Дахин ухаажих ёстой ертөнц”

18. Ч.Үл-Олдох. “Зууны мэдээ” сонин. “Чингис хааны онгоныг хууль бусаар судалсан уу?”

19. Р.Саруул. “Өглөөний сонин”. “Н.Төмөрхүү сайд аа, МИАТ ХХК-ийн катерингийн үйлчилгээний тендер хууль бус болчихлоо” (цуврал нийтлэл)

20. М.Уянга. “Улаанбаатарын сонин”. “Хүүхдийн эмнэлгийн хөлд шинжлэх ухаан чирэгдэх үү?”

Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналын төлөөх нэр хүндтэй уралдаанд хүчээ сорих сэтгүүлчид, ялангуяа залуу сэтгүүлчдийн идэвх чармайлт нэмэгдсэнийг энэ удаагийн шалгаруулалт харуулав. Сэтгүүлчид нийгэмд ид ярьж буй болон ярих ёстой асуудлыг цаг алдалгүй дэвшүүлж, нэг сэдвийг тал талаас нь хөндсөн, эх сурвалж, баримт сайтай, бүтээлийн чанар, төрөл дээшилсэн зэрэг нэлээдгүй ахиц гарсныг хэвлэл мэдээлэл, нийгэм соёлын зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг олзуурхан тэмдэглэв.

Мөн эрэн сурвалжилж олсон баримтаа хүнд уншуулж юм бодогдтол бичих сэтгүүлчийн уран чадвар, хэл найруулга дутмаг байгааг ч бас шүүн хэлэлцэв. Шилдгийн шилдэг буюу БАЛДОРЖ шагналтныг тодруулах хүртэл дахин хоёр даваа үлдлээ. Уралдааны дараагийн шалгаруулалт зургадугаар сарын сүүлчээр болж, долдугаар сарын эхэнд дүнг зарлах болно. Сэтгүүлчид Та бүхний бүтээлийг[email protected] gmail.com хаягаар хүлээн авсаар байна.